Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/00337

 

 

 

 

                                               2021        01          27

                      101/ШШ2021/00337

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Боржигин овогт Б.Г /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Дархан овогт  Б.М /рд:0/ нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоотод оршин байрлах, “А Д С р с” ХХК /рд:0/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,994,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Б.Г, Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  “А Д С р с” ХХК-тай орон сууц захилгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин байрлах 51.96 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1м.кв-ыг  1,800,000 төгрөг, нийт 93,528,000  төгрөгөөр худалдан авсан. Гэтэл манай байрны зарим хүмүүс байрны талбай дутаж байна хэмээн ярьж байсан тул бид орон сууцныхаа талбайг “Б п” ХХК-иар

2020 оны 05 сарын 19-ний өдөр хэмжилт хийлгэхэд 47.43 м.кв буюу анх худалдан авсан талбайн хэмжээнээс зөрүүтэй гарсан. Ийнхүү “А Д С р с” ХХК нь манайд 51,96 м.кв-аас 47.43 м.кв талбайтай байр өгсөн байгаа тул 4.53 м.кв талбай дутуу өгсөн байх тул 8,154,000 төгрөгөөр биднийг хохироож байна. Учир нь бид 93,528,000 төгрөгийг төлөхийн тулд компанид урьдчилгаа төлбөрт 57,028,000 төгрөг төлөхөөс 50,058,400 төгрөгийг компанийн дансанд төлж харин 6,969,600 төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй тухайн компанитай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү мөнгө нь 1 жилийн хугацаанд хүүгийн хамт нийт 7,584,488 төгрөг болж байгаа бөгөөд бид нар уг мөнгөнөөс компанид 3,809,988 төгрөгийг төлсөн ба одоо 3,774,500 төгрөг үлдэж байна. Харин Голомт банкнаас 36,500,000 төгрөгийг 8 хувийн зээлийн гэрээ байгуулан зээлэн авч үлдэгдэл төлбөрийг төлсөн. Ийнхүү бид нар cap бүр “А Д С р с”  ХХК болон Голомт банканд үндсэн зээл болон хүү төлж байна. Бид нар Брайнт пойнт ХХК-аар 2020 оны 05 сарын 19-ний өдөр хэмжилт хийлгээд 2020 оны 05 сарын 20-ны өдөр “А Д С р с” ХХК-ний захиргаанд энэхүү талбайн зөрүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөх тухай” хүсэлт бичиж, Б п ХХК-ний “Орон сууцны талбайн хэмжилт”-ийн тайланг хуулбарлан хүлээлгэн өгсөн.

“А Д С р с” ХХК-ийн санхүүгийн захирал Б.Э, ашиглалт хариуцсан менежер Ш.Б нартай уулзахад “захиралд мэдэгдсэн, манай компани дахин хэмжилт хийлгээд шийдвэрлэж өгнө” хэмээн хэд хэдэн удаа хэлсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймээс “А Д С р с” ХХК-д 2019 оны 12 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөхөөр үлдэж байгаа 3,774,500 төгрөгийг манайд дутуу өгсөн 4.53 м.кв талбайн үнэ болох 8,154,000 төгрөгөөс хасаж тооцон 4,379,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Тухайн үед орон сууцны м.кв талбай дутуу байгаа болохыг мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөр болох 6,969,600 төгрөгийг хариуцагч компанийн санхүүгийн захирал гэх Б.Энхбаттай 2019.12.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч компанид cap бүр 635,000 төгрөг төлж эхэлсэн ба нийтдээ 3,810,000 төгрөг нэмж төлсөн байсан.  Энэ үед бидэнд худалдсан орон сууцны талбайн хэмжээ нь 51,96 м.кв бус 47,43 м.кв байгаа болохыг хэмжилтийн компаниар тогтоолгосон. Нэхэмжлэгч бид тухайн орон сууцны бодит хэмжилт болох 47,43 м.кв талбайн төлбөрт 85,374.000 төгрөг төлөх ёстой байсан боловч бид хариуцагч “А Д С р с” ХХК-д нийт 90,368,400 төгрөг төлсөн байх ба үүнээс 4,994,000 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд биднийг тус компанид төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоож, илүү төлсөн 4,994,000 төгрөгийг “А Д С р с” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, Б.Гүнлэг нар нь “А Д С р с” ХХК-иас 2019 оны 12 сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 29 дүгээр байрны 8 тоотын 2 өрөө байрыг худалдан авч, 2019 оны 12 сарын 24-ний өдөр Улсын бүртгэлээс үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул шаардах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний 2.2-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учраас тэдэнд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

 Нэхэмжлэгч Б.Г, Б.М нар нь хариуцагч “А Д С р с” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 4,379,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнэд төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох,  орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 4,994,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Г, Б.М нар нь хариуцагч “А Д С р с” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “А Д С р с” ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Тэлмү апартмент хотхоны 140 айлын орон сууцны 0 тоотод байрлах, 51.96 м.кв талбай бүхий орон сууцыг  хүлээлгэн өгөх, захиалагч Б.Г, Б.М нар нь 1 м.кв-ыг 1,800,000 төгрөг буюу нийт 93,528,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Дээрх гэрээ нь “2018 он” гэсэн огноотой байх боловч “2019” онд байгуулсан гэрээ гэж талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт орон сууц захиалгын гэрээ байгуулах үед маргааны зүйл болох орон сууц нь ашиглалтад орсон байсан, өөр айл өрхүүд амьдарч байсан, улсын комисс орон сууцыг хүлээн авсан байсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Худалдан авагч Б.Г, Б.М нар нь орон сууцны үнэд урьдчилгаанд /22,000,000+28,058,400/ 50,058,400 төгрөгийг дансаар, Голомт банк ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 36,500,000 төгрөгийг зээлдэн авч, нийт 86,558,400 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 8-9, 101/

 

Үүний дараа нийт төлбөл зохих төлбөрийн үлдэх /93,528,000-86,558,400/ 6,969,600 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар “А Д С р с” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Э-тай зээлийн гэрээ байгуулах замаар төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 13-14/

 

Хариуцагч “А Д С р с” ХХК-иас нэхэмжлэгч Б.Г, Б.М нарыг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нарыг төлбөрөө бүрэн төлсөн тул тэдгээрт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар тайлбарласан.  Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 4/

 

Талуудын маргааны зүйл нь худалдан авагчийн үндсэн үүрэг болох хэлэлцэн тохирсон үнэ төлөхтэй холбоотой бус, худалдагчийн биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой маргаж байна.

 

Нэхэмжлэгч нар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны талбайн хэмжилтийг “Б п” ХХК-иар хийлгэсэн байх ба уг хэмжилтээр маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг 47.43 м.кв болохыг тогтоосон байна. /хх-ийн 17-24/

 

Хэрэгт авагдсан дээрх баримтаар худалдагч нь гэрээгээр тохирсон 51.96 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүргээ зөрчиж, 47.43 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагч нарт шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба  эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

 

            Нэхэмжлэгч нар нь орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тухайн үед буюу гэрээ байгуулах үедээ орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.

 

            Нөгөө талаар, орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй  байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нарын төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэл бус, орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь байна. Мөн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон “Б п” ХХК-ийг өмнө нь дүгнэлт гаргасан шинжээч гэж хариуцагч тайлбарлах боловч уг тайлбартайгаа холбоотойгоор тусгайлан хүсэлт тэрээр гаргаагүй. Шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “А Д С р с” ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4,994,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,307  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ