Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00496

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00496

 

 

 

Б.Г-, Б.М- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/00337 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-, Б.М- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч АДСРС ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 994 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, Б.М-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр АДСРС ХХК-тай орон сууц захилгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 29 дүгээр байр, 8 тоотод оршин байрлах 51.96 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1м.кв-ыг 1 800 000 төгрөг, нийт 93 528 000 төгрөгөөр худалдан авсан. Бид орон сууцныхаа талбайг Брайнт пойнт ХХК-аар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэмжилт хийлгэхэд 47.43 м.кв буюу анх худалдан авсан талбайн хэмжээнээс 4.53 м.кв талбай байх тул 8 154 000 төгрөгөөр биднийг хохироож байна. Компанид урьдчилгаа төлбөрт 57 028 000 төгрөг төлөхөөс 50 058 400 төгрөгийг компанийн дансанд төлж, харин 6 969 600 төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй тухайн компанитай зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд 1 жилийн хугацаанд хүүгийн хамт нийт 7 584 488 төгрөг болж байгаагаас компанид 3 809 988 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл нь 3 774 500 төгрөг болсон. Харин Голомт банкнаас 36 500 000 төгрөгийг 8 хувийн зээлийн гэрээ байгуулан зээлэн авч үлдэгдэл төлбөрийг төлсөн. Ийнхүү бид cap бүр Ай Ди Си реал стэйт ХХК болон Голомт банканд үндсэн зээл болон хүү төлж байна. Бид нар Брайнт пойнт ХХК-аар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэмжилт хийлгээд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ай Ди Си реал стэйт ХХК-ийн захиргаанд энэхүү талбайн зөрүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлт өгөхөд компани дахин хэмжилт хийлгээд шийдвэрлэж өгнө гэсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна.

Нэхэмжлэгч бид тухайн орон сууцны бодит хэмжилт болох 47,43 м.кв талбайн төлбөрт 85 374 000 төгрөг төлөх ёстой байсан боловч бид хариуцагч АДСРС ХХК-д нийт 90 368 400 төгрөг төлсөн тул илүү төлсөн 4 994 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М-, Б.Г- нар нь Ай Ди Си реал стэйт ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 29 дүгээр байрны 8 тоотын 2 өрөө байрыг худалдан авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлээс үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул шаардах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний 2.2-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учраас тэдэнд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч АДСРС ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4 994 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г-, Б.М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг иш татсан атлаа анхан шатны шүүх эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан талаар ямар нөхцөл байдал үүссэн талаар огт дурдаагүй, ямар нэг дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Орон сууцны м.кв 51,96 м.кв уу эсхүл 47,43 м.кв уу гэдгийг нэхэмжлэгч нар бид хараад шууд мэдэх боломжгүй ба энэ чиглэлийн тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээд биш юм. Нөгөө талаасаа бид мэдэхгүй боломжгүй учир нь хариуцагч байгууллага нь 51,96 м.кв хэмээн хэлсэн учир түүнд итгэж төлбөр тооцоогоо хийсэн ба байранд орсон хойно хүмүүс наадах 51,96 м.кв хүрэхгүй гээд байхаар нь хэмжүүлсэн. Энэ үед бид 47,43 м.кв байгаа болохын мэдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 4 994 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Г-, Б.М- нар нь хариуцагч АДСРС ХХК-д холбогдуулан дутуу талбайтай орон сууцны үнэд илүү төлсөн 4 994 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг хэнээс ч зөвшөөрөл шаардахгүй эдэлдэг.

Гэтэл анхан шатны шүүх Б.Энхбатыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/00871 тоот тухай захирамжаар хангахгүй орхисон нь дээр дурдсан хэргийн оролоцогчиин эрхийг ноцтой зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх Б.Энхбатыг хамтран хариуцагчаар оролцуулаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 94 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ