Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2021/000125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд онлайн хэлбэрээр явуулж,

Нэхэмжлэгч С.М-ын,

Хариуцагч Л.А, Г.М нарт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч нарын төлөөлөгч В.Давааням, гуравдагч этгээдийн төлөөлөгч  Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч С.М нь 2018 оны 09 сарын 20-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр Л.А, Г.М нарт Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах 720м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бүхэлд нь, мөн дээрх газарт байрлалтай 58м2 талбайтай хувийн сууцыг худалдан авагч Г.М, Л.А нарт нийтэд нь 22 сая төгрөгөөр худалдсан. Тухайн үед татварын асуудлаас болж газар болон үл хөдлөх хөрөнгөө 10 сая төгрөгөөр худалдсан гэж гэрээнд заасан. Энэ хоёр үл хөдлөх хөрөнгийн үнэ бодит байдалд зах зээлийн үнээр ийм бага үнэлгээтэй байна гэж байхгүй. Бид бага татвар төлөхийн тулд бага үнэтэй гэрээ хийсэн.  Ер нь гэрээ хийх үед Л.Аийн ээж Бямбаа гэж хүн манай хүүхдүүд найдвартай хүмүүс. Хятадтай хамтран улаан мөөгний арилжаа хийдэг. Хилээр байнга орж, гарч байдаг. Сарын 70, 80 сая төгрөгийн орлоготой хүмүүс гэж хэлж надад итгүүлсэн. Худалдан авагч Л.А, Г.М нар өөрсдөө ч миний А зэрэглэлийн газар болон үл хөдлөх хөрөнгө одоогийн зах зээлийн үнээр 80-100 сая төгрөг байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Би дээрх хоёр хүнээс 22 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг цувуулан байж авсан. Надад 19 сая төгрөгөө өгөөгүй. Миний газар болон үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан, худалдан авах гэрээгээр авчихаад надад “удахгүй өгнө, одоо 200, 300 сая төгрөгийн зээл авах гэж байгаа” гэх зэргээр хэлж одоог хүртэл өгөхгүй, миний итгэлийг алдаж байна.

Миний газар, байшинг “Х” банкинд барьцаанд тавьж зээлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдийг хүртэл худлаа ярьж байгаад гомдолтой байна. Иргэний хуулинд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй, талууд гэрээгээр авсан бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй. Иймд би худалдан авагчид 3 сая төгрөгийг нь өгч газар болон үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах эрх эдлэх ба худалдан авагч нар миний эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй болох нь Иргэний хуулинд заасан үндэслэл байна гэж үзэж байна. Мөн хуульд зааснаар худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд миний 22 сая төгрөгөөс 19 сая төгрөгийг нь өгөхгүй одоог хүртэл намайг чирэгдүүлж байгаа Л.А, Г.М нараас миний газар байшингийн үнэ 19 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.М нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М, Л.А нар нь миний байрыг 22 сая төгрөгөөр авч нотариатаар батлуулахдаа татвар бага төлөхийн тулд 10 сая төгрөг гэж гэрээ хийсэн. Надад 19 сая төгрөг өгнө гэж тохирсон байсан. Гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч 19 сая төгрөгийг одоо болтол өгөөгүй бөгөөд одоо шүүхийн шатанд 19 сая төгрөг биш 7 сая төгрөг өгнө гэж байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие 2018 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тэднээс авсан 3 000 000 төгрөгийг эргүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийг буцааж авах талаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч нар одоо надад 19 сая төгрөгөө өгнө гэвэл би гэрээнээс татгалзах шаардлагаа өөрчилж болно. Гэвч хариуцагчийн төлөөлөгч энэ саналыг зөвшөөрөөгүй учир дээрх шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нар мөнгөө бүрэн өгсний дараа байшиндаа орно гэж өөрсдөө надад хэлсэн, мөн мөнгөө надад бүрэн төлөөгүй учир газар, байшинг биет байдлаар хүлээлгэж  өгөөгүй. Гэвч  газар  болон  хашаа  байшинг  банкны  барьцаанд тавьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Л.А, Г.М нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа тул газар, байшингаа өөрийн нэр дээр болгуулж авах хүсэлтэй байна. Тэдний байшингийн үнээс төлсөн 3 сая төгрөгийг би буцааж төлнө гэв.

Хариуцагч Л.А, Г.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Л.А, Г.М бидний зүгээс С.Мийн нэхэмжлэлтэй таницлаа. Бид С.Мтэй газар, байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ газраа 2 сая, үл хөдлөх хөрөнгөө 8 сая төгрөгт тооцож худалдаж авсан. Ингээд урьдчилгаа болгож 3 сая төгрөг төлсөн байгаа бөгөөд үлдэгдлийг нь төлөөгүй байгаа нь үнэн. Гэвч энэ хүн газар, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн боловч хөрөнгийг маань бодитоор шилжүүлж өгөөгүй өдийг хүрсэн. Бидэнд зарснаасаа хойш өөрөө амьдарч байгаад, одоо бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа. Бидний зүгээс байраа суллаад өгчих гэдэг шаардлага тавьж байсан ч, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа суллаж өгнө гэж хэлдэг. Бид нэгэнт гэрээ байгуулж, хүний хөрөнгийг худалдаж авсан тул үлдэгдэл төлбөрөө зайлшгүй төлөх нь бидний үүрэг юм. Гэхдээ эхлээд хөрөнгөө өөртөө шилжүүлэн авах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, 7 сая төгрөг л төлнө. Харин газар байраа С.Мээс суллуулж авна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна. Сүүлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Өгсөн авсан зүйлээ буцаая гэж бичсэн байна лээ. Хариуцагч нар энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаг үе тайван болоод ажил төрөл нь эхлэхээр төлбөрийг тэр дор нь барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Мөн хэдийгээр гэрээгээр өмчлөх эрх шилжсэн ч эд хөрөнгө С.Мийн эзэмшилд байгаа гэдийг хариуцагч нар тайлбарладаг. Нэхэмжлэгч одоо ч гэсэн өөрөө ашиглаж байгаа юм байна лээ. Хариуцагч нар хэдийгээр төлбөрөө төлөөгүй удааширч байгаа, гэрээний үүргийг зөрчсөн ч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар тодорхой заасан байгаа. Энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Энэхүү гэрээг цуцлах саналыг аль нэг тал гаргах үндэслэлгүй болохыг гэрээнд тодорхой заасан байна лээ. Газар байраа суллуулж авах хүсэлтэй байгааг уламжилж байна. Хариуцагч нарын хувьд өмчлөх эрх бүрэн шилжсэний улмаас өөрт олгогдсон эрхийн дагуу “Х” банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар одоогийн байдлаар аймагт байхгүй, утас нь холбогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг хариуцагч нар төлнө гэсэн саналтай байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн   төлөөлөгч   Б.М   шүүхэд   болон   шүүх   хуралдаанд   гаргасан тайлбартаа: С.Мийн нэхэмжлэлтэй Л.А, Г.М нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна.

“Х” ХХК нь иргэн Г.М, Л.А нартай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1650010665 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 365 хоногт 24.22 хувийн хүүтэй 25 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар “Х” ХХК нь мөн өдөр иргэн Г.М, Л.А нартай 1650010665-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж Дорнод аймаг, Хэрлэн сум 10 дугаар баг, Цаг уур гудамж, 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаартай 58.2 м2 хувийн орон сууц, Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006358 дугаартай 720 м2 өмчлөх эрх бүхий газрыг тус тус барьцаалсан.

Банк болон Г.М, Л.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 23 978 747 төгрөг 90 мөнгө байгаа буюу барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хэвээр байгаа болно.

Х болон Г.М, Л.А нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед орон сууцны өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээ байгуулсан. Иймд “Х” ХХК  тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударгаар барьцаалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх бөгөөд тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх талаар Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус заасан байдаг билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай тогтоолд дурдсан зэргээс үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч нь Л.А, Г.М нарын банктай байгуулсан барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Дорнод аймаг, Хэрлэн сум 10 дугаар баг, Цаг уур гудамж, 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаартай 58.2 м2 хувийн  орон  сууц,  Дорнод  аймаг  Хэрлэн  сум  10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006358 дугаартай 720 м2 өмчлөх эрх бүхий газрын өмчлөгчийг  тогтоож  шийдвэрлэхдээ  өмчлөгч  нь  тухай хөрөнгө дэх барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох “Х” ХХК-ийн барьцааны эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Г.М, Л.А нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж, тэдний хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө гаргуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргасан байх тул нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр болгон гаргуулах тухай гэж үзнэ.

Мөн хариуцагч нарын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Х” ХХК-ийг татан оролцуулсан болно.

1. Нэхэмжлэгч С.М нь өөрийн өмчлөлийн Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг, Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах 720м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2 000 000 төгрөгөөр, мөн дээрх газарт байрлах 58м2 талбайтай хувийн сууцыг 8 000 000 төгрөгөөр тус тус Г.М, Л.А нарт худалдахаар тохирч, талууд 2018 оны 9 сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулж, улмаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар дээрх гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, С.М нь өмчлөх эрхээ Г.М, Л.А нарт шилжүүлжээ. 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би газар болон хувийн сууцаа нийтэд нь 22 сая төгрөгөөр худалдсан бөгөөд татвар бага төлөх зорилгоор бид ярилцаад гэрээндээ газрыг 2 сая төгрөгөөр, байшинг 8 сая төгрөгөөр худалдахаар тусгасан” гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тус тус хүчин төгөлдөр гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын тайлбараар худалдан авагч  Л.А, Г.М нар нь худалдан авсан газар, хувийн сууцны үнээс нийт 3 000 000 төгрөгийг худалдагч С.Мт төлсөн  боловч  үлдэгдэл  төлбөрийг  одоо  болтол  төлөлгүй  гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн зөрчлийн талаар тус тус маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар 22 сая төгрөгөөр худалдан авсан боловч эд хөрөнгийн үнээс 3 сая төгрөгийг төлж, үлдэх хэсэг 19 сая төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй...” гэж тайлбарлан гэрээний үнийн дийлэнх хэсгийг төлөөгүй гэх үндэслэлээр  гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр болгон буцаан авах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 7 сая төгрөгийг төлж барагдуулах тул гэрээнээс татгалзах саналыг хүлээн авахгүй, мөн эд хөрөнгөө хүлээн аваагүй байгаа тул эд хөрөнгөө авмаар байна” гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүрэгт төлсөн 3 000 000 төгрөгийг худалдсан эд хөрөнгө болох газрын үнэд төлсөн, эсхүл хувийн сууцны үнээс төлсөн талаар тодруулаагүй, мөн хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар эсэргүүцэж маргаагүй байх тул шүүх хариуцагч нарын төлсөн 3 000 000 төгрөгийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн аль нэгний үнийг бүхэлд нь төлсөн буюу аль нэг гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн гэрээний дагуу худалдагч С.М нь худалдсан хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар хариуцагч нарт хүлээлгэн өгөөгүй байгаа талаар талууд тайлбартаа дурджээ.

Гэвч худалдан авагч нар гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүйгээс  Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар худалдагч С.М худалдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээс татгалзаж болох тул нэхэмжлэгчийг эд хөрөнгөө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдлэнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн  үүргээ  зөрчсөн  бөгөөд  үүрэг  гүйцэтгэх  нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр тус тус заажээ.

Талуудын тайлбараас үзвэл хариуцагч нарын хувьд гэрээгээр хүлээсэн газар, байшингийн үнийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний үүрэг зөрчсөн  болохоо  хүлээн  зөвшөөрч  байхаас  гадна  нэхэмжлэгч С.Мийн шүүх хуралдаанд гаргасан “...А нарт мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй өгнө, зээл аваад өгнө гэж хугацааг хойшлуулсаар өдийг хүрсэн” гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч эсэргүүцээгүй тул нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч нарт урьдчилан сануулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчсөн тул гэрээнээс татгалзаж байгааг хүлээн авахгүй” гэж тайлбарлан маргажээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрхийг дээр дурьдсанаар нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд үүнд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул нэг талаас шууд хэлбэрээр, тодорхой зан үйлдлээр илэрхийлж болохоос гадна нөгөө талаас хохирлоо нөхөн төлүүлэх, эд хөрөнгөө буцаан авах тухай шаардлага ч байж болдог. Иймд гэрээний нэг тал буюу худалдагч худалдсан эд хөрөнгөө буцаан авах шаардлага гаргаснаар гэрээнээс татгалзаж байгаагаа нөгөө талдаа мэдэгдэж буй хэлбэр гэж үзнэ.

Иймд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч С.М нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдний хооронд байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг үүснэ.

Талуудын дунд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл болсон Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг, Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах 720м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн дээрх газарт байрлах 58м2 талбай бүхий хувийн сууц нь биет байдлаар нэхэмжлэгч С.Мийн эзэмшилд байгаа талаар талууд маргадаггүй боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хариуцагч нарт шилжсэн, мөн хариуцагч нар уг хөрөнгүүдийг Хнаас авсан зээлийн барьцаанд барьцаалсан байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Мт шилжүүлж, хариуцагч нарын гэрээний үүрэгт төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Мээс гаргуулан хариуцагч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хариуцагч Г.М, Л.А нар нь нэхэмжлэгч С.Мээс  худалдан авсан Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг, Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах  720м2 талбай бүхий  гэр  бүлийн  хэрэгцээний зориулалттай  газар, мөн дээрх газарт байрлах 58м2 талбай бүхий хувийн сууцыг тус тус 2019 оны 6 сарын 10-ны өдөр Хнаас авсан 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд газрыг 11 700 000 төгрөгөөр, хувийн сууцыг 14 200 000 төгрөгөөр тус тус үнэлэн барьцаалж, 2019 оны 6 исарын 10-ны өдөр №1650010665-01 тоот барьцааны гэрээг байгуулжээ.

Иймд шүүх хариуцагч нарын хүсэлтээр “Х” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй бөгөөд хариуцагч нарын бие даасан шаардлага гаргаагүй этгээдтэй байгуулсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шүүх дүгнээгүй болно.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь дээрх барьцааны гэрээ, барьцааны эд хөрөнгөтэй холбогдох асуудлаар Г.М, Л.А нарт холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.М нь талуудын дунд байгуулагдсан  2018 оны 9 сарын 20-ны өдрийн газар болон хувийн сууцыг худалдах худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзах эрхтэй байх тул гэрээнээс татгалзсаны үр дагавар болох хариуцагч Г.М, Л.А нарын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын гудамжны 315 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0614006358 дугаарт бүртгэлтэй 720м2 талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаарт бүртгэлтэй 58,2 м2 талбай бүхий хувийн сууц, тэдгээрийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Мт шилжүүлж, хариуцагч нарын гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Мээс гаргуулж хариуцагч Г.М, Л.А нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.М, Л.А нарын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын гудамжны 315 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0614006358 дугаарт бүртгэлтэй 720м2 талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаарт бүртгэлтэй 58,2 м2 талбай бүхий хувийн сууц, тэдгээрийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Мт шилжүүлж, нэхэмжлэгч С.Мээс 3 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.М, Л.А нарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252 950 төгрөгөөс 174 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 78 000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан, хариуцагч Г.М, Л.А нараас улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Мт  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.УРТНАСАН