Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2021/00013

 

 С.Мийн нэхэмжлэлтэй, Л.А, Г.М нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/000125 дугаар шийдвэртэй, С.Мийн нэхэмжлэлтэй, Л.А, Г.М нарт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч С.М нь 2018 оны 09 сарын 20-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр Л.А, Г.М нарт Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах 720м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бүхэлд нь, мөн дээрх газарт байрлалтай 58м2 талбайтай хувийн сууцыг нийтэд нь 22 сая төгрөгөөр худалдсан. Тухайн үед татварын асуудлаас болж газар болон үл хөдлөх хөрөнгөө 10 сая төгрөгөөр худалдсан гэж гэрээнд заасан. Энэ хоёр үл хөдлөх хөрөнгийн үнэ бодит байдалд зах зээлийн үнээр ийм бага үнэлгээтэй байна гэж байхгүй. Бид бага татвар төлөхийн тулд бага үнэтэй гэрээ хийсэн. Ер нь гэрээ хийх үед Л.Аийн ээж Бямбаа гэж хүн манай хүүхдүүд найдвартай хүмүүс. Хятадтай хамтран улаан мөөгний арилжаа хийдэг. Хилээр байнга орж, гарч байдаг. Сарын 70, 80 сая төгрөгийн орлоготой хүмүүс гэж хэлж надад итгүүлсэн. Худалдан авагч Л.А, Г.М нар өөрсдөө ч миний А зэрэглэлийн газар болон үл хөдлөх хөрөнгө одоогийн зах зээлийн үнээр 80-100 сая төгрөг байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Би дээрх хоёр хүнээс 22 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг цувуулан байж авсан. Надад 19 сая төгрөгөө өгөөгүй. Миний газар болон үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авчихаад надад удахгүй өгнө, одоо 200, 300 сая төгрөгийн зээл авах гэж байгаа гэх зэргээр хэлж одоог хүртэл өгөхгүй, миний итгэлийг алдаж байна.

Миний газар, байшинг Хас банкинд барьцаанд тавьж зээлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдийг хүртэл худлаа ярьж байгаад гомдолтой байна. Иргэний хуулинд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй, талууд гэрээгээр авсан бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй. Иймд би худалдан авагчид 3 сая төгрөгийг нь өгч газар болон үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах эрх эдлэх ба худалдан авагч нар миний эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй болох нь Иргэний хуулинд заасан үндэслэл байна гэж үзэж байна. Мөн хуульд зааснаар худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд миний 22 сая төгрөгөөс 19 сая төгрөгийг нь өгөхгүй одоог хүртэл намайг чирэгдүүлж байгаа Л.А, Г.М нараас миний газар байшингийн үнэ 19 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч С.М нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М, Л.А нар нь миний байрыг 22 сая төгрөгөөр авч нотариатаар батлуулахдаа татвар бага төлөхийн тулд 10 сая төгрөг гэж гэрээ хийсэн. Надад 19 сая төгрөг өгнө гэж тохирсон байсан. Гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч 19 сая төгрөгийг одоо болтол өгөөгүй бөгөөд одоо шүүхийн шатанд 19 сая төгрөг биш 7 сая төгрөг өгнө гэж байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие 2018 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тэднээс авсан 3 000 000 төгрөгийг эргүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийг буцааж авах талаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч нар одоо надад 19 сая төгрөгөө өгнө гэвэл би гэрээнээс татгалзах шаардлагаа өөрчилж болно. Гэвч хариуцагчийн төлөөлөгч энэ саналыг зөвшөөрөөгүй учир дээрх шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нар мөнгөө бүрэн өгсний дараа байшиндаа орно гэж өөрсдөө надад хэлсэн. Мөн мөнгөө надад бүрэн төлөөгүй учир газар, байшинг биет байдлаар хүлээлгэж өгөөгүй. Гэвч газар болон хашаа байшинг банкны барьцаанд тавьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Л.А, Г.М нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа тул газар, байшингаа өөрийн нэр дээр болгуулж авах хүсэлтэй байна. Тэдний байшингийн үнээс төлсөн 3 сая төгрөгийг би буцааж төлнө. гэжээ.

Хариуцагч Л.А, Г.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс С.Мийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид С.Мтэй газар, байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ газраа 2 сая, үл хөдлөх хөрөнгөө 8 сая төгрөгт тооцож худалдаж авсан. Ингээд урьдчилгаа болгож 3 сая төгрөг төлсөн байгаа бөгөөд үлдэгдлийг нь төлөөгүй байгаа нь үнэн. Гэвч энэ хүн газар, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн боловч хөрөнгийг маань бодитоор шилжүүлж өгөөгүй өдийг хүрсэн. Бидэнд зарснаасаа хойш өөрөө амьдарч байгаад, одоо бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа. Бидний зүгээс байраа суллаад өгчих гэдэг шаардлага тавьж байсан ч, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа суллаж өгнө гэж хэлдэг. Бид нэгэнт гэрээ байгуулж, хүний хөрөнгийг худалдаж авсан тул үлдэгдэл төлбөрөө зайлшгүй төлөх нь бидний үүрэг юм. Гэхдээ эхлээд хөрөнгөө өөртөө шилжүүлэн авах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, 7 сая төгрөг л төлнө. Харин газар байраа С.Мээс суллуулж авна. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна. Сүүлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Өгсөн авсан зүйлээ буцаая гэж бичсэн байна лээ. Хариуцагч нар энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаг үе тайван болоод ажил төрөл нь эхлэхээр төлбөрийг тэр дор нь барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Мөн хэдийгээр гэрээгээр өмчлөх эрх шилжсэн ч эд хөрөнгө С.Мийн эзэмшилд байгаа гэдгийг хариуцагч нар тайлбарладаг. Нэхэмжлэгч одоо ч гэсэн өөрөө ашиглаж байгаа юм байна лээ. Хариуцагч нар хэдийгээр төлбөрөө төлөөгүй удааширч байгаа, гэрээний үүргийг зөрчсөн ч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар тодорхой заасан байгаа. Энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Энэхүү гэрээг цуцлах саналыг аль нэг тал гаргах үндэслэлгүй болохыг гэрээнд тодорхой заасан байна лээ. Газар байраа суллуулж авах хүсэлтэй байгааг уламжилж байна. Хариуцагч нарын хувьд өмчлөх эрх бүрэн шилжсэний улмаас өөрт олгогдсон эрхийн дагуу Хас банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар одоогийн байдлаар аймагт байхгүй, утас нь холбогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг хариуцагч нар төлнө гэсэн саналтай байгаа. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мийн нэхэмжлэлтэй Л.А, Г.М нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна.

Хас банк ХХК нь иргэн Г.М, Л.А нартай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1650010665 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 365 хоногт 24.22 хувийн хүүтэй 25 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Хас банк ХХК нь мөн өдөр иргэн Г.М, Л.А нартай 1650010665-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж Дорнод аймаг, Хэрлэн сум 10 дугаар баг, Цаг уур гудамж, 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаартай 58.2 м2 хувийн орон сууц, Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006358 дугаартай 720 м2 өмчлөх эрх бүхий газрыг тус тус барьцаалсан.

Банк болон Г.М, Л.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 23 978 747 төгрөг 90 мөнгө байгаа буюу барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хэвээр байгаа болно.

Хас банк болон Г.М, Л.А нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед орон сууцны өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээ байгуулсан. Иймд Хас банк ХХК тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударгаар барьцаалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх бөгөөд тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх талаар Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус заасан байдаг билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай тогтоолд дурдсан зэргээс үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч нь Л.А, Г.М нарын банктай байгуулсан барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Дорнод аймаг, Хэрлэн сум 10 дугаар баг, Цаг уур гудамж, 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаартай 58.2 м2 хувийн орон сууц, Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Цаг уур гудамж 315 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006358 дугаартай 720 м2 өмчлөх эрх бүхий газрын өмчлөгчийг тогтоож шийдвэрлэхдээ өмчлөгч нь тухай хөрөнгө дэх барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох Хас банк ХХК-ийн барьцааны эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00125 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.М, Л.А нарын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын гудамжны 315 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0614006358 дугаарт бүртгэлтэй 720м2 талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаарт бүртгэлтэй 58,2 м2 талбай бүхий хувийн сууц, тэдгээрийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Мт шилжүүлж, нэхэмжлэгч С.Мээс 3 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.М, Л.А нарт олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252 950 төгрөгөөс 174 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 78 000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан, хариуцагч Г.М, Л.А нараас улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Мт олгож, ... шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар:

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаартай тогтоолын 2.1-д хэрэг, мрагааны талаар материллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэж тайлбарласан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй бөгөөд хариуцагч нарын бие даасан шаардлага гаргаагүй этгээдтэй байгуулсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнээгүй болно. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь дээрх барьцааны гэрээ, барьцааны эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Г.М, Л.А нарт холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэй юм. гэжээ.

Хас банк ХХК нь уг хэрэг маргааны хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан шударга барьцаалагч болохын хувьд шүүхэд тайлбар гарган оролцсон бөгөөд Хас банк болон Г.М, Л.А нарын хооронд 2019.06.10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний эрх үүрэгтэй холбоотойгоор аливаа шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан гаргаагүй болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус эд хөрөнгө суурилсан эрх бөгөөд тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх талаар Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй. гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ. гэж тус тус хуульчилсан байдаг билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолд Ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг гэж дүгнэсэн зэргээс үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч нь Л.А, Г.М нарын барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Хас банкны хувьд энэ талаар шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад тайлбар гарган оролцсон билээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт банкийг барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар бие даасан шаардлага гаргасан мэтээр тайлбарлан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй хэмээн дүгнэж тухайн хэргийг гуравдагч этгээд Хас банк ХХК-д хамааралгүй гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч буюу С.Мийг тогтоож шийдвэрлэсэн атлаа банкийг хариуцагч болох Л.А, Г.М нарт холбогдуулан барьцааны гэрээ, барьцааны эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн үндэслэлүүд болох барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өөрчлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөд үүссэн үүргийг шинэ өмчлөгч нь хариуцан гүйцэтгэнэ гэх хуулийн заалтуудыг зөрчиж, банкны барьцааны эрхийг хөндөж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын гудамжны 315 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0614004225 дугаартай 58,2 м2 талбай бүхий хувийн сууц, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын гудамжны 315 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-0614006358 дугаартай 720м2 өмчлөх эрх бүхий газрын өмчлөгчийг тогтоож шийдвэрлэхдээ өмчлөгч нь тухайн хөрөнгө дэх барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох Хас банк ХХК-ийн барьцааны эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Л.А, Г.М нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзан, үл хөдлөх хөрөнгөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 18 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.М нь хариуцагч Л.А, Г.М нартай байгуулсан 2018 оны 09 сарын 20-ны өдөр газар худалдах худалдан авах гэрээ-гээр 000357689 тоот гэрчилгээтэй, Г-0614006358 улсын бүртгэлтэй, 2106001938 нэгж талбартай, Дорнод аймаг Хэрлэн сумын ___________байрлах 720м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бүхэлд нь Л.А, Г.М нарын өмчлөлд шилжүүлэх, уг газрыг 2,0 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон, мөн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-гээр 000389930 тоот гэрчилгээтэй, Ү-0614004225 улсын бүртгэлтэй, Дорнод аймаг Хэрлэн сумын ___________байрлах 58,2м2 талбайтай хувийн сууцыг хэлэлцэн тохирсон үнийг заасан хугацаанд төлөх, хувийн сууцаа 8,0 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон, дээрх гэрээнүүд байгуулагдсанаас хойш хариуцагч нар нь 3,0 сая төгрөг төлсөн, мөн хариуцагч Л.А, Г.М нар нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр Хас банк ХХК-тай 30,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, худалдаж авсан өмчлөлийн 720м2 газар, 58,2 м2 талбай бүхий хувийн сууцаа зээлийн барьцаанд тавихаар барьцааны гэрээ байгуулсан, одоо зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусаагүй байгаа үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 70-71, 74-80 дахь талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг /243.1, 225.1, 225.2, 204.1, 205.1/ зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэвч шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь дээрх барьцааны гэрээ, барьцааны эд хөрөнгөтэй холбогдох асуудлаар Г.М, Л.А нарт холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж дүгнэсэн нь гуравдагч этгээд болох банк нь зөвхөн хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргах эрхтэй, харин барьцааны зүйлийг өмчлөгчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж ойлгогдохоор болсон нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасантай нийцээгүй байх тул энэ талаар магадлалд зөвтгөж тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, түүнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ