Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01171

 

2022           11            29                                                   001/ХТ2022/01171

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01345 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223/МА2021/00001 дүгээр магадлалтай,

Б.Чийн нэхэмжлэлтэй

Л.Ат холбогдох

Гэм хорын хохиролд 13,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Л.А, түүний өмгөөлөгч Б.Баярмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Ч нь Л.Ат холбогдуулан гэм хорын хохиролд 13,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01345 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Ааас 10 674 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Гд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч Б.Чийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224 785 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Л.Ааас 185 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223/МА2021/00001 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Л.Ааас 10,674,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чт олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Л.Ааас 8,492,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чт олгож, үлдэх 2,181,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...185,734 төгрөг гаргуулан...” гэснийг “150 835 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Л.А, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нарын хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч Л.А нь 2019.09.08-нд өөрийн эзэмшлийн автомашинд засвар хийж байгаад болгоомжгүйгээр машиных нь ивээс мултарч уруу газар өнхрүүлж нэхэмжлэгч Б.Чийн байшинг мөргөж осол гаргаж, хохирол учруулсан. Осол гаргасан учир Зөрчлийн тухай хуулиар торгууль төлж хариуцлагаа хүлээсэн. Нэхэмжлэгч нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон 12,855,000 төгрөгөөс, засвар хийсэн 2,693,000 төгрөгийг хасаж хохиролд 10,162,000 төгрөг болон үнэлгээний тайлан гаргахад төлсөн хураамж 512,000 төгрөг, нийт 10,674,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэргийн материалд ослын улмаас нэхэмжлэгчийн байшинд учирсан хохирлыг тодорхойлсон үнэлгээний 3 дүгнэлт бий. Үүнд: 1. 2019.09 дүгээр сард хийсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд -12,855,000 төгрөг, 2. 2020.01.20-нд хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан -7,980,800 төгрөг, 3. 2020.08.20-ны өдөр хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан - 1,792,370 төгрөг. Анхан шатны шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг шийдвэрийн үндэслэлээ болгож “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг “...Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020.08.20-ны өдрийн 293 тоот дүгнэлтээр 1,792,370 төгрөгийн үнэлгээ нь шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй байна. Учир нь үг дүгнэлт цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш 1 жилийн хойно өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа мөн тухайн эвдрэл бүхий нурсан хана тааз шал хаалга зуухны яндан, дээврийн засвар хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй” гэж дүгнээд, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгч Л.Аын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ: Магадлалын үндэслэх хэсэгт шүүхийн шатанд ... шинжээчээр томилогдож хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт эстимэйт” ХХКийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байна. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг... уг дүгнэлт нь цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш 1 жилийн хойно, өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа мөн тухайн эвдрэл бүхий хана, тааз, шал, хаалга, зуухны яндан, дээврийн засвар, хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй гэж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна... “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр байшинг бүхэлд нь засах гэж үзэж... үнэлгээ тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, байшинг бүхэлд нь зассах үндэслэл тодорхойгүй, бүхэл тоосгон байшин барих хэмжээний буюу 7,750 ширхэг тоосго орох зэргээр матөриалын зардлыг тооцосон үндэслэл муутай болсон байх тул “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлох нь ИХ-ийн 228.1, 229.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцнэ гэж үзэв. Учир нь ... нийт зардлын хэмжээг 7,980,800 төгрөгөөр тогтоосон нь илүү бодитой байна” гэж дүгнэсэн. Шийдвэр магадлалыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Үүнд: “Хөрөнгийн унэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг 2020.08 дугаар сард, харин шийдвэр магадлалын үндэслэл болгосон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь мөн л адил осол хэрэг гарснаас хойш 4-7 сарын дараа буюу 2020 оны 1- 4 дүгээр сард хийгдэж, аль аль нь өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа үнэлгээг хийсэн. Гэтэл цаг хугацааны хувьд 1 жилийн дараа хийгдсэн үнэлгээ нь үндэслэл болохгүй, харин 4-7 сарын дараа хийсэн үнэлгээ нь шийдвэрийн үндэслэл болно гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Учир нь хөрөнгийн үнэлгээ хийсэн дээрх 2 компани өөр эд хөрөнгөд биш осолд өртсөн нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгөд үнэлгээг хийсэн. Уг эд хөрөнгө хийц бүтээцийн хувьд огт өөрчлөгдөөгүй. “Хөрөнгийн үнэлгээний төв”ХХК-ийг үнэлгээ хийх үед Обой, хана, пийшин, хашаа, жижиг өрөөний дотор засал, лампир зэргийг засварласан байсан ч хохирлыг тооцохдоо засварласан хэсгүүдийг хэмжиж, хохирлын хэмжээнд оруулан тооцсоныг үнэлгээний тайлангаас тодорхой харж болно. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болгосон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтийн 2, 3, 4 дахь хэсэгт хохирлыг арилгахад хийгдэх ажлууд, материалын зардал, ажиллах хүчний зардал зэргийг тооцохдоо учирсан эвдрэл гэмтлийн хэмжээг бодитой тогтоолгүйгээр хохирлыг арилгахад хийгдэх ажлын хэмжээ, материалын зардлыг бодит байдлаас зөрүүтэй тооцсон байдаг. Тухайлбал: 1. Барилгын хойт хана цөмөрсөн /хэдий хэмжээтэй цөмөрч нурсан нь тодорхойгүй хирнээ материалын зардал хэсэгт 4куб.м хөөсөн блок шаардлагатай гэжээ. Хийсэн засвараас үзвэл ойролцоогоор 1м2 талбайтай газрыг шавардаж янзалсан байна.4 куб.м блок нь 78 ширхэг блоктой тэнцэх ба 8x2 харьцаатай 16м2 хана дүүргэх хэмжээ ажээ./ 2. Ламперин тааз хагарсан урагдсан, мөргөлт ирээгүй газрын тааз цүлхийсэн - /мөн хэдий хэмжээний тааз хагарсан урагдсан нь тодорхойгүй, цүлхийсэн хэсгийг солих шаардлагатай эсэх нь тодорхойгүй. Материалын зардалд 12 ширхэг лампер хэрэгтэй гэсэн ч энэ матөриалаар хэдэн м2 тааз хийх нь ойлгомжгүй./ 3. Дотор ханын обой замаск эмүльс хагарсан урагдсан /ямар хэмжээтэй хагарч урагдсан нь тодорхойгүй, хэдэн м2 талбайг обойдох, замаск хийх, эмүльсдэх нь тодорхой бус, байшингын ханын өндөр нь хэд метр болох нь ч ойлгомжгүй хирнээ материалын зардалд 9 ширхэг обой шаардлагатай гэсэн нь ойролцоогоор ихэнх обойны хэмжээ өргөн нь 0,52-0,56м, урт нь 10-10,5м байдгийг тооцвол гэр хорооллын байшингын өндөр нь 2 метр гэвэл 9 обойгоор ойролцоогоор 45м2 ханыг наах юм. гэтэл 9 обойгоор уг байшингийн дотор ханыг бүхэлд нь засварлахаар байна. 4. Өрөөнүүдийн паркетан шал нурсан тоосго блоконд цохигдон цөмөрч халцарсан /хэдэн м2 шал цохигдон цөмөрсөн нь тодорхойгүй хирнээ материалын зардал дээр 45м.кв паркетин шал хэрэгтэй гэжээ. Гэтэл байшингын суурийн хэмжээ 8.65м* 5.65м = 48.87м.кв бол дээрх зардлаар байшингын шалыг бүхэлд нь солих хэмжээтэй зардлыг тусгажээ. 5. Мөн Ажиллах хүчний зардлын 2-7, 11,12 дахь хэсэгт тааз дээвэр, шалыг бүтнээр нь буюу 45м2 талбайг буулгах хуулах, хийхээр тусгажээ. Гэтэл бодит байдал дээр шалыг бүтэн солихоор эвдрээгүй, таазыг бүтэн солихоор гэмтэл үүсээгүйг хэргийн материалд авагдсан зургуудаас харж болно. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “Ашид билгүүн” ХХК, “Итгэлт эстимэйт”ХХК-ийн аль алиных нь хийсэн үнэлгээний тайлан дүгнэлтээр тухайн эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учирсныг тодорхой тогтоолгүйгээр байшинг бүхэлд нь засах хэмжээний хохирлыг тооцсон байна. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтэд хийгдэх засварын ажил болон материалын зардлыг тооцохдоо учирсан хохирлын хэмжээнд үндэслэсэн байна. Тухайлбал: хүснэгт 4-д материалын тооцооллыг гаргахдаа нурсан ханын талбай, эвдэрсэн плитаны хэмжээ, лампер хийгдэх талбайн хэмжээ, хохирол учирсан шалны талбай зэргийг хэмжиж түүнийг засварлахад шаардлагатай бүх материалын тооцооллыг уялдуулан бодитой тооцоолсон байна. /хх-ийн 83-85/ Гэтэл “...давж заалдах шатны шүүх “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохирлын хэмжээг тогтоож, хариуцлагын хэмжээг тодорхойлох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж үзэв. Учир нь уг үнэлгээгээр ...хохирлыг арилгах нийт зардлын хэмжээг 7,980,800 төгрөгөөр тогтоосон нь илүү бодитой байна.” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн ... 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Иймээс шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн хөрөнгө үнэлгээний тайлан нь шийдвэр, магадлалын үндэслэл болохгүй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэснийг дурьдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, “Ашид билгүүн” ХХК, “Итгэлт эстимейт” ХХК-ийн дүгнэлт тодорхой бус, бодитой биш болохыг анхаараагүй, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт илүү үндэслэлтэй тул нэхэмжлэлийг энэ хэмжээнд шийдвэрлэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан ба маргааны үйл баримтыг хоёр шатны шүүх дүгнэх учиртай тул гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Л.Ат холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 13,367,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд  нэхэмжлэлээ 2,693,000 төгрөгөөр багасгаж, 10,674,000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ. Хариуцагч хохирлын хэмжээг бодитой биш гэж татгалзжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Л.Ааас 10,674,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 8,492,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүх материалын зардалд 3,347,800 төгрөг, ажлын хөлс 3,652,500 төгрөг, тээврийн зардал 250,000 төгрөг, нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 512,000 төгрөг, нийт 8,492,800 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

8. Л.А нь 2735 УБЭ улсын дугаартай соната 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2019.09.08-ны өдрийн 11.30 минутын үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,” 14.6-д “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” хэм хэмжээг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 19-1125к тоот хаягт байрлах нэхэмжлэгч Б.Чийн өмчлөлийн хашаа, байшинг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь зохигчийн тайлбар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Л.Ат 2019.09.11-ний өдөр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан Цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогджээ. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг ийнхүү үндэслэлтэй тогтоосон байна.

Л.А нь хэлцлийн үндсэн дээр автомашиныг худалдан авахдаа өмчлөх эрхээ шилжүүлээгүй байсан боловч түүнийг өмчлөгч гэж үзэх талаар шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг хуулиар үүснэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Л.А нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд ч мөн адил хариуцлага хүлээх учир уг зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлсон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд гэм хорын хохирлын хэмжээ маргааны зүйл болсон, нэхэмжлэгч нь “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэж 12,855,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн бол хариуцагч нь шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг баримталж 1,792,370 төгрөгийн хохирол учирсан гэж маргажээ.

10. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа “Ашид билгүүн” ХХК, “Итгэлт эстимейт” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш хэдийд гарсан, өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсэн, аль дүгнэлт илүү бодитой талаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, шинжээч “Итгэлт эстимейт ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн амьдардаг сууцны хойд хана цөмөрсөн, барилгын шувуун нуруун төмөр цөмөрч урагдсан, ламперан тааз хагарсан, урагдсан, мөргөлт ирээгүй хэсгийн ламперан тааз цүлхийсэн, барилгын дам нуруу, хар тааз, шувуун нуруу нилэнхүйдээ гүйж, барилгын дулаан алдалт их болсон, дотор ханын обой замаск эмульс хагарч урагдсан, өрөөнүүдийн паркетан шал нурсан, дотор хамар 25-ын тоосгон хана ан цав үүссэн, ханарсан, барилгын шувуун нурууны гарниз мод хугарсан, хойд талын 7м урт модон шонтой, модон хашаа нурж цөмөрсөн байх ба шинжээч “Итгэл эстимейт” ХХК хохирлыг арилгахын тулд “барилгын дээвэр, барилгын хар таазыг бүрэн хуулж дахин хийх, цөмөрсөн хэсгийн блокийг сольж, ханыг бөглөх, цөмөрсөн хэсгийн гадна хөөсөн фасадыг шинээр хийх, цөмөрсөн хэсгийн ламперан таазыг солих, цөмөрсөн хэсгийн ханын обой болон гал тогооны хэсгийн ханыг замаск татаж эмульс хийх, дотор ханыг буулган дахин өрөх, Паркетан шалыг хуульж солих, Гарниз мод хадах, будах, Модон шон суулгаж, модон хашаа барих, пийшингийн хэсгийн арын хананы плитаг наах, барилгын гал тогооны хэсэгт тоосгон яндан өрөх шаардлагатай гэж үзсэн байна. /хх-41/ “Итгэл эстимейт” ХХК-ийн гаргасан дүгнэлт нэхэмжлэгчид учирсан  хохирлыг бодитой арилгах үндэслэл болохыг давж заалдах шатны шүүх анхаарсан нь зөв болжээ.

11. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн эрхийн дагуу дүгнэсэн тул үйл баримтын талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223/МА2021/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 151,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                     

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Н.БАЯРМАА

                      ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               Д.ЦОЛМОН