Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0583/з |
Дугаар | 221/МА2016/0733 |
Огноо | 2016-11-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2016/0733
“******* ******* ******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, М.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* ******* ******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 13 дугаар зүйлийн 13.11, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актаар “******* ******* ******* групп” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46.613.400 төгрөгийн торгууль, 11.712.000 төгрөгийн алданги, 218.600 хүү, нийт 58.544.000 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 140.275.100 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Томилолтын хугацаанд заагаагүй санхүүгийн жилийг шалгах эрх хуулиар олгогдоогүй байсан. Маргаан бүхий захиргааны актын хяналт шалгалтын томилолтонд Татварын улсын байцаагчийн актанд .....2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг иж бүрэн хийв... буюу нэхэмжлэгч байгууллагын зөвхөн 2010-2011 оны санхүүгийн жилийн байдалд шалгалт хийх үүрэгтэй байсан. Харин хариуцагч нар томилолтын хугацаанд хамааралгүй, нэхэмжлэгч байгууллагын 2009 оны санхүүгийн жилд болж өнгөрсөн бэлэглэлийн гэрээг сайн дураараа давхар шалгаж, 2009 онд бэлэглэлийн гэрээгээр хөрөнгө шилжүүлснийг нэмэгдсэн өртгийн албан татвар зөрчсөн гэж 62.983.300 торгууль ногдуулсан. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ эрх мэдлээ хэтрүүлж, дур мэдэн, санаачилгаараа, хууль зөрчиж, төлбөр ногдуулсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд дээрх шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан нөхцлийг хангаагүй гэж үзэж байна. Иймд 2009 онд бэлэглэлийн гэрээгээр хөрөнгө шилжүүлсэн явдалд нэмэгдсэн өртгийн албан татвар зөрчсөн гэж 62.983.300 төгрөгийн торгууль ногдуулсаныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар “******* ******* ******* групп” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “******* ******* ******* групп” ХХК нь “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар актаар тавигдсан нийт 198.819.100 төгрөгийн хариуцлага өршөөлд хамрагдана, татварын улсын байцаагч нар 2010-2011 оны санхүүгийн тайланг шалгахдаа томилолтын хугацаанд хамааралгүй 2009 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг анхаараагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Тодруулбал,
Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.Баярнэмэх, Ц.Энхдэлгэр нар нь “******* ******* ******* групп” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн хяналт шалгалт хийн татвар ногдуулах орлогыг бууруулсан болон нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд 140,275.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 46,613.4 мянган төгрөгийн торгууль, 11,712.0 мянган төгрөгийн алданги, 218.6 мянган төгрөгийн хүү, нийт 198,819.100 төгрөгийн төлбөр ногдуулж 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 тоот акт үйлдсэн байх ба татвар төлөгч нь уг актыг зөвшөөрөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар захиргааны шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай бөгөөд дээрх хуульд заасан шаардлагуудыг зөрчиж 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 тоот акт гарсанаас хойш даруй 3 жил 7 сарын дараа нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн актыг тухайн үед мэдэж байснаа хүлээн зөвшөөрдөг, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаж байсан ч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.
Ийнхүү татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүх Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн атлаа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч актыг хүчингүй болгож, мөн өршөөлд хамруулахыг хүсч байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцож байгаа этгээдэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрх олгогдоогүй болно.
Харин татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл нь өршөөлд хамруулах үндэслэл байх боловч энэхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа тул уг үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.
Мөн нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан атлаа хүчин төгөлдөр болсон актаар ногдуулсан төлбөрийг төлөхөөс өршөөн хэлтрүүлдэг хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нь ойлгомжгүйн дээр актаар тогтоосон хүү, торгууль, алданги өршөөлд хамаарч байгаа талаар хариуцагч маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “******* ******* ******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352557 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, “******* ******* ******* групп” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН