Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 26

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолтой Ө.Г т холбогдох 2015000840054 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.УндрахОргилын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Д.Сүрэнхор, шүүгдэгч Ө.Г , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов

Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын ... оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Т  овогт Ө.Г 

Шүүгдэгч Ө.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Т” гэх газраас шинэс төрлийн 7.6 м3 хэмжээтэй түлшний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр **-** БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 216600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Т  овогт Ө.Г ыг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3, 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 48 ширхэг буюу 7.6 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мод  бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2000000 төгрөгөөр үнэлсэн  **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.
  3. Шүүгдэгч Ө.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаардавж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ө.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 216.600 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсэгт зааснаар "модны экологи эдийн засгийн үнэлгээ"-г гурав нэмэгдүүлж 649.800 төгрөгийг нэхэмжилсэн ба хэргийг шалгах явцад шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй болохыг шүүх дурдаж шийдвэрлэсэн нь тогтоолоос тодорхой харагдаж байна. Гэтэл Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...Ө.Г ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд... "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор" ....гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах бүхий ойлголт, өөрөөр хэлбэл бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгаагүй тохиолдолд л энэ заалт үйлчлэх хэм хэмжээний талаар хуульчилсан байдаг. Зүй нь... Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн хуулийн дагуу хөнгөрүүлэх боломжтой байна.

Иймд шүүгчдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхөл байдал, хохирогч байгууллагаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах заалтын **-** БУА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлэхийг даалгасан заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хэрэг явдал болсон 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 25 минутанд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямбаяр шүүгдэгч Ө.Г ыг ямар нэгэн зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явахад нь анх шалгаж цагдаагийн байгуулагад саатуулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, доорх иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч Ө.Г ыг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Д.Э ы “Миний хариуцаж байгаа багт “Тоглоод” гэх уул байдаг. Уг ууланд 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Ө.Г  нь “Тоглоод” гэх уулын хаяанд оршин суудаг. Мод бэлтгэн, тээвэрлэх эрхийн бичиг зөвхөн надаас авдаг. Ө.Г  нь надаас мод бэлтгэн, тээвэрлэх эрхийн бичиг аваагүй. Экологид учруулсан хохирлоо төлвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.С ын “Манай нөхөр Ө.Г  нь хөдөө байдаг гэртээ мал харах хүнгүй малаа хараад байж байсан. Би эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн талаар мэдээгүй, цагдаа дээр ирсэн хойно мэдсэн. **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгсэл манай нөхөр Ө.Г ын эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ө.Г ын “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би гэрийнхээ ар талын ар талын “Тоглоод” гэх уул руу өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлээний мод бэлтгэхээр явсан. Тэгээд ууландаа өдөржингөө мод бэлдэж цагаалчихаад маргааш нь мод бэлтгэсэн уул руугаа дахин очиж бэлтгэсэн модоо машин дээрээ ачаад гэрийн гадна байлгаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед Булган аймгийн төв рүү авч орох гэж байгаад Булган сумын Шунхлай ШТС ийн хойд талын уулзвар дээр явж байтал замын цагдаагийн тасгийн зохицуулагч улаан модоороо дохихоор нь зогсоод шалгуулахад тээврийн хэрэгслийг модтой нь түр саатуулах хашаанд хийсэн. **-** БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, хөрөө зэрэг нь миний өөрийн эзэмшлийнх юм.” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримт болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэснийг шууд гэрчилжээ. 

Шүүгдэгч Ө.Г ын гэм буруутай байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  48 ширхэг шинэс төрлийн хуурай модны үнэлгээ 216.600 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Хохирлын үнэлгээ тооцох тухай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №7 дугаартай Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Экологи эдийн засгийн үнэлгээ 216.00 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцож 649.800 төгрөг болж байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мод, хөрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Шүүгдэгч Ө.Г  нь Булган аймгийн Бугат сумын төвөөс 75 км зайд байрлах 2 дугаар багийн нутаг “Толгоот” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний 06 цагийн орчимд  гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж байгаль экологид 216.600 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 649.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод  бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.     

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэн тээвэрлэсэн шинэс төрлийн 7,6 м.куб хэмжээтэй 48 ширхэг түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 649.800 төгрөгийн хохирол  учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” хэмээн дүгнэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ө.Г ын хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ө.Г  гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт  “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байгаа газар байна.

Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү газрын ой хамаарна” гэжээ. Мөн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ...ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд... "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор" ....гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах бүхий ойлголт, өөрөөр хэлбэл бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгаагүй тохиолдолд л энэ заалт үйлчлэх хэм хэмжээний талаар хуульчилсан байдаг, Зүй нь... Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн хуулийн дагуу хөнгөрүүлэх боломжтой байна. ...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын **-** БУА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлэхийг даалгасан заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” шүүгдэгч Ө.Г ын эзэмшлийн **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг даалгасан нь нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “...харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан.

Анхан шатны шүүх торгох ялаар шийтгэж, торгох ялыг төлөх асуудлыг тодорхой зааж өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд нь хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус тодорхой зааснаар 90 хоногийн дотор төлөх нь зүйтэй байна.

Шүүх торгох ял оногдуулж хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох бөгөөд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон бол “шүүхээс тогтоосон хугацааны” ойлголтод хамаарна, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор” гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэгтэй. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдалд биелүүлэх, ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4т заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                        ШҮҮГЧИД                                  М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                           Д.МӨНХӨӨ