Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 70

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Өөдөсийн Г- т холбогдох 2015000840054 эрүүгийн дугаартай, 163/2020/0068/Э индэкстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  ..... төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т  овогт Ө-ийн Г,

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Г нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Т” гэх газраас шинэс төрлийн 7.6 м3 хэмжээтэй түлшний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр **-** БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 216600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000840054 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Ө.Г  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би гэрийнхээ ар талын ар талын “Тоглоод” гэх уул руу өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлээний мод бэлтгэхээр явсан. Тэгээд ууландаа өдөржингөө мод бэлдэж цагаалчихаад маргааш нь мод бэлтгэсэн уур руугаа дахин очиж бэлтгэсэн модоо машин дээрээ ачаад гэрийн гадна байлгаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед Булган аймгийн төв рүү авч орох гэж байгаад Булган сумын Шунхлай ШТС-ийн хойд талын уулзвар дээр явж байтал замын цагдаагийн тасгийн зохицуулагч улаан модоороо дохихоор нь зогсоод шалгуулахад тээврийн хэрэгслийг модтой нь түр саатуулах хашаанд хийсэн. ...-... БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, хөрөө зэрэг нь миний өөрийн эзэмшлийнх юм. ...” гэх мэдүүлэг /хх 46 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Э-ны өгсөн: “... Миний хариуцаж байгаа газарт “Тоглоод” гэх уул байдаг. Уг ууланд 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Ө.Г  гэх хүн манай багт “Т” уулын хаяанд оршин суудаг. Зөвхөн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Энэ хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 20 тал/,

Гэрч Б.С-ын өгсөн: “... Тухайн өдөр би Булган сумын төв дээр хүүхдүүдээ хараад гэртээ байсан. Манай нөхөр Ө.Г  тухайн үед хөдөө байдаг гэртээ малаа харж  байсан. Түлээний мод бэлтгэн тээвэрлэсэн талаар би мэдэхгүй. ...-... БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхрийн эзэмшил юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 22 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 200042 дугаартай: “...-... БУА улсын дугаартай Huyndai porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоох хэрэгт шинжээчээр ажилласан. Шинжээчийн дүгнэлт гарахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж, дахин боловсруулалт хийж үнэлгээний дүгнэлтийг 2000000 төгрөг, хятад хөрөө 64000 төгрөг гэж тус тус дүгнэж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-28 тал/,

Хууль бусаар бэлтгэсэн гэх модын үнэлгээг тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай:

1.Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

2.Уг мод нь түлшний мод байна.

3. Булган аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг “Т” гэх газарт 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байна.

4. Тухайн 1.4 метрийн урттай 48 ширхэг модны нийт эзэлхүүн 7.6 м3 байна. ... Уг модны нийт төлбөр 216600 төгрөг байна....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 38 тал/,

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүгдэгч Ө.Г ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 48 ширхэг модонд сум дундын ойн инженер Б. Жавхлангийн  тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 216600 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х. Эрдэнэбаяр  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 649800 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-39 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 10-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 12-13/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 14-15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-н 16-17/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтууд /хх-н 30-31, 40-42,/, хохирлын үнэлгээ тооцсон тухай баримт /хх-н 38-39/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 46/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 50, 52-53/, тээврийн хэрэгслийн лавлагааны болон жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-н 29/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-н 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх- 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Т” гэх газраас шинэс төрлийн 7.6 м3 хэмжээтэй түлшний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр **-** БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 216600 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт нотлогдож, тогтоогдож байна.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх учир нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзэж байна.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Ө.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Ө.Г ын дээрх хууль зүйн факт буюу үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх учир түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж байна.

Шүүгдэгч Ө.Г т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ө.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч байгаль, экологид хохирол, хор уршиг учирсан бөгөөд хохирол төлбөрт 649800 төгрөг төлсөн байх учир хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Г  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд үүний дагуу түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах  зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ө.Г ын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 48 ширхэг буюу 7.6 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мод  бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2000000 төгрөгөөр үнэлсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Т овогт Ө-ийн Г ыг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3, 4 дэх хэсэгт зааснаар  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 48 ширхэг буюу 7.6 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, мод  бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2000000 төгрөгөөр үнэлсэн  ...-... БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.

4. Шүүгдэгч Ө.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ