Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01169

 

2022           11            29                                                      001/ХТ2022/01169

Ж.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201/МА2020/33 дугаар магадлалтай,

Ж.Цийн нэхэмжлэлтэй

Т.Цд холбогдох

817,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,337,152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Т.Цгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж.Ц нь Т.Цд холбогдуулан 817,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, 1,337,152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цгээс 300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цээс 63201 төгрөг гаргуулан хариуцагч Т.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1273951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/02638, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/03270 дугаар захирамжаар Т.Цг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэгч Ж.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201/МА2020/33 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 40 133 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Т.Ц хяналтын гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч, надаас гаргуулж Ж.Цд олгох 300,000 төгрөгийг эс зөвшөөрч мөн аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа: 1-рт Анхан шатны шүүхэд дахин буцааж, хянан шийдвэрлүүлэх буюу хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгох гомдол гаргасан. 2-рт анхан шатны шүүх нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байхад, мөн миний сөрөг нэхэмжлэлийн мөнгийг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шүүх нь ямар мөнгийг үндэслэн тэмдэгтийн хураамж 40,133 төгрөг гаргасныг ойлгохгүй байна гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь нотлох 13 ш баримт, зураг мөн төлбөрийн чадваргүй, амьжиргааны доогуур орлоготой баг хорооны тодорхойлолт, халамжийн бичиг зэргийг өгч явуулсан байхад нягтлан, хянан, шалгаж үзээгүй, хэвээр үлдээн, миний гомдлыг үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна. Миний бие нь тэтгэврийн доод хэмжээ 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ба зээлтэй байгаа. Амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой, төлбөрийн чадваргүй, амьдралын хүрэлцээ боломж муу байдаг. Миний бие нь магадлалыг гардан авснаас хойш зохих хугацаанд нь дээд шүүхэд гомдол явуулсан. Улс орон даяар, хотод цар тахал, хөл хориотой, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нь бүгд ажиллахгүй байсны улмаас тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх баг, хорооны, халамжийн бичиг тодорхойлолтыг авч, өгч явуулж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад би тэрнээс доош тэтгэвэр 350,000 төгрөг авч төлбөрийн чадваргүй байдаг. Зээлтэй байгаа. Миний бие нь хоёр шатны шүүхэд хоёуланд нь баг, хорооны, халамжийн тодорхойлолт өгсөн байтал Дээд шүүхэд гомдлыг минь явуулахгүй байгаа юм бэ. 1 сарын 14-нөөс цар тахлын хөл хорио тавигдаж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас би баг, хороо, халамжаас тодорхойлолт авч явуулж байна. Тэмдэгтийн хураамжаас болж миний гомдол хүсэлтийг явуулахгүй байгаад гомдолтой байна. Иймд миний гомдол, хүсэлтийг харгалзан үзэж, дээд шүүхэд гомдол, материалыг явуулж, хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дээд шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү. Мөн гомдлыг маань барагдуулж өгнө үү. Миний бие нь Дээд шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Т.Цд холбогдуулан гэрээг цуцалсан тул  орон сууцны  хөлс 450,000 төгрөгийг, замын зардал 50,000 төгрөг, цоожны үнэ 20,000 төгрөг, усны тоолуурын үнэ 50,000 төгрөг, обойны үнэ 210,000 төгрөг, сантехникийн материалын үнэ 17,300 төгрөг, засварын зардал 20,000 төгрөгийн хамт нийт 817,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг  гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 247,300 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...гэрлийн төлбөр 39 300 төгрөг, байрны төлбөр 63 300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60 000 төгрөг, 2020 оны 06 сарын 14, 08 сарын 10, 09 сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150,000 төгрөг, 2020.06.15-наас 08 сарын 01-ний өдрийг хүртэлх байрны түрээсийн төлбөр 225,000 төгрөг, түлхүүр солиход гарсан зардал 20,000 төгрөг, ирж буцах зардал 20,000 төгрөг, төмөр зам руу 06 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30,000 төгрөг, 2019.06.15-ны өдөр хүлээлгэн өгсөн түлхүүр, цоожны үнэ 30,000 төгрөг, орон сууц хөлсөлсний 12 сарын зөрүү 600,000 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99,552 төгрөг, нийт 1,337,152 төгрөгийг шаарджээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 517,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн  зарим хэсгийг буюу нэхэмжлэгчээс 63,201 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байна.

8. Талууд 2019 оны 5 сард Хэрлэн сумын 8 дугаар баг, Б-56-44 тоот орон сууцыг хөлслөхөөр амаар тохирсон, хөлслөгч Ж.Ц нь орон сууцыг эзэмшиж байхдаа 2020.07.01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэлх 3 сарын хөлс 500,000 төгрөгийг урьдчилан төлсөн боловч үүнээс өмнө талууд гэрээг цуцалсан, үүнээс хойш Т.Ц нь орон сууцаа 2020.08.01-ний өдрөөс бусдад хөлслүүлсэн үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ.

9. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлага болон татгалзлаа нотлох хэргийн оролцогчийн үүргийн талаар зөв дүгнэжээ.

9.1. Нэхэмжлэгч буюу хөлслөгч Ж.Цийг 2020.08.01 хүртэл орон сууцыг эзэмшсэн гэж үзэж, энэ хүртэл хугацааны хөлсийг үлдээж, 9, 10 сарын хөлсөд урьдчилан төлсөн 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хууль зүйн дүгнэлтийг шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 8,9,10 сарын орон сууцны хөлсийг урьдчилан төлсөн боловч гэрээ цуцлагдаж, орон сууцыг эзэмшиж ашиглах боломжгүй болсон тул 9,10 сарын төлбөрийг буцаан шаардах эрхтэй болно.

9.2. Сөрөг нэхэмжлэлийн заримыг буюу нэхэмжлэгч Ж.Цээс 63,201 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Цд олгож, үлдэх 1,273,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй байна.

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч Т.Ц нь ашиглалтын зардлаас бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрийг баримтаар нотолж чадаагүй тул шүүх хэрэгсэхгүй болгожээ. Талууд гэрээг бичгээр байгуулаагүй, орон сууцны хөлсийг сар бүрийн 150,000 төгрөгөөр тохирсон гэдгээ хариуцагч Т.Ц нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь сарын хөлсийг 100,000 төгрөгөөр тохирч, хөлсөө төлсөн, 2020.08 сараас 150,000 төгрөг болгосон гэж маргасан, хариуцагч нь сарын хөлс 100,000 төгрөг бус 150,000 төгрөг болохыг нотлоогүй байв. Нэхэмжлэгч 2020 оны 8,9,10 сарын хөлсөд 150,000 төгрөг шилжүүлсэн нь сарын хөлс 150,000 төгрөг болох нь тодорхой боловч энэ нь зөвхөн 2020 оны 8,9,10 сарын хөлс л гэж ойлгогдоно. Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

10. Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн  302.1, 294 дүгээр зүйлийн 294.1.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.1.4, 289.2.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 201/МА2020/33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРМАА

                                    ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН