Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2020/01049

 

 

 

 

 

 

 

  2020        09           29                                                138/ШШ2020/01049

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Жы Цийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тийн Цд холбогдох

817300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

1337152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр маань Дорнод аймагт ажиллах болсон учир түрээсийн байр хайсан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр маань надтай ярихдаа Т замд нэг байр түрээслэхээр боллоо, манай хамаатны хүн түрээслүүлдэг юм байна гэсэн. Ингээд нөхрийн хамт Т.Цгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах 56 дугаар байрны 44 тоотын 2 өрөө байрыг сарын 100000 төгрөгөөр хөлслөн суух болсон. Түрээсэлсэн үеэс л одоо хурдан мөнгөө хий гэж шаарддаг байсан. Ер нь бол сар дуусаагүй байхад буюу 1 сарын өмнөөс түрээсийн мөнгөө нэхдэг байсан. Тухайн үедээ бид гэрээ огт хийгээгүй. Учир нь хамаатан садны хүн учир 2 жил амьдруулчих байх гэж итгэсэндээ гэрээ хэлцэл хийгээгүй. Гэрээ хийх үү гэхээр гэрээ хийнэ л гээд яваад өгдөг, хүний үг ер нь огт сонсдоггүй хүн байсан. Анх түрээсийн байрандаа ороход Ц нь байрнаасаа гарахгүй 14 хоног бидэнтэй хамт амьдарсан. ...Ингээд 1 жил гаран хугацаанд түрээсийн мөнгөө өгөлцөж, авалцаж явсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 10-ны үеэр одоо мөнгөө авмаар байна гээд л нэхээд байсан. Тэгээд Цтэй ярихад “...би 50000 төгрөг нэмж авна, та хоёр сарын 150000 төгрөгөөр түрээслэвэл түрээслээд суу, өөр суух хүн байна” гэсэн. Би 50000 төгрөг нэмж төлөхийг хүлээн зөвшөөрөөд 3 сараар нь мөнгийг нь  өгье, тэрнээс илүү өгч чадахгүй гэхэд өөрөө зөвшөөрч тохирсон. Ингэж тохирсоны дараа хөдөө яваад ирэхэд хаалгыг маань эвдээд, түлхүүрийг нь сольчихсон байсан. Үүнээс болж би 3 хоног гадуур хоносон. Би энэ хүнтэй ярьж тохирох гэж их хичээсэн боловч ерөөсөө ойлголцохгүй байсан бөгөөд надаас цоож солиулсан мөнгөө хүртэл нэхсэн. Би 20000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түлхүүрээ өгөх байх гэж бодсон чинь өгөөгүй. Тэгээд 6 дугаар сарын 17-ны өдөр миний бие Хэрлэн номингийн АТМ-ээс 200000 төгрөг, 300000 төгрөг шилжүүлээд түлхүүрээ авъя гэхэд бас л өгөхгүй байсаар бүр шөнө 10 цагийн үед түлхүүрээ авсан. Энэ хүнтэй таарч тохирохгүй юм байна гээд тэр байрнаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Манайхыг нүүсэнийг байрны хүмүүс гэрчилнэ. Тэгээд би 6 дугаар сарын 26-ны өдөр 57 дугаар байрны 39 тоот байрыг түрээслээд тэнд нүүж орсон. Би энэ хүнд 7 дугаар  сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 450000 төгрөг өгсөн. Мөн ирж очиход их зардал гарсан гээд 50000 төгрөг нэмж авсан. Байранд нь үргэлжлүүлэн суугаагүй тул дээрх 500000 төгрөгөө нэхэмжилж байна.

Мөн Т.Цгээс цоожны мөнгө 20000 төгрөг, тоолуурын үнэ 50000 төгрөг, обойны үнэ 210000 төгрөг, сангийн материалыг үнэ 17300 төгрөг, засварын үнэ  20000 төгрөг, нийт 317300 төгрөг нэмж нэхэмжилсэн. Одоо засвар хийхэд зарцуулсан 247300 төгрөгийг нэхэхээс татгалзаж байна. Түрээсийн төлбөр болон замын зардалд төлсөн 500000 төгрөг, цоож солиулахад шилжүүлсэн 20000 төгрөг, халуун хүйтэн усны тоолуур солиулахад гарсан зардал 50000 төгрөг, нийт 570000 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагчийн надаас нэхэмжлээд байгаа зүйлүүд бүгд ямар ч үндэслэлгүй байна. Би тэр байрнаас 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Гэтэл яагаад надаас 6-8 сарын нийтийн аж ахуйн төлбөр нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Би 5 дугаар сарын мөнгийг төлчихсөн байсан бөгөөд 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зардлыг байцаагчаар бодуулахад 58373 төгрөг гарч байна гэсэн. Энэ мөнгийг би өөрийн нэхэмжлээд байгаа 570000 төгрөгөө авчихвал төлнө. Иймд би энэ хүний надаас нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний хувьд хариуцагчаас 570000 төгрөгөө л авмаар байна гэв.

Хариуцагч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ц гэх хүнийг танихгүй учир энэ хүнтэй тооцоо хийхгүй. Энэ хүний нөхөр Б нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түлхүүрийг  хүлээж авсан. Гэрээ хийе гэхэд нөхөр нь 300000 төгрөг өгчихсөн байсан. Манай эхнэр 300000 төгрөгийг өгнө гээд гэрээ хийхгүй байсан. 2020 оны 6 дугаар сарын 1-нд хотоос Цтэй ярьсан бөгөөд нөхөр нь утсаа аваагүй. 6 дугаар сарын 14-ний өдөр би хотоос ирсэн. Гэрээгээ сунгах гэж байгаа бол 6 дугаар сарын 15-наас эхлээд 150000 төгрөгөөр тооцоо хийгээрэй гэхэд за гэж хэлчихээд алга болчихсон. 3 өдөр намайг чирэгдүүлсэн учир арга ядахдаа 6 дугаар сарын 17-ны өдөр цоожны голыг нь сольсон. Ж.Ц нь тэр өдрөө 2020 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацааны 3 сарын түрээсийн мөнгө 450000 төгрөг өгсөн. 50000 төгрөгний хувьд наашаа цааш чирэгдүүлээд байгаа учир би мөнгөө нэхэмжилсэн. Тэгээд намайг ирж, очсоны зардал гэж 50000 төгрөг нэмж өгсөн нь үнэн. Энэ хүн хэрэглээний мөнгийг түрээсийн мөнгөтэй хольж хутгаад байна. Мөн 7 дугаар сарын 1 гэж яриад байхын 6 дугаар сарын 15-наар төлбөрөө авдаг байсан. 20000 төгрөгний тухайд би 6 дугаар сарын 17-ны өдөр цоожыг нь сольсон учир 20000 төгрөгийг энэ хүнээс нэхсэн. Өөрөө цоожны голыг авчихаад яагаад надаас энэ цоожны мөнгийг нэхээд байгааг мэдэхгүй байна. Халуун хүйтэн усны тоолуурыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн учир  50000 төгрөгийг төлөхгүй. Өөрсдөө эвдчихээд гарах болохоор эвдсэн эд зүйлийнхээ мөнгийг нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56-44 тоот байрыг бусдад түрээсэлдэг. Б 2019 оны 6 дугаар сарын 15-наас одоог хүртэл түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн төлбөрт сарын 150000 төгрөгөөр бодоод 500000 төгрөг төлсөн. Миний хувьд эдгээр хүмүүст байраа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунган түрээсэлсэн. Одоо нэхэмжлэгчээс гэрлийн төлбөр 39300 төгрөг, байрны төлбөр 63300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 14, 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх түрээсийн  төлбөр 225000 төгрөг, түлхүүр солих дуудлагын зардал 20000 төгрөг, ирж буцах зардал 20000 төгрөг, Т зам руу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног намайг чирэгдүүлж явуулсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би энэ хүний нөхөрт 5 түлхүүр, цоожны голтой хамт хүлээлгэж өгсөн учир тус комны үнэ 30000 төгрөг, нийт 637600 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би байраа 150000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд засвар хийгээд орно гээд 100000 төгрөгөөр түрээсэлсэн. Нэхэмжлэгч байр засварласан хөлс нэхсэн. Иймд 2019 оны 6 дугаар сарын 15-наас 2020 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны нэг жилийн зөрүү 600000 төгрөг /нэг сарын зөрүү 50000 төгрөгийг 12 сараар бодон/, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99552 төгрөг тус тус нэхнэ. Нийт 1337152 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Т.Цгээс 817300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь 1337152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Т.Цгээс орон сууц хөлсөлсөн хөлс 450000 төгрөг, замын зардал 50000 төгрөг, цоожны үнэ 20000 төгрөг, тоолуурын үнэ 50000 төгрөг, обойны үнэ 210000 төгрөг, сангийн материалын үнэ 17300 төгрөг, засварын үнэ  20000 төгрөг, нийт 817300 төгрөг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь обойны үнэ 210000 төгрөг, сангийн материалын үнэ 17300 төгрөг, засварын үнэ  20000 төгрөг, нийт 247300 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 570000 төгрөг нэхэмжилдэг.

Хариуцагч Т.Ц нь Ж.Цтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүний нөхөртэй анх тохиролцож орон сууцаа хөлсөлсөн, надтай тооцоо хийх эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа боловч талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд орон сууц хөлсөлсөн хөлс болон бусад зардлын талаар харилцан ярилцан тохиролцож байсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн 500000 төгрөг болон орон сууц хөлслөх явцад гарсан зардлын талаар нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Цийн төлсөн 520000 төгрөгийн талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах 56 дугаар байрны 44 тоот 2 өрөө байрыг сарын 100000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон хөлсөлсөн байх бөгөөд хариуцагч Т.Ц нь тус орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлснээр нэг жилийн хугацаа болсон гэх үйл баримтууд тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 3 сарын хугацааны хөлс 450000 төгрөгийг төлсөн боловч цоожны голыг сольж маргаснаас 6 дугаар сарын 19-ний өдөр тус орон сууцнаас гарсан учир төлсөн хөлсөө буцаан нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч нь орон сууцыг өөрт нь хүлээлгэн өгөөгүй, 8 дугаар сарын 1-нээс эхлэн өөр хүнд хөлслүүлсэн учир дээрх хугацааны хөлс болон хэрэглээний зардлыг нэхэмжлэгч хариуцах ёстой, 2020 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацааны хөлсийг төлсөн байсан гэж маргадаг.

Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаагүй, гэрээний хугацаа тодорхой бус байх бөгөөд хөлслүүлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 15-наас эхлэн хөлс төлөх байсан гэдгийг шүүхэд нотолж чадаагүй болно. Иймд хөлслөгч Ж.Цийг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 3 сарын хугацааны хөлс 450000 төгрөгийг төлсөн байсан гэж шүүх үзлээ.  

Харин нэхэмжлэгч Ж.Ц нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-д зааснаар гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэх, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй болно. Гэтэл нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүй байх тул 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1-нийг хүртэл хугацааны хөлс 150000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд хариуцагч Т.Цгээс 2020 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 2 сарын хугацааны хөлс 300000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь замын зардалд төлсөн 50000 төгрөг болон цоожны үнэнд төлсөн 20000 төгрөгийг тус тус буцаан нэхэмжилж буй үндэслэлээ шүүхэд тайлбарлаж нотлоогүй учир дээрх 70000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах боломжгүй юм.

Мөн халуун, хүйтэн усны тоолуурын үнэ 50000 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд 289 дүгээр зүйлийн 289.2.2-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг шаардах эрхтэй байна. Хариуцагч нь дээрх тоолуурыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч ямар шалтгаанаар сольсон болохоо, ердийн элэгдлээс илүү муутгаагүй гэдгээ шүүхэд нотолж чадаагүй учир зайлшгүй зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсэг 517300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгчээс гэрлийн төлбөр 39300 төгрөг, байрны төлбөр 63300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 14, 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх түрээсийн  төлбөр 225000 төгрөг, түлхүүр солиход гарсан зардал 20000 төгрөг, ирж буцах зардал 20000 төгрөг, Т зам уруу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн түлхүүр, цоожны үнэ 30000 төгрөг, орон сууцны хөлсний 12 сарын зөрүү үнэ 600000 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99552 төгрөг буюу нийт 1337152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргадаг.

Хариуцагч нь байрны төлбөр 63300 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99552 төгрөг гэж давхардуулан нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлж байсан хугацааны дулаан, цэвэр бохир ус ашигласны төлбөр 58373 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын ирүүлсэн мэдэгдэл, тайланг үндэслэн 63201 төгрөгийг гаргуулан  хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Сөрөг нэхэмжлэлээс гэрлийн төлбөр 39300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 14, 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх түрээсийн  төлбөр 225000 төгрөг, түлхүүр солиход гарсан зардал 20000 төгрөг, ирж буцах зардал 20000 төгрөг, Т зам уруу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн түлхүүр, цоожны үнэ 30000 төгрөг, орон сууцны хөлсний 12 сарын зөрүү үнэ 600000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлгүй байна.

Учир нь: Нэхэмжлэгч нь уг орон сууцыг хөлслөж байх хугацаандаа гал тогооны цонх хагалж 60000 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Т.Ц нь Улаанбаатар хотоос 3 удаа ирсэн бинзений үнэ 150000 төгрөг /нэг удаагийнх нь 50000 төгрөг/ нэхэмжилснээс нэхэмжлэгч Ж.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээ сунгаж төлбөрөө авах гэж ирсэн үеийн 50000 төгрөгийг төлсөн байна. Дээрх 50000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан нэхэмжлэх үндэслэлгүй гэж үндсэн нэхэмжлэлээр шийдвэрлэсэн болно. Харин 2020 оны 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн гэх зардал 100000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлгүй байна. Хариуцагч ямар зорилгоор ирсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас дээрх зардал гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 225000 төгрөг нэхэмжилснийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх дүгнэсэн болно.

Түүнчлэн хариуцагч нь түлхүүр солиход гарсан зардал 20000 төгрөг, ирж буцах зардал 20000 төгрөг, Т зам уруу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлцэхэд өгсөн гэх түлхүүр, цоожны үнэ 30000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч цоожны үнэ 20000 төгрөгийг хариуцагчид төлсөн, гэрч М.Энхболдын “...хаалганы голыг 2 удаа сольсон, Ж.Ц нь таксины мөнгө болон сольсон голны мөнгө 35000 төгрөг төлсөн, ...Ц нь хаалганы голны мөнгө 20000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль хаалганы голыг солиулж гарсан зардлыг төлж байсан байна. Түүнчлэн Т зам уруу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлцэхэд өгсөн гэх түлхүүр, цоожны үнэ 30000 төгрөгийн зардал гарсан гэдгээ хариуцагч баримтаар нотолж чадаагүй болно.

Мөн хариуцагч нь “...орон сууцаа 150000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд засвар хийнэ гээд 100000 төгрөгөөр түрээсэлсэн, байр засварласан хөлс нэхэж байгаа учир 2019 оны 6 дугаар сарын 15-наас 2020 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны хөлсний зөрүү 600000 төгрөг нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

Талууд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй 2019 оны 6 дугаар сарын 15-наас 2020 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд нэг сарын 150000 төгрөгөөр орон сууцаа хөлсөлсөн болох нь нотлогдохгүй байна. Дээрх нөхцөл байдлаа шүүхэд баримтаар нотлож чадаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 63201 төгрөг гаргуулан хариуцагч Т.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1273951 төгрөг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон       ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цгээс 300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цээс 63201 төгрөг гаргуулан хариуцагч Т.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1273951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/02638, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/03270 дугаар захирамжаар Т.Цг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэгч Ж.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ