Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 155/2020/01817/И |
Дугаар | 001/ХТ2022/01172 |
Огноо | 2022-11-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/01172
Т.Ггийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2020/02059 дүгээр шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалтай,
Т.Ггийн нэхэмжлэлтэй
Н.Дд холбогдох
Бод мал 181 толгой буюу 115,900,000 төгрөг, бог мал 348 толгой буюу 8,605,000 төгрөг, ноолуур 25 кг буюу 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг, нийт 133,005,000 /нэг зуун гучин гурван сая таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Н.Дын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Т.Г нь Н.Дд холбогдуулан бод мал 181 толгой буюу 115,900,000 төгрөг, бог мал 348 толгой буюу 8,605,000 төгрөг, ноолуур 25 кг буюу 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг, нийт 133,005,000 /нэг зуун гучин гурван сая таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2020/02059 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.Даас бод мал 181 толгой буюу 115.900.000 төгрөг, бог мал 348 толгой буюу 8.605.000 төгрөг, ноолуур 25кг буюу 1.500.000 төгрөг, хашаа байшин буюу 7.000.000 төгрөг, нийт 133.005.000 /нэг зуун гучин гурван сая таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалаар нэхэмжлэгч Т.Ггийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Ггийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.Д хяналтын гомдолдоо: ...Магадлал нь бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж мөн хуулийн 172.2. дугаар зүйлийн 172.2.1-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Мал хөрөнгө болоод би хариуцагч биш тухайд: 1993 онд бидний эцэг Ж.Нацаг нас барж, ээж, 4 дүүгийн хамт өрх толгойлон үлдэж, өрхийн гол амьжиргаа мал ахуйгаа маллан өсгөж түүний ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн. 2005 онд талийгаач дүү Н.Гансүхийн (аавын минь оронд өрх толгойлж байсан) нэр дээр ах дүүсийн өмчлөлийн 669 толгой мал, 2007 онд ээж О.Ичинхорлоо өөрийн нэр дээрээ 59 толгой мал, 2006 оноос ах Н.Д, том эгч Н.Д, охин дүү Н.О, дүү Н.Н, эмэгтэй дүү Н.Д нарын өмчлөлийн 905 толгой малыг талийгаач дүү Н.Гансүхийг мянгат малчин болгох зорилгоор түүний нэр дээр нэгтгээд тоолуулж эхэлсэн. Ах Н.Д, эгч Н.Д, дүү Н.О, Н.Н, Н.Д нарын мал талийгаачийн малтай нэгтгэгдэн тоологдсоны хүчинд 2007 онд малын тоо 1000-д хүрч мянгат малчны болзлыг талийгаач дүү маань хангасан. Талийгаач дүү Н.Гансүх, Т.Г нарыг хуримлахаас өмнө ах дүү нарын мал байсан, түүнийг Н.Гансүхийн нэр дээр тоолуулж ирснийг Т.Г мэдэхийн дээдээр мэднэ. Ингээд 2008 онд дүү Н.Гансүх нь том эгч Н.Дийн малыг ах, дүү нар болон өөрийн малаас таслан өөрт нь өгч эгч малаа манай малтай ижилсүүлснээр би эгчийнхээ малыг өдий хүртэл маллаж байна. Ах дүү нар эрдэм ном сурах болон амьдралын шаардлагаар Хот хүрээ газар луу явсан нэгийнхээ малыг бид 2 малладаг байсан. Т.Ггийн хэлээд байгаачлан хүн бүрт малыг нь өгсөн гэдэг нь, ах дүүсийг маань харж хандаад амьдрал ахуйг нь төвхнүүлсэн гэдэг худлаа яагаад ингэж худал зүйлсийг яриад яваад байгааг гайхаж л суух юм. 2017.08 сард Н.Огийн өмчлөлийн малаас бог 80, бод 6 /5 үхэр, 1 адуу/ дүү Н.Од өгч нэг адууг гүйж магадгүй гээд өөрийн сүрэгтээ авч үлдэхэд би хамт байсан. Дүү Н.О өөрийн малаа Хөвсгөл Төмөрбулаг суманд байх хадам дүү Ц.Цт хүлээлгэн өгсөн. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас 2017 оны 9 сарын сүүлээр дүү Н.Огийн 2 тугалтай үнээ (хар халзан, улаан хүрэн үнээ) Гансүхийн ижил сүрэгт гүйн ирснээр Н.Гансүхийн малын тоонд орж 2019 оны тооллогоор нийт 6 тооны үхэр, нэг адуу тоологдоод явж байгааг бэр Т.Г маш сайн мэднэ, өөрөө ч Н.Од энэ талаар хэлсэн юм билээ. Том ах Н.Д, дүү Н.Н, Н.Д нарын өмчлөлийн мал Н.Гансүхийн нэр дээр тоологдсон хэвээр үлдсэн. 2019 оноос дүү Н.Нгийн өмчлөлийн бог, бод малаас зөвхөн бог малыг Н.Нгийн нэр дээр тусгаарлан тоолуулж эхэлсэн юм билээ. Н.Нгийн өмчлөлийн бод мал, Н.Д, Н.Д нарын өмчлөлийн бог, бод малыг Улсын аварга малчин болох зорилгоор дүү Н.Гансүх нь өөрийн нэр дээр тоолуулдаг байсныг би болоод малчид нь мэдэх юмаа. Үүний хүчинд сүүлийн жилүүдэд Улсын аварга малчны болзлыг хангаад байсан. Дүү Н.Н нь 2011 оны намар Сүхбаатар аймгаас хурдан удмын соёолон бор азарга 1, хурдан удмын 1 хээр байдас худалдан авч Налайх дүүрэгт байрлах дүү Н.Нгийн гэрээс талийгаач Н.Гансүхтэй хамт явж дүүгийн порентир ачааны машинаар тээвэрлэн Хөвсгөл аймгийн Рашаант суманд авчирч соёолон бор азаргад дүү Н.Нгийн өмчлөлийн адууг нэгтгэн сүрэг таслан өгөхөд нь би хамт байсан. Мөн 2013 оны наадмын үеэр Н.Гансүх нь УБ хотод мал зарчихаад буцахдаа дүү Н.Нгийн эхнэр Д.Лхамаагийн өмчлөлийн мах сүүний чиглэлийн 1 бух, 3 охин бярууг өөрийн цэнхэр өнгийн машинаар тээвэрлэн, нутагтаа авч ирж, мал сүрэгтээ нийлүүлснийг би болоод нутгийн иргэд, саахалт хүмүүс бүгд гэрчилнэ, бэр Т.Г ч мэдэж байгаа. Миний том ах Н.Д болон дүү Н.О, Н.Н, Н.Д нар 2020.05 сарын эхээр өөрсдийн өмчлөлийн малаа таслан авч, харж хамгаалж, маллуулахаар надад үлдээгээд хот руу буцсан болохоос Н.Д миний бие энэ хүний өмч хөрөнгөөс өнчин ишиг ч аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ хэмээн хуульчилсан. Миний хувьд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан ямар ашиг сонирхолд нь хохирол учруулсан, түүний өмнө ямар үүрэг биелүүлээгүй болохоо ойлгохгүй байна. Хуульч нараас зөвлөгөө авахаар та бол хариуцагч биш гэх юм би өөрийн хар ухаанаар тэгж санах юм. Энэ хэргийн хариуцагч нь би байх учиргүй. Том ах Н.Д, дүү Н.О, дүү Н.Н, бага охин дүү Н.Д нар нь талийгаач дүү Н.Гансүхээр маллуулж байсан өөрсдийн өмчлөлийн малаа тэдний хөрөнгөөс тусгаарлан ялгаж, надаар харуулахаар үлдээсэн хүмүүс. Үнэхээр маргаан байгаа бол Н.Д, Н.О, Н.Н, Н.Д нартай шүүхээр учраа олох ёстой. Миний хувьд 2007 онд мянгат малчин болсноос хойш одоог хүртэл мянгаас буулгахгүй мал сүргээ өсгөн үржүүлж яваа хүн. 2. Ноолуурын мөнгө болоод хашаа байшингийн талаар: Бэр Т.Г нь талийгаач дүү Н.Гансүхийн эдэлж хэрэглэж байсан Ланд 80, Порентир ачааны машин, суудлын микро автомашин болон өвөл зуны гэрүүдээ 2020.05 сарын эхээр өөрөө аваад явсан. Бид талийгаач дүү Гансүхийн өмчлөлийн эд зүйлс, хөрөнгөөс юу ч булаацалдаагүй, авах ч үгүй. Бидэнд хүний эд хөрөнгөнд шунах, хүний өмч хөрөнгийг авахаар булаацалдах ямар ч шаардлага байхгүй. Талийгаач дүү Н.Гансүх болон 3 охины буяны ажлыг ах дүүс бид гардан зохион байгуулж, өөрсдөөсөө холбогдох зардлыг гаргаж ном журмын дагуу ёс төртэй гүйцэтгэсэн. Бид 3 удаагийн буяны ажил, 3 удаагийн хоног хураах ажлыг өөрсдөө зохион байгуулсан. Энэ ажлыг гардан зохион байгуулсан хүн нь, Н.О, Н.Н, Н.Д нар юм. Ямааг самнасан эсэх, хэнээр самнуулсан, хичнээн хэмжээний ноолуур гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Буяны ажилд өөрсдийнх нь юмнаас өөрсдөд нь зарцуулъя гэдэг утгаар ноолуурын цөөхөн мөнгийг зарцуулсан гэж дүү нараас дуулсан. Би нарийн юмыг сайн мэдэхгүй. Сүүлд дүү нараас сонсоход нөхцөл байдал амаргүй эмчилгээ сувилгаа ихтэй, сэтгэл санаа амаргүй байснаас үүдэн ямааг бүгдийг самнаж чадаагүй гэж сонссон. Ноолуурын мөнгийг надаас яагаад нэхээд байгааг ойлгохгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрлах миний өмчлөлийн хашаа байшинг үнэлээд мөнгө нэхэмжлээд байгаад гайхаж байна. Дүү маань амьд сэрүүн байхдаа аймгийн төвийн сургуульд хүүхдүүдээ сургах зорилгоор миний өмчлөлийн хашаанд жижиг байшин барьж суулгаж байсан, түүнийг Т.Г буулгаад аваад явж болно шүү дээ. Түүнийг нь өгөхгүй гэсэн зүйл огт байхгүй хэзээ ч ирээд авч болно. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр би хэлж сануулсан гэж бодож байна. Талийгаачийн /Н.Гансүх/ малчин С.Отгонболд /2018 оноос маллаж байсан/ 2020.05.01-ний өдрөөс хойш мал маллахгүй талаар бэр Т.Г болон Н.О, Н.Н, Н.Д нарт нь удаа дараа хэлж байсан учир 2020.04.30 өдөр талийгаач Н.Гансүх, охин Г.Хулан нарын 49 хоногийг хураагаад Н.Д, Н.Н, Н.Д, Н.О (үлдсэн бод мал) нар нь мал хариулах малчингүй болсон учир өөрсдийн малаа талийгаач дүүгийн малаас ялган авах, өөрсдийн малаа хүнд хариуцуулахаас өөр арга ах, дүү нарт байгаагүй тул Т.Г болон түүний төрсөн дүү Т.Мөнхболдод бэрийн өмчлөлийн малыг түүний авга ах О.Жадамба, нутгийн иргэн Х.Сандаг, Ч.Саран болон бусад иргэдийг байлцуулан, ялгаж Н.Н, Н.О нар нь тууж хүргэж, хүлээлгэн өгсөн. 3. Шүүхэд худал тайлбар гаргаж, илтэд гүтгэж байгаа тухайд: Миний төрсөн дүү талийгаач Н.Гансүхийг тухайн галын хэргийг үйлдэж хүүхдүүдийн амь насыг хохироосон мэтээр худал мэдээллийг зурагт, интернэт, шүүхийн танхимд удаа дараа тарааж байгаад гомдож, харамсаж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж Улсын ерөнхий прокурорын газар хэргийг татан хянаж “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэж хууль зүйн дүгнэлт өгсөн байхад 15 орчим жил ханилсан ханиа буруутгаад байгааг үнэхээр ойлгохгүй байна, бас гайхаж байна. Ах дүүсийг маань бараг бүгдийг харж хандаад амьдрал ахуйг нь төвхнүүлсэн, том ахад Мал эмнэлэг байгуулж өгсөн, дүүд хашаа байшин авч өгсөн гэх мэтээр худал яриад, бичээд яваад байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй. Миний ах, дүү нар хүний гар харж амьдрах хүмүүс бишээ бор зүрхээрээ амьдрал ахуйгаа хэр хэмжээндээ сайхан авч яваа хүмүүс. Бидний зүгээс хов живээр голоо зогоодоггүй харин үнэн зүйлсийг хэний ч өмнө хэлчихдэг. Т.Ггийн талаар бидэнд яривал их зүйлс бий... Дүүгийн минь амьдралыг утга учиргүй болгож, аз жаргалыг хулгайлсан хүн нь өөрөө юм даа, дүүг маань сэтгэл санаа, биеэ махбодын шаналал зовиурт байлгадаг байсан төдийгүй, дүүг минь нас барахаас 2 сарын өмнө шахаж, дарамталсаар байгаад бэр Т.Г өөрийн төрсөн эгч болон түүний хүүд нь байрны урьдчилгаа төлбөр өгүүлэх зорилгоор 20 орчим сая төгрөгийн зээл авхуулсан тухай нутгийн ард иргэдийн дунд яриа гарсаар л байна. 4. Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалын талаар: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хууль хэрэглээг зөвтгөх, нэхэмжлэлийн шаардлага бүрийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломж байтал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох талуудын тогтоодог зарчимд хөндлөнгөөс оролцож, анхан шатны шүүхэд магадлалын хүрээнд нөлөөлөх оролдлогыг хийхээр санаархсан нь магадлалаас уншигдлаа. Тодотговол: Магадлалын 7-р хуудасны 4 дөх догол мөрт “... Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мал, хашаа байшин нь хариуцагчийн эзэмшилд байхад тухайн үйл баримтад Н.Д оролцоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Түүнчлэн магадлалын 7-р хуудасны 6 дахь догол мөрт Шаардлагатай тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж маргааныг эцэслэн шийдвэрлэ...” гэж доод шатны шүүхдээ чиглэл өгч процессын хуулийг илэрхий зөрчсөн, хэт нэг талыг барьсан, хөндлөнгийн байх зарчмыг үгүйсгэсэн дүгнэлт хийжээ. Тодруулбал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцагчийг тодорхойлох эрх гагцхүү нэхэмжлэгчид олгогдсон эрх ба шүүх хуралдаанаар тухайн хэргийн хариуцагч биш, эсхүл нэхэмжлэгч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг эрх зүйн үр дагавартай байхад магадлалаар нэхэмжлэгчид хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг байж яавч болохгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Дын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Н.Дд холбогдуулан үндэслэлгүйгээр авсан бод мал 181 буюу 115,900,000 төгрөг, бог мал 348 буюу 8,605,000 төгрөг, 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг нийт 133,005,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
7. Анхан шатны шүүх “...Н.Д тухайн нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэсэн үндэслэлээр...” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх Т.Ггийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг буюу 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөг, хашаа, байшин буюу 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан...түүнчлэн нэхэмжилж буй мал, хашаа байшин хариуцагч Н.Дын эзэмшилд байгаа нь тогтоогдож байхад малыг хувааж авахад Н.Д оролцоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон...” гэж үзсэн байна. Магадлал хуульд заасан шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
8. Магадлалд заасан үндэслэлээс гадна нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Н.Дыг “түүний өмчлөлийн малаас дур мэдэн авч явсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж, эсвэл “түүний хууль бус эзэмшлээс нь эд хөрөнгөө гаргуулах”-ыг хүссэн аль нь болохыг тодруулах шаардлагатай байсан ба нэхэмжлэлийн үндэслэл тодорхой болсноор хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь малыг биетээр буцаан гаргуулах эсвэл үнийг гаргуулах аль нь болохыг тодруулах нь зүйтэй болохыг нэмж дүгнэх шаардлагатай гэж үзэв.
9. Хэрэгт байгаа баримтаар, хариуцагч Н.Д нь “...том ах Н.Д, дүү Н.О, Н.Н, Н.Д нар өөрсдийн малаа тасалж авч, надад харж хамгаалуулахаар үлдээгээд хот руу буцсан...” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд Н.Дын эзэмшилд эдгээр мал байгаа нь тогтоогдсон байна. Харин хариуцагч Н.Д нь маргаж буй мал тоо, толгойгоороо Н.Д, Н.О, Н.Н, Н.Д нарын өмч болохыг нотлох, тухайн хүмүүст ийм маргаан байгаа талаар мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг анхаарах нь зүйтэй болно.
10. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 822,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН