Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 27

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолтой Ц.С т холбогдох 2015000240021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч Ц.С , түүний өмгөөлөгч П.ГанОчир, М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 52 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц.С .

Шүүгдэгч Ц.С  нь 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан О.С ыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Д овогт Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныгжурамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.С ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, өргөн 2 см, хар хүрэн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Ц.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С т авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “...Ц.С  нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Харин шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн хувьд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн A/39, А/12 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт "Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-ны Оюуны хомсдолын эмгэг шалтгааны 2-10-2 заалтаар 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтанд байгаа болно. Энэ нь удамшлын болон төрөлхийн өвчин болохыг нотолж байгаа бөгөөд биеийн эрүүл мэндийн 100 хувийн 70 хувийг алдсан тохиолдолд Засгийн газрын 2005 оны /2015 оныг өмгөөлөгч андууран бичсэн байна/ 11 дүгээр тогтоолын хавсралт "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 1.5 дахь заалтанд Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна. 1.5.1 дэхь заалт Бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан.1.5.2 Хагас /хэсэгчлэн/ алдсан буюу 50-69 хувиар алдсан гэж тодорхойлсон байх тул биеэ удирдан авч явах оюуны чадваргүй тул ял эдлэх чадамжгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие нь анхан шатны шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3, 2.4 дүгээр зүйл хэсгийг шүүх бүрэлдхүүнд санал болгон оруулсан боловч ач холбогдол өгөөгүй тул энэ зүйл хэсэгт холбогдуулан шийдэх боломж байна гэж үзэн гомдол гаргаж байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Ц.С ийн гэрт 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 1 цагийн үед О.С ыг хутгалж, түүний биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай: “1. Ц.С  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан, өөрийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд удирдан жолоодох чадвартай байсан, өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна

  1. Ц.С  нь одоо сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна.Ц.С  нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай.
  2. Ц.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэж дүгнэлт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” зорилгоор дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд Ц.С т шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан хэдий ч “хэдэн онд хаана төрсөн бэ? гэхэд хариулт өгөхгүй, уурлан сууна. Хэсэг сууснаа толгой сэгсэрнэ. Айлын хэд дэх хүүхэд вэ? гэхэд хариулт өгөхгүй, сургуульд сурсан юм уу? гэхэд хариулт өгөхгүй. Хэсэг суудал дээрээ суугаад толгой сэгсэрнэ. Дахин асуулт тавихад “үгүй” гэх сонсогдох төдий хариулна. Ямар, ямар ажил хийж байсан бэ? Ажил хийж байсан уу? гэхэд хариулт өгөхгүй. Цэргийн алба хаасан уу? гэхэд үгүй гэнэ, /эхнэрийн үгээр/ Цэргийн алба Дархан хотын 117-р ангид хаасан гэнэ. Одоо ам бүл хэд вэ? гэхэд хариулт өгөхгүй.

Одоогийн сэтгэцийн байдалд: Суудал дээрээ удаан хугацаанд хөдөлгөөнгүй сууна. Эмчийн урдаас харахгүй жишүү харан сууна. Асуусан асуултанд хариулахгүй буюу нэг бол толгой сэгсэрнэ. Нэг бол мэдэхгүй гэнэ.

Таван хошуу малд юу юу ордог вэ? гэхэд хариулт өгөхгүй. Таван хошуу малыг юу гэж ангилдаг вэ? гэхэд хариулт өгөхгүй. Өнгө асуухад цагааныг хариулахгүй, хар өнгийг ногоон гэнэ. Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ? гэхэд толгой сэгсэрнэ. Хүн хэдэн хуруутай вэ? гэхэд хариулт өгөхгүй. Дахин асуухад 4 гэнэ. Асуусан асуултанд нам дуугаар хариулт өгнө. 4 хуруугаа тоолно уу? гэхэд хуруугаа оролдон сууна. Баруун гараа өргө гэхэд команд биелүүлэхгүй, зүүн гараа өргө гэхэд мөн л команд биелүүлэхгүй. /эхнэрээ энд суу гээд суудал сэлгэхэд давтуулахгүй босч сууна/

Сэтгэцийн байдал: “Ер нь ойлгоц муутай, зөрүүд, гөжүүд зантай, уурласан үедээ гэрээс гараад энд тэнд жалганд очоод хэвтчихдэг. Заримдаа ганцаараа суугаад явж байдаг. /дүгнэлтэнд бичигдсэнээр/ Ойр зуурын ажил хийнэ. Тэг ингэ гэвэл юм хийнэ. Уурлахаараа гүйгээд л явчихдаг гэнэ. Унаж татах зүйл байхгүй. Даралт нь үе үе ихэсдэг.” гэж эхнэр Ө.Нямсүрэнгийн үгээр тайлбар тус тус авсан байна.

Дүгнэлт хэсэгт: “Ц.С  сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй.” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаан дээр “шүүгдэгч Ц.С  нь асуусан асуултанд хариулахгүй, жишүү харан зогсож байгаа байдал”, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны эмчийн тодорхойлолтоор “Ц.С  нь биеийн ерөнхий байдал дунд, орчиндоо харьцаа муу, дүлий, ярьдаггүй, даралт ихдэх өвчтэй” гэж үзсэн нөхцөл байдлуудаас дүгнэж шинжээчийн өмнө гаргасан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэж, өөр шинжээчийн бүрэлдэхүүнд даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.С т Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний хэлбэрүүдээс сонгон шинжилгээ хийж, магадлан шинжилгээг хийхэд шаардлагатай хэргийн материалд авагдсан мэдүүлгүүд бус шүүгдэгч Ц.С ийн одоогийн сэтгэцийн байдалд тулгуурлаж үзлэг оношлогоо хийх хэрэгтэй.

Мөн шүүгдэгч Ц.С ийн сэтгэц эмгэгт шинжилгээ хийхэд амбулаториор бус цаашид ажиглалт хийх шаардлагатай гэж үзвэл стационарт хэвтүүлэн магадлан шинжилгээ хийх замаар дүгнэлт гаргах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамаарал бүхий баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.С т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хохирогч, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн агуулга зэргийг үнэлж, дахин шинжилгээ хийлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангах бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, ял оногдуулахад хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С  нь 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдож, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 55 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2., 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
  2. Шүүгдэгч Ц.С ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтолхэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД                         М.ХҮРЭЛБААТАР

                                                  Д.МӨНХӨӨ