Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 80

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Энхзул, иргэдийн төлөөлөгч М.Хандсүрэн, улсын яллагч М.Сайнзаяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С т холбогдох эрүүгийн 2015000240021 дугаартай,

163/2020/0071/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, 52 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С ийг 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан О.С ыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000240021 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Булган аймгийн ...ийн нутагт оршин суух Ц.С ийн гэрт 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих  шөнийн 12 цагийн үед О.С , А.Б , П.Б , Б.М  нар нь ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтацгаасан үед Ц.С  нь О.С ыг хутгалж, түүний биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч О.С ын өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Агт сумын төв рүү манайхтай ойр өвөлждөг Б , түүний эхнэр Б  нарын хамт ажил хөөцөлдөхөөр явсан. Орой 21 цагийн үед найз Б ын гэрт “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн савлагаатай хоёр пиво авч Б , Б , М  бид хэд хувааж уучихаад орой 23 цагийн үед Б , Б , М  бид дөрөв С ийнд очихоор сумын төвөөс гарах гэж байхад Б  “ганц шил архи авчих гэж Н  захиад байна” гэж хэлэхээр нь би хүнсний дэлгүүр ороод “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад С ийн гэрлүү явсан. С ийнд 2020 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих  шөнийн 12 цагийн үед очсон. С ийнд миний авсан Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг Б , Б , Н , С  бид хэд ууж дуусахад Б , М  нар газар унтаад өгсөн. Дараа нь дахиад нэг шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг задлаад Б , Н , С  бид дөрөв хувааж ууж байхад С  жижиг хөгжмөөр ая тавьсан. Тэр аян дээр Н , Б , бид гурав 10-20 минут бүжиглэж байгаад ууж байсан архиа дуусгаад

Б , Н , С  нар унтаад өгсөн. Би Б , Б , М  нарыг “явъя” гээд биенээс нь таттал тэр гурав ерөөсөө сэрэхгүй байхаар нь би баруун талын орон дээр сууж байгаад унтаад өгсөн. Унтаж байхад миний зүүн гар луу юм хатгах шиг болохоор нь би сэрээд хартал С  гартаа хутга барьсан байсан. Би босоод “ёо, ёо” гэж хэлээд орон дээр суухад С  гэрээс гараад гүйсэн. С ийг гэрээс гараад гүйсний дараа өөрийнхөө биеийг хартал миний баруун гарны булчин хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Мөн зүүн гарны шуу хэсэгт зүсэгдсэн, гэдэсний орчим өвдөж байсан. С ийг гэрээс гараад гүйхэд Н  сэрсэн, Н  над дээр ирээд “юу болов яав, ийв” гэж хэлээд намайг хутгалуулсан байхыг хараад Б , Б , М  нарыг дуудаж босгоод “С  хутгалуулсан байна, хурдан цагдаа, эмнэлэг дууд” гэж хэлсэн. Баруун гарны булчин хэсгээс их хэмжээний цус гараад байхаар нь цусыг тогтоох санаатай баруун гараа биетэйгээ хавчаад орон дээр хана руу хараад хэвтсэн. Хэдэн цагийн дараа гэдгийг мэдэхгүй сумын эмч ирээд миний биед үүссэн шархнуудад оёдол тавиад дусал залгаж, тариа хийгээд сумын эмнэлэг рүү намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-52-55 тал/,

Гэрч А.Б ийн өгсөн: “...Баян-Агт сумын төвөөс хөдөө гэрлүүгээ гарах гэж байтал С ийн эхнэр болох Н  надруу залгаад “архи аваад ирээрэй” гэж утсаар ярихад нь С  хүнсний дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад ирсэн. Тэгээд манай эхнэр Б , С , М  бид дөрөв С ийн гэр лүү явсан. С ийнд ортол С  түүний эхнэр болох Н  нар байсан. М  гэр лүү нь ороод шууд унтсан. С , Н , Б , С  бид нар С ын авсан “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгачихаад би газар унтаад өгсөн. Манай эхнэр намайг дуудаж сэрээхэд сумын түргэний эмч нар ирээд С ад оёдол тавьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

Гэрч П.Б гийн өгсөн: “...Би нөхөр Б ийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө гэрээс сумын төв рүү эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр орж ирээд орой 23 цагийн үед хөдөө гэрлүү нөхөр Б , С , М  нарын хамт сумын төвөөс гарахдаа би нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, М  “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авсан. Тэгээд М , Б , С  бид дөрөв С  гэх айлынд очсон. С  гэх айлд ороход эхнэр Н гийн хамт хоёулаа байсан. Хүнсний дэлгүүрээс авсан “Хараа” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн нэг шил архинуудаа С , түүний эхнэр Н , манай нөхөр Б , С  бид тав уусан. Манай нөхөр Б  “Хараа” нэртэй 0.75 литрийн архиа  ууж дуусгаад унтаад өгсөн. М  болохоор шууд унтаад өгсөн. Үлдсэн хоёр шил архийг С , Н , С  бид дөрөв хувааж ууж дуусгаад шөнийн 03 цаг болж байхад бид дөрөв унтсан. С  гэрийн баруун талын орон дээр унтсан. Н  “хүн алчихсан байна ш дээ” гэж хашгираад намайг дуудаж сэрээсэн, би босоод “юу болчихвоо” гэж асуутал С  унтаж байсан орон дээрээ цустайгаа хутгалдсан, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би “хэн ингэсэн юм бэ?” гэж асуутал Н  мэдэхгүй байна, би гэрийн хаалга саваад хаах чимээ гарахад сэрсэн, С  байхаа хаалга “тас” гэж дуугарсан гэсэн. Би нөхрийгөө дуудаж сэрээгээд сумын түргэнд үүрийн 05 цаг 10 минутанд дуудлага өгсөн

…сумын түргэний эмч нар 06 цагт ирсэн” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/,

Гэрч Д.Б ын өгсөн: “...Би өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С тай уулзаагүй. Харин намайг эхнэр Ө ын хамт сумын төвийн “Гоёл” дэлгүүрийн гадаа явж байхад С  тааралдсан. Тухайн үед С , Б , Б  нартай хамт явж байсан. Тэгээд би найзтайгаа ойрд тааралдаагүй гээд манайд очиж пиво уухаар болсон. Тэгэхэд Б , Б  нар цуг явсан. Би дэлгүүрээс хоёр ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад Б ийн машинтай манайх руу хөдөлсөн. Бид хэд 17 цаг өнгөрч байхад манай гэрт очоод авсан пивоо ууцгаасан. Пиво ууж байхад гаднаас М  орж ирсэн. Эхнэр хоол, цай хийж өгөөд хэсэг ярьж суугаад 23 цагийн үед пивоо ууж дуусцгаагаад С , Б , Б , М  нар манайхаас явахаар болсон. Тэгээд Б ийн машинтай хөдөө гэрлүүгээ хөдөлсөн. Эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,

Гэрч Г.Ө ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажил дээр нөхөр Б ын хамт байхад С  ахтай тааралдсан. Тухайн үед С  ах, Суурь ах, Б  эгч нартай хамт явж байсан. Тэгээд манай нөхөр С  ах, Суурь ах, Б  эгч бид хэд манайд очиж пиво уухаар болсон. Нөхөр дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй хоёр пиво аваад Б ийн машинтай манайх руу хөдөлсөн. Бид хэд 17 цаг өнгөрч байхад манай гэрт очсон. Гэрт очоод би хоол цай хийж өгөөд дараа нь авсан пивоо ууцгаасан. Хөдөөнөөс М  гэдэг залуу мотоцикль эвдэрсэн цуг хөдөө гэр лүүгээ явна гээд М  манайд мөн орж ирсэн. Бид хэд хэсэг ярьж суугаад 23 цагийн үед нөгөө авсан 2 пивоо ууж дуусцгаагаад С , Б , Б , М  нар манайхаас явахаар болсон. Нөхөр бид хоёр гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-6162 тал/

Гэрч Б.М ын өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш мотоцикльтой сумын төв рүү орохоор явсан чинь замд мотоцикль эвдрээд Ихэрийн ард зогссон. Тэгээд замаасаа хүний машинд дайгдаж сумын төвд 17 цаг өнгөрч байхад ирсэн. Би сумын төвийн “Гоёл” дэлгүүрийн гадаа Б  ахтай тааралдаад орой цуг хөдөө гэр лүүгээ явахаар болсон. Тэгэхэд Суурь ах, Б  ах, Б  эгч, С  нар Б  ахын гэр лүү явж байсан. Би хойноос нь хөдөө цуг явах болохоор Б  ахынд очсон. Б  ахынд бид хэд бууз идээд, цай уугаад Б  ахын авсан хоёр пивыг хувааж уусан. ...Тэгээд явсаар байгаад 23 цаг өнгөрч байхад бид хэд С  ахын гэрт очсон. Бид хэдийг С  ахын гэрт очиход С  ах эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Тэгээд бид хэдэд хоол цай өгсөн. С  ахынд ирснээс хойш 20-30 минутын дараа унтаад өгсөн. Намайг унтахын өмнө Б  эгч гаднаас дэлгүүрээс авсан хоёр шил архийг авч орж ирж харагдсан. Тэгэхэд нь би унтаад өгсөн. Тэгсэн намайг унтаж байхад хүн орилох шиг болохоор нь сэрсэн чинь С  ах гэрийн баруун талын орон дээр гэдсээ дараад цустайгаа холилдоод сууж байсан. С  ахын эхнэр Н  эгч С  ахын цусыг тогтоох гээд оролдож байсан. С  ах гэрт байхгүй байсан.  Суурь ах газар унтаж байсан, цуг Б  эгч сэрсэн. Тэгээд сумын эмнэлэг, цагдаа дуудахаар болсон. ...” гэх мэдүүлэг /хх-63-65 тал/,

Гэрч Ө.Н гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад С , Б , М , Б  дөрөв ирэхээр нь цай хийж өгчихөөд хоол хийж өгөх гээд буузаа жигнэсэн. Дараа нь С  “сая дэлгүүрээс архи авсан шүү” гэж хэлээд “мөнгийг нь өгөх юм уу, өгөхгүй юм уу” гэж надад хэлэхэд Б  “Н  эгч өгөхгүй гэж байна” гээд тоглоомоор хэлээд бүгдээрээ инээлдсэн. Тэгээд С ын авчирсан “Хараа” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, ”Ерөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн нэг шил архийг Б , Б , С , С  бид 5 хувааж уусан. Харин М  манайд ирээд хоол цай уугаад архинаас ганц татаад аль эрт унтаад өгсөн. Авсан архинуудаа дуусангуут С  гэрийн зүүн талд унтаад өгсөн. Удаагүй бусад нь хөгжим тавьж жаахан бүжиглээд архи дуусахаар нь Б , Б  бид гурав унтсан. Тухайн үед бид хэд гэрийнхээ чийдэнг унтраалгүй унтацгаасан. Нэг мэдсэн чинь нойрон дунд гэрийн хаалгаар С  гадагшаа гараад гүйж харагдсан. Харин гэрийн баруун талын орон дээр С  хагас хэвтсэн байдалтай сууж байхаар нь яваад очтол биенээс нь цус гарч байсан.

Тэгээд би унтаж байсан Б , М  нарыг сэрээж босгоод М аар сумын төвийн эмнэлэгт дуудлага өгүүлсэн. Манай хүү Б ийнд хонож байсан, би хүү рүүгээ залгаад “С ын эхнэр болох Соёлоог аваад гэрт хүрээд ир” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-66-68 тал/,

Гэрч О.З ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 05 цаг 10 минутад сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирсэн. Манай сувилагч А  над руу залгаад “Шарга багаас хүмүүс хоорондоо зодолдоод нэгнийгээ юмаар цохиод цус гаргасан байна гэсэн дуудлага ирлээ” гэж яриад жолоочид мэдэгдсэн байгаа, даруйхан “дуудлаганд яваарай” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд сумын эрүүл мэндийн төв рүү орсон. Манай гэр эрүүл мэндийн төвийн хажуу талд нь байдаг. Эрүүл мэндийн төвийн дуудлагын **-** БУА улсын дугаартай пургон ирэхээр нь сумын цагдаа Т , эрүүл мэндийн төвийн бага эмч Д , жолооч П  нарын хамт Баян-Агт сумын Шарга баг руу дуудлаганд явсан. Дуудлага өгсөн айлд шөнийн 06 цагт очоод гэрт ороход гэрийн баруун талын орон дээр гэрийн хана тал руу харсан байдалтай дээгүүрээ хөнжил нөмөрсөн эрэгтэй хүн хэвтэж байсан. “Яасан юу болсон бэ?” гэж асуутал баруун орон дээр байгаа хүн “хутгалуулсан” гэж нэрийг нь мэдэхгүй 45-50 орчим насны эмэгтэй хүн хэлэхээр нь баруун талын орон дээр хөнжил нөмөрсөн хэвтэж байсан хүн дээр очиж хөнжлийг сөхтөл их бие болон баруун зүүн гар цусанд будагдсан, ухаан санаа нь бүдгэрсэн байдалтай хэвтэж байхаар нь биеийн хаана, хаана ямар гэмтэл байгааг шалгаж их цус алдаж байгаа газрыг нь олохоор биед нь үзлэг хийсэн. Тэгэхэд идэвхтэй цус алдаж байгаа газар байгаагүй шархнуудын цус тогтсон байхаар нь үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үзтэл зах судасны лугшилт тэмтрэгдэхгүй, артерийн даралт мэдэгдэхгүй, биеийн дулаан алдагдаж, чичирсэн байсан. Тэгэхээр нь артерийн даралт, зүрхний үйл ажиллагаа, шингэн алдалтыг нөхөн, цус тогтоох зорилгоор эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг хэвийн болгож цус алдалтыг тогтоож шархны анхдагч цэгцэлгээ хийгээд үйлчлүүлэгчийг Баян-Агт сумын эрүүл мэндийн төвд 2020 оны 01 дүгээр сарын 14ний өдөр 11 цаг 20 минутанд авчирсан. ..." гэх мэдүүлэг /хх-69-71 тал/,

Гэрч Э.Т ийн өгсөн: “...2020 оны 01 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цаг 43 минутын үед залгахаар нь аваад ярьтал “сумын эрүүл мэндийн төвөөс эмч Д  байна, Баян-Агт сумын Шарга багт хутганы хэрэг гарсан байна, хамт явах уу” гэхээр нь “цуг явья” гэж хэлээд утсаа тасалсан. ...Дуудлага өгсөн айлд очоод эхлээд З , Д  эмч хоёр түрүүлж ороод ...их эмч З  хэвлий хэсэг, зүүн гарын бугалга, баруун гарын бугалганд хутгалсан байна гээд анхны тусламж үзүүлээд байж байсан. Тэгэхээр нь би С ийн хүүхэд болох Э ыг дагуулаад гэрээс гараад “С ыг хутгалсан хүн хаана байна, ямар хүн бэ?, хутгалсан хутга нь хаана байна” гэж асуухад тэрээр “тухайн үед би гэртээ байгаагүй, хутгалсан хүн нь манай аав байгаа юм, хутгыг мэдэхгүй байна” гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-74-76 тал/,

Хэрэг учралын  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр...өмдний баруун талын халаасыг шалгахад хүрэн иштэй эвхэгддэг жижиг хутга байсныг гаргаж ирж үзэхэд ажлын хэсэг болон хүрэн өнгийн ишэн дээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг хутга нь ишнийхээ арын хэсэгт цагаан өнгийн гинжээр оосор хийсэн байв” ... гэжээ /хх-08-09 тал/,

Эд зүйлд үзлэг хийж, “нийт 15.7 см урт, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй хар хүрэн иштэй эвхдэг хутгыг д мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-44-49 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай: “1. Ц.С  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан, өөрийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд удирдан жолоодох чадвартай байсан, өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна

  1. Ц.С  нь одоо сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэйбайна. Ц.С  нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай.
  2. Ц.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт

/хх-94-97 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1868 дугаартай: “1. О.С ын биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-109-110 тал/,

Шүүгдэгч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэм буруугаа хүлээсэн “...2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Б , Б , С , М  нар манайд ирсэн. Би гадаа гарч бие засчихаад гэрт орж ирэхэд ширээн дээр 2 шил архи байсан, нэг шил архийг нь задалсан. Н , Б , С , Б  тэр дөрөв хувааж ууж байсан. М  архи уугаагүй, хоол идээд газар унтаад өгсөн. Б , С , Б , Н  бид 5 хоёр шил архийг хувааж ууж дуусгасан. Би тасарсан байсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Би өөрийнхөө малын хашаан дотор унтаж байхад нэг цагдаа намайг сэрээгээд сумын төв рүү аваад явсан. БаянАгт сумын төв ороод цагдаагийн хэсэг болон эмнэлэг дээр очиход С ыг хутгалсан юм байна гэдгээ мэдсэн. Шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч П.Ган-Очир надад танилцуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. О.С ад учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-132-133 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.С ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.С ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хохирогч О.С  нь өөрт учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүгдэгч Ц.С  нь хохиролд 500000 төгрөгийг төлснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ц.С ийн үйлдэл идэвхтэй, хохирогч О.С ын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарласан, дээрх  хор уршигт зориуд хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хүнд хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх төдийгүй шүүгдэгч Ц.С ийн хохирогч О.С ын биед гэмтэл учруулахдаа ашигласан хутга нь хүйтэн зэвсэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг, ... хэрэглэсэн” гэх шинжээр нь хүндрүүлэн зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:

Шүүгдэгч Ц.С ийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С  нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.С  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ц.С ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.С ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-118-124 тал/-ыг шинжлэн судлахад тэрээр ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн ...т эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй, бог, бод нийлсэн 349 толгой малтай зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, өргөн 2см, хар хүрэн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-тзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.С ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ц.С т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, өргөн 2 см, хар хүрэн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С т авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД

                   ШҮҮГЧИД                                С.ЦЭРЭНДУЛАМ

                                                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН