Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2021/00153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайн хэлбэрээр явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Өнөр хорооллын 24 дүгээр байрны 8 тоотод оршин суух, ЖЯ60040469 регистрийн дугаартай, Боржигин овогт Жалбуугийн Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бүргэд овогт Шинэбаярын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг өөрийн байранд байрлах, 2011239 регистрийн дугаартай, Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /цаашид ТУЗ гэх/-д холбогдох,

Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /ү-0541/,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Чинбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахдаа: Миний бие Ш.Бямбасүрэн нь Адуунчулуун ХК-ийн 568.572 ширхэг буюу 18.04 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд уг итгэмжлэлийн дагуу 2018 оны 4-р сарын 23-ны өдөр Адуунчулуун ХК-д компанийг хуваах тухай асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн. Уг санал, шаардлагын дагуу 2018 оны 4 сарын 26-ны өдрийн 14 цагт Адуунчулуун ХК-ийн ТУЗ-ийн хурал ТУЗ-ийн 05 тоот тогтоол гарсан. Тогтоолд компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ТУЗ-өөс зарлах боломжгүй гэж үзсүгэй гэсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д заасныг илтэд зөрчсөн тул уг тогтоолыг хүчингүй болгож Адуунчулуун ХК-ийн ТУЗ-д компани хуваах замаар өөрчлөн байгуулах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргахыг даалгаж өгнө үү.

...Компанийн тухай хууль, Адуунчулуун ХК-ийн дүрэмд заасны дагуу Адуунчулуун ХК-ийн 2018 оны 3 сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 сарын 22-ны өдрийн Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК-тай байгуулсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд хамаарах ТУЗ-ийн гишүүдийг сонгох, Компани хуваах замаар өөрчлөн байгуулах зэрэг асуудлаар зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган гаргахдаа: Тус шүүхэд хянагдаж буй хариуцагч Адуунчулуун ХК-ийн ТУЗ-д холбогдох

1.  Адуунчулуун ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргахыг ТУЗ-д даалгах,

2.  Адуунчулуун ХК-ийн 2018 оны 3 сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах,

3.  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах,

4.  2018 оны 5 сарын 22-ны өдрийн Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК-тай байгуулсан №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт нэхэмжлэгч Ж.Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр би 2018 оны 5 сарын 22-ны өдрийн Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК-тай байгуулсан №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг үлдээж, бусад шаардлагуудаас өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд татгалзаж байна.

...ИХШХШТХ-ийн 3 дугаар зүйл ... 3.1...-д зааснаас үзэхэд хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяа өөрийн төлөөлөгчөөр дамжуулан зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зөв юм. Нөгөөтэйгүүр ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйл ... 26.3...-д зааснаар хариуцагч нь Адуунчулуун ХК-ийн ТУЗ байх нь гарцаагүй бөгөөд Компанийн тухай хуулиар зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүйгээр, хувьцаа эзэмшигчийн эдэлдэг эрхэд ноцтойгоор халдаж гүйцэтгэх удирдлагад шууд эрх олгон их хэмжээний хэлцлийг бусад этгээдтэй байгуулсан, ТУЗ-ийн дарга нь баталгаажуулсан байх нь дээрх хуулийн заалтаар хариуцагч болох нь тодорхой байгаа юм. Үүнээс үзэхэд хариуцагч, гуравдагч этгээдүүдийг зөв тодорхойлсон. Адуунчулуун ХК, МАК компанийн хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 22-ны өдрийн №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ нь 2 хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ нь ойлгомжтой бөгөөд ялгаатай тал нь нэг нь нээлттэй хувьцаат компани гэдгийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Компанийн тухай хуульд Хувьцаат компанийн талаарх зохицуулалт нь илүү нарийвчилсан байдаг ба уг зохицуулалтын хүрээнд ХК-ийн ТУЗ-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас эрх авч хийдэг хэлцлийг эрх авахгүйгээр ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нар дур мэдэн хийсэн.

...Их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрлийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй нь Компанийн тухай хуулийн 88.1, 88.2 дахь заалтуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл, мөн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ маш нууцлалтай хийгдсэн. Хуулбар нь ч олдохгүй байдаг. Энэ компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хамтран ажиллах гэрээ болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь их хэмжээний хэлцэлд тооцогдоно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд гэрээний талаар тодорхой заасан байгаа. Их хэмжээний хэлцэл хийхдээ Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй. Зөвшөөрөл аваагүй. Тиймээс тус хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ж.Сайнтуяагийн хувьцаа худалдсан асуудал маргаантай байгаа. Түүнийг хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяагийн хувьд энэ гэрээнээс болж 1.3 тэр бум төгрөгийн алдагдалд орсон. Одоо ч алдагдалтай явж байгаа. Ингээд хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хохирсон. Бүх асуудал дууссан асуудал биш. Хувьцаа эзэмшиж байх үед энэ гэрээ байгуулагдсан нь үнэн. Хувьцаа эзэмшиж байх хугацаанд алдагдалтай ажиллаж ногдол ашиг хуваарилахаа больсон. Хувьцаа эзэмшигч биш тул хамаагүй гэж хуульч хүмүүсийн хувьд хэлмээргүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийг сонирхогч этгээд хүчингүй болгуулах саналыг гаргаж болох талаар хуулийн заалт байгаа. Мөн хувьцаатай холбоотой маргаан Улсын Дээд шүүх дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Маргаан бүрэн эцэслэгдсэн зүйл байхгүй. Хууль зөрчсөн гэрээ байгаа нь үнэн. Анхнаасаа хууль зөрчиж үйлдэгдсэн. Энэ байдлаасаа болж Адуунчулуун ХК 113 000 000 төгрөгөөр, Монголын алт МАК ХХК 13 000 000 төгрөгөөр тус тус торгуулсан. Гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч үргэлжлээд л хамт ажиллаж байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах эрх бидэнд байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК-тай байгуулсан №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээсэн, гэрээний үйлчлэл 2020 оны 01 сарын 01-ний өдөр дуусгавар болсон болно. Мөн өмнө нь гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь өөрийн хүсэлтээр тус компанийн 568,449 ширхэг буюу 18,04 хувийн энгийн хувьцаагаа компанид буцаан худалдсан бөгөөд холбогдох мэдээллийг хавсаргав. Ж.Сайнтуяа нь компанийн дотоод болон гадаад үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн хувиар оролцож, аливаа асуудлаар шаардлага гаргах эрхгүй болсон тул нэхэмжлэлд дурдсан Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018 оны 08 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, мөн 18,04 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Өнөөдрийн байдлаар Ж.Сайнтуяа нь хувьцаа эзэмшигч биш болсон. 2020 оны 05 дугаар сард хувьцаагаа Адуунчулуун ХК-д буцаан худалдсан. Түүний энэ компанитай холбоотой бүхий л эрх нь Адуунчулуун ХК-д шилжсэн гэсэн үг юм. Тиймээс одоо Ж.Сайнтуяа нь шаардах эрхээ алдсан байгаа. Нэгэнт эрхээ шилжүүлсэн тул Иргэний хуулинд заасны дагуу өмчлөгчийн эрхийг эдлэх эрхгүй болсон. Шаардах эрх ч мөн дуусгавар болсон. Эрх шилжсэнээр бусад эрх дагаж шилжинэ гэдгийг хэлэхийг хүсэж байна. Эрх шилжсэнээс болж бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байгаа. Одоо энэ нэхэмжлэлийг ч гаргах эрхтэй, шаардах эрхтэй хүн биш юм. Тиймээс Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй хүн биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Мөн Адуунчулуун ХК-ийн Монголын алт МАК ХХК-тай байгуулсан гэрээ нь нууцлалтай гэрээ биш. Мөн нэхэмжлэгч талаас зөвшөөрөл авах ёстой хэлцэл байсан гэж тайлбарлаж байна. Компанийн тухай хуулинд компанийн хөрөнгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний хэлцлийг их хэмжээний хэлцэл гэнэ гэж заасан. Гэтэл ийм хэмжээний хэлцэл мөн эсэхийг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн асуудал мөн зайлшгүй яригдана. Гэрээний үнийн дүнгийн хэмжээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал төлөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн дүнг яаж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд Ж.Сайнтуяа биш болсон. Адуунчулуун ХК-ийн дотоод асуудал энэ хүнд хамааралгүй болсон. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон. Мөн нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монголын алт МАК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Ж.Сайнтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Адуунчулуун ХК-ийн ТУЗ-д холбогдох 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК-тай байгуулсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлж дараах тайлбарыг гаргаж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтийг Адуунчулуун ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Шатар нь 2018 оны 05 сарын 18-ны өдөр манай компанид ирүүлсэн бөгөөд тус хүсэлтийн дагуу 2018 оны 05 сарын 22-ны өдөр №154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээг байгуулахад Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан ба Адуунчулуун ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баясгалан гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан тул тус гэрээ нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарыг дэмжиж байна. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээнд Адуунчулуун ХК-ийн ТУЗ-ийн дарга Шатар, мөн гүйцэтгэх захирал Баясгалан нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Манай талаас гэрээг мөн бүрэн баталгаажуулсан. Хууль зөрчсөн, нууцалсан гэрээ хэлцэл байгаагүй, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үед 18,04 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч өөрийн хувьцаагаа компанид худалдсан байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч байх эрхээ алдсан байна. Хэлцэл бүрэн хүчин төгөлдөр байсан. Энэ бүхнээс хамаарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбасүрэнгээр дамжуулан хариуцагч Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Адуунчулуун ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, тус ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг мөн гаргажээ. (1 дэх хавтас 1, 12-13 тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, Адуунчулуун ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, тус ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болно. (2 дахь хавтас 105-106 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Адуунчулуун ХК-ийн хувьцааны 18,15 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Шинэбаяр нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэн шинээр сонгуулах, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.12-д заасны дагуу компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх асуудлаар хуралдахыг даалгах тухай бие даасан шаардлагыг гаргажээ. (1 дэх хавтас 125-126 тал)

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бямбасүрэн нь Ц.Шинэбаярыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт, мөн хариуцагчийн төлөөлөгч С.Бадарч нь Монголын алт МАК ХХК-ийг бие даасан шаадлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргаж, шүүх Ц.Шинэбаяр болон Монголын алт МАК ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (1 дэх хавтас 122, 127-128, 179, 181-182 тал)

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрлийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй нь Компанийн тухай хуулийн 88.1, 88.2 дахь заалтуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл, мөн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдоно. Ж.Сайнтуяа нь хувьцаагаа зарсан боловч энэ асуудал маргаантай байгаа. Түүнийг Адуунчулуун ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах эрх байгаа... гэж,

хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-ийн 18,04 хувийн хувьцаагаа манай компанид буцаан худалдсан. Ж.Сайнтуяа нь компанийн дотоод болон гадаад үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн хувиар оролцох, аливаа асуудлаар шаардлага гаргах эрхгүй болсон тул нэхэмжлэлд дурдсан Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хоорондох гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй, мөн энэ гэрээний үйлчлэл 2020 оны 01 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон... гэж тус тус тайлбарлан маргаж байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монголын алт МАК ХХК-ийн төлөөлөгч нь ...Гэрээг байгуулахад Адуунчулуун ХК-ийн ТУЗ-ийн тогтоол гарсан ба тус ТУЗ-ийн дарга болон компанийн гүйцэтгэх захирал нар гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан тул тус гэрээ нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-ийн нийт хувьцааны 18,04 хувь буюу 568,449 ширхэг энгийн хувьцааг эзэмшиж байсан нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №65 дугаартай Үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна. (1 дэх хавтас 1, 23-26, 87 тал)

Компанийн тухай хуульд компанийн хувьцааг тодорхойлон заахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ хэмээн заасан байхаас гадна хувьцаа эзэмшигчийн эрхийг мөн тодорхойлон заахдаа энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрхийг эдлэх тухай заажээ. Энэ эрхийнхээ дагуу буюу хувьцаа эзэмшигчийнхээ хувьд нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-ийн ТУЗ-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох:

- нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Ж.Сайнтуяа нь хувьцаагаа зарсан боловч энэ асуудал маргаантай байгаа... гэх,

- хариуцагчийн өмгөөлөгчийн ...Өнөөдрийн байдлаар Ж.Сайнтуяа нь хувьцаа эзэмшигч биш болсон. Ж.Сайнтуяа нь 2020 оны 05 сард хувьцаагаа Адуунчулуун ХК-д буцаан худалдсан. Компани худалдаж аваад мөнгөө шилжүүлсэн... гэх тайлбарууд (2 дахь хавтас 162-173 тал),

- хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...Нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь өөрийн хүсэлтээр тус компанийн 568,449 ширхэг буюу 18,04 хувийн энгийн хувьцаагаа компанид буцаан худалдсан... гэх тайлбар (хэргийн 2 дахь хавтас 154 тал),

- Үнэт цаасны төвлөрсөн хадаламжийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/3206 дугаартай Адуунчулуун ХК-д хүргүүлсэн албан бичиг, мөн төвөөс гаргасан Адуунчулуун ХК-ийн 5 %-иас их хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаа (2 дахь хавтас 155-156 тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-ийн 18,04 хувийн энгийн хувьцаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 5 дугаар сард тус компанид буцаан худалдсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

Мөн түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээнээс харахад нэхэмжлэгч Ж.Сайнтуяа нь Адуунчулуун ХК-д холбогдуулан өөрийн эзэмшдэг 568,449 ширхэг буюу 18,04 хувийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг Адуунчулуун ХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд гарч, одоо тус хэрэг Улсын дээд шүүхийн шатанд хянагдаж байгаа болох нь, мөн Адуунчулуун ХК нь уг нэхэмжлэл гаргасны дагуу Ж.Сайнтуяагийн дээрх хувьцааг эргүүлэн худалдан авсан үйл баримтууд болжээ. (2 дахь хавтас 162-173 тал)

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах талаар зохицуулсан байх ба хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяа нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн эзэмшдэг хувьцаагаа эргүүлэн худалдан авах шаардлага гаргаж, улмаар Адуунчулуун ХК нь түүний эзэмшдэг хувьцааг эргүүлэн худалдан авч, ийнхүү Ж.Сайнтуяа нь тус компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан болох нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан судалгаагаар тогтоогдож байна. (2 дахь хавтас 155-156 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр нь нэхэмжлэгч Ж.Сайнтуяа Адуунчулуун ХК-ийн нийт хувьцааны 18,04 хувийн хувьцаагаа тус компанид буцаан худалдсан гэдгийг үгүйсгэн, хувьцааг худалдсан үнийн дүн дээр маргаантай байгаа учир Ж.Сайнтуяа хувьцаа эзэмшигч хэвээрээ гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч, шаардлагаа нотолж чадаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгө дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно гэж, мөн 113.6-д Үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ гэж тус тус зааснаар Адуунчулуун ХК-ийн нийт хувьцааны 18,04 хувийн хувьцаа эзэмших Ж.Сайнтуяагийн эрх нь шилжсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр буюу талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.Сайнтуяаг Адуунчулуун ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байна гэж үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэж хэлэх тухай тус тус заасан.

Гэтэл Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-гээр иргэн Ж.Сайнтуяа /үнэт цаасаа өөр этгээдэд шилжүүлж, түүгээр гэрчлэгдэж байгаа эрх нь бүхэлдээ шилжсэн буюу Адуунчулуун ХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон этгээд/-гийн ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь болон тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар түүнд ямар ач холбогдолтой болох нь тус тус ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр нь мөн ...Хувьцаа эзэмшигч Ж.Сайнтуяагийн хувьд энэ гэрээнээс болж 1.3 тэр бум төгрөгийн алдагдалд орсон. Одоо ч алдагдалтай явж байгаа. Хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хохирсон... гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрхийг хамгаалах аргыг тусгайлан хуульчлан заасан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан ямар эрхээ шүүхээр хамгаалуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Адуунчулуун ХК-ийн хувьцаа эзэмших эрх нь шилжсэн байх тул шүүх дээрх бүгд үндэслэлүүдээр хариуцагч Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэгч Ж.Сайнтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тухайд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Шинэбаяр нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Мягмарсүрэнг оролцуулахаар түүнд итгэмжлэл олгож, уг итгэмжлэлдээ өөрийн бүрэн эрхийг гуравдагч этгээдэд дамжуулан төлөөлүүлж болохоор эрхийг олгож, улмаар Ш.Мягмарсүрэн нь төлөөлүүлэгч Ц.Шинэбаярын эрхийг Д.Ганбаярт дамжуулан төлөөлүүлэхээр итгэмжлэлийг олгосон байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Шинэбаяр нь нас барсан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 138/ШЗ2019/00291 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Ц.Шинэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын итгэмжлэл Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон тухай шийдвэрлэжээ. (1 дэх хавтас 123-124, 223-224 тал)

Хувьцаа эзэмшигч Ц.Шинэбаярын эзэмшиж байсан 18,15 хувийн хувьцаа нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул бие даасан шаардлага гаргаагүй этгээд Монголын алт МАК ХХК болон Ц.Шинэбаяртай холбоотой асуудлын талаар шүүх дүгнээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан бөгөөд уг татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар бус байх тул тус тус нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Гангамөрөн нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Адуунчулуун ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдох Адуунчулуун ХК болон Монголын алт МАК ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 154-0218 тоот Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Сайнтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА