Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 140/ШШ2021/00083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг Жаргалант алтан хэсэг **-** тоотод оршин суух Боржигон овгийн Батсүхийн Цэрэннамжил /РД:ИР*******/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар баг Товцог барилгачдын **-** тоотод оршин суух Боржигон овгийн Батсүхийн Оюунжаргал /РД:ИР*******/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт **-** тоотод оршин суух Боржигон овгийн Батсүхийн Сандагдорж /РД:ИР*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт ажилчин **-** тоотод оршин суух Боржигон овгийн Хандаасүрэнгийн Батсүх /РД:ИР******/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар баг Товцог барилгачдын **-** тоотод оршин суух Сартуул овгийн Пүрэвжавын Бямбасүрэн /РД:ИЭ******/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлалтай Хас банкны Завхан салбар,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 8 дугаар байр **-** тоотод оршин суух Авга овгийн Лувсансамбуугийн Пүрэвжаргал /РД:ИЭ*****/, нарт холбогдох

Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг **-** тоотод байршилтай 72мкв талбайтай хоёр өрөө хувийн хашаа байшинг барьцаалсан Хас банкны Завхан салбар, Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1150019898-03 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтад зурагдсан гарын үсгүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, нэхэмжлэгч Б.Оюунжаргал, нэхэмжлэгч Б.Сандагдорж, хариуцагч Х.Батсүх, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч П.Бямбасүрэн, хариуцагч Хас банкны Завхан салбарыг төлөөлж Б.Гүррагчаа, Г.Отгонцэцэг, хариуцагч Л.Пүрэвжаргал, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэннамжил шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.Оюунжаргал, Б.Сандагдорж бид гурав Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Найрамдлын хэсгийн **-р гудамжны ** тоот 72 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ... гэтэл 2020 оны 8 дугаар сард бидний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Хас банкны зээлийн барьцаанд тавьсныг мэдсэн. Хэзээ хэн Хас банканд зээлийн барьцаанд тавьсан тухай асуудал гарч гэрт маргаан үүссэн ... 2018 оны намар аавын дүү буюу авга эгчийн хүүхэд болох Л.Гүрсэд, түүний эхнэр Д.Дуламсүрэнгийн хамт манайд ирж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгөөч Хас банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хүрэхгүй байна, Хас банкнаас барьцаа хөрөнгөө нэмээдэх гээд байна гэж хэлээд аав ээжээс манай үл хөдлөхийн гэрчилгээг аваад явсан байсан ... хэд хоногийн дараа Хас банкнаас аав ээж хоёрыг дуудаад гарын үсэг зуруулсан гэсэн ... хууль ёсны өмчлөгч болох бидний зөвшөөрөлгүй манай гэрийг Л.Гүрсэд, Д.Дуламсүрэн нар банкны барьцаанд тавьсан байсан .... Ийм бүдүүлэг байдлаар луйвардаж бидний гэр орныг хууль бусаар худалдахыг бид зөвшөөрөхгүй тул өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан ... мөн манай аав ээж бид хоёр нотариат дээр огт очоогүй, Д.Дуламсүрэн, Л.Гүрсэд нарт үл хөдлөхийн гэрчилгээгээ өгч явуулсан ... тэгээд Хас банкан дээр очиж өөр өөрийн нэрээ хэд хэдэн удаа цаасан дээр бичсэн ... өөр бусад асуудлыг бид 2 мэдэхгүй гэж хэлсэн учир нотариатын үйлдлийг бас хуурамч юм байна гэж үзээд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэв.

Нэхэмжлэгч Б.Оюунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... би 2018 оны 10 сард Улаанбаатар хотод сурч байсан, энэ үед Завхан аймагт байгаагүй, бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй ... 2020 оны 8 сард эгч Б.Цэрэннамжил манай хашаа байшинг шүүхийн шийдвэрийн дагуу хураах гэж байна гэж утсаар залгасан ... манай ээж аав хоёр бидэнд хэлэхгүйгээр бидний хашаа байшинг банкны барьцаанд тавих гэрээн дээр гарын үсэг зурсан байсан ... харин бид зөвлөлдөж банкны зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй ... ийм зүйл болсон гэдгийг ч мэдээгүй ... тийм учраас тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн бидний өмчлөлийн хашаа байшинг Хас банкны зээлийн барьцаанаас суллаж өгнө үү гэж шүүхэд хандсан ... гэхдээ бидний маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн барьцааны хамтран өмчлөгчийн зөвшөөрөл гэх зүйлд нэхэмжлэгч бид гарын үсэг зураагүй. Нотариатын гэрчилгээг шүүх хууль ёсны бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж өмнөх шийдвэр гаргасан байх ... Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бол уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл /талууд хүсвэл гэдэг үгийг анхаарах хэрэгтэй/, шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ ... хамгийн гол нь дээрх хэлцлийг талууд хүсэхгүй байгаа учраас шүүхэд маргаан үүсгэж байгаа. Тийм учраас нотариатын баталсан хамтран өмчлөгчийн зөвшөөрөл гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү ... гэв.

Нэхэмжлэгч Б.Сандагдорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... бид гурав бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Хас банкны барьцаанд тавьсныг мэдээгүй байсан ... саяхан шүүхийн шийдвэрээс үл хөдлөх хөрөнгийг хураах мэдэгдэл ирэхэд мэдсэн ... тийм учраас би 2 эгчтэйгээ хамт өөрсдийн өмчлөлийн эрхтэй үл хөдлөх хөрөнгөө Хас банкны зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөс хасуулахаар шүүхэд хандсан... гэв.

Хариуцагч Х.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Гүрсэд барьцаа хөрөнгө дутаад байна, та хашаа байшингаа өгөөч гэхээр нь би болох юм уу гэхэд бид нар хөөцөлдөнө гэсэн ... нэг өдөр Хас банкнаас залгаад эхнэр бид хоёрыг ирээд гарын үсэг зураадах гэж хэлэхээр нь би гарын үсгээ зурсан ... би бичиг үсэг мэдэхгүй учраас Л.Гүрсэд, Д.Дуламсүрэн нарыг манай үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй ... манай гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлэх боломж байдаг болов уу гэсэн зүйл бодогдож байна ... би нотариат дээр очиж гарын үсэг зураагүй ... хүүхдүүддээ хэлэлгүй ийм үйлдэл хийсэн нь буруу байсан байна ... гэв.

Хариуцагч П.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Гүрсэд, Д.Дуламсүрэн нар бүх зүйл болсон бүрдсэн, та хоёр ирээд гарын үсэг зураадах гэхээр нь би Хас банкан дээр очиж гарын үсэг зурсан, түүнээс биш нотариат дээр очиж гарын үсэг зураагүй ... гэв.

Хариуцагч Хас банкны Завхан салбарыг төлөөлж Б.Гүррагчаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... маргаан бүхий барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал энэ асуудлаар шүүхэд маргаан үүсэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх байдлаар Хас банкны барьцааны эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Хариуцагч Хас банкны Завхан салбарыг төлөөлж Г.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2018 оны 10 сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр гээд нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл дээр үндэслээд иргэн Х.Батсүх, П.Бямбасүрэн нартай барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зуруулж Л.Гүрсэд, Д.Дуламсүрэн нарт зээл олгосон ... Хас банктай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 108 дугаар 108.4-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу хамтран өмчлөгч дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалахдаа барьцааны зүйлийн өмчлөгч болох этгээдээс зөвшөөрлийг бичгээр авна гэж заасны дагуу Хас банк нь Завхан аймгийн тойргийн нотариатч Л.Пүрэвжаргалын гэрчилсэн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэсэн баримтыг үндэслэн барьцааны гэрээнд барьцаалсан буюу хамтран өмчлөгч болох Б.Цэрэннамжил, Б.Оюунжаргал, Б.Сандагдорж нарын зөвшөөрлийг хууль заасны дагуу авсан ... иймд барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хас банк нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т зааснаар Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар барьцаалсан учир барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэл хангуулахаар хөрөнгийн өмчлөгч нараас шаардах эрхтэй ... тухайн барьцааны гэрээн дээр 2018 оны 10 сарын 26-ны өдөр Хас банктай байгуулсан барьцааны гэрээн дээр хариуцагч Х.Батсүх, П.Бямбасүрэн нар өөрийн гарын үсгээ зурсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна .... барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөө хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гарсан ... шүүгчийн захирамж нь банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тус гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж шүүхийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болсон ... зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас Хас банкны зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шийдвэр гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсөн учраас одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас Хас банкны барьцааны эрх ноцтой зөрчигдөж байгааг харгалзан үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Хариуцагч Л.Пүрэвжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч нар барьцаанд тавигдсан өөрсдийн хамтран өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна ... би хамтран өмчлөгч нарын зөвшөөрлөөр баталж өгсөн ... хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг баталсан гэж үзэж шүүх миний баталж өгсөн хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг хүчингүйд тооцож болох юм ... хэрвээ хүчингүйд тооцох юм бол Иргэний хуулийн нэгэн заалтыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтаар хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэлцэл тооцож болно ... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Оюунжаргал, Б.Сандагдорж нар нь хариуцагч Л.Пүрэвжаргалд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах,

мөн хариуцагч Хас банкны Завхан салбар, хариуцагч Х.Батсүх, хариуцагч П.Бямбасүрэн нарт холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг найрамдлын хэсэг 2-38 тоотод байршилтай 72мкв талбайтай хоёр өрөө хувийн хашаа байшинг барьцаалсан Хас банкны Завхан салбар, Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №1150019898-03 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Батсүх, хариуцагч П.Бямбасүрэн, хариуцагч Л.Пүрэвжаргал нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж, хариуцагч Хас банкны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэг. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Х.Батсүх, П.Бямбасүрэн нар нь Хас банкны Завхан салбартай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ байгуулан:

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72мкв талбайтай, ГД-0079162 гэрчилгээний дугаартай, Ү-0918000723 улсын бүртгэлийн дугаартай хувийн хашаа, байшин,

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоотод байршилтай, 900мкв талбайтай, ГД-000079971 гэрчилгээний дугаартай, Г-0918000062 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар зэргийг барьцаалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн жагсаалтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 119-122/

Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72мкв талбайтай, хувийн хашаа, байшингийн өмчлөгч нь Х.Батсүх, П.Бямбасүрэн, Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар мөн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ГД-0079162 гэрчилгээний дугаартай, Ү-0918000723 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 10/

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нотариатаар батлуулсан Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-д:

Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар нь дундын өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хувийн хашаа, байшингийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хас банкнаас авах зээлийн барьцаанд тавих эрхийг хамтран өмчлөгч Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг ажилчин 2-4 тоот хаягт оршин суух Хандаасүрэнгийн Батсүхэд зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 22/

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хувийн хашаа, байшингийн өөрт оногдох хэсгийг нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар нь Хас банкны Завхан салбарын зээлийн барьцаанд тавих эрхийг өөрсдийн эцэг Х.Батсүхэд олгосон гэх Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг нотариатч гэрчлэн баталгаажуулсан байна.

Гэвч нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хувийн хашаа, байшингаа Хас банкны Завхан салбарын барьцаанд тавих эрхийг өөрсдийн эцэг Х.Батсүхэд олгоогүй, тийм зөвшөөрөл өгөөгүй, Завхан аймгийн тойргийн нотариатчийн гэрчилсэн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-д бид гарын үсэг зураагүй, тухайн нотариатч дээр өөрсдийн биеэр очоогүй, ийм зөвшөөрөл хийгдсэнийг огт мэдээгүй гэж маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Цэрэннамжил нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн тойргийн нотариатчийн баталсан Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-д зурагдсан гарын үсэг нь Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал бид нарын гарын үсэг мөн эсэхэд шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгч Б.Цэрэннамжилын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан. /хх-ийн 47-49/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №000000046 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээрх 3 ширхэг Б.Сандагдорж, Б.Цэрэннамжил, Б.Оюунжаргал нарын гэх гарын үсгүүд, гар бичмэлийн загваруудтай хэлбэр болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 52-57/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дээрх шинжээчийн дүгнэлтийг хариуцагч Хас банкны Завхан салбар эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсэн. /хх-ийн 67/

Шүүхээс хариуцагч Хас банкны Завхан салбарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авч бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан. /хх-ийн 81-83/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №000000004 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд:

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээрх 3 ширхэг Сандагдорж, Цэрэннамжил, Оюунжаргал нарын гэх гарын үсгүүд, гар бичмэлийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 85-89/

Мөн хариуцагч Л.Пүрэвжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... би нотариатын үйл ажиллагаа эрхлээд 22 дахь жилдээ ажиллаж байна ... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг би нотариатаар гэрчилж баталсан ... хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг гэрчлэхэд нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар нь нотариатч дээр өөрсдийн биеэр ирээгүй нь үнэн ... тухайн зээлийг хөөцөлдөж байсан Л.Гүрсэд эхнэр Д.Дуламсүрэнгийн хамт нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийг авч ирээд хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг гэрчлүүлсэн ... гэж тайлбарлаж байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ гэж заажээ.

Нотариатч Л.Пүрэвжаргал нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчлэхдээ Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарыг биечлэн байлцуулаагүй, өөрсдөөр нь гарын үсэг зуруулаагүй, зөвшөөрөл аваагүй болох нь түүний өөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл дээр хүүхдүүд нь өөрсдийн биеэр ирээгүй, гарын үсэг зураагүй нь үнэн ... гэх тайлбар, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №000000046 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №000000004 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна гэж үзлээ.

Мөн нотариатч Л.Пүрэвжаргал нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлчлүүлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарыг ажлын байранд өөрсдийн биеэр ирээгүй байна гэх үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс өөрөө татгалзах үүрэгтэй байжээ.

Гэтэл Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарыг өөрсдийн биеэр ирээгүй, зөвшөөрөл өгөөгүй, биечлэн байгаагүй, үйлчлүүлээгүй байхад хэн нэгэн этгээдэд найдан нотариатын үйлдэл хийж, хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг гэрчлэн тэдний өмнөөс тухайн этгээдээрээ гарын үсэг зуруулсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл нотариатч Л.Пүрэвжаргал нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж хууль бус үйлдэл гаргасан байна гэж үзэхээр байна.

Иймд Завхан аймгийн тойргийн нотариатч Л.Пүрэвжаргалын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нараас Х.Батсүхэд олгосон Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Хас банкны Завхан салбар, Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хас банкны Завхан салбар, Л.Гүрсэд нарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №1150019898 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Х.Батсүх, П.Бямбасүрэн нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох:

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72мкв талбайтай, ГД-0079162 гэрчилгээний дугаартай, Ү-0918000723 улсын бүртгэлийн дугаартай хувийн хашаа, байшин,

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоотод байршилтай, 900мкв талбайтай, ГД-000079971 гэрчилгээний дугаартай, Г-0918000062 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар зэргээр хариуцахаар сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрч Барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-ийн 199-122/

Дээрх Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай хувийн хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгч нь Х.Батсүх, П.Бямбасүрэн, Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нар болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 10/

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хэн нэг нь бусад өмчлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг бусдад барьцаалах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй юм.

Завхан аймгийн тойргийн нотариатч Л.Пүрэвжаргал нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг гэрчилж нотариатаар баталсан байна. /хх-ийн 22/

Хас банкны Завхан салбар нь дээрх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг үндэслэн Х.Батсүх, П.Бямбасүрэн нартай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 1-1 дүгээр хавсралтад Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-д үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Оюунжаргал, Б.Сандагдорж, Б.Цэрэннамжил нарын өмнөөс түүний эцэг Х.Батсүх төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 123/

Гэтэл хариуцагч Л.Пүрэвжаргал нь дээрх Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг нотариатаар гэрчлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарыг биечлэн байлцуулаагүй, тэднээс зөвшөөрөл аваагүй, хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн байдаг.

Хариуцагч Хас банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хас банк нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь хамтран өмчлөгч дундын эд хөрөнгөө захиран зарцуулах гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасны дагуу 2018 оны 10 сарын 25-ны өдрийн нотариатч Л.Пүрэвжаргалын гэрчилсэн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл бүхий бичгээр гаргаж, нотариатаар гэрчилсэн зөвшөөрлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан ... гэж,

Хариуцагч Хас банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүррагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ... хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нотариатчийн баталсан зээлийн албан ёсны эрх бүхий олгогдож байгаа хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээр банк хяналт тавих боломж байхгүй ... гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь: хариуцагч Хас банкны Завхан салбар нь нотариатын үйлдэл хийх тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаагаа явуулж байгаа нотариатч Л.Пүрэвжаргалын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус нотариатын үйлдэл болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, алдаа мадаг бүхий хэлцэл байна.

Хас банкны Завхан салбар, Х.Батсүх, П.Бямбасүрэн нар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулахдаа гэрээний нэг тал болох Х.Батсүх нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарын зөвшөөрөлгүй, хууль бус хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг үндэслэн гарын үсэг зурж байгуулсан байна гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д Хуульд заасан бусад үндэслэл-ээр барьцааны эрх дуусгавар болохоор заасан байх тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Гурав. Бусад асуудлаар:

Хариуцагч Хас банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т заасан тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ ... гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар барьцаалсан учир барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэл хангуулахаар хөрөнгийн өмчлөгч нараас шаардах эрхтэй ... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн асуудалд хамааралгүй бөгөөд эзэмших эрхтэй хөрөнгийг асуудлыг зохицуулсан хуулийн зохицуулалт байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл өмчлөх эрх, эзэмших эрх хоёр тусдаа бие даасан ойлголт бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд ч өөр өөрийн гэсэн үр дагавар үүсгэдэг байна.

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл нь хууль бусаар нотариатаар гэрчлэгдэж үйлдэгдсэн бөгөөд энэхүү Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг үндэслэн Хас банкны Завхан салбар, Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд Хас банкны Завхан салбарын гаргасан ... нотариатын хууль бус үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан ... Х.Батсүх, П.Бямбасүрэн нартай байгуулсан Барьцааны гэрээ-г манай банк хуулийн дагуу байгуулсан ... гэх тайлбарыг хүлээн авч Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Мөн хариуцагч Л.Пүрэвжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ ... гэж зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж болох юм гэж тайлбарлаж байна.

Гэвч Хас банкны Завхан салбар болон Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээ-г талууд хүлээн зөвшөөрөөгүй, өөр хэлцлийн шаардлагад нийцэхгүй, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилж байна гэж үзэхээр байх тул нотариатч Л.Пүрэвжаргалын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батсүх, П.Бямбасүрэн, Л.Пүрэвжаргал, Хас банкны Завхан салбараас нийт 303.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1.  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т тус тус зааснаар Завхан аймгийн тойргийн нотариатч Л.Пүрэвжаргалын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нараас Х.Батсүхэд олгосон Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1-т тус тус зааснаар Х.Батсүх, П.Бямбасүрэн нарын Хас банкны Завхан салбартай:

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 2-38 тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72мкв талбайтай, ГД-0079162 гэрчилгээний дугаартай, Ү-0918000723 улсын бүртгэлийн дугаартай хувийн хашаа, байшин,

- Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг найрамдлын хэсэг 2-38 тоотод байршилтай, 900мкв талбайтай, ГД-000079971 гэрчилгээний дугаартай, Г-0918000062 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар зэргийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №1150019898-03 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батсүх, П.Бямбасүрэн, Л.Пүрэвжаргал, Хас банкны Завхан салбараас нийт 303.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэннамжил, Б.Сандагдорж, Б.Оюунжаргал нарт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ