Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00010

 

 

 

 

 

 

 

 

 

                       2020          12            23

                                 101/ШШ2021/00010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: К.Э-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Р.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч К.Э нь хариуцагчтай харилцан тохиролцож 33,500,000 төгрөгийг зээлүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10,150,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг бэлнээр, үлдэх 1,750,000 төгрөгийг мөн бэлнээр шилжүүлсэн. Нийт 33,500,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс банкны дансны хуулга гаргаж өгсөн ба үүнээс харагдана. Хариуцагч мөнгө авснаа хүлээн зөвшөөрч төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2018 оны 12 дугаар сард тэдгээр эд хөрөнгийг зараад мөнгийг нь өгнө гэдэг боловч өгөөгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бид 2 чулууны үйлдвэрт хамтран ажилладаг байсан. Үйлдвэр ажиллуулж байх үед үйл ажиллагаандаа зарцуулж аль аль талаасаа зардал гаргасан. Үйлдвэрийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон. Ингээд К.Э нь “Манай эхнэр намайг өдөр шөнөгүй мөнгөө авч ир гээд унтуулахгүй байна” гэж нэхэмжлэгч хэлсэн. Би болсон үйл явдлыг бодитоор нь бичих гэтэл “Ээ, чи боль л доо” гээд гуйсан тул би түүний хүссэнээр бичиг бичиж өгсөн. Би К.Э-аас ямар ч мөнгө зээлж аваагүй. К.Э үнэхээр надад мөнгө зээлдүүлсэн бол миний данс руу шилжүүлэх байсан. Тэр ийм их хэмжээний мөнгийг бэлнээр ямар ч баримт үйлдэхгүйгээр хүнд зээлдүүлэх хүн биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

 

 Нэхэмжлэгч К.Э нь хариуцагч Р.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч К.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 24-нд 10,150,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 27-нд 20,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, бэлнээр 1,750,000 төгрөг, нийт 33,500,000 төгрөгийг хариуцагч Р.С-д зээлдүүлсэн гэж,  нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ тодорхойлсон.  Уг нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 4, 7 дугаар талд авагдсан баримтаар нотолно гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 33,500,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Хариуцагч Р.С нь “...нэхэмжлэгч К.Э-тай зээлийн гэрээ байгуулаагүй, ямар ч мөнгө зээлдэж аваагүй, бид хамтарч чулууны үйлдвэр ажиллуулж байгаад уг үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Үүнээс үүдэн К.Эы эхнэр нь уурлаад байна, мөнгө авсан талаар бичээд өгөөч гэж гуйсаны дагуу хэргийн 7 дугаар талд авагдсан бичвэрийг бичиж өгсөн” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч К.Э-ы эзэмшлийн данснаас 2017 оны 09 дүгээр сарын 24-нд 10,150,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 27-нд 20,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг тус тус зарлагадсан байх боловч уг мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлээгүй, харьцсан данс байхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг данснаасаа бэлнээр авч, хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарласан.

 

Мөн хэргийн 7 дугаар талд авагдсан баримтад “...оноос өмнө зарагдах по-ний мөнгийг өгөх санаа байна. Компани өгвөл 5,000,000 төгрөг шилжүүлнэ. Хамтарч ажилласан мөнгийг би гаргая. Би өөрөө 33,500,000 төгрөг авсан нь үнэн болно. Р.С” гэх баримтад мэдээлэл агуулагджээ.

 

Хариуцагч нь бэлнээр мөнгө аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохоо баримтаар нотлох үүргийг өөрөө хүлээнэ. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Дээрх бичвэрийн агуулгаас үзэхэд зохигчид зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  

Хэдийгээр хэргийн 7 дугаар талд авагдсан баримтыг хариуцагч Р.С нь өөрөө бичсэн талаар маргаагүй боловч тэрээр уг бичвэрийн агуулгад буюу зээлийн гэрээ байгуулаагүй талаар маргаж, харин хамтран ажилласан чулууны үйлдвэртэй холбоотойгоор бичсэн гэж тайлбарласан.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 онд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарласан атлаа хэргийн 7 дугаар талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтыг 2019 оны 12 сард хариуцагчаар бичүүлж авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж буй нь учир дутагдалтай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах тухай К.Эы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ