Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00408

 

 

 

 

 

 

 

 

 

 

К.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Э-ы хариуцагч Р.С-д холбогдуулан гаргасан 33 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Р.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Э- нь Р.С-тэй харилцан тохиролцож бэлнээр 2017 оны 09 сарын 24-ний өдөр 10 150 000 төгрөг, 2018 оны 09 сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 09 сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг, үлдэх 1 750 000 төгрөг, нийт 33 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан банкны дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч мөнгө авснаа хүлээн зөвшөөрч төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 33 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй чулууны үйлдвэрт хамтран ажилладаг байсан. Үйлдвэр ажиллуулж байх үед үйл ажиллагаандаа зарцуулж аль аль талаасаа зардал гаргасан. Үйлдвэрийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон. Ингээд К.Э- нь манай эхнэр намайг өдөр шөнөгүй мөнгөө авч ир гээд унтуулахгүй байна гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр бодит байдлаас өөрөөр бичиг бичиж өгсөн. К.Э-аас ямар ч мөнгө зээлээгүй. Хэрэв мөнгө зээлдүүлсэн бол хариуцагчийн данс руу шилжүүлэх байсан. Нэхэмжлэгч нь их хэмжээний мөнгийг бэлнээр ямар ч баримт үйлдэхгүйгээр хүнд зээлдүүлэх хүн биш.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 33 500 000 төгрөг гаргуулах тухай К.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч Р.С-д нийт 33 500 000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй зээлдүүлсэн нь хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан гар бичмэл баримтын ... Би өөрөө 33 500 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Р.С- ... гэснээр тогтоогдож байгаа ба зохигчдын хороонд зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч К.Э- хариуцагч Р.С-д 33 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байгаа ба энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчдын хороонд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн дүгнэлтийг хийхдээ нотлох баримтад үндэслэлгүй баримтаар нотлогдоогүй хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хэт өнгөц дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч 33 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй түүнтэй хамтран ажилласан бол түүнийгээ нотлох баримтыг анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гарган өгч өөрөө нотлох үүрэгтэй. Гэвч хариу тайлбарт дурдсан үйл баримтын талаар нэг ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх талуудын хороонд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотлох үүднээс хэрэгт өөрийн гаргасан дансны хуулганаас нэхэмжлэгчид зээлүүлсэн 33 500 000 төгрөгийн задаргаа харагдаж байгаа мөн хэргийн 7 дахь талд авагдсан хариуцагчийн зээлсэн мөнгөө төлөх утга бүхий бичигт 33 500 000 төгрөг авсан нь үнэн гэж бичсэн зэргээс зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны мөнгөн дүн таарч байгааг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Хариуцагч 33 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй бол нэхэмжлэгчийн данснаас гарсан зарлагын гүйлгээний дүнтэй ижил дүнтэй буюу 33 500 000 төгрөг би өөрөө авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгөх боломжгүй юм. Энэхүү нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар ч баримтгүй дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэслэж мөн хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэж буй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж хэргийг шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан боловч яг ямар нотлох баримтыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Түүнчлэн хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан бичвэрт хэд хэдэн хүсэл зориг байгааг шүүх анхаарч дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 7 дахь талд ..оноос өмнө зарагдах поний мөнгийг өгөх санаа байна гэдэг агуулга, ..компани өгвөл 5 000 000 төгрөг шилжүүлнэ.. гэдэг агуулга, ..Хамтарч ажилласан мөнгийг би гаргая.. гэдэг өөр агуулга, би өөрөө 33 500 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Р.С-.. гэсэн өөр агуулга тус тус илэрхийлж байна. Хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан баримтын эхний хоёр өгүүлбэр болон хамгийн сүүлийн өгүүлбэр оноос өмнө зарагдах поний мөнгийг өгөх санаа байна.. , ..компани өгвөл 5 000 000 төгрөг шилжүүлнэ.. , Би өөрөө 33 500 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Р.С-..-ээс хариуцагч Р.С- нэхэмжлэгчид 33 500 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь дахин тогтоогдож байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны шаардах эрхийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К.Э- нь хариуцагч Р.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 33 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 32/

 

Хэргийн 4 дэх талд авагдсан Хаан банк ХХК дахь К.Э-ы 5018438438 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 7 дахь талд авагдсан оноос өмнө зарагдах поний мөнгийг өгөх санаа байна. Компани өгвөл 5,000,000 төгрөг шилжүүлнэ. Хамтарч ажилласан мөнгийг би гаргая, би өөрөө ... 33,500,000 төгрөг авсан нь үнэн болно. Р.С- гэсэн гар бичмэл бүхий баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн 2017 оны 09 сарын 24-ний өдөр 10 150 000 төгрөг, 2017 оны 09 сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 09 сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг, нийт 31 750 000 төгрөгийг өөрийн Хаан банк ХХК-ийн данснаас гаргаж өгсөн, үлдэх 1 750 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлээр аваагүй, хамтран ажилладаг байсан гэж татгалзах боловч уг татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 33 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Э-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 33 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Э-д олгосугай гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид 325 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Э-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 325 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР