Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа

         Улсын яллагч Б.Батнасан

         Шүүгдэгч Т.Эмээлийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гарьд овогт Тэжээгийн Эмээлд холбогдох эрүүгийн 201607000188 дугаарын хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Ховд аймгийн Жаргалан сумд 1961 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, багш, гагнуурчин мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын Алтайн-Хүдэр ХХК-ийн Таяннуурын уурхайд гагнуурчин ажилтай, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалан сум Тахилт багийн 9-7 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ПК61051012 регистрийн дугаартай, Гарьд овгийн Тэжээгийн Эмээл гэв.

 

       Шүүгдэгч Т.Эмээл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт “Алтайн-Хүдэр” ХХК-ийн гэрээт компани болох “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын гэрт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой хохирогч Е.Батнасантай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Е.Батнасангийн баруун эрүүн тус газарт нь гараараа цохиж, доод эрүүний их биеийн баруун хэсэгт далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Т.Эмээл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Уг болсон хэрэгт маш их гэмшиж байна. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энэ үйл явдал болсон. Хохирогч бид хоёр хоорондоо сайн найзууд одоо

2

 

  хүртэл утсаар ярьдаг. Цаашид сайн найзууд хэвээрээ байх болно. Хохирогч надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдохгүй. Ямар нэгэн асуудалд орохгүй гэв.

 

           Хохирогч Е.Батнасангийн эхнэр Б.Алтан-Оюун шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Жаргалан сумын иргэн Тэжээ овогтой Эмээлд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор миний нөхөр Еэшэй овогтой Батнасан тогтоогдсон байгаа юм. Манай нөхөр одоогийн байдлаар Сүхбаатар аймагт 2 хүүгийн хамт тээвэр хийж яваа. Нөхөр маань өчигдөр 2017 оны 03 дугаар сарын 22-нд утсаар ярихдаа “Би тээвэр хийгээд хилийн цаана явж байгаа. Шүүх хуралд оролцох боломжгүй байна. Т.Эмээл бид 2 нэг аймгийн нэг сумын нэг багт айл зэргэлдээ ах дүүс шиг олон жил амьдарсан. Тухайн үед хэрэг явдал болоход уурандаа шүүхэд өгсөн. Одоо надад гомдол алга. Би Т.Эмээлээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Т.Эмээлийн эхнэр Оюун болоод Эмээл бид зөвшилцөн тохиролцсон. Иймд Эмээлд ноогдох ял шийтгэлийг хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлт миний өмнөөс бичиж өг гэсэн. Иймд би Е.Батнасангийн эхнэрийн хувьд энэ хүний хүсэлтийг уламжлан нөхрөө төлөөлөн хүсэлт явуулж байна. Харгалзан үзнэ үү гэжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-26-рт/, шинжээчийн 15751 дугаартай дүгнэлт /хх-50-51-рт/ зэрэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр Ховд аймгийн Жаргалан сумын Тахилт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-87-рт/, Т.Эмээлийн зан байдлын тодорхойлолт /хх-100-рт/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.

 

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

 

          Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад  Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах “Алтайн-Хүдэр” ХХК-ийн гэрээт компани болох “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын гэрт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой шүүгдэгч Т.Эмээл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Е.Батнасантай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Е.Батнасангийн баруун эрүүн тус газарт нь гараараа цохиж, доод эрүүний их биеийн баруун хэсэгт далд хугарал, 1 шүдний булгарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гарсан байна.

 

          Уг гэмт хэргийг шүүгдэгч Т.Эмээл үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 22-26 дугаар хуудсанд байх хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн үзлэгийн бүртгэл, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Е.Батнасангийн эмчилгээ хийлгэсэн баримтууд болох рентген зураг 2 ширхэг, рентген зурагтай CD 1 ширхэг, эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, эмчийн

3

 

  үзлэгийн 2 хуудас тэмдэглэлтэй голоор нь нугалж үдсэн дэвтэр, шинжээчийн дүгнэлт болон хохирогч Е.Батнасангийн “…Би эмээлийг гагнуур хийж чаддаггүй талаар хэлэхэд тэр асуудлаас маргалдаад гэр дотор барилцаж авч намайг Даш-Өлзийгийн орны хөлрүү унагасан. Т.Эмээл нь миний араас миний толгой хэсэг буюу эрүүрүү нэг удаа цохиод би газарт уначихсан…” гэх мэдүүлэг, гэрч Б.Алтан-Оюуны “…Манай нөхөр Цээл сумаас Улаанбаатар хотруу явах үед надад Т.Эмээл бид 2 хамт архи уучихаад би гэрийн гадна талд зогсож байтал Т.Эмээл миний араас цохьчихсон юм гэж утсаар хэлсэн…” гэх мэдүүлэг, гэрч Ч.Даш-Өлзийгийн “…Т.Эмээл, Е.Батнасан 2 хоорондоо маргалдаад Е.Батнасан нь Т.Эмээлд чи миний шүдийг хуга цохьчихлоо гээд гаран дээрээ цустай шүлсээ нулимаад зогсож байсан…” гэх мэдүүлэг, гэрч Ж.Амарсанаагийн “…Е.Батнасан гэх хүн ирж биеэ үзүүлж байсан. Батнасан над дээр ирэхдээ 2 хоног шүд өвдөж байна гээд баруун шанаан тус газартаа хавдартай ирсэн…” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Эмээлийн “…Би Батнасангийн эхлээд баруун шанаан тус газарт нь зүүн гараа атгаж байгаад нэг цохисон. Дараа нь угсруулаад баруун гараараа зүүн шанаа тус газарт нь нэг удаа цохисон…” гэх мэдүүлэг, хохиролд 700.000 төгрөгийг төлсөн тухай баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

       

        Шүүгдэгч Т.Эмээлд холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

        Шүүгдэгч Т.Эмээл нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

 

          Хохирогч Е.Батнасангийн зүгээс анх 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүгчийн туслахыг утсаар ярихад хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэж хэлсэн байдал, эхнэр Б.Алтан-Оюуны шүүхэд ирүүлсэн “…Одоо надад гомдол алга. Би Т.Эмээлээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Т.Эмээлийн эхнэр Оюун болоод Эмээл бид зөвшилцөн тохиролцсон. Иймд Эмээлд ноогдох ял шийтгэлийг хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт зэргээс үзэхэд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй байгаа хэдий ч шүүгдэгч Т.Эмээл нь 700.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

           Шүүхээс шүүгдэгч Т.Эмээлийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,

4

 

  үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

           Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

       

          Энэ хэрэгт шүүгдэгч Т.Эмээл нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Эмээлээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Е.Батнасанд 700.000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

      

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гарьд овогт Тэжээгийн Эмээлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эмээлийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Эмээлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Эмээлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 000137256, Г-1617002839 дугаарын бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9-7 тоотод байрлах 893.3 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 2 ширхэг, хохирогчийн карт зэргийг буцаан олгож, CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт ялтан Т.Эмээл нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 700.000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн  зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Т.Эмээлийн иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Эмээлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Эмээлд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА