Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 224

 

                    Ө.И-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ө.И- болон түүний өмгөөлөгч М.Амгалан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 201 дүгээр магадлалтай, Ө.И-өд холбогдох 1810007400741 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.И- болон түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” дээд сургуулийн биеийн тамирын багшийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сар хорих ял шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2 дугаар зүйлийг тус тус баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 160 цагийг эдэлж, 2018 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа, О овогт Ө-н И.

Ө.И- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Н.Г-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.И-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.И-өд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Ө.И-ийн биечлэн эдлэх ялыг нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.И-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгчийг өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, өмгөөлүүлэх цаг хугацаа, боломж нөхцөлөөр хангагдахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх Ө.И-ийн өмгөөлөгч н.Сайнбаяр шүүх хуралдаанд ирээгүй байхад, түүний өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, дээрх хуулийг хэрэглээгүйгээс түүний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн.

2. Дээрх хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр алдаатай гарч, Ө.И-өд 940 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албадан ажил хийлгэх ялыг 720 цагаас хэтрүүлж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ө.И-ийн учруулсан гэх хохирлын хэмжээ бүрэн нотлогдоогүй, нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй байхад илүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж хохирлын хэмжээг буруу тогтоосон гэж үзэж гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргав” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амгалан хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан үргэлжилсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Өмгөөлөгчийн гомдолд 940 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан гэсэн боловч нийт 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Анхан болон давж заалдах шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хяналтын шатны шүүх хэргийг хянах хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ө.И-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ө.И- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Н.Г-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.И-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Ө.И-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.И- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд сүүлд үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэдий ч өмнөх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн ялыг биечлэн эдлэх нь зүйтэй болно.

Түүнчлэн Ө.И-ийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр алдаатай гарсан гэж гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлтийг хангасан шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ө.И-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулан, шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хохирлын хэмжээг буруу тогтоосон” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 201 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ө.И-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалт буюу ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.И- болон түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН