Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/00064

 

 

 

 

 

 

 

 

 

                       2021          01            06

                                     101/ШШ2021/00064

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  Цэрэндоржийн Сувданчимэг -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “АО” -дхолбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, түүний өмгөөлөгч П.Б, Б.Э, гэрч Э.У, А.Э, П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.С нь “АО” СӨХ-д 2002 оноос өнөөдрийг хүртэл 18 жил тасралтгүй ажилласан байна. Тус 31 дүгээр байрны нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр орцуудыг тус тус цэвэрлэдэг. Тухайн байр нь 5 давхар бөгөөд 1 орцондоо 3-аас 4 оршин суугчтай нийт 4 орцны 65 орчим оршин суугчдын орон сууцны доторх болон гадна талын цэвэрлэгээг хариуцаж ажилладаг. Ажлын байрны хувьд хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байр гэдэг нь өдөр тутам ажил олгогчийн материалаар түүнээс олгосон зөвшөөрлийн дагуу тогтмол давтамжтайгаар хийдэг ажлын байрыг байнгын ажлын байр гэж хөдөлмөрийн хуульд тодорхойлсон байна. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны шатны цэвэрлэгээг 18 жилийн турш хийсэн тул байнгын ажлын байранд ажиллаж байсан гэх үндэслэлтэй байна. Байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Анх хөдөлмөрийн гэрээг байгуулсан бол тэтгэвэрт гарах хүртэл эсвэл ноцтой тухайн байгууллагад зөрчил учруулсан бол байгууллагын санаачилгаар буюу Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1. зааснаар тус тус ажлаас халах үндэслэл болно. “Ц.Сийг халсан “АО” СӨХ 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14-р тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгон оршин суугчдын өргөдөл гомдлыг үндэслэн тушаах нь 1 Баянзүрх дүүргийн 7-р хороо 17-р хороолол 31-р байрны нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр орцыг хариуцсан жижүүр, цэвэрлэгч Цэрэндорж овогтой Сувданчимэгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн жижүүр, цэвэрлэгчийн үүрэгт ажлаас нь халсугай захирал Ганзоригт” гэсэн хуулийн ганц заалтыг үндэслэл болгосон тушаал байна. Ажлаас халж байгаа үндэслэл нь 40.1.-т буюу оршин суугчдын гомдлыг үндэслэн ажлаас хал гэсэн заалт Хөдөлмөрийн хууль дээр байхгүй байна. Хэрвээ Ц.С зөрчил, дутагдал гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд тусгагдсан өөрөөр хэлбэл сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг заалт байдаг. хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Ц.С зөрчил гаргаж байсан бол сануулах, цалинг 20 хувиар бууруулсан арга хэмжээ авсан тушаал хавтас хэргийн материалд байхгүй байна. “АО” СӨХ-д хохирол учруулсан, ажлын хариуцлага алдсан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.1.2, 40.1.3-дугаар зүйлд тус тус заасан зөрчлүүд ажлаас халсан 14-р тушаал дээр тусгагдаагүй байна. Ц.Сийг ажлаас халах болсон сануулах арга хэмжээ авсан тушаал бусад арга хэмжээнүүд хавтас хэрэгт байхгүй байна. “АО” СӨХ жил болгон Ц.Сийг шагнаж урамшуулж байсан. Хэрвээ зөрчил дутагдал байсан бол шагнаж урамшуулахгүй байсан. Хариуцагчаас талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний ард хавсралт гэсэн хэсэг оруулж ирсэн байна. Тухайлбал хавсралт дээр “2018 оны 1 дүгээр сарын 03 өдөр, зөрчлийн утга, хурлын шийдвэр, гарын үсэг” гэсэн байна. Зөрчлийн утга гэдэг дээр “31-46 тоотоос орц цэвэрлэхээ больсон байна, байранд хүн хонодог болсон байна, жижүүр ердөө ажиллаа хийхгүй байна” гэсэн тэмдэглэл бичсэн байна энэ зүйлийг хэн ч бичиж болно. Мөн гарын үсэг зурах хэсэгт хуралд орсон хүмүүс гарын үсэг зурдаг юм уу, зөрчил гаргасан хүн Ц.С зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой юм уу. 2019 оны 08 дугаар сарын 30, 2019 оны 9 дүгээр сарын 16, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус зөрчил гаргасан гэсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийг хэн ч бичиж болно. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зөрчил гаргасан гэж тэмдэглэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн алдар одон медалиар шагнасан байна. Ажлаас халсан 14-р тушаал ямар ч үндэслэлгүй өөрөөр хэлбэл Ц.С зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна. Ц.Сийн хамтран амьдрагч этгээдийг архи дарс уусны төлөө ажлаас нь халах боломжгүй юм. Хамтран амьдрагч этгээдэд нь холбогдох байгууллагаас хариуцлага тооцсон шийдвэр байхгүй. Ц.Сийн хамтран амьдрагч “АО” СӨХ-той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй харин Ц.С хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Сийн ажлын хариуцлагын хувьд гомдол, санал байгаагүй.

Нэхэмжлэгч Ц.С нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “АО” СӨХ-д холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас халсан 14-р тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна. Ажлаас үндэслэлгүйгээр халсан 14-р тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 15, 12 дүгээр сарын 15, 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацааны цалин болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 450,000 төгрөг гэж бодоход 1,800,000 төгрөг гаргуулах хоёр шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.С  нь “АО” СӨХ-д 2002 онд ажилд ороогүй 2004 онд ажилд орсон. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14-р тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. “АО” СӨХ Ц.Стэй хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатайбайгуулсан, гэрээний хугацаа дууссан. Ц.С нь харилцаа муутай,  ёс зүйгүй.  Уг доголдол хүмүүжлийг нь засах гэж оролдсон мөн шагнаж, урамшуулдаг байсан. “АО” СӨХ нь долоо хоног бүрийн 1 дэх өдөр болгон хурал хийдэг. Уг хурлаар Ц.Сийн гаргасан зөрчлийг дүгнээд сануулга өгдөг байсан. Ц.С нь сүүлдээ хурлаа тасалдаг болсон. Би удаа дараа сануулж хэлдэг байсан. Ц.С “АО” СӨХ-той ойрхон байрладаг өрхийн эмнэлгийн эмч сувилагч нарыг үг хэлээр доромжилж байсны улмаас “АО” СӨХ-д гомдол ирсэн. Ц.Сийн хамтран амьдрагч нь байнга архи ууж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Үүнтэй холбоотой дуудлагыг цагдаагийн байгууллагад удаа дараа өгч байсан. Мөн оршин суугчдаас Ц.Стэй холбогдуулан гомдол гаргадаг. Хөдөлмөрийн гэрээний шаардлагыг хангаагүй тухайлбал гэрээний 5.2-т заасан хэсгийг ноцтой зөрчсөн. Ажлын байрандаа хүмүүс цуглуулж, архидан согтуурдаг.  14-р тушаалын хувьд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, дотоод журам, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг, удаа дараагийн захиргааны зөрчил зэргийг үндэслэл болгосон. Иймд ажилтан Ц.С нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Ц.Сийн хууль бус эзэмшлээс 31 дүгээр байрны 3 дугаар орцны подваль чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

  Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “АО” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан “АО” сууц өмчлөгчдийн холбооны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс подвалын өрөө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаас, хариуцагч нь хууль бус эзэмшлээс подвалын өрөө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан.

 

Хариуцагч “АО” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Ц.Сийг 2004 онд жижүүр, үйлчлэгчийн албан тушаалд авч ажиллуулсан, ажилтан нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны  өдөр хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан үйл баримтад зохигчид маргаагүй, тайлбарласан.

 

“АО” сууц өмчлөгчдийн холбооны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Оршин суугчдын өргөдөл гомдлыг тус тус үндэслэн Ц.Сийг  Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцны жижүүр, үйлчлэгчийн үүрэгт ажлаас тус өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба  тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Ц.С нь зан харьцааны хувьд доголдолтой, түүний хамтран амьдрагч нь байнга архидан согтуурч оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь ноцтой зөрчил болсон. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь ажилтан Ц.Сийг ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч уг тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан. Гэвч ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна.

 

Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх журамтай.

Гэвч хариуцагч “АО” сууц өмчлөгчдийн холбоо нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Ц.Сийн ажиллах ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлоготой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцох талаар тодорхой нэрлэн зааж тохиролцоогүй байна.

 

Хариуцагч нь ажилтаны ноцтой зөрчил гэж үзэж буй үндэслэлээ “...хамтран амьдрагч Ц.Б нь байнга архидан согтуурдаг” гэж тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Хамтран амьдрагчийн гаргасан гэх үйлдлийг ажилтан Ц.Ст хамаатуулж, уг үйлдийг ажилтаны гаргасан ноцтой зөрчил гэж үзэж, уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч “АО” сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгч Ц.Сийг удаа дараа зөрчил гаргасан гэх боловч үүнтэй холбоотой баримтгүй байна. Ажилтаныг зөрчил гаргасан талаархи хэрэгт цуглуулж өгсөн  оршин суугчдаас гаргасан гэх гомдол нь 2018-2019 оны баримтууд байна. /хх-ийн 65-73 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Гэтэл оршин суугчдаас гаргасан өргөдөл, гомдлын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн бол уг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчөөс жижүүр, үйлчлэгчийн албан тушаалыг байнгын ажлын байр гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан.

 

Гэтэл ажил олгогч “АО” сууц өмчлөгчдийн холбоо нь ажилтан Ц.Стэй хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн байна. Иймд хариуцагчаас гаргасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын татгалзал нь үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Ц.Сийг Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцны жижүүр, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгчийн “АО” сууц өмчлөгчдийн холбооны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд хэн аль нь ажилтныг сард хөдөлмөрийн хөлсний тоод хэмжээгээр цалин авдаг үйл баримтад маргаагүй.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон нь нийтэд илэрхий баримт байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АО” сууц өмчлөгчдийн холбооноос ажилтан Ц.Ст ажилгүй байсан хугацааны олговорт 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл  1,260,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 210,000 төгрөг, нийт 1,470,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь Ц.Сийн хууль бус эзэмшлээс 31 дүгээр байрны 3 дугаар орцны подваль чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус шүүхийн хэлэлцүүлэгт татгалзсан. Иймд шүүх зохигчдын татгалзсан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалт, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Сийг Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцны жижүүр, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч АО” сууц өмчлөгчдийн холбооноос 1,470,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хариуцагч АО” сууц өмчлөгчдийн холбоо нь Ц.Сийн хууль бус эзэмшлээс 31 дүгээр байрны 3 дугаар орцны подваль чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-н гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар хариуцагч АО” сууц өмчлөгчдийн холбооноос 38,470 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч АО” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ