Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00419

 

Ц.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00064 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Сийн хариуцагч “А.О” СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганзоригт, хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь “А.О” СӨХ-нд 2002 оноос өнөөдрийг хүртэл 18 жил тасралтгүй ажилласан ба 31 дүгээр байрны нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр орцуудыг тус тус цэвэрлэдэг. Тухайн байр нь 5 давхар бөгөөд 1 орцондоо 3-аас 4 оршин суугчтай нийт 4 орцны 65 орчим оршин суугчдын орон сууцны доторх болон гадна талын цэвэрлэгээг хариуцдаг. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны шатны цэвэрлэгээг 18 жилийн турш хийсэн тул байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй. “А.О” СӨХ-ны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар Ц.Сийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгон оршин суугчдын өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас нь халсан байна. Хэрвээ Ц.С зөрчил, дутагдал гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авах боломжтой байсан. “А.О” СӨХ жил болгон Ц.Сийг шагнаж урамшуулж байсан. Хэрвээ зөрчил дутагдал байсан бол шагнаж урамшуулахгүй байсан. Мөн Ц.Сийн хамтран амьдрагч этгээдийг архи дарс уусны төлөө Ц.Сийг ажлаас нь халах үндэслэлгүй. Иймээс ажлаас үндэслэлгүйгээр халсан 14-р тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 15, 12 дүгээр сарын 15, 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацааны цалин болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 450 000 төгрөг гэж бодоход 1 800 000 төгрөг гаргуулах хоёр шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь “А.О” СӨХ-д 2002 онд ажилд ороогүй 2004 онд ажилд орсон. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14-р тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. “А.О” СӨХ Ц.Стэй хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан. Ц.С нь харилцаа муутай, ёс зүйгүй. “А.О” СӨХ нь долоо хоног бүрийн 1 дэх өдөр болгон хурал хийдэг. Уг хурлаар Ц.Сийн гаргасан зөрчлийг дүгнээд сануулга өгдөг байсан. Ц.Сийн хамтран амьдрагч нь байнга архи ууж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Үүнтэй холбоотой дуудлагыг цагдаагийн байгууллагад удаа дараа өгч байсан. Мөн Ц.С нь Хөдөлмөрийн гэрээний шаардлагыг хангаж ажиллаагүй. Тухайлбал гэрээний 5.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Ажлын байрандаа хүмүүс цуглуулж, архидан согтуурч байсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн дотоод журам, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг, удаа дараагийн захиргааны зөрчил зэргээр нотлогдоно. Иймд ажилтан Ц.С нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Сийн хууль бус эзэмшлээс 31 дүгээр байрны 3 дугаар орцны подваль чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Сийг Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцны жижүүр, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “А.О” сууц өмчлөгчдийн холбооноос 1 470 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хариуцагч “А.О” сууц өмчлөгчдийн холбоо нь Ц.Сийн хууль бус эзэмшлээс 31 дүгээр байрны 3 дугаар орцны подваль чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар хариуцагч “А.О” сууц өмчлөгчдийн холбооноос 38 470 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “А.О” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг хянан хэлэлцэх явцад шаардлагатай нотлох баримтууд өгөхдөө Хөдөлмөрийн дотоод журмыг орхигдуулсан байна гэж нотлох баримт шинжлэн судлахаас өмнө өгөх гэхэд шүүх хуралдаан даргалагч хүлээн авахгүй гэж хуульд заасан журмыг зөрчсөн. Мөн Жижүүр, үйлчлэгч Ц.С удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэн, оршин суугчдаас худал хэлж мөнгө зээлж авчихаад өгдөггүйгээс оршин суугчид СӨХ-ны удирдлага санхүүд хандаж Ц.Сийн цалингаас нь суутгаж авч өг гэж өргөдөл бидний ажилд хүндрэл чирэгдэл учруулдаг, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Мөн оршин суух тодорхой хаяггүй Ц.Батболд гэгчийг СӨХ-ны ажлын байранд орогнуулж архидан согтууруулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулан, цагдаагийн байгууллагад 34 удаа дуудлага өгч байсан зэрэг буруутай үйлдлүүдээс нь тодорхой харагдаж байна. Мөн Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Ц.Ст танилцуулж гарын үсэг зуруулсан байхад шүүх ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь хэтэрхий нэг талыг барьцсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.С нь “А.О” СӨХ-ны ажлын байранд үнэ төлбөргүй амьдран суудаг тул түүнд олгох цалинг 300 000 төгрөгөөр тохирсон нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулсан гэж дүгнэх нь үндэслэлгүйгээс гадна Ц.С нь ажилгүй байсан хугацааны цалин авна гэж нэхэмжлээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар ажилгүй байсан хугацааны цалин 1 470 000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “А.О” СӨХ-нд холбогдуулан “А.О” СӨХ-ны даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс подвалын өрөө чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гарган маргажээ. /хх1-2, 24-25, 30-31/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага, хариуцагч нь хууль бус эзэмшлээс подвалын өрөө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаас тус тус татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. /хх40-41, 99/

 “А.О” СӨХ нь Ц.Сийг 2004 онд жижүүр, үйлчлэгчийн албан тушаалд авч ажиллуулсан бөгөөд “А.О” СӨХ-ны даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Оршин суугчдын өргөдөл гомдлыг тус тус үндэслэн түүнийг орцны жижүүр, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж заасан.

Ажил олгогч нь дээрх тушаалын үндэслэлээ “ажилтан ноцтой зөрчил гаргасан ...оршин суугчдын өргөдөл гомдлыг үндэслэсэн...” гэж тайлбарласан боловч хариуцагч байгууллага нь Ц.Сийн гаргасан гэх зөрчлийг хэрхэн олж тогтоосон эсэх, ямар ажиллагаа хийсэн болох нь тодорхойгүй буюу энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн хөдөлмөрийн гэрээний талууд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг харилцан тохиролцож гэрээнд нэрлэн заасан байх журамтай атал хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймээс, нэхэмжлэгч Ц.Сийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалин хөлсийг 300 000 төгрөг байхаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, нөгөө талаар шүүх хуралдаан дээр зохигчид хэн аль нь ажилтныг сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг үйл баримтад маргаагүй учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу сард 420 000 төгрөгөөр тооцож, нийт 1 470 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч “ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлээгүй байхад шүүх санаачлагаар олгож шийдвэрлэсэн” гэх гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч 2020 оны 12 сарын 03-ны өдөр 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл цалинг олгож өгөхийг хүссэн, шүүхийн хэлэлцүүлэгт энэ шаардлагаа дэмжсэн байхаас гадна ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох нь буруу халснаас ажилтанг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосны үр дагаврыг арилгахтай холбоотой тул шүүх буруу халсан үеийн олговорыг хариуцагч байгуууллагаас гаргуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Ц.Сийг “А.О” СӨХ-ийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцны жижүүр, үйлчлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00064 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 470 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                       Б.НАРМАНДАХ