Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 01566

 

    “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэртэй, “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох

 214 774 023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Я” ХХК нь “Х” ХХК-иас БНСУ-д 2012 онд үйлдвэрлэсэн Хьюндай үйлдвэрийн R480LC-9S маркийн экскаваторыг 339 900 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 73000038 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, гэрээний төлбөр 339 900 ам.доллар нь Монгол банкны ханшаар 1 392,30 төгрөгийн ханшаар тооцож, 473 242 770 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 142 000 677 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 331 242 093 төгрөгийн төлбөрийг 35 сарын хугацаатай, 30 хоногт 1.45 хувийн хүүтэй төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.

Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөөс 171 160 994 төгрөгийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж нийт 313 161 671 төгрөгийг Х ХХК-д төлж барагдуулсан байна. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас улс орон даяар эдийн засгийн бодит хямрал болж үйл ажиллагаанд хүндрэл гарч байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор төлбөрийн 66,17 хувийг төлсөн байна. Тус механизмыг бид худалдан авснаас хойш 1170 мото/цаг ажилласан бөгөөд энэ нь тус механизмын хувьд маш бага ажилласан шинэ механизмд тооцогддог юм. Хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгчээс хангуулахдаа хууль болон гэрээнд заасан журмын зохицуулалтыг зөрчин, гэрээний зүйлийг 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түр хураан авах тухай мэдэгдэж, 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн акт, баримт бичиг үйлдэлгүйгээр дур мэдэн хураан авч явсан.

Улмаар гэрээний зүйлийг дахин үнэлгээ хийлгээгүй, хэрхэн захиран зарцуулсан талаар бидэнд хариу мэдэгдэхээс татгалзаж гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн болно. Манай компани механизмын төлбөрт 313 161 671 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар механизм, төлсөн төлбөргүй хохирч байна. Иймд хариуцагч Х ХХК-аас техникийн үндсэн өртөгт төлсөн 214 774 023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулгаас харахад зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд санхүүгийн түрээс нь бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх харилцаа учраас нэхэмжлэгч нь манай компанид түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээдэг. Үүнийг бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах, худалдан авах харилцаанаас ялгаж ойлгох нь зүйтэй. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна” гэж заасны дагуу талууд гэрээний 1.6-д гэрээний хугацаанд автомашины өмчлөгч нь Х ХХК байна гэж тодорхой заасан. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргаан байхгүй тул манай компани Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй. Нөгөө талаас, гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс төлсөн мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан түрээслэгчийн үүргийн дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацаанд төлсөн түрээсийн төлбөр тул түүнийг буцаан шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 142 000 677 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 72 773 346 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 231 820 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 867 953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж эхэлсний дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байсан нь Я ХХК-ийн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлагыг хангаагүй нь тодорхой болсон тул уг нэхэмжлэлийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг буюу шинээр нотлох баримт шаардагдвал нэг удаа хойшлуулж болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодруулахыг хэлэхгүй. Нөгөө талаас, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хуульд заагаагүй үндэслэлээр хойшлуулж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зуйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж олж байгаа гэж үзэх тул энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй нь тогтоогдсон бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан бөгөөд энэ талаар миний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгт  "Хариуцагч "Х" ХХК нь түрээсийн зүйлийг худалдан авахдаа эд хөрөнгийн үнийн 30 хувь буюу 101 990 ам.долларыг түрээслэгч Я ХХК-иар төлүүлсэн байна" гэж буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шаардсанаар нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийн үнийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг "Хера экуйпмент" ХХК-д төлсөн гэж дүгнэсэн. Хэргийн 45 дахь талд авагдсан баримт болон "Хера экуйпмент" ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахаас өмнө "Хера экуйпмент" ХХК-тай "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж уг гэрээний үндсэн дээр 101 990 ам.долларыг "Хера экуйпмент" ХХК-д шилжүүлсэн хэргийн 74 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 95 268 000 төгрөгийг уг гэрээний дагуу "Хера экуйпмент" ХХК-д шилжүүлсэн байдаг. Дээрх баримтаас харахад нзхэмжлэгч нь "Хера экуйпмент" ХКК-д төлсөн төлбөрийг хариуцагчийн шаардлагаар төлөөгүй буюу хариуцагч 101 990 ам.долларыг "Хера экуйпмент” ХХК-д төлөхийг шаардаагүй болох нь тогтоогдсон. Нөгөө талаас, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч нь өөрсдөө эхлээд "Хера экуйпмент" ХХК-тай гэрээ байгуулж, уг компанид төлбөр төлсөн, хариуцагчийн шаардлагаар төлбөр төлөөгүй гэдэг нь тусгагдсан байгаа. Харин нэг чухал үйл баримтыг шүүх дүгнэж чадаагүй нь нэхэмжлэгч нь хариуцагчийг шаардаагүй байхад 101 990 ам.долларыг "Хөра экуйпмент" ХХК-д төлсөн, төлсөн төлбөрөө уг компаниас шаардах боломжгүй тул хариуцагчаас нэхэмжилнэ гэдэг үндэслэлгүй тайлбарт дүгнэлт өгөөгүй. Шүүхэд "Хера экуйпмөнт" ХХК-иас ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгчээс уг компанид "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу төлбөр төлсөн боловч гэрээний зүйлийг хариуцагчид худалдах талаар мэдэгдэхэд аливаа санал гараагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ" дуусгавар болсон нь тогтоогддог. Шүүх “Хариуцагч Х ХХК нь түрээсийн зүйлийг худалдан авахдаа эд хөрөнгийн үнийн 30 хувь буюу 101 990 ам.долларыг түрээслэгч Я ХХК-иар төлүүлсэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нөгөө талаас санхүүгийн түрээсийн харилцаа үүсэхэд түрээсийн зүйлийн үнэ 237 910 ам.доллар байсан нь баримтаар тогтоогдож байна. Шүүхийн "Хариуцагч Х ХХК нь түрээсийн зүйлийг худалдан авахдаа эд хөрөнгийн үнийн 30 хувь буюу 101 990 ам.долларыг түрээслэгч Я ХХК-иар төлүүлсэн байна" гэсэн дүгнэлт нь нотлох баримтаар буруу гэдэг нь тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалт хэрэглэгдэхгүй буюу дүгнэлт нь буруу байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлгүй юм.

Хариуцагчаас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг дурдсан боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцааны талаар үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөв хэрэглэсэн боловч нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой тооцооны алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсийн зүйлийн өртөг 214 774 023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар хариуцагч нь 339 900 ам.долларын /473 242 770 төгрөг/ үнэ бүхий экскаваторыг нэхэмжлэгчид шилжүүлж, урьдчилгаа 101 990 ам.доллар /142 006 677 төгрөг/-ыг “Хера экуйпмэнт” ХХК-д төлүүлэх, үлдэгдэл төлбөрийг санхүүгийн түрээсийн журмаар төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон байна. Хариуцагч урьдчилгаа төлбөр 142 000 677 төгрөгийг аваагүй, харин санхүүгийн түрээсийн төлбөрт 111 922 ам.доллар төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан хариуцагч Х ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас гэх баримтаар нэхэмжлэгч Я ХХК түрээсийн төлбөр төлөөгүйтэй холбоотойгоор хариуцагч Х ХХК нь мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учраас гэрээний зүйлийг хурааж авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-48/

Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсантай холбоотойгоор, төлөгдсөн түрээсийн төлбөрөө буцаан шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгтэй нийцжээ.

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Х ХХК урьдчилгаанд төлсөн төлбөрийг төлөх ёстой. Ийнхүү төлөх төлбөрийг шүүх 101 990 ам.доллар буюу 142 000 677 төгрөг гэж дүгнэсэн нь буруу. Тиймээс хэрэгт авагдсан түрээсийн зүйлийн урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 95 268 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119 506 023 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан боловч хэргийг хэлэлцэж дуусах шатанд шүүх хуралдааныг хойшлуулсан нь алдаатай болсон боловч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтаар нөгөө талд урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үүрэг үүссэн, түүнчлэн 30 хувийн төлбөрийн асуудал экскаваторын үнэд шингэсэн учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан нөхцлүүдийг шүүх зөв хэрэглэсэн гэж үзэх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “142 000 677” гэснийг “95 268 000” гэж, “72 773 346” гэснийг “119 506 023” гэж, 2 дахь заалтад “867 953” гэснийг “634 290” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 897 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА