Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01803

 

“Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1566 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

214 774 023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Я” ХХК нь “Х” ХХК-иас БНСУ-д 2012 онд үйлдвэрлэсэн Хьюндай үйлдвэрийн R480LC-9S маркийн экскаваторыг 339 900 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 73000038 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, гэрээний төлбөр 339 900 ам.доллар нь Монгол банкны ханшаар 1 392,30 төгрөгийн ханшаар тооцож, 473 242 770 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 142 000 677 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 331 242 093 төгрөгийн төлбөрийг 35 сарын хугацаатай, 30 хоногт 1.45 хувийн хүүтэй төлж, барагдуулахаар харилцан тохиролцсон болно.

Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөөс 171 160 994 төгрөгийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, нийт 313 161 671 төгрөгийг “Х” ХХК-д төлж барагдуулсан байна. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас улс орон даяар эдийн засгийн бодит хямрал болж үйл ажиллагаанд хүндрэл гарч байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор төлбөрийн 66,17 хувийг төлсөн байна. Тус механизмыг бид худалдан авснаас хойш 1170 мото/цаг ажилласан бөгөөд энэ нь тус механизмын хувьд маш бага ажилласан шинэ механизмд тооцогддог юм. Хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгчээс хангуулахдаа хууль болон гэрээнд заасан журмын зохицуулалтыг зөрчин, гэрээний зүйлийг 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түр хураан авах тухай мэдэгдэж, 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн акт, баримт бичиг үйлдэлгүйгээр дур мэдэн хураан авч явсан.

Улмаар гэрээний зүйлийг дахин үнэлгээ хийлгээгүй, хэрхэн захиран зарцуулсан талаар бидэнд хариу мэдэгдэхээс татгалзаж гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн болно. Манай компани механизмын төлбөрт 313 161 671 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар механизм, төлсөн төлбөргүй хохирч байна.

Иймд хариуцагч “Х” ХХК-иас техникийн үндсэн өртөгт төлсөн 214 774 023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн агуулгаас харахад зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд санхүүгийн түрээс нь бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх харилцаа учраас нэхэмжлэгч нь манай компанид түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээдэг. Үүнийг бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах харилцаанаас ялгаж ойлгох нь зүйтэй. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна” гэж заасны дагуу талууд гэрээний 1.6-д гэрээний хугацаанд автомашины өмчлөгч нь “Х” ХХК байна гэж тодорхой заасан. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргаан байхгүй тул манай компани Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн зүйлийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.

Нөгөө талаас, гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс төлсөн мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан түрээслэгчийн үүргийн дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацаанд төлсөн түрээсийн төлбөр тул түүнийг буцаан шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 142 000 677 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Я” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 72 773 346 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 231 820 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 867 953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1566 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “142 000 677” гэснийг “95 268 000” гэж, “72 773 346” гэснийг “119 506 023” гэж, 2 дахь заалтад “867 953” гэснийг “634 290” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 897 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг төлөх ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн ба харин урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “...30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний 101 990 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг” төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү үйл баримт нь “Хера Экуйпмент” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/169 дугаар албан бичигт “...гэрээний урьдчилгаа төлбөрт 101 990 ам.доллар авч үлдэгдэл төлбөрийг...” гэж, хариуцагчийн 30 хувийг бид аваагүй гэсэн хариу тайлбар, хариуцагчтай байгуулсан гэрээ зэргээр тус тус нотлогдож байна. Энэхүү урьдчилгаа төлбөрийн тухай нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй, урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч дутуу, эсвэл огт төлөөгүй, хууран мэхэлсэн зэрэг үйл баримт байхгүй ба харин урьдчилгаа төлбөрийг хариуцагчийн шаардлагаар нэхэмжлэгчээр төлүүлсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдож байгаа тул урьдчилгаа төлбөрт төлсөн 142 000 677 төгрөгийг хариуцагчаас бүрэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг “Х” ХХК аваагүй, харин “Х” ХХК нь түрээсийн төлбөрт 111 922 ам.доллар төлсөн бөгөөд энэ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний үнэ буюу санхүүгийн түрээсийн төлбөрт хамаарах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т “...эсхүл худалдан авах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүх “санхүүгийн түрээсийн гэрээ” гэсэн нэр бүхий талуудын байгуулсан дээрх гэрээг зөв тодорхойлж чадаагүй нь алдаатай болсон тул хяналтын шатны шүүх зөвтгөж дүгнэх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт байгаа баримтууд болон талуудын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний тохиролцоог үзвэл, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаанд 101 990 ам.доллар, хариуцагч үлдэгдэл 237 910 ам.долларыг тус тус төлсөн буюу “Х” ХХК-иас мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь мөнгийг ашиглаж, 35 сарын хугацаатай, 30 хоногт 1,45 хувийн хүүтэй буцааж төлөх зээлийн үүрэгт тоног төхеөрөмж барьцаалсан тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д тус тус заасан зээлийн болон барьцааны гэрээ гэж үзэж байна.

“Хера Экуйпмент” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/169 дүгээр албан бичигт дурдсанаар, дээрх барьцааны зүйл Хьюндай үйлдвэрийн R480LC-9S маркийн экскаваторыг 339 900 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр “Я” ХХК нь “Хера Экуйпмент” ХХК-тай зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулж худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу “Х” ХХК-д барьцааны эрх шилжсэн нь гэрээ, албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн cap бүр төлөх төлбөрийг хожимдуулсан гэх үндэслэлээр хариуцагч барьцааны зүйлийг хураан авсан буюу барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёcoop биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “Х” ХХК нь гэрээгээ цуцлахаас өмнө барьцааны зүйлийг хураан авсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-т заасныг зөрчсөн, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Иргэний хуулийн 159-164 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг цуцлах хүртэл өөрийн биелүүлээгүй үүргийг хасаж тооцсон, “Х” ХХК нь энэхүү тооцоололтой холбоотой маргаан үүсгээгүй, барьцааны зүйлийн үнэлгээ хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь 72 773 346 төгрөгийн хохирлыг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “Х” ХХК-иас нийт 214 734 023 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэдгийг тогтоосон бол энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэсэн үг. Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш хуульд заагаагүй үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийж байгаа нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай танилцах боломжийг олгоогүй, энэ талаар хариу тайлбар хийх эрхийг хязгаарласан үйлдэл бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл юм. Нөгөө талаас, нэхэмжлэлийн шаардлага тодруулах буюу нэхэмжлэлийн үнийн дүн нь ямар ямар төлбөрөөс бүрдэж байгааг ойлгомжтой байдлаар ирүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч энэ нь ямар ч үр дүнгүй, шүүх хуралдаан даргалагч болон хариуцагч ч ойлгоогүй байсаар шүүх шийдвэрээ гаргасан.

Давж заалдах гомдолд дурдсан “Хариуцагч нь нэхэмжлэгчээр урьдчилгаа төлбөр төлүүлсэн” гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр гэхийг ямар хүсэл зоригийн илэрхийллээр, ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр хэнд шилжүүлсэн болохыг огт тогтоогоогүй. Хэргийн 45 дахь талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэхдээ урьдчилгаа төлбөр гэхийг “Хера Экуйпмент” ХХК-д төлчихсөн байсан нь тогтоогдох бөгөөд энэ нь ямар харилцааны үндсэн дээр төлөгдсөн болох нь хариуцагчийн хүсэлтээр “Хера Экуйпмент” ХХК-иас гаргуулж авсан тайлбараар мөн тогтоогдоно.

Нэхэмжлэгч нь “Хера Экуйпмент” ХХК-тай бизнесийн байнгын харилцаатай байсан гэдэг нь хэрэгт авагдсан олон тооны гэрээ, хэлцлээс харагдах бөгөөд давж заалдах шатны шүүх ямар баримтыг хэрхэн үнэлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “95 268 000 төгрөг” гэсэн өөрчлөлт оруулсан талаараа мөн л дурдаагүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь дурдсаны дагуу хариуцагчтай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах зорилгоор төлбөр шилжүүлсэн үү, эсвэл бусад гэрээний үндсэн дээр шилжүүлсэн төлбөр үү гэдгийг нягталж үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.                                                     

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангах хэмжээг багасгасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Зохигчийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагджээ. Гэрээгээр хариуцагч “Х” ХХК нь 339 900 ам.долларын үнэ бүхий экскаваторыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч “Я” ХХК нь урьдчилгаанд экскаваторын худалдагч “Хера Экуйпмент” ХХК-д 101 990 ам.доллар төлөх, үлдэгдэл төлбөрийг “Х” ХХК-д санхүүгийн түрээсийн журмаар төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д санхүүгийн түрээсийн төлбөрт 111 922 ам.доллар төлсөн боловч төлбөрийг тасалдуулан бүрэн төлөөгүй тул хариуцагч 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч “Я” ХХК-иас “Хера Экуйпмент” ХХК-д төлсөн урьдчилгаа төлбөрийг анхан шатны шүүх 101 990 ам.доллар гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 95 268 000 төгрөг гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Тухайн эрх зүйн маргааны оролцогч биш “Хера Экуйпмент” ХХК нь 339 900 ам.долларын төлбөрөөс гэрээний урьдчилгааны 101 990 ам.долларыг “Я” ХХК-иас, үлдэх 237 910 ам.долларыг “Х” ХХК-иас авч, экскаваторыг “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болохоо шүүхэд тодорхойлсон байна. “Я” ХХК-иас урьдчилгаанд авсан гэж худалдагч “Хера Экуйпмент” ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн 101 990 ам.долларыг нэхэмжлэгч ямар хэлбэрээр төлсөн болохоос үл хамааран энэхүү төлбөр экскаваторын үнэд шингэсэн бөгөөд хариуцагч “Х” ХХК гэрээний зүйл болох эд хөрөнгийг өмчлөлдөө авсан учир энэ үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “Хера Экуйпмент” ХХК-д зөвхөн 95 268 000 төгрөг төлсөн гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан тул  санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

   Нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангуулах тухай нэхэмжлэгчийн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1566 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 634 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 755 480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА

      ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН