Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01252

 

П.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалтай,

П.Бий нэхэмжлэлтэй

“УХ” ХХК-д холбогдох

Бараа солилцоогоор худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414,754,666.17 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз жи 500 4x4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. П.Б нь “УХ” ХХК-д холбогдуулан Бараа солилцоогоор худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414,754,666.17 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз жи 500 4x4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан УХ ХХК-аас 236,167,627 төгрөгийг гаргуулж П.Бд олгож, нэхэмжлэгчийн 178,587,039.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д баримтлан П.Бэс 39,710,400 төгрөг гаргуулж УХ ХХК-д олгож, УХ ХХК-ийн П.Бтэй байгуулсан гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,338,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 356,502 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,384,420 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,100872 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан “УХ” ХХК-аас 16,289,526 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 398,465,140.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 89.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б, хариуцагч “УХ” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа солилцоогоор худалдах гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч “УХ” ХХК-ийн гаргасан Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгох, автомашины үнэд илүү төлсөн 117,283,091.6 төгрөг, улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 2,389,920 төгрөгөөс 2,231,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158,197 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас төлсөн 1,100,872 төгрөгөөс 1,013,117 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 87,755 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “УХ” ХХК-аас 239,398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд, П.Бэс 70,200 төгрөг гаргуулж “УХ” ХХК-д тус тус олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,249,437 төгрөг, хариуцагч “УХ” ХХК-аас төлсөн 1,925,206 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дэх хэсэгт "... Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана ...” мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...” бол хяналтын журмаар гомдол гаргахаар хуульчилжээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргалдагч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээ гэж дүгнэсэн. Түүнчлэн Арилжааны гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг нэгэн адил хэрэглэх зохицуулалттай билээ. Гэхдээ хуулийн агуулга, зохицуулалт, энэхүү маргаанд хэрэглэж буй байдал илтэд зөрүүтэй байж улмаар манай компанийг ноцтой хохироолоо. Иргэний хуулийн Арилжааны эрх зүйн зохицуулалт дараах байна. Үүнд: 274.1.-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. 274.2.Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч. арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. 274.3.Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. 275 дугаар зүйл. Арилжих хөрөнгийн үнийн зөрүүг тооцох, 275.1 .Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд гэрээ, хэлцэл байгуулахад илэрхийлэх хүсэл зоригийн талаар зохицуулсан ба хуулийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх. шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэн тайлбарлавал тухайн үед нэхэмжлэгч тал тухайн автомашиныг 300.000 еврогоор худалдах гэрээ байгуулж, 300,000 евроны оронд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжлэх эрх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй улаан буудайг өгөхийг зөвшөөрсөн нь хариуцагчийн гэрээ байгуулах санал, эрмэлзэл, хууль зүйн үр дагавар үүсгэх түүний өөрийн хүсэл зориг хэмээн ойлгож, хүлээж авсны үндсэн дээр талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл буюу Бараа солилцоогоор худалдах гэрээг байгуулсан гэж үзэж байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондын арилжаа наймаанд “бүдүүлгээр” халдсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Арилжааны гэрээний зохицуулалтын арилжиж буй зүйлийн үнэ тогтоох асуудалд талуудын чөлөөт байдлыг хүндэтгэж хандсан байхад давж заалдах шатны шүүх нэг зохицуулалт хэрэглэж байгаа атлаа үнийг дур мэдэн өөрчилсөн. Бид үнийг Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заасны дагуу гэрээгээр тогтоосон. Ер нь миний бие машины үнийг 2 тэрбум ч гэж тогтоож болно. Худалдан авагч зөвшөөрсөн нөхцөлд энэ нь бидний л асуудал. Эсхүл миний бие 100 төгрөгөөр ч зарж болно. Миний бие машины үнийг 300.000 еврогоор тогтоосон шалтгаан нь миний унах дуртай машиныг найз. нөхрийн шугамаар гуйсаар байгаад авсан. миний сэтгэл шингэсэн машин байсан. нөгөө талаар брабус тоноглолтой, 1111 гэсэн улсын дугаартай машин байсан бөгөөд би машиныхаа үнэ цэн, нэр төрийн баталгаа, дээр нь бизнес талаасаа ашиг харж ийнхүү үнэлсэн. Энэ бол миний сонголт, эрх чөлөөний асуудал юм. Тухайлбал 1111 улсын дугаар нь онцгой дугаар болохын хувьд автотээврийн үндэсний төвийн дуудлага худалдаагаар 200 орчим сая төгрөгийн үнэд хүрдэг дугаар юм. Давж заалдах шатны шүүхээс үнийг өөрчилж буй шалтгаанаа Иргэний хуулийн 58 дугаар дугаар зүйлийн 58.3.1-д “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн", 58.3.2-д “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн" гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн. Дээр дурдсанчлан Арилжааны гэрээнд Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх зохицуулалттай. Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн доголдолгүй машиныг худалдан авагчид шилжүүлсэн. улмаар энэ нь арилжааны гэрээний хэлбэрээр солилцсон болохыг дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн доголдолтой буюу брабус тоноглолгүй эд хөрөнгийг Арилжааны гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна гэж үзсэн. Миний бие хуулийг буруу ойлгосон байж болох ч дараах хууль хэрэглээний ноцтой алдаа гарч байна. Ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж байгаа бол түүний үр дагаврыг арилгахдаа Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-г “Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна" гэж заасны дагуу буюу ерөөсөө ийм “наймаа” анхнаасаа хийгдээгүй гэж үзэж өгсөн авсан зүйлээ харилцан буцаах зохицуулалттай. Гэтэл манай компанид зөрүү гэх 16 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэж байгаа нь логикийн алдаатай байна. Хэрэв давж заалдах шатны шүүхийн үзэж байгаачлан ноцтой төөрөгдсөн хэмээгээд өгсөн авсан зүйлээ буцаах ур дагавар үүсвэл хариуцагчийн 5 жил унаж, чанар байдал дордсон. хуучирсан авто машиныг надад 01 оо,ц харин миний бие одоогийн ханшаар буюу асар ондор ханшийн зөрүүний алдагдал хүлээж машин худалдсаныхаа төлөө өр төлбөрт ороод дуусахаар маш ноцтой хууль зүйн дүгнэлт хийж байгаад харамсаж байна. Талуудын хоорондын арилжааны зүйлийн үнэ анхнаасаа тодорхой байсан бөгөөд гэрээнд шууд, илэрхий ойлгомжтой заасан. Нэхэмжлэгч талын үндсэн нэхэмжлэл хийгээд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь машины үнэ хэдэн төгрөг болохыг тогтоолгохыг давж заалдах шатны шүүхээс хүсээгүй. Тэгээд ч шүүх машины үнийг тогтоох чиг үүрэгтэй, мэргэжлийн байгууллага ч биш. Шүүх нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг шаардлагаас өөр, нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг шийдсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон гомдолд дурдсан асуудлын хүрээнд шүүхийн шийдвэр гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн санаа нь бидний ойлгосноор худалдан авагч үнийн талаар ноцтой төөрөгдсөн байна. Брабус тоноглолтой гэж бодоод 300.000 еврогоор авсан боловч "хачир” дээрээ 180,000 евро байсан байна. Нэгэнт машины үнэ 180.000 евро тул түүнтэй холбоотой гарсан зардлуудыг нэмээд машин 622,193,326 төгрөгийн үнэтэй байх ба худалдан авагчийн төлсөн мөнгө 605,903.800 төгрөгийг хасаад зөрүү 16 орчим сая төгрөгийг худалдан авагчид төл гэжээ. Төөрөгдлийн шалтгаан нь брабус тоноглол гэжээ. Юуны өмнө бодит фактыг зөвөөр ойлгох нь чухал юм.  Үүнд: 1. Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бараа солилцоогоор худалдах гэрээний удиртгал хэсэгт, хоёрдугаар догол мөрөнд “...автомашины одоо байгаа чанар байдалтайгаар нийлүүлэх..." гэж заасан. Энэхүү гэрээгээр Брабус тоноглолын талаар огт дурдаагүй. Л.Ц миний машиныг хараад л таалагдлаа авъя л гэсэн. Брабус гэж гэрээнд огт дурдаагүй байхад шүүх яагаад хариуцагч талын ор үндэсгүй, төлбөр төлөхөөс илэрхий зайлсхийсэн үйлдлийг өөгшүүлж байгааг бид ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2020.06.17-ны огноотой Брабус компанийн албан бичигт: “Дээр дурдсан Мерседес-Бенз G500 4x4 Германы Bottropt манай үйлдвэр дээр анхдагч Brabus тоног төхөөрөмжөөр өөрчилсөн болохыг бид баталгаажуулж байна. Тээврийн хэрэгсэл нь 2016 оны 5 дугаар сард илгээгдсэн болно” гэжээ. Өөрөөр хэлбэл брабус тоноглолтой байхад нь худалдан авагч өөрөө хараад, үзээд худалдаж авсан. 2. Энэ машиныг миний бие 2 орчим жил Монгол Улсад унаж эдэлж, хэрэглэж байх явцад худалдан авагч шохоорхож гуйсны үндсэн дээр би зарсан. Бид хэзээнээс нэгнийгээ таних бизнесийн хамтрагч хүмүүс юм. Миний бие энэ машиныг 2015.07.17-ны өдөр захиалж, 2016.02.05-ны өдөр “МСМ Групп” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж авсан. Харин худалдан авагч машины огт хараагүй, брабус тоноглолтой гэж надад захиалга өгч, улмаар тэрхүү машин нь цоо шинээр Монголд орж ирсэн тухай харилцаа огт байхгүй. Миний бие бусдаас машины захиалга авч машин зардаг бизнес огт эрхэлдэггүй. Гэрээр өөрийн нүдээр үзэж хараад авсан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д “Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан. Худалдан авагч анх машиныг хараад л брабус тоноглолтой эсэхийг энгийн нүдээр шууд хараад мэдэх боломжтой буюу угаас мэдээд авсан. Брабус тоноглол нь машины гадна хэсэгт ил байдаг “гангараа“. бэхэлгээ бөгөөд машины дотор эд ангид байдаг, гаднаас хараад мэдэх боломжгүй эд огт биш. Өмнө дурдсанчлан миний бие машины 2016 онд МСМ-ээс авсан. Л.Ц 2017 онд надаас авсан. Тэр ондоо буюу 2017 ондоо гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулах үүрэгтэй байсан. Миний бие арга буюу 2019 оны 10 дугаар сард мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан. Сөрөг нэхэмжлэл буюу брабус гэсэн асуудал 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу шүүхэд хандсаны дараа гаргасан. Өөрөөр хэлбэл Л.Ц машины унаад бүтэн 2 жил гаран болсны дараа мөнгөө нэхэмжлэх үеэр төлбөрөө төлөхгүй гэсэндээ сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл Иргэний хуулийн 58.3-т төөрөгдсөн болохоо мэдмэгцээ нэн даруй мэдэгдэнэ гэсэн. Гэтэл нэн даруй бүү хэл 2 жил гаран болоход энэ тухай огт юу ч яриагүй атлаа төлбөрийн асуудал тавигдах үеэр төөрөгдсөн гэсэн зүйл ярьж байгааг шүүх үл тоосон. Би ердөө машиныхаа үлдэгдэл төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах гэснийхээ төлөө Л.Ц намайг брабус тоноглолтой гэж хуурсан хэмээн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан /2020.02 сард/. Үүнийг гэмт хэрэг биш байна гэж үзэж хэргийг Прокурорын байгууллага хаасан. Прокурорын байгууллага хэргийг хааж байхад яагаад иргэний шүүх төөрөгдсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Төлбөр төлөхөөс илэрхий зайлсхийж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байх бүхий л боломжийг хайж, надад маш их хэмжээний мөнгөн болоод цаг хугацаа, сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. Гэтэл гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д гэрээний талуудыгаа аль нь ч гэрээг цуцлах эрхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлнэ гэж заасан. Миний бие үүргээ биелүүлж машинаа шилжүүлж өгсөн ба хариуцагч одоо ч унаж эдэлж, хэрэглэж байгаа. Харин эсрэгээрээ хариуцагч үүргээ бүрэн биелүүлэлгүй намайг хохироож байна. Иргэний хуулийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор. баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй" гэж тус тус заасныг худалдан авагч ч хэрэгжүүлээгүй. шүүх ч үл тоосон. Өөрөөр хэлбэл гэрээнд заасны дагуу одоо байгаа чанар байдлаар нь надаас худалдан авч үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх үеэр буюу 2 жилийн дараа доголдолтой байсан гэсэн нь үндэслэлгүй. Алдангийн тухайд: Бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т гэрээний төлбөрийг хугацаандаа хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 178,587,039.17 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Би Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн арга хэрэгслийг ашигласан. Хариуцагч төлбөрөө төлөлгүй 5 жил гаран болж байгаа бөгөөд энэ хооронд аль болох бага хохирол амсахын тулд би алдангийн заалтыг гэрээнд оруулж өгсөн. Алдангийг амаар биш бичгээр тохирсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д хариуцагч нь нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад шалгуулсан учраас алдангийн шаардлагыг хангахгүй гэжээ. Энэ дүгнэлтийн учир шалтгаан, уялдаа холбоо, хууль хэрэглээг би үнэхээр ойлгохгүй байна. Нэхэмжлэгч миний бие биш харин хариуцагч талаас намайг цагдаад шалгуулсан. Прокурорын байгууллага намайг буруугүй гэж тогтоосон. Нөгөө талаар гэрээний үүргээ ноцтой зөрчиж хугацаа хэтрүүлж өнөөг хүртэл хохироож байгаа тал нь хариуцагч. Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” гэж заасан тул гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй. Ийм байхад алдангийг шийдэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй байна. Бид давж заалдах гомдолдоо алдангийн талаар Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн тухайд, хариуцагч автомашины үнэ төлөх гэрээний үүргийг санаатай зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” агуулгатай гомдлыг гаргасан байтал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги болох 178,587,039.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “... Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана...” гэж заасантай нийцэхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна". 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус заасныг ноцтойгоор зөрчиж байна. Шүүх бол эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эсхүл эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Миний бие ердөө худалдсан машиныхаа үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт авах гэж шударгаар явж байгаа хүн билээ. Ийм энгийн асуудалд шүүхийн байгууллага яагаад ингэж их өөр өөрөөр шийдэж, асуудлыг хүнд, хэцүү болгож байгааг ойлгохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэл болгож, “... магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх ...” анхан шатны шүүхийн шийдвэрт “УХ” ХХК-аас авто машины үлдэгдэл төлбөр 236,167,627 төгрөг, алданги 178,587,039.17 төгрөг, нийт 414,754,666.17 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.11.25-ны өдрийн 001/ШХТ2022/01350 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “УХ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 81,319.90 евро, алданги 40,659.95 евро буюу нийт 414,754,666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа “...2017.05.01-ны өдөр хариуцагч компанитай бичгээр гэрээ байгуулж Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашиныг 300,000 еврогоор худалдахаар харилцан тохирч, машиныг хүлээлгэн өгсөн, уг машин нь 11-11 гэсэн дугаартай, цайвар бор өнгөтэй, брабус тоноглолтой, талууд үзэж харж байгаад үнээ харилцан тохирсон бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлөхдөө Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах 100,000 евротой тэнцэх шаардах эрхийг, 200,000 евротой тэнцэх улаан буудайг 2017 оны ургац хураалтаас өгөхөөр үүрэг хүлээсэн боловч улаан буудайг бүрэн нийлүүлээгүй, 81,319.90 еврог төлөөгүй байна, иймд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алдангийг хамт гаргуулж өгнө үү гэсэн байна.

Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тухайн үед ижил төрлийн энгийн машины ханш 180,000 евро байсан бөгөөд уг машиныг брабус тоноглолтой гэсэн тул үнийг 300,000 еврогоор тохирсон, гэтэл брабус тоноглол нь гадна талдаа байсан болохоос моторын хүчийг нэмэгдүүлэх, кроп солих, доторлогоо зэрэг тоноглолыг огт хийгээгүй бүрэн бус байсан, гадна талаас нь харахад B гэсэн тэмдэгтэй брабус тоноглолтой гэж ойлгогдож, ноцтой төөрөгдсөн, иймд арилжааны гэрээний 1.3-т заасан “ автомашины үнэ 300,000 евро” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйл болох Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091 төгрөг, мөн нэхэмжлэгчийн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний зүйл доголдолтой тул үнийг бууруулах ёстой гэсэн агуулгатай байв.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 81,319.90 евротой тэнцэх 236,167,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс алдангийг хэрэгсэхгүй болгосон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 39,710,400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүх талуудын хооронд  арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нь  236,167,627 төгрөгийг төлж үүргээ биелүүлэх ёстой гэж, харин нэхэмжлэгч нь улаан буудайг харилцан тохирч хүлээн авахдаа үнийг нь тухайн үед тохирсон тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнээд нэхэмжлэгчээс 39,710,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон сөрөг нэхэмжлэлийг энэ хэсгийг хангасан байна.

10. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр боловч гэрээний зарим хэсэг буюу  гэрээний 1.3 дах заалтад заасан “.... автомашины үнийг 300,000 евро” гэж тохирсон нөхцөлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ “хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн автомашин худалдан авсан үнэ 180,000 евро буюу 485,784,000 төгрөг, машинд нэмэлт Брабус тоноглол хийлгэсэн хөлс 30,500 евро буюу 82,313,400 төгрөг, тээврийн хөлсөнд шилжүүлсэн 3,400 евро буюу 9,175,920 төгрөг, гаалийн татварт төлсөн 44,920,006 төгрөг, нийт 622,193,326 төгрөгөөр гэрээний үнийг тодорхойлж, хариуцагчийн төлсөн 605,903,800 төгрөгийг хасч 16,289,526 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

11. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1,274.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэхдээ шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг зөв тодорхойлж чадаагүйгээс зөрүүтэй шийдвэр гаргасан тул хяналтын шатны иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

12. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “УХ” ХХК-тай 2017.05.01-ний өдөр “бараа солилцоо худалдах гэрээ” нэр бүхий гэрээг байгуулж, П.Б нь Мерседес Бенз жи 4х4 квадрат маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, УХ ХХК нь автомашины үнэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг шилжүүлэх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнэ бүхий 2017 оны ургацын улаанбуудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 2017.12.25-ны өдөр /дотор/ нийлүүлэхээр харилцан тохиролцсон талуудын хэлцлийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

12.1. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд гэрээгээр солилцож байгаа хөрөнгийн үнэ тодорхой байх учиртай.

Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 274.3-т заажээ. Хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ амаар эсвэл бичгээр байж болох бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулсан, агуулгын  хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус байж болно.

12.2. Хэрэгт байгаа баримтаас үзвэл талууд эд хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зориг байсан үйл баримтыг маргаагүй, хариуцагч Ургацын далай ХХК-ийн захирал Л.Цийн хувьд хүсэл зоригийн илэрхийллийн ямар нэгэн төөрөгдөл байхгүй, хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход  зөвхөн брабус тоноглол бус бусад хүчин зүйлс ач холбогдолтой байгаа нөхцөлд гэрээний 1.3 дах заалт болох “автомашины үнийг 300,000 еврогоор тогтоосон” нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар буюу гэрээний уг нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн  58.3.2-т нийцээгүй байв. Гэрээний зүйл доголдолтой байсан нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

13. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, нэхэмжлэгч гэрээний зүйл 1111 УБЗ улсын дугаартай автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 100,000 евротой тэнцэх мөнгөн хөрөнгийг шаардах эрх, 218,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг нийлүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна. Харин машины үнийг  300,000 еврогоор тогтоосон нь төөрөгдсөний улмаас эсвэл машинд брабус тоноглол бүрэн хийгдээгүй учраас машины үнийг бууруулах эсэх болон нэхэмжлэгч нь улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон авсан атлаа урамшууллыг авах эрхтэй эсэх эдгээр асуудал талуудын хоорондох маргааны зүйл болжээ.

14. Нэхэмжлэгч П.Б нь дээрх автомашиныг МСМ компаниар дамжуулан Герман улсаас авахаар 2015.07.17-ны өдөр захиалга хийж, 2016.02.05-ны өдөр МСМ компаниас 180,000 еврогоор худалдан авсан баримт хэрэгт авагджээ. /1хх 91-101/ Улмаар нэхэмжлэгч дээрх автомашинд нэмэлтээр брабус тоноглол хийлгэхэд зориулж 2016.02.17-нд 10,000 евро, 2016.05.02-нд 20,500 евро, нийт 30,500 еврог Герман улсын BRABUS GmbH-д Хаан банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн ба BRABUS GmbH-ээс 2020.06.17-ны өдөр “Мерседес-Бенз жи 500 4х4-г Германы Bottrof-т манай үйлдвэр дээр анхдагч Брабус тоног төхөөрөмжөөр өөрчилсөн болохыг бид баталгаажуулж байна. Тээврийн хэрэгсэл нь 2016 оны 05 дугаар сард илгээгдсэн болно” гэсэн мэдээлэл тусгагдсан бичгийн баримтуудыг ирүүлжээ. /2хх 4-5, 74-76/

14.1. Худалдах-худалдан авах гэрээнд хэлцэл, гэрээний зүйл, гэрээний зүйлийн үнийн хувьд тус бүрд нь талуудын хооронд хэлцэл хийгддэг. Талууд гэрээний үнийг тохирсон боловч эд хөрөнгийн доголдлоос  хамаараад тэр хэмжээгээр үнийг бууруулах боломжтойг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заажээ.

Хариуцагч нь худалдан авсан автомашин гаднаасаа брабус тоноглолтой мэт боловч мотор, кроп зэрэг эд ангиудад тоноглол хийгдээгүй гэж маргаж байгаа нь эд хөрөнгө доголдолтой гэх агуулгыг илэрхийлжээ. Иймд шүүх доголдлын улмаас үнийг бууруулах эрх зүйн хүрээнд  дүгнэлт хийх бөгөөд гэрээний үнийг тогтоох үндэслэл бол байхгүй юм. “Дамно” ХХК-ийн гаргасан бичмэл баримт, мөн шүүхээс томилогдсон шинжээч “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр тухайн автомашинд брабус тоног нь хойд буфер, капод, урд их гэрэл, спойллер зэрэг байна гэснээс үзэхэд уг тоноглол бүрэн бус, машины мотор, кроп, доторлогоонд тоноглол хийгдээгүй болох нь тогтоогдсон байна.

14.2. Хариуцагчийн “...машины үнийг 180,000 еврогоор тогтоох, илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулах” тухай татгалзал, сөрөг нэхэмжлэл нь машины үнийг бууруулах агуулгатай болохыг хоёр шатны шүүх тодорхойлж чадаагүй байна. Хэрэгт байгаа баримтын хүрээнд автомашины доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр үнийг бууруулж, маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжтой гэж үзэв. Талуудын тайлбараас үзвэл гэрээний зүйл болох автомашины үнийг тогтооход машины марк, өнгө, үйлдвэрлэгдсэн он, ашигласан хугацаа, машины дугаар, брабус тоноглол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Эдгээр үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас уг машин нь үнийн хувьд энгийн машинаас илүү үнэтэй байсан нь тогтоогджээ. Иймд гэрээнд брабус тоноглол байх шаардлагыг тусгаагүй нь гэрээний зүйлийн шинж чанарт нөлөөлөхгүй бөгөөд “машиныг үзэж хараад үнийг тогтоосон” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

14.3. Дээрх бүх шаардлагыг хангасан бол машины үнэ 300,000 евро байх бөгөөд ийм учраас энгийн адил төрлийн машинаас 120,000 еврогоор илүү үнэтэй байгаа. Гэвч брабус тоноглол бүрэн хийгдээгүй, ийм тоноглол нь 50,000-60,000 еврогийн үнэтэй байдаг гэх тайлбарыг хариуцагч гаргаж байсан /3-р хавтас хх-49/, шинжээч “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “...брабус тоноглолын үнэ 163 сая төгрөг байдаг, үүнд угсралтын зардал ороогүй...” гэсэн дүгнэлт /3-р хавтас хх-28/, зэрэг баримтуудыг үндэслэн энгийн машины үнээс илүү тогтоосон 120,000 еврогийн тал хувь 60,000 еврогоор үнийг бууруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Энэ үндэслэлээр машины үнийг бууруулж, үнийг 240,000 евро гэж үзэж уг үнэд брабус тоноглолын өртөг багтсан бөгөөд харин тээврийн хөлс 3,400 евро, гаалийн татвар 44,920,006 төгрөг нь зайлшгүй шингэх зардал /2хх 70-73/ байх тул нэмж тооцвол /ханш 1 евро 2698.1/ нийт 701,615,926 төгрөг болох ба хариуцагчийн төлсөн 605,903,800 төгрөгийг хасвал 95,712,126 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

14.4. Хариуцагч нь автомашины брабус тоноглол хийгдээгүй гэх үндэслэлээр үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, уг тоноглол бүрэн бус болох нь тогтоогдсон тул хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой бус гэж үзэж, улмаар анзыг тооцох боломжгүй, энэ талаар буюу алдангийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.” гэж заасан бөгөөд ийм нөхцөл байдал талуудын хооронд үүсчээ.

15. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 39,710,400 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  Учир нь нэхэмжлэгч  тухайн үеийн ханшаар улаан буудайг тооцож авсан, талууд  118,680 евротой тэнцэх улаан буудай нийлүүлснийг маргаагүй, уг үнийн дүнгээр хариуцагчийн үүрэг биелэгдсэн тул Ургацын далай ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах 39,710,400 төгрөгийг нэхэмжлэгч авах үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.Иймд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

16. Тогтоолын 14-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүх гэрээний нөхцөлийг тайлбарлаж чадаагүй, талуудын гэрээнд хөндлөнгөөс оролцож машиныг үнийг тогтоосон, гэрээнд брабус тоноглолыг тохирсон тохиролцоо байхгүй, гэрээний чөлөөт байдалд халдсан... гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан “УХ” ХХК-аас 95,712,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 319,042,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 2,389,920 төгрөгөөс 2,231,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158,197 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас төлсөн 1,100,872 төгрөгөөс 1,013,117 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 87,755 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “УХ” ХХК-аас 636,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд, П.Бэс 70,200 төгрөг гаргуулж “УХ” ХХК-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 2,231,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                СОЁМБО-ЭРДЭНЭ