Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2022/01667

 

                                                                                                           

 

 

 

 

 

                                     2022         05         31

             182/ШШ2022/01667

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: “УХ” ХХК

бараа солилцоогоор худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414,754,666.17 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Х.Л,

хариуцагчийн төлөөлөгч Л.Ц,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж,

гэрч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бнь “УХ” ХХК-д Мерседес Бенз 4х4 квадрат маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, “УХ” ХХК нь автомашины төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах авлагаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхийг олгох, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй 2017 оны ургацын улаанбуудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу автомашиныг “УХ” ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн. Хариуцагч нь тус гэрээний дагуу улаанбуудайг бүрэн нийлүүлээгүй тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 81,319.9 еврог 40,659.95 еврогийн алдангийн хамт нийт 121,979.85 еврог нэхэмжлэгчид шилжүүлэх өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн төлөх үүрэгтэй байна. Анх нэхэмжлэл гаргах үед еврогийн ханш 2,904.18 төгрөг байсан ба 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш 3,400.19 төгрөг байна. Иймд “УХ” ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх төлбөр 121,979.85 еврог Монголбанкнаас зарласан 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш 3,400.19 төгрөгөөр бодоход хариуцагчийн төлөх төлбөр нь 414,754,666.17 төгрөг болж байна. Иймд Бараа солилцоогоор худалдах гэрээний төлбөр “УХ” ХХК-иас 414,754,666.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Б болон “УХ” ХХК нь автомашиныг бараа солилцоогоор худалдах №17/17 тоот гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 300,000 еврогоор автомашиныг авсан. Мерседес Бенз 4х4 квадрат маркийн автомашиныг брабус тоноглолтой гэж тохиролцсон. Жирийнх нь 180,000 еврогийн үнэтэй байдаг байна. П.Бжирийнхийг өндөр үнээр зарсан гэж цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Автомашинд нэмж тоноглол суурилуулсан, брабус бүтэн биш бна гэсэн ба доголдолтой автомашин шилжүүлсэн ба одоо төлөөгүй үлдсэн хэсгийг төлөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлахдаа: “УХ” ХХК, П.Бнар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/17 дугаар Бараа солилцоогоор худалдах гэрээг байгуулж, гэрээний дагуу П.Бнь “УХ” ХХК-д Мерседес Бенз G500 4х4 маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, авто машины төлбөрт “УХ” ХХК нь 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжлэх эрх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй 2017 оны ургацын улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон нийлүүлэхээр харилцан тохиролцсон. “УХ” ХХК нь автомашины төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд: авлага нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 107,965.91 евротой тэнцэх хэмжээний улаан буудайг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 10,714.19 евротой тэнцэх хэмжээний улаан буудайг тус тус нийлүүлсэн. П.Бнь Мерседес G500 4х4 маркийн автомашиныг “МГ” ХХК-аас худалдаж авсан үнэ нь 300,000 евро,бүтэн брабус тоноглолтой гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “МГ” ХХК-аас П.Бнь Мерседес Бенз G500 4х4 маркийн автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн V048/15 дугаар Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр 180,000 еврогоор худалдаж авсан байсан.

П.Бнь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/17 тоот Бараа солилцоогоор худалдах гэрээгээр автомашиныг шилжүүлэхдээ 1 жил 03 сар эдэлж хэрэглэсэн элэгдэл, хоригдлыг хасалгүйгээр автомашины үнэ дээр 120,000 еврогоор нэмж, 300,000 евро гэж өөрөө дур мэдэн тодорхойлсон үнээр худалдсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар санаатайгаар хууран мэхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бараа солилцоогоор худалдах гэрээний 1.3 дахь заалт буюу Мерседес Бенз G500 4х4 маркийн автомашины үнийг 300,000 еврогоор тогтоосныг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Автомашины үнэд нийт 218,680.1 евротой тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнээр эргэн төлөлт хийсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Автомашины үнэд төлсөн 218,680.1 евро, “МГ” ХХК-иас худалдаж авсан үнэ 180,000 еврогийн зөрүү 38,680.1 еврог Монголбанкны 12 дугаар сарын 25-ны өдрийн ханш 1 еврог 3,032.13 төгрөгөөр тооцож үзэхэд 117,283,091.6 төгрөг болж байна. Нийт 661.84 тонн улаан буудайг П.Бат-Эрдэнэд өгсөн. П.Бнь энэ буудайг дотоодын гурилын үйлдвэр болон улсын нөөцийн салбарт нийлүүлсэн нь ойлгомжтой юм. Засгийн газрын 48 дугаар тогтоолоор 1 тонн тутамд олгох улаан буудайн урамшуулал 60,000 төгрөг, 661.84 тонн улаан буудайн урамшуулалд 39,710,400 төгрөгийг авсан гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/17 тоот гэрээний үндсэн зүйлүүд хэсгийн 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491.6 төгрөгийг П.Бат-Эрдэнээс гаргуулж “УХ” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргахдаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 244 дүгээр зүйлд зааснаар үнийг тохиролцож болно гэж заасны дагуу гэрээг байгуулсан, албадсан зүйл байхгүй, хариуцагч өөрөө авъя гэсэн, холбогдон гарах зардал, бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Германы Брабус компани руу тоноглолын үнэ 10,000 евро, 20,500 еврог шилжүүлсэн. Автомашиныг брабус тоноглолгүй гэж үзэхгүй. Автомашиныг 1111 УБЗ улсын дугаартайгаар өгсөн. Улаан буудайны урамшууллын мөнгийг авсан. Гэвч автомашины үнэнд авсан улаан буудайны ашгийг бид хүртэх ёстой. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу  гэв.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Б.Энхболдыг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

6. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Бараа солилцоогоор худалдах гэрээ, тус гэрээний төлбөрийн тооцоо, тооцоо нийлсэн акт, ханшийн лавлагаа, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, Германы Брабус компанийн болон Ти ай ложистик  улс хоорондын тээвэр зуучийн тодорхойлолт болон холбогдох төлбөрийн баримтууд, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, үнийн саналын хуудас, Баянгол дүүргийн Прокурорын газрын гомдлын хариу мэдэгдэх хуудсын хуулбар, хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн тодорхойлолт болон фотозураг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай тушаал, хавсралт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирүүлсэн тушаал, хавсралтууд, улаан буудайн урамшуулал олгох тухай тогтоол, автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, автомашин худалдан авах захиалгын хуудас, баталгаат хугацааны засварын хуудас, автомашин хүлээлгэн өгсөн, хүлээн авсан акт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтууд, шүүхээс бүрдүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтууд,  “МГ” ХХК-аас ирүүлсэн албан бичиг  зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. П.Бнь “УХ” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-г байгуулж, П.БМерседес Бенз 4х4 квадрат маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, “УХ” ХХК нь автомашины үнэнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах авлагаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй 2017 оны ургацын улаанбуудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, хариуцагч автомашины үнээс 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг бусдаас нэхэмжлэх эрх, 118,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг шилжүүлж төлсөн, нэхэмжлэгч 1111 УБЗ улсын дугаартай дээрх автомашиныг шилжүүлсэн байдал тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгч П.Бнь хариуцагч “УХ” ХХК-иас Бараа солилцоогоор худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн хэсэг болох 81,319.90 евро, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 40,659.95 еврог одоогийн ханшаар тооцон, нийт 414,754,666.17 төгрөгийг нэхэмжилж байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, улмаар гэрээний 1.3 дахь заалт буюу автомашины үнэ 300,000 евро гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгон, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

 

2.Анх П.Бдээрх автомашиныг Герман улсаас худалдан авахаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиалсан нь захиалгын хуудсаас харагдаж байх ба ирэхэд нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр МСМ компаниас худалдан авч, ашиглаж байжээ. П.Бат-Эрдэний МСМ компаниас дээрх автомашиныг худалдан авах гэрээний 2.2-т автомашины Герман дахь худалдах үнэ 180,000 евро гэсэн байна. Нэхэмжлэгч мөн автомашины баталгаат засварын хуудсыг ирүүлсэн байх бөгөөд баталгаат хугацаа нь автомашин хүлээлцсэн өдрөөс хойш 2 жил, хөдөлгүүр болон хурдны хайрцагт нэмэлт 1 жил байхаар заасан байна.

 

3. Хариуцагч “УХ” ХХК-ийн захирал Л.Цщ, нэхэмжлэгч П.Бийг 180,000 еврогоор худалдан авсан брабус тоноглолгүй автомашинаа брабус тоноглолтой гэж 300,000 еврогоор өөрт нь худалдаж залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг үйлдэлд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч хамгийн сүүлд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тогтоолоор автомашин брабус тоноглолтой байна, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Хэргийг шалгах явцад Дамно компанийн “автомашин брабус тоноглолтой боловч бүрэн бус тоноглосон” гэж тодорхойлсон дүгнэлтийг гаргасан, Германы BRABUS GmbH-иас дээрх автомашинд брабус тоноглол хийсэн тухай тодорхойлолтыг хэрэгт ирүүлжээ.

 

4.Нэхэмжлэгч автомашин захиалахдаа брабус тоноглолд зориулж 10,000, 20,500 еврогоор 2 удаа, нийт 30,500 еврог Герман улс руу шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Мөн түүнчлэнавтомашины тээврийн хөлсөнд 3,400 евро, гаалийн татварт 44,920,006 төгрөг төлсөн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

 

5.Хариуцагчийн зүгээс автомашинд брабус тоноглол хийх үнийн саналыг судлахад Евро моторс Лайн ХХК-иас 81,550,000 төгрөгийн үнийн санал гарсан, мөн Тэнцвэр эстимейт ХХК-иас гадна бүтэн тоноглолын үнэ 163,000,000 төгрөг, бүрэн тоноглолтой автомашины 2022 оны 04 дүгээр сарын зах зээлийн ханш 750,000,000 төгрөг болохыг тодорхойлсон байна.

 

6.Дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудаас харахад брабус тоноглол бүхий, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох автомашины үнийг нэхэмжлэгч хариуцагч нар 300,000 евро гэж тохиролцон, бараагаар худалдан авсан байдал байна.

Талууд барааг харилцан арилжих нь заавал бараа эд хөрөнгийн үнээр байхыг шаардахгүй ба гэрээний гол нөхцөл болох үнийг 300,000 евро гэж тогтоосон нь талуудын хүсэл зоригийн асуудал байна. Энэ тохиолдолд арилжих автомашины үнийг тогтооход автомашиныг бэлэн мөнгөөр биш, бараагаар худалдсан, автомашин брабус тоноглолтой байсан, автомашины баталгаат засварын хугацаа дуусаагүй байсан, автомашин содон буюу 1111 УБЗ улсын дугаартай байсан, автомашины захиалгатай холбоотой, гааль, тээврийн зардал, брабус тоноглолын зардлуудыг нэхэмжлэгч төлсөн байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Автомашины брабус тоноглол бүрэн, эсхүл бүрэн бус брабус тоноглолтой гэдгийг хэрхэн зааглаж үзэх асуудал тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй байх бөгөөд талууд гэрээнд брабус тоноглолын талаар тодорхой тусгаагүй байна.

 

7. Дээрх үндэслэлүүдээс харахад гэрээний заалт хүчин төгөлдөр бус байх боломжгүй ба хариуцагчийн “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-ний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас автомашины үнийн төлөөгүй үлдэгдэл 81,319.90 евро нэхэмжилсэн шаардлага хангагдах ба шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн еврогийн ханшаар тооцон, 236,167,627 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгов.

 

8. Нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн тухайд, хариуцагч автомашины үнэ төлөх гэрээний үүргийг санаатай зөрчсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч хариуцагчийг залилсан гэж үзэж холбогдох байгууллагад хандан шалгуулж байсан нөхцөл байдал байх тул хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж, алданги нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

9. Улаан буудайн нийлүүлэлтэнд урамшуулал урамшуулал олгох тухай Засгийн газрын тогтоол байх ба нэхэмжлэгч хариуцагчаас нийлүүлсэн улаан буудайн урамшуулалд 39,710,400 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хариуцагч нар автомашины үнэнд улаан буудай /үнэ/ нийлүүлнэ гэж тохиролцсон бөгөөд нийлүүлсэн улаан буудайнд олгох урамшууллын талаар тохиролцоогүй тул улаан буудайг бэлтгэн нийлүүлсэн УХ ХХК-д урамшууллын мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.4-

ийг баримтлан УХ ХХК-иас 236,167,627 төгрөгийг гаргуулж П.Бд олгож, нэхэмжлэгчийн 178,587,039.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан П.Б ээс 39,710,400 төгрөг гаргуулж УХ ХХК-д олгож, УХ ХХК-ийн П.Бтэй байгуулсан гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз G500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,338,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 356,502 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,384,420 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,100872 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД