Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/01808/И |
Дугаар | 001/ХТ2022/01286 |
Огноо | 2022-12-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2022/01286
Н.Эий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2022/01870 дугаар магадлалтай,
Н.Эий нэхэмжлэлтэй
БЗД ЗДд холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.Э нь БЗД ЗДд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч “БЗД ЗД”-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,836,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Эийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “БЗД ЗД”-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч “БЗД ЗД”-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,334 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2022/01870 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар БЗД ЗДын Тамгын газраас Н.Эд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,836,509 төгрөг гаргуулж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,647,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын БЗД ЗДт гэснийг “БЗД ЗДын Тамгын газарт” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016.11.13-ны өдрийн А/832 дугаар захирамжаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжийг үндэслэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн байдал: Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв нь татан буугдаж Нийслэлийн Засаг даргын 2016.11.13-ны өдрийн А/832 дугаар захирамжаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжийн 5-т дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс байхаар заасан. /Дүүргийн хэлтсийн дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас томилох эрхтэй./ Улмаар 2018.06.27-ны өдөр Хүүхэд хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “...дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.” гэж зааснаар томилох эрхийн асуудлыг нэг мөр хуульчилж өгсөн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад “дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр албан тушаалын жагсаалтад А буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг /68 хүртэл/, 5-т Нийгмийн хөгжлийн хэлтэст /6/, 5.4-т Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн гэж заасан” бөгөөд тухайн захирамжид өөрчлөлт ороогүй нь тогтоогдсон гэж үзсэн. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжид өөрчлөлт ороогүй боловч Нийгмийн хөгжлийн хэлтэс нь БЗД ЗДын Тамгын газрын нэг хэлтэс бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн нь ТЗ-5 ангилалд хамаардаг албан тушаал юм. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь Засаг даргын харьяанд байх ба дарга нь ТЗ-8 ангиллаар удирдах албан тушаалтан юм. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.2 “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолд 13-т “13. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшний ажлын байр, албан тушаалыг ойлгоно.” гэж заасан. Дээрхээс үзэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 ангилалд хамаарагдаж дүүргийн Засаг даргын Тамгын газарт харьяалагдан Тамгын газрын даргын тушаалаар томилж чөлөөлөгддөг бол дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын даргын албан тушаалын цалингийн хэмжээ, албан тушаалын тодорхойлолттой адилтган үзэх боломжгүй шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож тухайн ажилтныг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцох: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугар зүйлийн 103.3 дахь хэсэгт “мэдэгдэлд хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож тухайн ажилтныг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно” гэж тус тус заажээ. 2018.06.27-ны өдөр Хүүхэд хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “...дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.”гэж зааснаар БЗД ЗДын бүрэн эрхэд хамааралгүй болж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Н.Эийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэгч Н.Э нь одоог хүртэл урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилогдолгүй жил бүр БЗД ЗД нь өөрийн эрх хэмжээгээр шийдвэрлэх боломжгүй шүүхийн шийдвэрээс үүдэн их хэмжээний олговор төлөх шаардлага үүсээд буй. Иймд БЗД ЗД нь 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шүүхийн шийдвэрийг 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон” байх тул нэхэмжлэгч Н.Эд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,836,509 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч байна гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.02-ны өдрийн 001/ШХТ2022/01394 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрх дуусгавар болсон эсэх талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Нийслэлийн БЗД ЗДд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,483,590 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 5,836,509 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны дээрх олговрыг Засаг даргаас бус Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар, хэрэглэсэн хуулийн оныг алдаатай бичсэн техникийн шинжтэй алдааг тус тус залруулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
9. Нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь 2015.12.15-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон боловч одоог хүртэл ажилд аваагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.11-ний өдрийн 4-166/4999, мөн 2022.05.18-ны өдрийн 4-166/10405 дугаартай албан бичгээр тус тус нотлогдсон, иймд ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй” гэж үзсэн бол
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...нэхэмжлэгчийг ажлаас нь халснаас хойш түүний ажиллаж байсан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг татан буулгаж, Нийслэлийн Засаг даргын 2016.11.13-ны өдрийн А/832 дугаартай захирамжаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулсан, өөрөөр хэлбэл төв нь хэлтэс болж өөрчлөгдсөн, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөхийг шинээр зохицуулж, ажилд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөн, шийдвэрийг манайх биелүүлэх боломжгүй болсон, ийм шалтгааныг нэхэмжлэгчид хэлээд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 22,604,000 төгрөгийг аваад, цаашид ажилд орохоос татгалзаж байна гэсэн хүсэлтийг өгсөн учраас бид шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдлоо буцаан авч, мөнгийг олгож, маргааныг дуусгасан, гэтэл нэхэмжлэгч дахиад олговор нэхэмжилснийг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.
10. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Эийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон, мөн шүүхийн 2018.11.19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дугаар шийдвэрээр 17,461,710 төгрөг, 2021.10.19-ний өдрийн 101/ШШ2021/03246 дугаар шийдвэрээр 2018.11.19 - 2021.06.31 хүртэл хугацааны олговор 22,604,416 төгрөгийг БЗД ЗДас тус тус гаргуулж Н.Эд олгохоор тус тус шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн авсан баримт хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч нь үүнээс хойшхи буюу 2021.06.31-2022.03.11 хүртэлх хугацааны олговрыг шаарджээ.
11. Хоёр шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ олговор гаргуулах эрх зүйн үндэслэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилох эрхгүй болсон, нэхэмжлэгчийн ажиллаж байсан төв нь хэлтэс болсон, нэхэмжлэгчийн эрхэлж байсан даргын албан тушаалын зэрэг нь ТЗ-7 байсан боловч ТЗ-8 болж өөрчлөгдсөн талаар тайлбар гаргасан байхад уг нөхцөл байдлыг анхаараагүй, олговорыг цаашид олгох эсэх талаар шаардлагатай эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянах үндэслэл болсон болно.
12. Нэхэмжлэгч Н.Э нь “...шүүхийн шийдвэрийн дагуу 22,604,000 төгрөгийг аваад, цаашид ажилд орохоос татгалзаж байна...” гэсэн хүсэлтийг бичгээр бичиж өгсөн баримт хэрэгт байгаа боловч уг баримтын үндсэн дээр талууд хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоогүй байв.
13. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй боловч хуулиар ногдуулсан энэ үүргээ тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн зохицуулалтын дагуу шийдвэрийг биелүүлэх үр дагавар үүсдэг байна.
Хариуцагч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв татан буугдаж хэлтсийн эрх зүйн статустай болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч 2018.06.27-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэсэн өөрчлөлт орсноос үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан хууль зүйн нөхцөл үүссэн, хариуцагч БЗД ЗД нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ эрх бүхий этгээдэд уламжилж, шийдвэрлүүлэх боломжтой, энэ зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал бий болсон байх тул цаашид олговрыг шаардах эрх байхгүй байна. Хоёр шатны шүүх олговор олгох үндэслэл болсон эрх зүйн энэ урьдчилсан нөхцөлийг анхаараагүй нь буруу учраас зохих дүгнэлтийг хийж зөвтгөв.
Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тул 2021.06.31-2022.03.11 хүртэлх хугацааны олговрыг гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн боломж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
13. Дээрх үндэслэлээр “...ажилгүй байсан хугацааны олговрыг үргэлжлүүлэн өгч байгааг үндэслэлгүй” гэж үзсэн хариуцагчийн гомдлыг хангаж, хариуцагч нь татгалзлаа нотлох баримт гаргаагүй тул Засаг даргын тамгын газраас олговрыг гаргуулсан шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2022/01870 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД