Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 01565

 

     Б.О-ын нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэртэй, Б.О-ын нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох

Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Тосон буга” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Нисоро цамхагийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан GS центр нэртэй фитнес клубт фитнесийн багшаар ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сард менежер н.Оюунтуяа өөрийн пэйсбүүкдээ “уг фитнес клубийн тоног төхөөрөмж, кофе шопийн төхөөрөмж хэрэгслийг худалдана” гэсэн зар бичсэн байсан. Би түүнийг сонирхож н.Оюунтуяагаас асуухад удалгүй “Тосон буга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булган надтай уулзаад чи фитнес клубийг энэ чигээр нь үргэлжлүүлээд ажиллуул, чамд фитнес клубийн бүх тоног төхөөрөмж болон кофе шопийн тоног төхөөрөмжийг энэ хэвэнд нь 66 800 000 төгрөгөөр худалдая, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 46 800 000 төгрөгийг удаан хугацаагаар төлөх зээлийн гэрээ байгуулаад төлчих гэсэн тул би аав ээжтэйгээ зөвшилцөөд аавынхаа хуримтлуулсан 20 000 000 төгрөгийг “Тосон буга” ХХК-ийн дансанд тушааж, үлдэгдэл 46 800 000 төгрөгийг цувуулан төлөхөөр зээлээр худалдах- худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Гэтэл “Тосон буга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булган ярилцаж тохиролцсоноо эрс өөрчилж янз бүрийн арга заль зохион байгуулан фитнес төвийн менежер Б.Нгаар надад 46 800 000 төгрөгийг бэлнээр зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалах гэрээг мөн байгуулуулсан юм. Миний бие тухайн үед фитнес клубийг байгаа байдлаар нь ажиллуулвал тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 46 800 000 төгрөгийг тохиролцсон хугацаагаараа цувуулаад төлж болно гэж тооцож байсан боловч “Тосон буга” ХХК 2017 оны 01 дүгээр сараас эхлэн “Сорани” ХХК-д түрээсийн төлбөр төлөхгүйгээр шүүхэд маргаан үүсгээд цаашид хэвийн ажиллуулах боломжгүй болсон талаар Б.Булган надад мэдээлэл өгөөгүйгээс би хохиролд ороод байгаа.

“Тосон буга” ХХК-ийн GS центр нэртэй Фитнес клубийн менежер Б.Н фитнесийн тоног төхөөрөмжийн үнийн талаар анх тохиролцсон үнээс зээлээр цувуулан төлөх 46 800 000 төгрөгийг өөрөөсөө бэлнээр зээлж буй дүр үзүүлсэн гэрээний төслийг бэлдэн ирж надаар гарын үсэг зуруулаад, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бэлдэж гарын үсэг зуруулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээг би фитнесийн болон кофе шопийн тоног төхөөрөмж хэрэгслийн үнийн үлдэгдлийг цувуулж төлөх гэрээ гэж үзсэн учраас орон сууцаа барьцаалж гарын үсэг зурсан болохоос Б.Н-гаас 46 800 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан гэрээ биш юм. Гэтэл фитнес төв ажиллах боломжгүй, доторх тоног төхөөрөмж, хэрэгсэлийг авах боломжгүй болсныг мэдээд байрныхаа гэрчилгээг авъя гэтэл 46 800 000 төгрөг төлөөд ав гэсэн ойлгомжгүй шаардлага тавиад байна.

Б.Н энэ зээлийн гэрээг захирал Б.Булганыхаа зааврын дагуу зохион байгуулж хийсэн болох нь надтай 2017 оны 03 дугаар сарын 12-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулчихаад 14-ний өглөө Сансарын ШТС-ын Хаан банк ХХК-ийн салбарт очуулж миний эзэмшлийн ХААН банкны дансанд 46 800 000 төгрөг оруулаад тэр дор нь шууд гаргуулан өөрөө буцааж авч явсан. Энэ үйлдэл нь 2 өдрийн өмнө надтай хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр өгсөн дүр үзүүлсэн болох нь ойлгогдож байна.  

Иймд Б.Н 2017 оны 03 дугаар сары 12-ны өдөр Б.О-тай байгуулсан 46 800 000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд зохигч нар гарын үсгээ зурж нотариатчаар гэрчлүүлсэн тул хуурч мэхэлсэн төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн шаардлага хангуулсан. Нэхэмжлэгч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн тул хүсэл зоригийн дагуу үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах чадвартай байх ёстой. Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан талаар нэхэмжлэгч тал харин маргахгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг мөнгө эсхүл эд хөрөнгө шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байна. Энэ хүн надад 40 000 000 төгрөгийг зээлж эргүүлж төлөх үүрэг хүлээсэн. Үүргээ баталгаажуулж орон сууцаа өөрөө барьцаалсан.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 56.1.1, 5.1.2, 56.1.3-т зааснаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа боловч нэхэмжлэлдээ “46 800 000 төгрөгийг цувуулаад тохиролцсон хугацаагаар төлж болно гэж тооцож байсан, 2017 оны 03 дугаар сарын 14-ний миний ХААН банкны дансанд 46 800 000 төгрөг оруулсан” гэж өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар 2017 оны 03 сарын 12-ний өдрийн Б.Н-тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ын хариуцагч Б.Н нарын 2017 оны 03 сарын 12-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Баянгол дүүрэг 1-р хороо Алтай хотхон Энгельс гудамж 25-4 тоотод байрлах, 49.4 мкв талбайтай О.Болдбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эрхийн бүртгэлийн Ү-2205056623 дугаартай гэрчилгээг хариуцагч Б.Н-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2018/03252 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу гэрч Б.Булганаас мэдүүлэг аваагүй шүүх хурлыг хийсэн. Хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүх хангаж захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийн дагуу “Тосон буга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булган шүүхэд ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эхэлж асуулт асууж дууссан бөгөөд дараа нь хариуцагчаас гэрчид асуулт асуух байсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч рүү заналхийлсэн, сүрдүүлсэн, эрүүгийн хэрэг үусгэнэ гэх мэтээр дарамталж байсан учраас гэрчээс цааш асуулт асуух боломжгүй болж хойшлуулсан юм. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүх хурал болоход нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрч Б.Булганаас татгалзаж байна гэж хүсэлт гаргаад манай хүсэлтээр шүүх хуралд оролцох ёстой гэрчийг шүүх хуралд оролцуулаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч Б.Булганаас асуусан асуулт, хариулт хэрэгт авагдсан байхад шүүх үүнийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Хэргийн 93 дугаар талд гэрч Б.Булганы оршин суух хаягийн тодорхойлолтыг гэрч өөрөө шүүхэд гаргаж өгч байсан.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу хэрэглэсэн: Зохигч нар зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд иргэн О.Болдбаатараас Б.О-т үл хөдлөх эд хөрөнгө бусдад барьцаалах эрхийг итгэмжлэхээс өмнө зээлийн болон барьцааны гэрээг зохигч нар байгуулаагүй, байгуулах ч боломжгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн   барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог, нөгөө талаасаа нотариатч барьцааны гэрээг 2017 оны 03 дугаар сарын 13-ны  өдөр  гэрчилсэн бөгөөд итгэмжлэлийг давхар гэрчилсэн талаар шүүхэд мэдүүлэг өгсөн байна.

3. Хэрэгт гуравдагч этгээдээр “Тосон буга” ХХК-ийг оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүйгээс энэ компани бас 20 000 000 төгрөгөөр хохирч үлдэж байгаа.

4. Иргэний хуулийн 281, 282.4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Хэрэгт “Тосон буга” ХХК-иас Б.О-т шилжүүлсэн 66 800 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн жагсаалт байхад зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй  болгож,  хэргийг дахин  хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, нотлох баримт үнэлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 46 800 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Б.Н-гаас уг гэрээний дагуу 46 800 000 төгрөгийг хүлээн авсан боловч мөн өдрөө түүнд бэлнээр буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон болохыг тогтоосон нь найруулгын болон барьцааны зүйлийг гаргуулж шийдвэрлэсэн шийдлийн хувьд зөв, харин хууль хэрэглээний хувьд буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлдэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс аваагүй тул нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тиймээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Талуудын хооронд нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагагүй. Ийм учраас шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Харин шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

Мөн талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээ  байгуулагдаж, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн, О.Болдбаатараас Б.О-т 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 өрөө орон сууцыг бусдад барьцаалж, зээл авахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосныг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээргүй байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар дүгнэсэн нь үндэслэлгүй. /хх 13-17/

Байгуулагдаагүй зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээ байгуулсан нь үндэслэлгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцны үл хөдлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Б.Н-гаас гаргуулан Б.О-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Булганыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаагүй гэж гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар нэг тал гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсаныг нөгөө тал иш татах эрхтэй боловч хариуцагчийн зүгээс энэ талаар дахин хүсэлт гаргаагүй. Улмаар Б.Н, Б.О нарын хоорондох зээлийн гэрээний маргаанд Б.Булганыг гэрчээр асуулгах ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй. Мөн “Тосон буга” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Н-тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Н нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 25 дугаар байрны 4 тоотод байрлах, 49.4 м.кв талбайтай О.Болдбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцны үл хөдлөх эрхийн бүртгэлийн Ү-2205056623 дугаартай гэрчилгээг хариуцагч Б.Н-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай” гэж өөрчлөн найруулж, “3” гэж дугаарласныг “2” гэж, “4” гэж дугаарласныг “3” гэж, “5” гэж дугаарласныг “4” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА