Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01325

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01325

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б.О

 

Хариуцагч: Б.Н

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т ХХК

 

2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн  дүгээр гэрчилгээг хариуцагч Б.Н-с гаргуулж, олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Тоног төхөөрөмжийн үнэ 66,800,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т ХХК-ний БЗДүүрэг дэх Нисоро цамхагийн 1-р давхарт үйл ажиллагаа явуулж байсан GSцентp нэртэй фитнес клубт фитнесийн багшаар ажиллаж байхад 2017 оны 1-р сард менежер Оюунтуяа өөрийн фэйсбүүкдээ уг фитнес клубийн тоног төхөөрөмж, кофе шопийн төхөөрөмж хэрэгслийг худалдана гэсэн зар бичсэн байсан. Би түүнийг сонирхож Оюунтуяагаас асуухад удалгүй Тосон Буга компанийн гүйцэтгэх захирал З.Булган надтай уулзаад чи фитнес клубийг энэ чигээр нь үргэлжлүүлээд ажиллуул, чамд фитнес клубийн бүх тоног төхөөрөмж болон кофе шопийн тоног төхөөрөмжийг энэ хэвэнд нь 66 сая 800 мянган төгрөгөөр худалдъя, урьдчилгаа 20.0 саяыг бэлнээр өгөөд үлдэгдэл 46 сая 800 мянган төгрөгийг удаан хугацаагаар төлөх зээлийн гэрээ байгуулаад төлчих гэсэн тул би аав ээжтэйгээ зөвшилцөөд аавынхаа өөрийн хөдөлмөрөөр хуримтлуулсан 20.0 сая төгрөгийг Тосон Буга компанийн дансанд тушаалгаж, үлдэгдэл 46 сая 800 мянган төгрөгийг цувуулан төлөх Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Гэтэл Тосон Буга компанийн гүйцэтгэх захирал Булган ярилцаж тохиролцсон асуудлаа эрс өөрчилж янз бүрийн арга заль зохион байгуулан фитнес төвийн менежер *******гаар надад 46 сая 800 мянган төгрөгийг бэлнээр зээлсэн мэтээр Зээлийн гэрээ байгуулуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай гэрээ байгуулна гэж орон сууц барьцаалах гэрээг мөн байгуулуулсан юм. Миний бие тухайн үед фитнес клубийг байгаа байдлаар нь бие даагаад ажиллуулах юм бол тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 46 сая 800 мянган төгрөгийг тохиролцсон хугацаагаараа цувуулаад төлж болно гэж тооцож байсан боловч харамсалтай нь Тосон Буга ХХК 2017 оны 1-р сараас эхлэн Сорани ХХК-д түрээсийн төлбөрөө төлөхгүйгээр шүүхэд маргаан үүсгээд цаашид хэвийн ажиллуулах боломжгүй болсон байсан талаар Булган надад ямар ч мэдээлэл өгөөгүйгээс би Булганы саналыг хүлээж авч хохиролд ороод байгаа. Тосон Буга ХХК-ний GS центр нэртэй Фитнес клубийн менежер Бямбаагийн Нарантуяа фитнесийн тоног төхөөрөмжийн үнийн талаар анх тохиролцсон үнээс зээлээр цувуулан төлөх 46 сая 800 мянган төгрөгийг өөрөөсөө бэлнээр зээлж буй дур үзүүлсэн гэрээний төслийг бэлдэн ирж надаар гарын үсэг зуруулаад, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бэлдэж гарын үсэг зуруулж нотариатчаар гэрчлүүлсэн. Энэ гэрээг би фитнесийн болон кофе шопийн тоног төхөөрөмж хэрэгслийн үнийн үлдэгдлийг цувуулж төлөх гэрээ гэж үзсэн учраас орон сууцаа барьцаалж гарын үсэг зурсан болохоос *******гаас 46 сая 800 мянган төгрөгийг бэлнээр зээлж авсан гэрээ биш юмаа. Гэтэл фитнес төв нь ч ажиллах боломжгүй, доторхи тоног төхөөрөмж, хэрэгсэлийг ч авах боломжгүй болсныг мэдээд барьцаалсан байрныхаа гэрчилгээг авъя гэтэл 46 сая 800 мянган төгрөг төлөөд ав гэсэн ойлгомжгүй шаардлага тавиад байна. Нарантуяа энэхүү зээлийн гэрээг захирал Булганыхаа зааврын дагуу зохион байгуулж хийсэн болох нь надтай 2017.03.12-нд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулчихаад нэг өдрийн дараа буюу 13-ны орой 17 цаг өнгөрч байхад над руу холбогд гэж яаран сандран чат бичиж банк хаачихлаа, дансанд нь мөнгө хийж гаргах боллоо гэж яаруулсаар, өглөө яг 9 цагт бэлэн байх хэрэгтэй байна гэж 14-ний өглөө Сансарын ШТС-ын орчимд KFC-гийн салбартай байшинд байдаг ХААН банкны салбарт очуулж миний эзэмшлийн ХААН банкны дансанд 46 сая 800 мянган төгрөг оруулаад тэр дор нь шууд гаргуулан өөрөө буцааж авч явсан. Энэ үйлдэл нь 2 өдрийн өмнө надтай хийсэн Зээлийн гэрээний дагуу мөнгийг нь бэлнээр өгсөн дүр үзүүлсэн болох нь одоо ойлгогдож байна. *******тай би Тосон Буга ХХК-ний GS центр нэртэй фитнес төвд хамт ажиллаж байсан болхоор намайг хуурч хууль бус үйлдэл хийж байгаа гэж бодолгүй итгэж, хэлснээр нь хийж байгаад одоо аав ээжтэйгээ амьдардаг ганц байраа алдахад хүрээд байгаа тул арга буюу шүүхэд хандахад хүрлээ. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Бямбаагийн Нарантуяагийн 2017.03.12-нд ******* надтай хийсэн 03 дугаартай, 46 сая 800 мянган төгрөгийг сарын 0.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн гэрээ нь хууль зөрчсөн, бэлэн мөнгө зээлдүүлж байгаа дүр үзүүлсэн, фитнесийн тоног төхөөрөмж, кофе шопийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул МУ-ын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасны дагуу дээрхи зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргав.

Тосон буга ХХК-ний гүйцэтгэх захирал Булган БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисоро цамхагийн 1-р давхарт ажиллуулж байсан Фитнес клубийн болон кофе шопийн тоног төхөөрөмжөө 66 сая 800 мянган төгрөгөөр худалдаж аваад тэнд нь ажиллуул, би түрээсийн гэрээгээ хамтад нь шилжүүлж өгье, 20.0 сая төгрөгийг нь урьдчилж төлөөд 46 сая 800 мянган төгрөгийг нь 1 жилийн хугацаанд цувуулан төлөхөөр гэрээ хийгээд ав гэсэн тул би 20.0 сая төгрөгөө компанид нь бэлнээр төлөөд үлдэгдэлд нь зээлээр худалдан авах гэрээ байгуулах ойлголттой очиход менежер Нарантуяа 46 сая 800 мянган төгрөгийг өөрөөсөө бэлнээр зээлж байгаа мэт гэрээ бэлдэж очоод гарын үсэг зуралцаж, уг зээлийн үүрэгт орон сууцаа барьцаал гэж аав Болдбаатарын өмчлөлийн БГД-ийн 1-р хороо, *******, Энгельс гудамж 25 байрны 4 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг нь фитнес, кофе шопийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авах гэрээ байгуулахдаа орон сууц барьцаалахаар ярилцаж тохиролцсон юм. Гэвч гэрээгээ байгуулахдаа Тосон буга компани ч биш, иргэн Нарантуяа, гэрээ нь бараа материал зээлээр худалдах бус бэлэн мөнгө зээлдүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч худалдсан эд зүйл нь ч авах боломжгүй, байрлуулж байсан талбай нь ч түрээслэх боломжгүй байсан нь удалгүй мэдэгдэж, надад 46 сая 800 мянган төгрөг зээлүүлж байгаа дүр үзүүлсэн Зээлийн гэрээ байгуулж орон сууцыг маань барьцаалсан барьцааны гэрээ байгуулснаас би өдийг хүртэл хохирч явна. *******гийн энэхүү үйлдэл нь ******* надад 46 сая 800 мянган төгрөг зээлдүүлэхийг ч хүсээгүй, би ч түүнээс дээрх мөнгийг зээлдэхийг хүсээгүй байхад зээлдүүлж буй дүр үзүүлэн цаасан дээр гэрээ бичиж түүнийгээ бодит үйлдэл мэт харагдуулахаар дансруу минь тэр хэмжээний орлогыг хийж өөрөөр минь буцаан гаргуулж авч явснаараа дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус Зээлийн гэрээ гэж үзэж байна. Мөн Нарантуяа Тосон буга ХХК-ний Оюунбаатар надтай байгуулах фитнес, кофе шопийн тоног төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээг халхавчилж 46 сая 800 мянган төгрөг зээлдүүлж байгаа мэт дүр үзүүлсэн гэрээ байгуулсан юм. Энэхүү үйлдэлээ үнэмшилтэй болгохын тулд гэрээ байгуулсныхаа маргааш нь буюу 2017.03.13-нд Сансарын ШТС-н ойролцоох KFC-тэй байранд байрладаг Хаан банкны салбарт ир гэж яаруулан 2017.3.14-ний өглөө очингуут ХААН банкинд эзэмшдэг 5031520461 тоот дансанд 46 сая 800 мянган төгрөгийн орлого оруулаад тэр дор нь надаар буцааж гаргуулан авч явсан. Иймд миний бие Бямбаагийн Нарантуяагийн ******* надтай 2017.03.12-нд байгуулсан Зээлийн гэрээ болон түүний хавсралт гэрээ болох барьцааны гэрээг МУ-ын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т заасан заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, БГД-ий 1-р хороо, *******, Энгельс гудамж, 25-р байрны 4 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000355089 дугаартай гэрчилгээг *******гаас гаргуулж ******* надад олгуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.3.12 өдрийн 46 800 000 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрчилгээг гаргуулах шаардлага гаргасан. Мөн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага байгаа. Зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлээд тэр даруй буцааж авсан. Энэ талаар маргадаггүй. Хуулийн 282-д зааснаар мөнгийг ашиглуулаагүй. 46 800 000 төгрөг шилжүүлээд хэдэн минутын дараа буцааж авсан. Эд хөрөнгө шилжүүлж өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог зарчим алдагдсан. Ийм учир уг гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь мөнгөө тэр өдрөө буцааж авсан гэж тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д зааснаар хүчингүй болгох ёстой. Мөнгийг аваагүй тул барьцаалсан хөрөнгийг хүчингүй болгож гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэнэ. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нь гуравдагчийг төлөөлж тайлбар хийгээд байна. Энд зээлийн болон барьцааны гэрээг ярина. Хариуцагч нь зөвхөн гуравдагчийг төлөөлж яриад байна. Хариуцагчийн төлөөлөгч нь мөнгөө буцааж авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээг байгуулсан ч гэсэн тэр дороо буцааж авсан. Нарантуяа нь гуравдагчийн ажилтан л гэдэг. Нэхэмжлэгч нь цагдаад өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь цагдаад өгсөн тайлбартаа гуравдагчид хамаагүй гэдэг. Мөнгө л зээлүүлсэн гэдэг. Гэрээг өөрсдөө л хийдэг. Тосон буга нь өөрөө л гэрээ хийсэн. Хуулийн 3.1-т зааснаар хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь тайлбараараа мөнгө авсанаа зөвшөөрч байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг зөвшөөрсөн. Зээлийн гэрээ хүчингүй тул барьцааны гэрээ нь бас хүчингүй юм. Сая процессийн асуудал яригдаж байна. Шүүх хуралдаан эхлэхэд эрх үүрэг тайлбарлаад, хүсэлт, татгалзал асуусан. Үүнээс хойш дахин татгалзал ярьж байгаа нь дэг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь хурлыг яаралтай хийлгэх хүсэлтэй байгаа. Хариуцагч болон гуравдагч нар нь хэргийг шийдвэрлүүлэх сонирхолгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Гуравдагчийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь фитнессийн тоног төхөөрөмжийг худалдаж авахаар тохиролцсон. Улмаар тухайн байранд үйл ажиллагаа явуулах нөхцөлтэй байсан. Гуравдагч нь зээлээр ч хамаагүй ав гэсэн яриа болсон. 20 саяыг өгсөн. 20 саяд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар 167 ширхэг эд хөрөнгийг дагалдуулдаг. Түрээсийн байранд очиход Сорани ХХК нь талбай, тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байсан. Үйл ажиллагааг зогсоосон. Үүнийг гуравдагчийн төлөөлөгч Булган нь гэрчээр тайлбар өгөхдөө үйл ажиллагааг зогсоосон талаар хэлсэн. Бусдад битүүмжлэгдсэн байсан эд хөрөнгөө худалдсан байсан. Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах гээд очиход боломжгүй байсан. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Энд эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн нь бодитойгоор хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй гэж Дээд шүүх үзсэн. Иймд гуравдагчийн шаардлага үндэслэлгүй. Гэрч Соранигийн захирал нь тоног төхөөрөмжийг бусдад худалдсан гэж мэдэгдсэн байдаг. Эд хөрөнгийн асуудал нь Тосон буга групп болон Сорани нарын хоорондын асуудал юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 56.1.2, 56.1.8-д зааснаар байгаа. Зээл олгох хүсэл зориг байгаагүй. Гадаад хэлбэрийг илэрхийлсэн дүр үзүүлсэн хэлцэл байдаг. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. 3 сарын 12-нд зээл болон барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл итгэмжлэлийг 13-нд олгосон байдаг. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Хариуцагчийн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна. Бодит байдалд 66 800 000 төгрөгний эд зүйл байсан гэдэг нь нотлогдоогүй. Үнийг тодорхойлсон зүйл байхгүй. Худалдах худалдан авах гэрээний талаарх маргаан нь шийдэгдэж дууссан. Энэ гэрээн дээр нийт 20 саяаар худалдахаар тохиролцсон гэж заасан байдаг. Хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Гуравдагчийн гаргасан бичгээр 46 800 000 төгрөгөөр тохижилтыг үнэлсэн байдаг. Харин тоног төхөөрөмж нь 20 сая төгрөгөөр тохиролцсон байдаг. Цагдаад гомдол гаргаад тайлбарлахдаа үнэнээ хэлсэн байдаг. Хариуцагч нь Тосон бугын худалдах худалдан авах гэрээнд хамаагүй. Зөвхөн мөнгө зээлүүлсэн гэдэг. Булган нь мөнгө зээлүүлсэн нь манай компанид хамаагүй гэсэн байдаг. Гуравдагчийн шаардлага нь үндэслэлгүй. Маргаантай хамааралгүй. Эд зүйлийн жагсаалт нь үнэ бичигдээгүй. Худалдах худалдан авах гэрээний үнэ нь 20 сая байсан болох нь 3 шатны шүүхээр тогтоогдсон зүйл юм. Зээлийн гэрээ нь мөнгө зээлүүлэх зорилготой бус харин гадаад хэлбэрийн дүр үзүүлсэн гэрээ юм. Мөн барьцаа нь зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017 оны 03 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нотариатч дээр очиж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд зохигч нар гарын үсгээ зурж нотариатчаар гэрчлүүлсэн тул хуурч мэхэлсэн төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн шаардлага хангуулсан. Нэхэмжлэгч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн тул хүсэл зоригийн дагуу үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах чадвартай байх ёстой. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг байгуулсан талаар нэхэмжлэгч тал харин маргахгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг мөнгө эсхүл эд хөрөнгө шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байна. Энэ хүн надад 40,000,000 төгрөгийг зээлж эргүүлж төлөхөөр үүрэг л хүлээсэн. Үүргээ баталгаажуулж орон сууцаа өөрөө барьцаалсан. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагаа Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.3 дахь хэсгээр тайлбарлаж байна. Гэвч энэ үндэслэлээ тодорхой бичээгүй байгаа тул тайлбар өгөхөд хүндрэлтэй. Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсгээр Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа боловч нэхэмжлэлдээ 46,800,000 төгрөгийг цувуулаад тохиролцсон хугацаагаар төлж болно гэж тооцож байсан, 2017 оны 03 сарын 14-ний өдөр миний Хаан банкны дансанд 46,800,000 төгрөг оруулсан гэж өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ТосонБуга ХХК-ийн захирал Б.Булгантай нэг нутгийн багын найз нөхдүүд юм. 2014 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 1 хороо, Токиогийн гудамж, 6/1 байрны 1 дүгээр давхрын  дугаартай байранд Т ХХК нь түрээсийн гэрээ байгуулж, GS төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь хамтран ажиллаж ажил хэргийн холбоотой болсон. Үйлчилгээний төвд би зохион байгуулагч албан тушаалд ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Ингээд 2016 оны 12 сараас эхлэн түрээслэгч тал Сорани ХХК нь түрээсийн төлбөрөө бүтэн жилээр нэг дор шууд төл гэдэг шаардлага тавиад манай компани зөвшөөрөөгүй тул түрээсийн талбайгаа эргүүлж авч гэрээгээ цуцалсан. Ингээд GS төвд фитнесийн багшаар ажиллаж байсан ******* гэдэг залуу фитнесийн тоног төхөөрөмжөө бусад дагалдах эд зүйлстэй нь хамт 66,800,000 төгрөгөөр худалдчих гээд 2017 оны 03 сарын 09-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан. *******ын аав нь хүртэл ирээд гуйгаад байсан тул худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм. Аав нь бариа засал хийдэг гэж хэлж байсан. Фитнесийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг ТосонБуга ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Булган, ******* нар байгуулж, нотариатчаар гэрчлүүлж эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн. Харин зээлийн гэрээ байгуулах үед ТосонБуга ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ц.Энхцэцэг, Э.Батбаяр, Э.Оюунтуяа, нөгөө талаас ******* нар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн юм. Бүх гэрээ нотариатчаар гэрчлэгдсэн өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн бөгөөд нийт 66,800,000 /жаран зургаан сая, найман зуун мянга/ төгрөгийн фитнес тоног төхөөрөмж, бусад дагалдах эд хогшилыг *******т шилжүүлсэн үүнээс 20,000,000 /хорин сая/ төгрөгт нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үлдсэн 46,800,000 /дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгт нь зээлийн гэрээ байгуулсан. Учир нь ******* 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 46,800,000 төгрөг өөрт нь бэлэн байхгүй тул аавынхаа байрыг барьцаалж зээлийн гэрээ байгуулъя гэсэн юм. Зээлийн гэрээний дагуу бүтэн жилээр cap сард хувааж эд хөрөнгийн үнийг төлөхөөр бид харилцан тохиролцсон. ******* өөрөө эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй байсан учраас аавынхаа байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл аваад төлье гэж байсан боловч нэгдүгээрт, залуу хүнийг дэмжье, хоёрдугаарт, тус төвд ажиллаж байсан болохоор өрөвдсөн юмаа. Тийм ч учраас зээлийн гэрээний хүү сарын 0,5 хувиар хамгийн бага хэмжээгээр тогтоож гэрээндээ оруулсан. Миний бие нэхэмжлэгч *******тай 2017 оны 03 сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 2017 оны 03 сарын 13-ны өдөр нотариатчаар гэрээгээ гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хүнийг хууран мэхэлж төөрөгдүүлсэн зүйл байхгүй. ТосонБуга ХХК нь Сорани ХХК-тай шүүхээр маргаантай байгаа нь үнэн боловч энэ нь энэхүү нэхэмжлэлд огт хамаагүй түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй өөр иргэний хэрэг юм. Зээлийн гэрээний 2.1.2-д заасны дагуу *******ын данс руу 46,800,000 төгрөг Хаан банкаар дамжуулж шилжүүлж 2017 оны сарын 03 сарын 14-ний өдөр би буцааж авсан. Энэ нь ямар зорилготой байсан гэхээр сүүлд ******* эд хөрөнгө хүлээж аваагүй, үнийг төлөхгүй гэж намайг гүтгэвэл нотолгоо болгох юм гэж бодсон. Иймд би нэхэмжлэгч *******т 46,800,000 төгрөг шилжүүлж, буцааж авсан талаар маргахгүй бөгөөд харин 46,800,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлсэн нь үнэн юм. Иргэний хуулийн 189.1-д заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээгээ чөлөөтэй байгуулах эрхтэй, түүний агуулгыг ч өөрсдөө тодорхойлох эрхтэй, нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийнхөө үлдэгдэл үнийг төлж чадахгүй байсан учраас түүний хүсэлтийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон зүйл байхгүй, тийм гэрээ ч байгуулах боломжгүй юм. Ямар ч баталгаа, барьцаа байхгүй хүнд 66,800,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө зээлээр өгдөг хүн одоо үед байхгүй шүү дээ. Үүнийг шүүх ойлгоосой хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тоног төхөөрөмжийг 66 800 000 төгрөгөөр худалдаж авахаар хүсэлт гаргасан. Худалдаж авах талаар шахаж шаардаагүй. Нэхэмжлэгч нь фитнессийн багшаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь түрээстэй холбоотой ямар нөхцөл байсан болохыг мэдэж байгаа. Гуравдагчид хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийнх нь дагуу төлбөрийн асуудал яригдахад бэлэн 20 саяыг өгөөд үлдсэнийг нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалах замаар төлнө гэж байсан. Байнгын үйлчлүүлэгчийг аваад явна гэж бодоод худалдах болсон. Тодорхой хугацаанд ажиллуулж байгаад ашиг олж чадахгүй болохоороо худалдах худалдан авах гэрээн дээр 2 маргаан үүсгээд байдаг. Худалдах худалдан авахаасаа татгалзаж 20 саяыг авна гэж өмнө нь шийдүүлсэн. Уг нь 66 800 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ашиг олж чадахгүй болоод одоо үлдэгдэл төлбөр дээрээ дүр үзүүлсэн гэж байна. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Захирал Булган нь ажилтай байсан тул ажилтантайгаа зээлийн гэрээ байгуулуулсан. Ашиг олж чадахаа болихоороо 2 ийм хэрэг үүсгээд явж байгаа нь үндэслэлгүй юм. Нарийндаа бол хариуцагчийн эд хөрөнгө биш. Гуравдагчийн эд хөрөнгө байгаа. Бие даасан шаардлагыг шүүх хүлээж авсан тул мэтгэлцүүлэх байсан. Гуравдагч этгээд 2 хүсэлт гаргасан. Шүүх хангаагүй нь байж болохгүй асуудал. Шийдвэр хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзан гарах хүсэлтийг шүүх юу гэж үзэж байгааг давах шийдэх байх гэв.

 

Гуравдагч этгээд Т ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Манай ******* нь Баянзүрх дүүргийн 1-р хороо, Нисора цамхаг гэх барилгын 1-р давхрыг Сорани ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан GS центр нэртэй фитнес клубыг ажиллуулж бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. /Энэ үед Тосон буга ХХК нэртэй байсан ба 2018.04.06-нд хуулийн этгээдийн нэрэнд өөрчлөлт оруулж ******* болсон/. 2017 оны эхээр түрээслүүлэгчийн зүгээс гэрээнд заагаагүй нөхцлөөр төлбөр төлөхийг шаардаж улмаар түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах явцад манай GS центр фитнес клубд багшаар ажиллаж байсан ******* нь би Нисора цамхагийн захирал н.Нармандахтай уулзаж ярилцсан би таны тоног төхөөрөмжийг худалдаж аваад цааш үйл ажиллагаа явуулъя гэхээр нь нийт 66.800.000 /жаран зургаан сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдахаар болсон. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмж, эд хогшил хүлээн авах акт бичгээр үйлдэн *******т хүлээлгэн өгч түүний аав О.Болдбаатар нь бэлэн 20.000.000 төгрөгийг *******ын өмнөөс манай компанид төлж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, үлдсэн 46.800.000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх хэмжээнд зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулсан юм. Ингэхдээ худалдах худалдан авах гэрээг Тосон буга ХХК-иар байгуулж, харин зээлийн гэрээг манай компанийн менежер *******гаар байгуулсан. Бодит байдал дээр уг тоног төхөөрөмжүүд нь манай *******-ийн өмч болно. Гэтэл ******* нь уг тоног төхөөрөмж, эд хогшилуудыг Сорони ХХК-ийн байранд үлдээсэн гэж байгаа боловч, манай компанид болон компанийн менежер ******* нарын хэнд нь ч буцаан хүлээлгэж өгөөгүй. Улмаар Сорани ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нармандах нь 2019 оны 03 сарын 12-ны гэрчээр өгсөн тайлбартаа дур мэдэн бусдад (Анхбаяр гэж хүнд 2018 оны 08 дугаар сард лизингээр зарсан тухай гэрчийн тэмдэглэлд байна) зарсан байна. Нэгэнт *******аас биет байдлаар хүлээн авах боломжгүй болсон байх тул бид түүнд анх зээлээр худалдахаар тохиролцсон тоног төхөөрөмжийн үнэ болох 66.800.000 төгрөгөө гаргуулан авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Ийнхүү *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүдтэй холбоотой манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх бодит нөхцөл байдал үүсээд байгаа тул *******аас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн 167 ширхэг фитнес клубын тоног төхөөрөмж, эд хогшилын үнэ болох 66.800.000 /жаран зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Тосон буга ХХК-ийн зүгээс *******ын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Манай Тосон буга ХХК нь Баянзүрх дүүргийн 1-р хороо, Нисора цамхаг гэх барилгын 1-р давхрыг Сорани ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан GS центр үйлчилгээний төвийг ажиллуулж бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн юм. 2017 оны эхээр түрээслүүлэгчийн зүгээс гэрээнд заагаагүй нөхцлөөр төлбөр төлөхийг шаардаж улмааар түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлахад хүрэхэд манай GS центр фитнес клубд багшаар ажиллаж байсан ******* нь тоног төхөөрөмжүүдийг худалдах гэж байгааг мэдээд манай компанийн өмч болох тоног төхөөрөмжүүдийг худалдан авах саналаа илэрхийлж, бид харилцан тохиролцоод 167 ширхэг тоног төхөрөмжийг *******т нийт 66.800.000 /жаран зургаан сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдахаар болсон бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмж, эд хогшил хүлээн авах акт үйлдэн *******т хүлээлгэн өгч, *******ын аав О.Болдбаатар нь бэлэн 20.000.000 төгрөгийг *******ын өмнөөс манай компанид төлж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, үлдсэн 46.800.000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх хэмжээнд зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулсан юм. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлдээ "... Миний бие тухайн үед фитнес клубийг байгаа байдлаар нь бие даагаад ажиллуулах юм бол тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 46 сая 800 мянган төгрөгийг тохиролцсон хугацаагаараа цувуулаад төлж болно гэж тооцож байсан ... энэ гэрээг би фитнесийн болон кофе шопын тоног төхөөрөмж хэрэгслийн үнийн үлдэгдлийг цувуулж төлөх гэрээ гэж үзсэн учраас орон сууцаа барьцаалж гарын үсэг зурсан... гэдгээ үнэнээр нь тайлбарласан байгаа боловч, харин түүний ... харамсалтай нь Тосон Буга XXК нь 2017 оны 01 сараас эхлэн Сорани ХХК-д түрээсийн төлбөрөө төлөхгүйгээр шүүхэд маргаан үүсгээд цаашид хэвийн ажиллуулах боломжгүй болсон байсан... Булган надад ямарч мэдээлэл өгөөгүйгээс ... гэж бодит үнэнээс өөрөөр тайлбарласан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ******* нь өөрөө манай GS центр нэртэй фитнес клубд багшаар ажиллаж байсан бөгөөд Сорани ХХК болон Тосон Буга ХХК нарын хооронд маргаан үүссэн нөхцөл байдлыг хэнээс ч илүү сайн мэдэж байсан. Бусдын эд хөрөнгийг акт үйлдэн өөрийн эзэмшилд хүлээн авчихаад, ингээд зогсохгүй уг тоног төхөөрөмжүүдийг тодорхой хугацаанд ашиглан үйл ажиллагаа явуулсан атлаа өөрт нь ашиггүй болохоор гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. ******* нь одоо болохоор тус тоног, төхөөрөмж, эд хогшлуудыг хаана байгааг нь мэдэхгүй, Сорани ХХК-ийн гүйцэтгэх захирал бусдад зарсан гэж тайлбарлаж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Энгельс гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн дүгээр гэрчилгээг хариуцагч *******гаас гаргуулж, олгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар худалдах худалдан худалдан авах гэрээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу зээл олгосон, энэхүү зээл нь худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой байсан гэж маргаж байна. Улмаар зохигч худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнээс татгалзсан тул тоног төхөөрөмжийн үнийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжсэн байна.

 

Гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан, улмаар худалдсан тоног төхөөрөмжийг биет байдлаар буцаан авах боломжгүй болсон тул түүний үнэ болох 66,800,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ. Улмаар зээлийн гэрээний дагуу зээл олгогдсон тул гэрээ хүчин төгөлдөр гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, гуравдагч этгээд нь хамтран хариуцагч татах, түүний төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Түмэнжаргал нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байх үед гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Түмэнжаргал нь үндэслэлгүйгээр удаа дараа хуралдааны дэг зөрчиж зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тасалж, хүсэлт гаргахыг оролдсон. Үүний дараа шүүх хуралдаанд оролцохгүй болгохыг мэдэгдэж, шүүх хуралдаан даргалагчаас түүнийг хуралдааны танхимыг орхихыг зөвшөөрсөн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь тайлбар гаргаж байх явцдаа гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хууль бус татгалзах хүсэлтийг дэмжиж, улмаар дэг зөрчсөн тул даргалагчаас дэг сахих, хэрэг маргаантай холбоотой тайлбар гаргахыг 2 удаа сануулсан. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүргээ биелүүлээгүй, хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн тул шүүх хуралдаан даргалагч шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Цагдаагийн байгууллагын ажилтныг дуудан ирүүлж, хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын энэхүү хууль бус үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй юм.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 03 дугаар зээлийн гэрээ болон 05 дугаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 8-16 дугаар тал/

 

Зээлийн гэрээгээр 46,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлж, сарын 0,5 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансанд 46,800,000 төгрөг шилжүүлсэн байна. Гэвч мөнгө шилжүүлснээс хойш 22 минутын дараа энэхүү 46,800,000 төгрөгийг дансаар буцаан гаргасан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр тал/ Ийнхүү буцаан гаргасан мөнгийг зээлдэгч буюу энэ хэргийн хариуцагч ******* авсан болох нь түүний Зээлийн гэрээний 2.1.2-д заасны дагуу *******ын данс руу 46,800,000 төгрөг Хаан банкаар дамжуулж, шилжүүлж 2017 оны сарын 03 сарын 14-ний өдөр би буцааж авсан. Энэ нь ямар зорилготой байсан гэхээр сүүлд ******* эд хөрөнгө хүлээж аваагүй, үнийг төлөхгүй гэж намайг гүтгэвэл нотолгоо болгох юм гэж бодсон. Иймд би нэхэмжлэгч *******т 46,800,000 төгрөг шилжүүлж, буцааж авсан талаар маргахгүй гэх тайлбараар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 139-140 дүгээр тал/

 

Зээл гэдэг нь нэг этгээд нөгөө этгээдэд мөнгө буюу эд зүйлийг чөлөөтэй болон тодорхой зориулалтын дагуу захиран зарцуулах эрх олгож шилжүүлэн өгөх, улмаар хүлээн авсан нөгөө этгээд нь тодорхой хугацааны дараа тухайн авсан мөнгө болон эд зүйлийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан өгөх иргэний эрх зүйн харилцаа юм. Энд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид захиран зарцуулах эрхтэйгээр өгч, түүнийг ашиглах боломж олгосон байх нь гол нөхцөл юм. Гэтэл хариуцагч нь хэдийгээр зээлийн гэрээний зүйл болох 46,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон боловч ашиглах боломж олголгүйгээр буцаан авсан байгаа байдал нь зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй болгож байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Мөн хариуцагчийн дээрх тайлбар болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд зохигчид зээлийн гэрээ байгуулсан боловч бодит байдалд уг зээлийг олгох хүсэл зориг байгаагүй, харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь гэрээний талууд тухайн гэрээтэй холбоотойгоор хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Ийнхүү гэрээ байгуулсанаар тухайн гэрээний дагуу хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй, гадна талдаа хэлцэл байгуулсан дүр үзүүлсэн шинжтэй байдаг.

Эдгээр үндэслэлээр зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, уг зээлийн гэрээтэй холбоотойгоор тодорхой үр дагавар үүсгэхийг хүсээгүй байх тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм.

Барьцааны гэрээний хувьд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдал нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь барьцааны гэрээг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцны өмчлөгч О.Б нь мөн оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид итгэмжлэл олгосон тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргасан. Хэдийгээр барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 1 хоногийн дараа итгэмжлэл олгогдсон /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар тал/ байх боловч энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хэлцэл хийсэн байдлыг хожим зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Барьцааны гэрээний 1.1-д зааснаар уг барьцааны гэрээг дээрх 03 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулжээ. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго болгосон үүрэг үүсгэсэн гэх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар 05 дугаар барьцааны гэрээ нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Энгельс гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн  дүгээр гэрчилгээг биет байдлаар авсан болон одоо байгаа эсэх талаар маргаагүй.

 

Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авах үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний үнэ нь 66,800,000 төгрөг байсан тул нэгэнт гэрээнээс татгалзсанаар энэхүү гэрээний эд зүйлийн үнийг гаргуулах эрхтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсан нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1940 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00195 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна. /хэргийн 2 дугаар хавтас 84-102 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Ийнхүү худалдах худалдан авах гэрээтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн дээрх 001/ХТ2019/00195 дугаар тогтоолд худалдагч нь эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

Дээрх хянан шийдвэрлэсэн хэрэгт уг хэргийн хариуцагч буюу энэ хэргийн гуравдагч этгээд ******* нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй. Энд худалдах худалдан авах гэрээний нэг тал болсон Тосон буга ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оноосон нэрээ ******* болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлснийг дурдах нь зүйтэй. /хэргийн 2 дугаар хавтас 137 дугаар тал/

Гэвч худалдах худалдан авах гэрээний зүйлийг гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй болох нь дээрх 001/ХТ2019/00195 дугаар тогтоолын худалдагч нь эд хөрөнгийг жагсаалтаар худалдан авагчид хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдсэн байх боловч тухайн тоног төхөөрөмж нь Тосон буга ХХК-ний түрээсийн төлбөрт Сорани ХХК-д барьцаалагдсан, фитнес клубыг 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр лацадсан үндэслэлээр эд хөрөнгө бодитоор худалдан авагчид шилжээгүй үйл баримт тогтоогджээ гэсэн дүгнэлт, гэрч Б.Нармандахын 2018 оны 08 дугаар сард лизингээр тоног төхөөрөмжийг зарсан, Анхбаяр гэж хүнд зарсан гэх тайлбар /хэргийн 2 дугаар хавтас 16 дугаар тал/-р тус тус тогтоогдож байна.

Иймд гуравдагч этгээд нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнийг буцаан шаардах эрхгүй.

Харин гуравдагч этгээд нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох фитнесийн тоног төхөөрөмж, түүний үнийг зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.2 зааснаар нэхэмжлэгч Б.Бодбаатар, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 03 дугаар зээлийн гэрээ, 05 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч *******д Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Энгельс гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн  дүгээр гэрчилгээг нэхэмжлэгч *******т буцаан олгохыг даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******т холбогдох 66,800,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд *******-ний бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 462,150 төгрөг, гуравдагч этгээдийн 491,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 462,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД