Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 34

 

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

           Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;     

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр Т.Д холбогдох эрүүгийн 1914008170019 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн,  Т.Д, 1978 оны 3 дугаар сарын 31-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Т.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чойдог” гэх газраас иргэн П.Алтаны эзэмшлийн 72 тооны буюу олон тооны ямааг хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Т.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  Т.Дыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Т.Дыг таван зуун наян / 580 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Д оногдуулсан таван зуун наян / 580 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Т.Д нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3. 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган /800.000/ төгрөгийг Т.Даас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн 17 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн.

 

Шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхдээ “...хохирогч П.Алтангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Х.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Алтангийн өгсөн мэдүүлэг зэргээр уг малыг шуурганд хөлөөр нь алдсан болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Т.Д нь уг алдуул малыг Х.Хүрэлсүхэд зарахдаа миний мал гэж зарсан нь түүнийг уг малыг шууд хулгайлсан гэж үзэж бусдын малыг хулгайлсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн зүйлчилж байгаа нь болсон үйл баримттай шалтгаант холбоогүй, ...Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д нь ашиг олох зорилгоор бусдын алдуул малыг зарахдаа өөрийн мал гэж хэлсэн нь түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шууд үзэж болохгүй, ...Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Алтан нь малаа бэлчээрт байхдаа шуурганд хөлөөр нь алдсан гэж мэдүүлж байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй, ...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд шүүгдэгч Т.Дын үйлдэлд хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон нотлох баримт авагдаагүй байгаа бөгөөд харин шуурганд алдсан малыг завшсан гэх үйл баримтыг нотлох баримт илүү авагдсан байгааг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Алтаны “... 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны хооронд Баян-Овоо сумын 1 дүгээр баг Чойдог гэх газраас 71 тооны бог малаа алдсан. Манай 71 тооны малаас ишиг 22 ширхэг, эр ямаа 8 тооны, 41 тооны эм ямаа байсан. Манай ямаанууд зөв талын чих нь урд талаасаа ганзага , зарим ямаа нь зөв талын чихэндээ саарал даавуутай, буруу талын чих нь урд талаасаа догол эмтэй. Миний алдсан гэх 72 тооны бог малаас 22 тооны ямааг Хүрлээ гэх хүн нядалсан байсан. Гэхдээ Доржпалам нь надаас уучлалт гуйж өөрийнхөө малаас 22 тооны ямааг манай 50 тооны бог малтай нийлүүлж надад 71 тооны ямаа, 1 тооны хурга нийт 72 тооны бог малыг хүлээлгэн өгч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би анх Хүрлээ гэх хүнтэй алдсан малаа сураад очтол Доржпалам гэх хүн манай малд 72 тооны бог мал нийлүүлсэн хулгайн мал байсан талаар мэдээгүй гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 15-21-р хуудас/

Гэрч Х.Хүрэлсүхийн “..Би ямар учиртайг нь мэдээгүй надад хэлэхдээ би өөрийнхөө малыг борлуулж байгаа юм гэж хэлж байсан. Манай өөрийн мал байгаа юм. Хөөргөө барьцаанд тавьсан тэдгээрийгээ авах гээд мөнгө хэрэг болоод мал зарж байгаа юм гэж хэлсэн, утсаар залгаад би өөрийн малаа зарах гэж байна та аваач гэж хэлэхэд Баацагааны Долоод гэдэг газрын Бардаак гэдэг газарт малаа туугаад ир би явах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн Даашка гэгч нь аваад ирсэн. Тэгээд 71 тооны бог мал байсан үүнээс 1 хурга, 40 эм ямаа, 8 эр ямаа, байсан. Даашка гэгч нь ногоон өнгийн хуучивтар мотоцикл унаж явсан Тэгээд Дангаа ирсний маргааш нь Даашка гэгч нь 16 эм ямаа, 1 хургатай, 22 ишиг, 8 эр ямааг буцаагаад аваад явсан. 24 ямааг би нядалсан байсан юм. ..” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26-р хуудас/

Яллагдагч Т.Дын “... би бодохдоо энэ тасарсан ямааны эзэн нь гарч ирэхгүй юм чинь энэ ямааг авъя гэж бодоод Хүрлээтэй утсаар ярьж хүрээд ирээч ямаа зарна гэж дуудсан. Намайг 72 тооны бог мал хулгай хийсэн талаар Хүрлээ мэдээгүй надаас хулгайн мал юм биш үү гэж 2 удаа асуухаар нь үгүй миний өөрийн мал байгаа юм гээд уг 72 тооны бог малыг өгөөд явуулсан. ..” гэх мэдүүлэг /хх-. 43-46-р хуудас/ зэргээр Т.Д нь 2019 оны 11 дүгээр сард болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр орон нутагт хохирогчийн ямаа шилжсэн нь тогтоогдсон боловч яллагдагч Т.Д нь энэ байдлыг ашиглан тэдгээрийг машин механизм ашиглан хөөж туун нуун далдаж бусдад зарж борлуулсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцел байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Мөн Т.Д нь тухайн малыг Цагдаагийн байгууллага, орон нутгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Дын үйлдэлд алдуул мал завших гэмт хэргийн шинж агуулагдаагүй бөгөөд цаг хугацааны хувьд тухайн алдагдсан гэх ямааг алдуул малд тооцох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн аймгийн ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 тоот эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагүу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана. 38.2 дугаар зүйлийн 3 д энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй гэжээ. Аймгийн прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 18 ны өдрийн 11 цаг 40 минутад гардаж авч харин эсэргүүцлийг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 01 ний 17 цаг 40 минутад хүлээн авсан байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүлээн авахдаа хугацаа тавьж авсан тул тэр хугацаанаас эхлэн гомдол гаргах хугацаа тоологдох ёстой бөгөөд прокурорын эсэргүүцэл бичих хугацаа 2020 оны 4-р сарын 01-ний өдрийн 11 цаг 40 минутийн дотор байхаар байна. Иймд прокурорын эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн байхад шүүх эсэргүүцлийг хүлээн авсан нь ЭХХШТХ ийн 38.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай Прокурорын эсэргүүцэлд: Т.Д нь 2019 оны 11 дүгээр сард болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байга идээшсэн нутаг билчээрээсээ холдон өөр орон нутагт хохирогчийн ямаа шилжсэн нь тогтоогдсон боловч яллагдагч нв энэ байдлыг ашиглан тэдгээрийг машин механизм ашиглан хөөж түүн нүүн далдалж бүсдад зарж борлүүлсан идэвхттэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгуүллага, орон нүтгийн хууль хяналтын байгүуллагад мэдэгдээгүй, цаг хугацааны хувьд тухайн алдагдсан гэх ямааг алдүул малд тооцох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэхээр байна гэжээ. Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

А. Хохирогч Алтангын мал өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг билчээрээсээ холдон 25-30 кмт өөр орон нутагт Баян овоо сумын нутаг хоолой хар толгой гэх газарт хохирогчийн ямаа шилжсэн нь тогтоогдсон. Энэ нь Нэгэнт өмчлөгчийн хараа хяналтаас гарсан нь алдагдсан буюу алдуул мал гэж үзнэ. Харин хэргийн материалд авагдсан нотлох баримтаар Доржпалам нь хулгай хийсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй бөгөөд үйлдэл нь хулгайн гэмт хэргийн объектив талын шинжгүй хулгайн гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байна.

Б. Прокурор эсэргүүцэлдээ: өөр орон нутагт хохирогчийн ямаа шилжсэн нь тогтоогдсон боловч яллагдагч нв энэ байдлыг ашиглан тэдгээрийг... хөөж туун нуун далдалж бусдад зарж борлуулсан идэвхттэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэжээ. Хэргийн материалд авагдсан нотлох баримтанд хохирогчийн алдагдсан малыг машин механизм ашиглан хөөж туусан байдал огт тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан Доржпаламын, 24 дүгээр хуудсанд авагдсан Хүрэлсүхийн мэдүүлэгт уг мал тасраад Хоолой хар толгой гэх газарт 2-3 хоног байсан гэх ба тэр газраас нь холдуулж нуун далдалсан асуудал огт байхгуй. Уг байсан газраас нь Хүрэлсүхийн аваар ир гэсэн газарт нь аваачиж өгсөн байдаг. Доржпалам нь уг 72 тооны малыг эзэн өмчлөгчийн нь хараа хяналтанд, билчээр газарт нь байхад авсан үйлдэл байхгүй, харин тасарсан байхад нь авч цааш нь зарж байгаа нь Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа тул шүүхээс зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэсэн нв зөв юм.

В. цаг хугацааны хувьд тухайн алдагдсан гэх ямааг алдуул малд тооцох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна гэжээ. Хууль тогтоогчоос малыг ямар хугацаанд өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр түүний хараа хяналтаас гарсан бол алдагдсан гэж үзэх талаар тогтоосон хуулийн хугацаа огт байхгүй. Харин алдуул гэж үзэж гол нөхцөл нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг билчээрээсээ холдон өөр орон нутагт шилжсэн ньтогтоогдсон байхыгхууль шаарддаг.

Г. Цагдаагийн байгууллага, орон нутгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй гэжээ. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлдТөлбөртооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Энд заавал Цагдаагийн болон хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн байхыг шаардаагүй.

Иймд Аймгийн прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 17 тоот эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Малыг эзэнгүй байхад нь эрх бүхий байгууллагад мэдэгдэний дараа захиран зарцуулж байгаа бол тэр завшсан үйлдэл болно. Т.Дын үйлдэл бол хулгайлах гэмт хэрэг байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Т.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чойдог” гэх газраас иргэн П.Алтаны эзэмшлийн 72 тооны буюу олон тооны ямааг хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914008170019 дугаар хэрэгт авагдсан хохирогч П.Алтан, гэрч Х.Хүрэлсүх нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 626 дугаар дүгнэлт, мөн Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дүгээр магадлагаа дүгнэлт, Т.Д нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Т.Д нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Дыг бусдын өмчлөлийн 72 тооны буюу олон тооны ямааг хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Т.Дын үйлдлийг алдуул малыг завшсан хэмээн дүгнэж, хөнгөрүүлэн шийдвэрлэсэн энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байна.

Учир нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь бусдын “өмчлөх эрхийг” шууд санаатай хэлбэрээр зөрчсөн үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Т.Дын хувьд 72 тооны буюу олон тооны ямааг шууд санаатай өөрийн өмчлөл, эзэмшилд авсан үйлдэл тогтоогдохгүй байна. Харин ижил сүргээсээ тасарч өөр газар нутагт идээшиж байсан 72 тооны ямааг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Алтан нь мэдүүлэхдээ “2019 оны 11 дүгээр сарын 5, 6-нд их шуурга болж, мал нь тасарч алга болсон” хэмээн мэдүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.