Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 72

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

 Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Хохирогч: П.А,

Шүүгдэгч: Т.Д, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008170019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Т.Д

      Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч: Т.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чойдог” гэх газраас иргэн П.Аы эзэмшлийн 72 тооны буюу олон тооны ямааг хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

           ТОДОРХОЙЛОХ НЬ:         

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Т.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 11 дүгээр сарын 11-12-ний үед байхаа өдрийг нь сайн санахгүй байна Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бор худаг" гэх -азар адуугаа хараад явж байтал “Хоолойн хар толгой” гэх газар олон тооны ямаа тасарсан байхыг хараад өнгөрсөн намайг орой буцаад ирэх үед миний харсан тасарсан олон тооны ямаа байсан газраа хэвээрээ байсан тухайн үед хэний тасарсан ямаа байсан талаар мэдээгүй тэгээд би гэр лүүгээ явж гэртээ хоносон маргааш өглөө босоод харахад олон тооны ямаа нь “Хоолойн хар толгой” гэх газар нөгөө тасарсан олон тооны ямаа нь харагдаж байхаар нь хэний ямаа юм болоо гэж бодоод өнгөрсөн маргааш дахиад уг олон тооны ямааг дахин хартал байсан газраа байхаар нь Хүрлээ гэдэг хүн рүү залгаж танай ямаа тасарсан уу гэж асуухад үгүй гэсэн тэгээд би бодохдоо энэ тасарсан ямааны эзэн нь гарч ирэхгүй юм чинь энэ ямааг авъя гэж бодоод Хүрэлээтэй утсаар ярьж хүрээд ирээч ямаа зарна гээд дуудсан чинь 2-3 цагийн дараа Хүрлээ мотоциклтойгоо хүрээд ирсэн тасарсан байсан ямааг зарна гээд хэлтэл Хүрлээ надаас энэ ямаа чинь хулгайн юм шүү гэж асуухаар нь үгүй хулгайн ямаа биш ээ миний өөрийн ямаа гайгаа юм гээд би өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклоо унасан харин Хүрлээ өөрийнхөө мотоциклтой очоод малыг тоолоод үзтэл 71 тооны ямаа, 1 тооны хурга байхаар нь мотоциклоор уг 71 тооны ямаа, 1 тооны хургыг туугаад явъя гэтэл дахин Хүрлээ хулгайн ямаа, хурга юм биш үү гээд асуугаад байхаар нь үгүй миний өөрийн 71 тооны ямаа, 1 тооны хурга байгаа юм гээд Хүрлээ бид 2 уг 72 тооны бог малыг туугаад Хүрэлээгийн гэр лүү явж байгаад би гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. Би Хүрэлээд 72 тооны бог малыг зарахдаа 1 тооны ямааг 70.000 төгрөг, 1 тооны ишгийг 30.000 төгрөг, 1 тооны хургыг 30.000 төгрөгөөр бодож тооцсон 71 тооны ямаан дотор 8 тооны эр ямаа, 41 эм ямаа, 22 тооны ишиг, 1 тооны хурга байсан. Тэгээд би гэртээ очсон тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа би гэртээ байж байтал Дангаа буюу хохирогч Алтан ирээд чи миний малыг хулгай хийгээд Хүрлээ гэх хүнд зарсан байна би 2-3 хоног малаа эрээд олохгүй байх чинь чи хүнд аваачаад зарсан байна гэхээр нь би миний буруу болсон байна би малыг чинь тоо ёсоор тууж аваачаад гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь маргааш авчирч өгөөрэй гээд яваад өгсөн. Тэгээд би маргааш нь Хүрэлээтэй очиж уулзаад өгсөн 72 тооны бог малаа буцааж авъя гэтэл 5и чамд хэлээ биз дээ хулгайн мал юм биш үү гээд байсан чи надаас зээлсэн байсан 1.400.000 төгрөгтөө би 22 тооны ямааг нь авсан шүү чи өөрөөсөө төлж өгөөрэй гэхээр нь үлдсэн 50 тооны бог мал буюу 49 тооны ямаа, 1 тооны хургыг туугаад өөрийн малтай нийлүүлж байгаад хэд хоногийн дараа өөрийнхөө малаас 22 тооны ямааг нөхөж хийгээд нийт Данга буюу Алтанд 72 тооны бог мал буюу 71 тооны ямаа, 1 тооны хургыг тоо ёсоор хүлээлгэн өгч хохиролгүй болгосон.......” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хоолой толгой дээр хэдэн мал ирсэн байсан. Маргааш нь бас байж байсан. Тэгэхээр нь Хүрэлсүх рүү яриад танай мал тасарчихсан юм биш үү гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд Хүрэлсүхэд аваачиж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Х.Алтан манайд ирээд чи яагаад манай малыг айлд аваачиж өгсөн гэхээр нь 3 хоног энд байхаар нь аваачиж өгсөн гэсэн. Тэгсэн чинь Хүрэлсүх манай 24 ямааг гаргачихсан байна гэхээр нь би төлж өгсөн гэв.

 3. Хохирогч П.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                   

... 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны хооронд Баян-Овоо сумын 1 дүгээр баг Чойдог гэх газраас 71 тооны бог малаа алдсан. Манай 71 тооны малаас ишиг 22 ширхэг, эр ямаа 8 тооны, 41 тооны эм ямаа байсан. Манай ямаанууд зөв талын чих нь урд талаасаа ганзага , зарим ямаа зөв талын чихэндээ саарал даавуутай, буруу талын чих нь урд талаасаа догол эмтэй. Миний алдсан гэх 72 тооны бог малаас 22 тооны ямааг Хүрлээ гэх хүн нядалсан байсан. Гэхдээ П.Доржпалам нь надаас уучлалт гуйж өөрийнхөө малаас 22 тооны ямааг манай 50 тооны бог малтай нийлүүлж надад 71 тооны ямаа, 1 тооны хурга нийт 72 тооны бог малыг хүлээлгэн өгч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би анх Хүрлээ гэх хүнтэй алдсан малаа сураад очтол Доржпалам гэх хүн манай малд 72 тооны бог мал нийлүүлсэн хулгайн мал байсан талаар мэдээгүй гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг / хх-ийн 15-21 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.А мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 5, 6-нд их шуурга болж манай мал алга болсон. Тэгээд малаа хайж яваад 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Хүрлээ гэх айлын хотонд байхаар нь манай малыг хэн авчир өгсөн бэ гэсэн Т.Д авчирч нийлүүлсэн гэсэн, би Т.Даас хохирлоо төлүүлж авсан одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

5. Гэрч Х.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би ямар учиртайг нь мэдээгүй надад хэлэхдээ би өөрийнхөө малыг борлуулж байгаа юм гэж хэлж байсан. Манай өөрийн мал байгаа юм. Хөөргөө барьцаанд тавьсан тэдгээрийгээ авах гээд мөнгө хэрэг болоод мал зарж байгаа юм гэж хэлсэн, утсаар залгаад би өөрийн малаа зарах гэж байна та аваач гэж хэлэхэд Баацагааны Долоод гэдэг газрын Бардаак гэдэг газарт малаа туугаад ир би явах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн Даашка гэгч нь аваад ирсэн. Тэгээд 71 тооны бог мал байсан үүнээс 1 хурга, 40 эм ямаа, 8 эр ямаа, байсан. Даашка гэгч нь ногоон өнгийн хуучивтар мотоцикл унаж явсан Тэгээд Дангаа ирсний маргааш нь Даашка гэгч нь 16 эм ямаа, 1 хургатай, 22 ишиг, 8 эр ямааг буцаагаад аваад явсан. 24 ямааг би нядалсан байсан юм. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

      6. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 626 дугаар:

      1. Эр ямаа 8 ширхэг 1 ширхэг нь 100.000 төгрөг нийт 800.000 төгрөг

2. Эм ямаа 41 ширхэг 1 ширхэг нь 70.000 төгрөг нийт 2.870.000 төгрөг

3. Ишиг 22 ширхэг 1 ширхэг нь 40.000 төгрөг нийт 880.000 төгрөг

      Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 4.550.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/

 7. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 61 дугаар

      1. Мустанг-5 мотоцикл 1 ширхэг 800.000 төгрөг

      2. Хурга 1 настай 1 ширхэг 40.000 төгрөг нийт 840.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ болон, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 54-57 дугаар хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

           Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгээс шүүх хуралдаанд гэрч Х.Хүрэлсүхийг оролцуулах талаар гаргасан хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрчийг оролцуулахгүй шийдвэрлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх санал тус тус гаргасан бөгөөд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлснээр шүүх хуралдаанд гэрч Х.Хүрэлсүхийг оролцуулахгүйгээр түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй байхаар шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт      улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:. Шүүгдэгч Т.Д нь бусдын олон тооны малыг хулгайлж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу авагдан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс малаа буцааж авсан нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Харин шүүгдэгч Т.Даас 1.400.000 төгрөгийг гаргуулж Хүрэлсүхэд олгуулах нь зүйтэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс алдуул мал байсан гэж тайлбарлаж байгаа боловч алдуул мал гэж үзэх үндэслэлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ хэрэгт эргэлзээтэй зүйл бий. Шүүгдэгчийн зүгээс айлын тасарсан алдуул малыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хулгайлагдсан эд зүйл халдлагад өртөх үедээ тухайн өмчлөгч этгээдийн эзэмшил ашиглалтад байхад нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах нь хулгайн гэмт хэргийн үндсэн шинж. Хохирогчийн ярьж байгаагаар 11 дүгээр сарын 5-6-нд болсон шуурганаар мал нь алга болсон тэгээд хайж яваад 11 дүгээр сарын 8-9-нд олсон гэдэг. Т.Д болохоор тухайн мал 11 дүгээр сарын 11-нд хоолой толгойд ирсэн. Би 11 дүгээр сарын 13-нд авсан гэдэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Алдуул малын гол шинж нь өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамааран өөрөө бэлчээр газраасаа тасарч өөр газарт очих, мөн түүний өмчлөгч нь тодорхойгүй байх гэсэн 2 үндсэн шинжтэй. Шүүгдэгч нь тухайн малыг хэний эзэмшлийн мал байсныг мэдээгүй. Хохирогчийн байсан Чойдог гэх газар тухайн мал байсан гэх Хоолой толгой гэх газрууд нь 20 гаран километрийн зайтай. Бэлчээрийн тухай хууль, Газрын тухай хуульд бэлчээр газрыг тодорхойлоогүй байдаг. Харин Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан зөвлөмжөөр бог малын хувьд 5-6 километр газрыг бэлчээр газар гэж үзнэ. Бод малын хувьд 20 километр газрыг бэлчээр газар гэж үзнэ гэсэн судалгааны материал байдаг. Тэгэхээр тухайн 42 хургатай мал 20 гаран километр бэлчихгүй нь ойлгомжтой. Тийм учраас хохирогчийн мэдүүлсэн тасарсан гэдэг нь үүгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн зүгээс анх мэдүүлэг өгөхдөө л тухайн малыг тасраад ирсэн мал гэдэг талаар хэлсэн. Мөн тухайн малыг зарж борлуулах санаа зорилго агуулаагүй учраас хулгайн гэмт хэргийн объектив, субъектив талын шинж бүрдээгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

          Шүүхээс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны хооронд Баян-Овоо сумын 1 дүгээр баг Чойдог гэх газраас 71 тооны бог малаа алдсан. Манай 71 тооны малаас ишиг 22 ширхэг, эр ямаа 8 тооны, 41 тооны эм ямаа байсан. Манай ямаанууд зөв талын чих нь урд талаасаа ганзага , зарим ямаа зөв талын чихэндээ саарал даавуутай, буруу талын чих нь урд талаасаа догол эмтэй” гэх мэдүүлэг,

 Гэрч Х.Хүрэлсүхийн “Би ямар учиртайг нь мэдээгүй надад хэлэхдээ би өөрийнхөө малыг борлуулж байгаа юм гэж хэлж байсан. Манай өөрийн мал байгаа юм. Хөөргөө барьцаанд тавьсан тэдгээрийгээ авах гээд мөнгө хэрэг болоод мал зарж байгаа юм гэж хэлсэн, утсаар залгаад би өөрийн малаа зарах гэж байна та аваач гэж хэлэхэд Баацагааны Долоод гэдэг газрын Бардаак гэдэг газарт малаа туугаад ир би явах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн Даашка гэгч нь аваад ирсэн. Тэгээд 71 тооны бог мал байсан үүнээс 1 хурга, 40 эм ямаа, 8 эр ямаа, байсан. Даашка гэгч нь ногоон өнгийн хуучивтар мотоцикл унаж явсан Тэгээд Дангаа ирсний маргааш нь Даашка гэгч нь 16 эм ямаа, 1 хургатай, 22 ишиг, 8 эр ямааг буцаагаад аваад явсан. 24 ямааг би нядалсан байсан юм. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Агийн өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 5, 6-нд их шуурга болж манай мал алга болсон. Тэгээд малаа хайж яваад 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Хүрлээ гэх айлын хотонд байхаар нь манай малыг хэн авчир өгсөн бэ гэсэн Т.Д авчирч нийлүүлсэн гэсэн “ гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч П.А нь 72 тооны бог малаа хулгайн замаар буюу нууцаар хууль бусаар алдаагүй харин уг малыг шуурганд хөлөөр нь алдсан болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Т.Д нь уг алдуул малыг Х.Хүрэлсүхэд зарахдаа миний мал гэж зарсан нь түүнийг уг малыг шууд хулгайлсан гэж үзэж бусдын малыг хулгайлсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн зүйлчилж байгаа нь болсон үйл баримттай шалтгаант холбоогүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д нь ашиг олох зорилгоор бусдын алдуул малыг зарахдаа өөрийн мал гэж хэлсэн нь түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шууд үзэж болохгүй юм.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Т.Дыг хохирогч П.Агийн малыг хулгайлсан гэж шууд үнэлэх нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч П.А нь малаа алдсан гэж мэдүүлсэн нь малаа хулгайд алдсан гэж мэдүүлсэн гэж шууд дүгнэж болохгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.А нь малаа бэлчээрт байхдаа шуурганд хөлөөр нь алдсан гэж мэдүүлж байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд шүүгдэгч Т.Дын үйлдэлд хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон нотлох баримт авагдаагүй байгаа бөгөөд харин шуурганд алдсан малыг завшсан гэх үйл баримтыг нотлох баримт илүү авагдсан байгааг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Д нь хэрэв алдуул гэж мэдсэн бол Цагдаагийн байгууллага, орон нутгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй нь түүнийг хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нотолгоо биш гэж шүүх дүгнэж байна. Хэрэв хууль хяналт, төрийн зохих байгууллагад мэдэгдсэн бол алдуул малыг завшсан гэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс уг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Т.Дын бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж түүнд Баянхонгор аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Ийм учраас шүүхээс шүүгдэгч Т.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чойдог” гэх газраас иргэн П.Агийн эзэмшлийн 72 тооны алдуул малыг мотоцикл ашиглан завшиж 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч П.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Х.Хүрэлсүх, үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн 626, 61 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Дыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Дд уг зүйлчлэлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “..анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.А нь шүүгдэгч Т.Даас 72 тооны бог малыг буцаан авсан хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Д нь бусдын алдуул малыг завшихдаа өөрийн эзэмшлийн мотоциклоор тууж явсан нь тогтоогдсон тул түүний мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг шүүгдэгч Т.Даас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Д нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон                       

               ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Т.Дыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Т.Дыг таван зуун наян / 580 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан таван зуун наян / 580 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Д нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг Т.Даас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.