Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00519

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00519

  Орхон аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б-д холбогдох,   

“Гэм хорын хохирол 12 747 940 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, иргэдийн төлөөлөгч У.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Бээс гэм хорын хохиролд 12 747 940 төгрөгийг нэхэмжилж байна. Согтуу жолооч Б нь осол аваар гаргаж, гэм хорын хохирол учруулснаас болж миний олох ёстой орлого, миний эд хөрөнгө, миний охины эрүүл мэнд, орлого оруулах машин нь эх үүсвэр нь байсан. Гэтэл машин ашиглагдах боломжгүй эвдэрсэн учир бусдын тээврийн хэрэгслийг хөлс төлөн, мөн өдөр болгон такси унаа барин 6 сар гаруй хугацаанд асар ихээр хохирсон дээрээ хохирч байна. Иймд нийт 12 747 940 төгрөгийг Үүнд:

а. 5 сая 500 төгрөг нь машины үнэлгээний үнэ   

б. 311 586 төгрөг нь улсын тэмдэгтийн хураамж   

в. 8 сарын 14-ний өдрийн осолд орсон бараанууд: өндөг, ундаа, нүдний шил, хагарсан, эвдэрсэн бараа, ном, дэвтэр, цүнх, машины бензин нийт 386 900 төгрөг

г. Имрейд харуулсан - 1 сая 280 төгрөгний үнэ бүс, унаа зардлууд, эм тариа, бусад зардлууд  

д. 9 сарын 12-нд Ломбард /5 сая 300 төгрөг/ зээл авсан /охины 8 сарыг дуустал/

Ийм их хэмжээгээр би хохирол амсахгүй байсан. 6 сар гаруй хугацаанд цааш, нааш ирж очих, 8 сарын 14-нөөс хойших өдий болтол сэтгэл санааны хохирол, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Нийт 17 542 880 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзан 4 794 770 төгрөгийг хасан 12 747 940 төгрөгийг Бээс нэхэмжилж байна...” гэжээ.  

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Ж.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Э.Б миний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ж.Оийн охин Б.Ут хөнгөн гэмтэл учирсан ба би хохирол зэргийг төлж барагдуулсан. Осол болсны дараа хохирогчид эм тариа, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, үзлэг, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хэвтэн эмчлүүлсэн ор хоног гээд нийт 798 000 /долоон зуун ерэн найман мянган/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг, 5 өдрийн хоолны мөнгө 90 000 /ерэн мянган/ төгрөг нийт 1 088 000 /нэг сая наян найман мянган/ төгрөг хохирогчид төлсөн. Тухайн ослын улмаас би хөлийн шагайндаа хүнд гэмтэл аваад босч чадахгүй байсан ба одоо суга таягтай алхаж байгаа. Одоо шагайн хагалгаа зөрүүтэй гээд дахин хагалгаа хийлгэх болоод байна... гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь хариуцагч Э.Бд холбогдуулан гэм хорын хохирол 12 747 940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч тал, нэхэмжлэлээс 400 900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс нь татгалзсан.

            Хариуцагч Э.Б нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний орой Булган аймгийн Орхон сумын Бүрэн бүст гэх газар “Сод монгол” ШТС-ын авто зам дээр Ниссан тена маркийн 8077 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто замын эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Субору маркийн 0967 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Уийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй бөгөөд, хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй гэсэн.   

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...машинд учирсан хохирол 5 500 000 төгрөг, осол болох үед машинд явсан барааны үнэ 386 900 төгрөг, имрайд харуулсан, мөн бүсний үнэ, унааны зардалууд, эм тариа бусад зардалд 1 280 000 төгрөг, ломбардаас авсан зээлийн төлбөр 5 300 000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.  

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ: ...Б.У нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, өмнө нь энэ талаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс машины хохиролыг төлөхгүй, мөн бусад хохирол нь баримтаар нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй. Харин Б.Уийн эрүүл мэндэд учирсан хохирол, өөрийнх нь замын зардал, тухайн үед машинд явсан барааны үнэ, шинжилгээний 14 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй... гэсэн тайлбар гаргасан.    

            Нэхэмжлэгч Б.Уийн жолоодож явсан Субору маркийн 0967 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Болдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх ба, С.Болд нь нэхэмжлэгч Б.Уийн эцэг бөгөөд, С.Болд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.

            Б.У нь С.Болд, Ж.О нарын охин болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба, С.Болд, Ж.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт ирсэн байна. 

            Уг тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нас барсан байх ба осол болох үед буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Субору маркийн 0967 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний охин Б.У жолоодож явсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, уг тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийнхний хэрэгцээндээ хэрэглэдэг авто машин гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд, Б.Уийг нэхэмжлэх эрхгүй этгээд үзэх үндэслэлгүй, Б.У нь өвлөх эрхтэй. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.Болдын эхнэр Ж.О өөрийн нэр дээр шилжүүлж авсан ч, осол болох үед уг тээврийн хэрэгслийг Б.У эзэмшиж явсан нь нотлогдож байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Тиймээс Б.У нь учирсан гэм хорын хохиролыг Э.Бээс шаардарх эрхтэй.

Нэхэмжлэгчийн жолоодож явсан Субору маркийн 0967 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг Үнэлгээний байгууллага 5 500 000 төгрөгөөр үнэлсэн байх ба 53 хувийн эвдрэлтэй буюу дахин ашиглагдах боломж муутай гэсэн дүгнэлт гаргасан байх тул зах зээлийн үнэлгээг баримтлан хохиролыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин бусад зардлын тухайд: нэхэмжлэгч нь уг зардалд, эмнэлэгт үзүүлэх нааш цаашаа явсан зардал, нурууны бүс авч зүүсэн, нүдний шилний хохирол, MRI шинжилгээ хийлгэсэн, шуудан холбооны төлбөр, Ганданд ном уншуулсан төлбөр, хоолны мөнгө болон бусад зардлуудыг оруулсан гэж тайлбарласан ба, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролыг гаргуулав. Үүнд: Б.Уийн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх, хэрэг шийдвэрлүүлэхээр ирж очсон замын зардал 100 200 төгрөг, нүдний шилний үнэ 55 000 төгрөг, нурууны бүс 46 200 төгрөг, хоолны мөнгө 90 000 төгрөг, шуудан холбооны төлбөрт 160 250 төгрөг, хийдэд ном уншуулсан 16 500 төгрөгийг гаргуулсан бөгөөд, үүн дээр хариуцагчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн машинд тээвэрлэж явсан барааны үнэ 386 900 төгрөг, мөн шинжилгээний 14 000 төгрөг нийт бусад зардалд 869 050 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Замын зардлын хувьд Б.Уийн өөрийнх нь зардал дээр, осол болох үед болон Б.Уийг Медипас эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх үеийн, мөн Улаанбаатар хот руу галт тэрэгээр нэг удаа Б.Утэй хамт зорчсон Ж.Оийн зардлыг оруулж тооцсон.   

Шуудан холбооны зардлын хувьд: Э.Бийн буруутай үйлдлийн улмаас Б.Уийн биед гэмтэл учирсан, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдэрч хохирсон ба, энэ хэргийн талаарх гомдлоо гаргахад эрх бүхий газар, албан тушаалтнуудад хандаж гаргасан захидал харилцааны төлбөр, шашны зан үйлд зориулан хийдэд ном уншуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. Ослын улмаас нэхэмжлэгчээс гарсан зардлууд нь Э.Бийн буруутай үйлдлийн улмаас бий болсон үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзсэн тул дээрх төлбөрийг гаргуулав.

Б.Уийн Улаанбаатар хотод үзүүлсэн MRI шинжилгээний төлбөрийн баримт хэрэгт авагдаагүй, оюутны төлбөр, кредитийн төлбөрийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй, мөн ломбарднаас зээлсэн гэх 5 300 000 төгрөгийн талаар ямар нэг баримт хэрэгт ирээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оийн дэлгүүрийн бараа татан авахтай холбоотой зардал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.     

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж 311 586 төгрөгийг оруулан тооцсон байх ба, улсын тэмдэгтийн хураамж нь хуульд зааснаар шийдвэрлэгддэг тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс нийт 6 369 050 төгрөгийг хангаж, үлдэх 6 378 890 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.             

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 586 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс улсын тэмдэгтийн хураамжаар 116 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Бээс 6 369 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 378 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 586 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс    116 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                  ШҮҮГЧИД                                  Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                       Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ