Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2019        06         04                                     84

 

 

У-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00519 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

“Гэм хорын хохирол 12 747 940 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч У-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Б-ээс гэм хорын хохиролд 12.747.940 төгрөгийг нэхэмжилж байна. Согтуу жолооч Б- нь осол аваар гаргаж, гэм хорын хохирол учруулснаас болж миний олох ёстой орлого, миний эд хөрөнгө, миний охины эрүүл мэнд, орлого оруулах машин нь эх үүсвэр нь байсан. Гэтэл машин ашиглагдах боломжгүй эвдэрсэн учир бусдын тээврийн хэрэгслийг хөлс төлөн, мөн өдөр болгон такси унаа барин 6 сар гаруй хугацаанд асар ихээр хохирч байна. Иймд нийт 12.747.940 төгрөгийг Б-ээс нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б- миний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ж.Оюунтунгалагийн охин т хөнгөн гэмтэл учирсан ба би хохирол зэргийг төлж барагдуулсан. Осол болсны дараа хохирогчид эм тариа, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, үзлэг, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хэвтэн эмчлүүлсэн ор хоног гээд нийт 798.000 /долоон зуун ерэн найман мянган/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, 5 өдрийн хоолны мөнгө 90.000 /ерэн мянган/ төгрөг нийт 1.088.000 /нэг сая наян найман мянган/ төгрөг хохирогчид төлсөн. Тухайн ослын улмаас би хөлийн шагайндаа хүнд гэмтэл аваад босч чадахгүй байсан ба одоо суга таягтай алхаж байгаа. Одоо шагайн хагалгаа зөрүүтэй гээд дахин хагалгаа хийлгэх болоод байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00519 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б-ээс 6.369.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.378.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.586 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 116.855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч У- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Б-ээс 6.369.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч надад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.378.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний Улаанбаатар хотод үзүүлсэн эмнэлгийн шинжилгээний төлбөр 840.000 төгрөг, оюутны кредит цаг 2.500.000 төгрөг, гэм хортой холбоотой ломбарднаас зээлсэн 5.300.000 төгрөг зэргийг шүүхийн шийдвэрээр гаргаж өгөөгүй ба тухайн осолд орж дахин хэрэглэх боломжгүй болсон техник хэрэгсэлгүй болж эдийн засгийн маш их хохиролд орсон. Иймд 12.747.940 төгрөгийг Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У- нь хариуцагч Э.Б-ээс гэм хорын хохиролд 12.747.940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас заримыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Б- нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Бүрэнбүст гэх газрын Сод монгол ШТС авто зам дээр Ниссан тина маркийн 8077 ОРО улсын дугаартай авто машин жолоодон яваад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан нэхэмжлэгч У-ийн жолоодож явсан Субору маркийн 0967 БУА улсын дугаартай машиныг мөргөж хохирол учруулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Шүүх хариуцагч Э.Б-ийн осол гаргасан буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол гэж үзэж нийт 6.369.050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасантай нийцжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ломбарднаас зээлсэн гэх 5.300.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгч У-ийн МRI хийлгэсэн 840.000 төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдаагүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх ба осолд орсноор хохирогчийн тархи толгойнд гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор МRI шинжилгээ зайлшгүй хийгдэх ёстой.

Иймд зайлшгүй хийгддэг шинжилгээ тул У-ийн МRI шинжилгээ хийлгэсэн 840.000 төгрөгийг хариуцагч Э.Б-ээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00519 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б-ээс 6.369.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.378.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Б-ээс 7.209.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.538.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг хариуцагч Б-ээс 116.855 төгрөг гэснийг 130.294 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч У-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.012 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

         ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ