Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00653

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00653                                  Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЭУДТС” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: П.Г-д холбогдох   

“619 353 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч П.Г, гэрч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Тус халуун усны эзэн П.Г нь Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвалд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 08 сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй удаа дараа шаардсан боловч мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийн үйл ажиллагааг зогсоосон /2017 оны 01 сарын 31-нд үйл ажиллагааг нь зогсоосон нь баримтаар нотлогдоно/ тул төлбөрөө төлөхгүй гэсэн тайлбар хийдэг бөгөөд иргэдийн гомдол саналын дагуу Номин телевиз сурвалжлага мэдээлэл хийж, үүний үндсэн дээр 2018 оны 09 сарын 11-нд манай байгууллагын зүгээс тоолууруудыг хураан авч, өр барагдаж дуустал усыг таслан, лацдах арга хэмжээг авсан байдаг.Тухайн байрны оршин суугчдаас тус халуун ус нь дахин үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдэгдсэний дагуу шалгахад тоолуурыг дур мэдэн залгаж ус хэрэглэсэн байдалтай, тавьсан лацыг авчихсан байсан тул 2018 оны 11 сарын 21-нд дахин усыг нь хааж лацадсан бөгөөд 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын эцсийн байдлаар дараах өр төлбөрийг үүсгэн төлж барагдуулаагүй байна. Үүнд:

- Дулаан хэрэглэсний 318 780 /гурван зуун арван найман мянга долоон зуун наян төгрөг/ төгрөг,

- Халуун ус хэрэглэсний 88 904.25 /наян найман мянга есөн зуун дөрвөн төгрөг хорин таван мөнгө/төгрөг

- Цэвэр ус хэрэглэсний 11 694.38 / арван нэгэн мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөг

- Бохир ус татан зайлуулсны 7 016.63 /долоон мянга арван зургаан төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг

- Ус ашигласны 820.14 / найман зуун хорин төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг

- Усны суурь үнэ 8 800 /найман мянга найман зуун төгрөг/ төгрөг, - Алданги 171 399.82 /нэг зуун далан нэгэн мянга гурван зуун ерэн есөн төгрөг/төгрөгийг төлөөгүй.

Иймд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар хэрэглэсэн дулаан, халуун ус, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүх хуралдааны тов зарлахад төлбөр тооцоонд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, эсвэл бүтэн болон зарим хэсгээс татгалзах эсэхээ шүүхэд хүргүүлэх болно” гэжээ.  

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн П.Г би 2013 оны 4 дүгээр сард Дэнжийн 3 байрны подволд байрлах халуун усны газрыг худалдаж аваад 5 жил хэвийн үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 8 дугаар сард халуун усны дээд талын 3 өрөөнд өмчийн албанд ажилладаг Баттөрийнх нүүж ирсэн. Баттөрийнх байнга хэл ам хийсээр 2018 оны 9 дүгээр сарын 11-нд халуун усны үйл ажиллагаа хаасан. “ЭУ, ДТС” ОНӨХК газартай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй ажиллаж байсан. Байцаагч Э нь акт гаргаж бүх тоолуурыг хураан авч лац тавьсан. Халуун усны газар нь 2018 оны 09 сарын 11-нээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Иймд: 1. Дулаан хэрэглэсний 318 780 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 2. Халуун ус 88 504, 3. Цэвэр ус 11 964, 4. Бохир ус 7 016, 5. Ус ашигласан 820,14 6. Усны суурь үнэ 8 800 төгрөг төлөх болно. 7. Алданги 171 399,82 төгрөг төлөх боломжгүй” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК нь П.Гд холбогдуулан 619 353 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь алданги 171 399,82 төгрөгнөөсөө татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 447 953 төгрөг болгон бууруулсан.   

Хариуцагч П.Г нь нэхэмжлэлээс халуун усны 88 504,25 төгрөг, цэвэр усны 11 964,38 төгрөг, бохир усны 7 016,63 төгрөг, ус ашигласны 820,14 төгрөг, усны суурь үнэ 8 800 төгрөг нийт 117 235,4 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.   

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.  

Хариуцагч П.Г нь Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвольд байрлах халуун усны үйл ажиллагааг эрхэлж байсан талаар маргаагүй.   

Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг халуун усны үйл ажиллагааг шалгаж зогсоон, 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр “ЭУДТС” ОНӨХК-ий зүгээс усыг нь хааж, тоолууруудыг авч, акт үйлдсэн гэж талууд тайлбарласан, энэ талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...П.Г нь “ЭУДТС” ОНӨХК-тай гэрээ байгуулсан, гэрээгээ цуцлаагүй, тоолуурыг дахин залгаж үйл ажиллагаа явуулж байсан тул дулаан хэрэглэсний төлбөр 318 780 төгрөгийг гаргуулна.. гэсэн.

“ЭУДТС” ОНӨХК нь Дэнж багийн 3 байрны 2 дугаар подвольд байрлах халуун усны усыг нь тасалснаас хойш П.Гг дахин үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь: хариуцагч П.Г нь нэхэмжлэгч байгуулллагыг ус тасалснаас хойш халуун усны үйл ажиллагаа явуулаагүй, усыг тасалсан учир дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэдэг бөгөөд, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Э: ...дээд айл нь манайд мэдээлэл өгсөн, нөгөө халуун ус чинь одоо онгойсон байна гэхээр нь би очсон. Тоолуурыг өөрсдөө тавьсан байсан бөгөөд тоолуурын заалт бага зэрэг гүйсэн байсан. Өмнө нь би айлуудаар явж тоолуурын заалт бичиж байхад эднийх ер онгойхгүй байсан... гэж мэдүүлсэн бөгөөд, усыг тасалснаас хойш дахин үйл ажиллагаа явуулсан гэх нотлох баримт байхгүй байна.

Гэрч Ц.Эийн мэдүүлгээс үзэхэд усыг тасалснаас хойш халуун усны үйл ажиллагаагаа  явуулж байсан гэж үзэхээргүй байх ба, усны тоолуурын заалт усыг таслахад хэд байсан, залгаад ямар хэмжээтэй гүйсэн зэрэг баримтууд хэрэгт ирээгүй, усны тоолуурын заалт бага зэрэг гүйсэн байсан гэсэн гэрчийн мэдүүлэгээс үзэхэд ус тасалснаас хойш халуун усны үйл ажиллагааг дахин явуулж байсан гэж үзэхээргүй байна.  

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг халуун усны үйл ажиллагааг зогсоосны дараа дахин үйл ажиллагаа явуулсан гэсэн тайлбараа нотлоогүй, мөн гэрээгээ албан ёсоор цуцлаагүй гэдэг үндэслэлээр дулааны төлбөр 318 780 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг ирүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаагүй баримт байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК-д олгохоор заав.   

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК нь алданги 171 399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай.   

2. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч П.Ггаас 117 234,4 төгрөг гаргуулан “ЭУДТС” ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330 718 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК-д олгосугай.     

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА