Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00740

 

ЭУ,ДТС ОНӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар магадлалтай,

ЭУ,ДТС ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,

П.Г-д холбогдох

Дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 619.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-, хариуцагч П.Г-, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...П.Г- нь 2018 оны 8 сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй удаа дараа шаардсан боловч мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийн үйл ажиллагааг зогсоосон тул төлбөрөө төлөхгүй гэсэн тайлбар хийдэг бөгөөд иргэдийн гомдол саналын дагуу Номин телевиз сурвалжлага мэдээлэл хийж, үүний үндсэн дээр 2018 оны 09 сарын 11-нд манай байгууллагын зүгээс тоолууруудыг хураан авч, өр барагдаж дуустал усыг таслан, лацдах арга хэмжээг авсан байдаг. Тухайн байрны оршин суугчдаас тус халуун ус нь дахин үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдэгдсэний дагуу шалгахад тоолуурыг дур мэдэн залгаж ус хэрэглэсэн байдалтай, тавьсан лацыг авчихсан байсан тул 2018 оны 11 сарын 21-нд дахин усыг нь хааж лацадсан бөгөөд 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын эцсийн байдлаар дараах өр төлбөрийг үүсгэн төлж барагдуулаагүй байна. Үүнд дулаан хэрэглэсний төлбөр 318.780 төгрөг, халуун ус хэрэглэсний төлбөр 88.904.25 төгрөг, цэвэр ус хэрэглэсний төлбөр 11.694.38 төгрөг, Бохир ус татан зайлуулсны 7.016.63 төгрөг, ус ашигласны төлбөр 820.14 төгрөг, усны суурь үнэ 8.800 төгрөг, алданги 171.399.82 төгрөгийг төлөөгүй. Иймд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар хэрэглэсэн дулаан, халуун ус, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч П.Г-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2013 оны 4 дүгээр сард Дэнжийн 3 байрны подволд байрлах халуун усны газрыг худалдаж аваад 5 жил хэвийн үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 8 дугаар сард халуун усны дээд талын 3 өрөөнд өмчийн албанд ажилладаг Баттөрийнх нүүж ирсэн. Баттөрийнх байнга хэл ам хийсээр 2018 оны 9 дүгээр сарын 11-нд халуун усны үйл ажиллагаа хаасан. Эрдэнэт ус, ДТС ОНӨХК газартай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй ажиллаж байсан. Байцаагч Энхмэнд нь акт гаргаж бүх тоолуурыг хураан авч лац тавьсан. Халуун усны газар нь 2018 оны 09 сарын 11-нээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Иймд дулаан хэрэглэсний 318.780 төгрөгийг төлөх үндэслэлгүй, халуун ус 88.504 төгрөг, цэвэр ус 11.964 төгрөг, бохир ус 7.016 төгрөг, ус ашигласан 820,14 төгрөг, усны суурь үнэ 8.800 төгрөг төлөх болно. Алданги 171.399,82 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэрээр Нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК нь алданги 171 399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч П.Г-гаас 117 234,4 төгрөг гаргуулан ЭУ,ДТС ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330 718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00653 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...нэхэмжлэгч “ЭУ,ДТС” ОНӨХК нь алданги 171.399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай...” гэснийг “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭУ,ДТС” ОНӨХК нь алданги 171.399,82 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай...” гэж, 2 дугаар заалтыг “...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч П.Г-гаас 117 234,4 төгрөг гаргуулан ЭУ,ДТС ОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 330 718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч П.Г-гаас 447.954 төгрөг гаргуулан ЭУ,ДТС ОНӨХК-д олгосугай...” гэж, 3 дугаар заалтыг “...хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК-д олгосугай...” гэснийг “...хариуцагчаас 14.089 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.213 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...ЭУ,ДТС ОНӨХК-тай хийсэн гэрээ нь 2018 оны 10 сарын 01-нд дууссан. Үйл ажиллагаа зогсоосон байж байцаагч нь үндэслэлгүй дулааны үнэ бичсээр байсан. Тиймээс дулааны үнэ болох 330.718 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

ЭУ,ДТС ОНӨХК, П.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, дулаан, цэвэр усаар хангасан, бохир ус татан зайлуулсны төлбөр, алдангид 619.353 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс нийт 117.235.4 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч алдангид 171.399.82 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх 117.235.4 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, алдангид 171.399 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 447.954 төгрөг гаргуулж, алданги гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг батлахдаа хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч П.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бичгийн гэрээгээр нэхэмжлэгч ЭУ,ДТС ОНӨХК нь хариуцагч П.Г-гийн эрхлэн ажиллуулж байсан Орхон аймаг, Дэнж баг, 12-3 хаягт байрлах халуун усны газрыг цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргийг, хариуцагч эдгээр үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсноос үзвэл талуудын хооронд үйлчилгээ худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээнд зааснаар хангагч байгууллага болох ЭУ,ДТС ОНӨХК үйлчилгээгээ үзүүлсэн бол хэрэглэгч буюу П.Г-гаас хөлс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас 2018 оны 8, 9 сарын халуун ус, цэвэр усаар хангасны, бохир ус зайлуулсны болон ус ашигласан болон суурь хураамжид нийт 117.235.4 төгрөг шаардсныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр энэ шаардлагыг шүүх хангасан нь зөв байна.

Талууд гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан ба  хариуцагчийн “2018 оны 10 дугаар сараас тухайн халуун усны газрыг ажиллуулаагүй” гэх   татгалзал нь нэхэмжлэгч байгууллага хяналт хийж 2018 оны 11 дүгээр сард ажиллуулж байсныг шалгаж тогтоосон актаар үгүйсгэгджээ.

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас халуун усны үйл ажиллагааг зогсоосноос ЭУ,ДТС ОНӨХК-тай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг хариуцагч П.Г-  2019 оны 01 дүгээр сард тус байгууллагад гаргасан байх тул гэрээг цуцлагдах хүртэл дулаанаар хангасны төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь  Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасантай нийцнэ.

Иймд “...гэрээ сунгагдаагүй, ашиглаагүй үеийн дулааны төлбөрийг гаргуулсныг зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч П.Г-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч П.Г- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 10.870 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ