Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2019/00726

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2019/00726

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х банк-ны Орхон салбар Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Т.Г-д холбогдох,  

“Зээлийн гэрээний үүрэг 14 473 977 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Төв тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Т овогтой Г нь Х Банкны Хүрэнбулаг тооцооны төвөөс анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ14/209 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 /хоёр сая/ төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон салбараас ЗГ/141 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 1 200 000/Нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан байгуулан нэмж 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээлийг авсан юм. Зээлдэгч нь та банктай байгуулсан гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөөс

Үндсэн зээлд 1 020 176.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 674 276.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336.84 төгрөг, нийт 1,694,789.80 төлж барагдуулсан болно.

Зээлдэгч Т.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1414 хоног хугацаа хэтрээд байна. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 4 сарын 30-ны өдөр, 2015 оны 6 сарын 03 өдөр, 2015 оны 6 сарын 25-ны өдөр, 2016 оны 5 сарын 24-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Х Банк зээлдэгч нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацаа 2017 оны 08 сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

 2019 оны 02 сарын 26 -ний байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 8 179 823 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5 434 329 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 789 625 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 14 473 977 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний цалингийн зээлийн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө нь шүүхэд хандсан Х банкны нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Мөн миний бие зарим зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй... гэжээ.   

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар, Төв тооцооны төв нь Т.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14 473 977 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Х банкны Орхон салбар нь хариуцагч Т.Гтай анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ14/209 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 /хоёр сая/ төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/141 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг авч нийт 3 500 000 төгрөгийн зээл, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 1 200 000/Нэг сая хоёр зуун мянган/ төгрөг өвч нийт 4 555 723 төгрөгийн зээл, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан байгуулан нэмж 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээл олгож нийт 8 743 271,46 төгрөгийн зээлийг олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх гэрээнүүд, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн тайлбар гаргасан.   

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Барьцаат зээлийн гэрээнүүд болон нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.   

Хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь хариуцагч Т.Г 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнүүдэд гарын үсэг зураагүй гэж маргасан бөгөөд, тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/02656 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэгт хариуцагчийн хүсэлтээр дээрх гэрээнүүдэд зурагдсан гарын үсгийг Т.Г зурсан эсэх талаар дүгнэлт гаргуулжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг нь Т.Г-ийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайн дүгнэлтийг хариуцагчийн өмгөөлөгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 зүйлд заасан эрх үүргийг шинжээчид шүүх урьдчилан сануулаагүй гэж мэтгэлцсэн.

Тус шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 142/ШЗ2018/01191 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад Шинжээч нь дүгнэлт гаргахын өмнө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дүгээр зүйлүүдтэй танилцахыг үүрэг болгосон байх ба, шинжээч нь уг хуулийн заалтуудтай танилцсан гэж шинжээчийн дүгнэлтэд холбогдох хуулийн заалтуудыг зааж гарын үсгээ зурсан байна.

Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 зүйлд заасан эрх үүргийг шинжээчид шүүх урьдчилан сануулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.  

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Хамгийн сүүлд Т.Гд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х банкны Орхон салбараас нийт 8 743 271,46 төгрөгийн зээл олгосон байх ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 25-нд дуусахаар байна.   

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан тухай тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01033 дугаартай шүүхийн шийдвэр болон дээрх байдлуудаас дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхээргүй байна.   

Х банкны Орхон салбар анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,0 сая төгрөгийн зээлийг Т.Гд олгож, 28 хоногийн дараа буюу 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дахин 1 500 000 төгрөгийн зээл нэмж олгосон, мөн түүнээс 2 сарын дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өмнөх зээл дээр нь нэмж 1 200 000 төгрөгийн зээл олгосон, мөн түүнээс 3 сар 14 хоногийн дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дахин өмнөх зээл дээр нь нэмж 4 500 000 төгрөгийн зээл олгосон байх ба, 2014 оны 02 дугаар сарын 05-наас 2014 оны 8 дугаар сарын 20-ны хооронд буюу 6 сар 15 хоногийн хугацаанд нийт 4 удаагийн зээл олгожээ.   

Дээрх байдлаас үзэхэд зээлдэгч өмнөх зээлээ төлж дуусаагүй байхад дахин дахин зээл олгож байгаа нь хэдийгээр хуулиар хориглоогүй ч зээлдэгчид хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг зээлдүүлэгч анхаараагүй. Зөвхөн ашигийн төлөө л ажилласан гэж үзэхээр байх ба, зээлдэгчийн зээл буцаан төлөх боломж нөхцөлийг бодитой судалдаггүй, ямар шалтгаанаар дахин дахин нэмж зээл аваад байгаа зэрэгт анхаараагүй байна.  Энэ нь сүүлдээ зээлдэгч өрийн дарамтанд орох нөхцөл бүрдсэн, мөн хариуцагч ажилгүй болсон зэрэг байдал нь зээлээ төлөх боломжгүй байдалд хүрсэн гэж үзэхээр байна.   

Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үндэслэлийг шүүх хэрэглэх боломжтой гэж үзлээ.    

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тусгасан бөгөөд хуулийн 216.4.-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заажээ.  

Иймд хариуцагч Т.Гас хамгийн сүүлд олгосон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/141-2 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн бүх хугацаанд төлөгдөх хүү /зээл буцаан төлөх хуваариар/ нийт 11 036 328,8 төгрөгийг гаргуулан Х банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 3 437 648,2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 319,89 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Гас улсын тэмдэгтийн хураамжаар 191 531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Гас 11 036 328,8 төгрөг гаргуулан Х банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс 3 437 648,2 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 319,89 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Гас 191 531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х  банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА