Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2019/00115

 

Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны

төвийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00726 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 14.473.977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Б.Батдорж, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Төмөрбаатар овогтой ******* нь Хаан Банкны Хүрэнбулаг тооцооны төвөөс анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ14/209 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000./хоёр сая/ төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон салбараас ЗГ/141 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмж 1.500.000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2014 оны 05.дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 1.200.000 /Нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан байгуулан нэмж 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээлийг авсан юм. Зээлдэгч нь та банктай байгуулсан гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөөс үндсэн зээлд 1.020.176.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 674.276.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336.84 төгрөг, нийт 1.694.789.80 төлж барагдуулсан болно. Зээлдэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1414 хоног хугацаа хэтрээд байна. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 4 сарын 30-ны өдөр, 2015 оны 6 сарын 03 өдөр, 2015 оны 6 сарын 25-ны өдөр, 2016 оны 5 сарын 24-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд 2019 оны 02 сарын 26-ны байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 8.179.823 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5.434.329 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 789.625 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 14.473.977 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний цалингийн зээлийн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө нь шүүхэд хандсан ХААН банкны нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Мөн миний бие зарим зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00726 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ас 11.036.328.8 төгрөг гаргуулан Хаан банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс 3.437.648.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.319.89 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ас 191.531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Б.Батдорж нар давж заалдсан гомдолдоо:

******* нь ХААН банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ14/209 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/141 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,500,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 1,200,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 20-ний өдөр ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмж 4,500,000 төгрөгийн нэмэлт нийт 9,200,000 төгрөгийн зээлийг авсан юм. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,020,176.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 674,276.02 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336.84 төгрөг нийт 1,694,789.80 төгрөг төлж барагдуулсан. Банк зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,179,823 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,434,329 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 789,625 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 14,473,977 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 3.437,648.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг нь хэд хэдэн өр төлөх, хэд хэдэн түрээсийг цувруулан төлөхөд үйлчлэх зохицуулалт бөгөөд үндсэн үүрэг, хүү болон шүүхийн зардлыг ямар дарааллаар төлөхийг зохицуулсан энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ сонгон гүйцэтгэх эрхгүй бөгөөд гэрээний талууд тодорхой үйлдлээр (эс үйлдлээр) төлбөр тооцоог өөрөөр тохиролцсон тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай юм. Энэхүү нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын хооронд ямар дарааллаар төлөх талаар тохиролцоогүй байхад анхан шатны шүүх үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргийн гүйцэтгэлийн дараалал тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Хэд хэдэн үүргийн хувьд иргэний хуулийн 216.1-216.3-т зааснаар зохицуулах бөгөөд үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол 216.4-т тогтоосон дарааллыг баримтлах бөгөөд шүүхийн зардал, банкны төлбөр, хураамж болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд гарсан бусад зардлыг ойлгох бөгөөд энэхүү нэхэмжлэлийн хувьд хэд хэдэн үүрэг бус гэрээний үүргээс үүсэж байгаа харилцаа бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бөгөөд хууль болон гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг ойлгоно. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр юм. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд төлөх төлбөр юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дараалал нь хүүгийн төлбөрийг хасах бус шүүхийн шийдвэрийн дагуу зээлийг төлүүлэх ажиллагаанд хэрэглэх бөгөөд ингэж төлүүлэхдээ эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх хуулийн зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00729 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч талаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны ЗГ/341 дугаартай 1.200.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/141-2 дугаартай зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу гаргаагүй тул шинжээч томилж шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасны дагуу үнэлэхийн оронд урьдаас хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт байх ёсгүй заалтыг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Үүнээс болж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангах шийдвэр гарсан. Шүүх хуулийн дагуу цуглуулж бүрдүүлсэн, эргэлзээгүй нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал эргэлзээтэй байдлыг арилгахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00726 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, Тооцооны төв хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14.473.977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...цалингийн зээлийн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн № 142/ШЗ2019/02653 дугаар шүүгчийн захирамжаар тус аймаг дахь Шүүхийн Тамгын газраас анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/02656 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож Хаан банкны нэхэмжлэлтэй *******д холбогдох 12.520.114 төгрөг гаргуулах тухай хэргийг гаргуулан авч, нотлох баримтаар судалсугай гэж хангаж шийдвэрлэсэн атлаа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтаар шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй, хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Т.Гантулгын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-9-40 тоот орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж өгнө үү гэх хүсэлтийг хангаж, хариуцагч Т.Гантулгын өмчлөлийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 4-9-40 тоот орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, уг ажиллагааг биелүүлэхийг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрт хариуцагчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийн талаар огт шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн шүүх хариуцагч *******д холбогдох иргэний хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ... хавтаст хэргийн 9-12 дугаар талд байгаа 4 өргөдлийн бичвэр болон гарын үсэг, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/341 тоот нэмэлт зээл олгох гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/141-2 тоот нэмэлт зээл олгох гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний гарын үсэг Т.Гантулгынх мөн эсэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу /шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичигдээгүй/ шийдвэрлээгүй, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.Ганзориг гэх хүний нэр бичигдсэн зэрэг хайнга, хариуцлагагүй алдаа тус тус гаргасан байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-дүгээр зүйлд заасны дагуу үнэлэхийн оронд урьдаас хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт байх ёсгүй заалтыг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69.953 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ