Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01540

 

      Ц.Д-гийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэртэй, Ц.Д-гийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 6 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Э” ХХК-тай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоотод байрлах өөрийн эзэмшлийн газарт худаг гаргуулахаар тохирсон. ЭХХК нь гэрээний 4 дэх хэсэгт зааснаар худаг өрөмдөхдөө 219 диаметр бүхий өрөмдлөгөөр эхлэн өрөмдөж 159 диаметр хүртэл бууруулж, хийн цохилтод хосолмол аргаар шатлан 80 метрийн гүнтэй өрөмдлөгийг хийж, цагт 3-3,5 тн ус шахах хүчин чадалтай худаг өрөмдөж, 6 400 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч уг худаг нь чанарын шаардлага хангаагүй, бага хэмжээний ус шахмагцаа унтарчихдаг. Энэ байдлыг удаа дараа хэлэхэд насос нь шатсан гээд Ц.Д 360 000 төгрөгөөр насос худалдан авч, хариуцагчаар солиулсан. Хуучин насосыг Э ХХК өөрсдөө авсан. Тэгээд шинэ насос тавьсан ч доголдол хэвээр байсан. Ц.Д худаг ухуулсан хирнээ зөөврийн ус ашиглаж, тухайн эзэмшлийн газар дээрээ барилга, байшингаа бариулсан. Худаг нь доголдлын улмаас шаардлага хангахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 6 400 000 төгрөг, насосны үнэ 360 000 төгрөг нийт 6 760 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Э ХХК-ийн захирал Ш.Г 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед ЭХХК-ийн захирал биш байсан. Ш.Г нь Э ХХК-ийн захирлаар гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр томилогдсон байдаг. Анхнаасаа гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ тул өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж авах шаардлагатай гэж үзэж өрөмдлөгийн ажил хийхэд төлсөн 6 400 000 төгрөг, насос сольсон 360 000 төгрөг нийт 6 760 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбартай санал нийлэхгүй. Насос шатаж, солиулсан. Манайх шатсан насосыг авч явсан үйлдэл байхгүй. Насос шатсан боловч бид насосын сольж өгсөн. Ус хэвийн гарч байсан. Бид Ц.Д-гийн эзэмшлийн газарт худаг өрөмдөөгүй. Д.Д-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоот хаягт байрлах газарт 120 метр гүний худаг өрөмдөж гаргасан. Ц.Д нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар уг газрын эзэмшигч, өмчлөгч байгаагүй. Одоо ч газрын өмчлөгч, эзэмшигч биш байж шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ Д.Д нэхэмжлэл гаргасан үед бид харилцан тохиролцох боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг, 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 6 760 000 /зургаан сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Д-г төлөөлж Г.Н-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах Нэхэмжлэгч Ц.Д хариуцагчтай 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр "Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, хариуцагч нь 80 метрийн гүнтэй, гүний худаг өрөмдөх үүргийг хүлээсэн байдаг. Хариуцагч гэрээний дагуу нийт 6 400 000 төгрөгийн хөлс авч ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэсэн ажил ашиглалтын шаардлага хангаагүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөө буцаан шаардсан боловч хариуцагч шаардлагыг хүлээж аваагүй байна. Мөн хариуцагч Ш.Г 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулах үед "Э" ХХК-ийн захирлын албан тушаалд томилогдоогүй байсан боловч компаний тамга тэмдгийг зөвшөөрөлгүй, хууль бусаар ашиглаж, гэрээнд захирал хэмээн гарын үсэг зурсан болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогддог юм. Иймд гэрээний зүйлийн доголдлоос гадна гэрээг анх байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байсан гэж үзэн гэрээний дагуу шилжүүлсэн 6 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх үндэслэлгүйгээр хангаагүй байна. Учир нь:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ш.Г-ыг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулж, хууль зөрчсөн болохыг дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах тухай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглээгүй. Харин талуудыг тус хэлцлийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг хэрэглэсэн байх боловч уг зүйлд заасны дагуу хожим тус компаний захирал асан Ш.А-гийн зөвшөөрлийг авч, хуульд заасны дагуу гэрээг байгуулсан үйл баримт тогдоогдоогүй байна.

2. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоот газрыг урьд эзэмшиж байсан Д.Д гэх хүнийг гэрчээр асууж, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Д.Д болон Ц.Д нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хийгдэж, хөлс мөнгөө авсан бөгөөд хариуцагчийг дээрх үйл баримтыг мэдсээр байж, Ц.Д-гийн нэр дээр газар эзэмших эрх шилжиж гэрчилгээ гарах хүртэл хугацаа алдах тул гэрээгээ байгуулаад ажлаа гүйцэтгэж байхыг хүсч гэрээг байгуулж байсан болохыг нотлуулахыг хүссэн боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх нэхэмжлэгч Ц.Д-г газар эзэмших эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэж буруутгасанд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч дээрх газрыг хожим бусдад худалдсан боловч гүний худаггүй, худаг нь ажилдаггүй тул үнээ буулгасан бөгөөд одоо ч гүний худаг ажилладаггүй, зөөврийн устай байдаг тул Ц.Д-г шаардах эрхгүй этгээд гэх дүгнэлт үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч Ц.Д гарын үсэг зурж, төлбөр мөнгийг төлж, харилцаа үүссэн байтал шаардах эрхгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна.

3. Нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацаандаа шаардлага гаргаагүй гэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь жилийн хугацаатай байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр баталгаат хугацаа дуусахаар байна. Гэтэл нэхэмжлэгч худгийн доголдолтой холбоотой насосыг сольсон боловч доголдол арилаагүй тул гэрээнээс татгалзаж байсан болох нь түүний 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу баталгаат хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж байснаас харагдаж байна.

4. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбож, гэрээнээс татгалзсан хэмээн тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаас хариуцагч нь компанийг төлөөлөх эрхгүй байсан нь тогтоогдсон тул үндэслэлээ тодруулж, гэрээг анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзсэнийг шүүх буруутгасанд гомдолтой байна. Миний бие хэрэв дээрх үндэслэлийг олж харж, шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй бол дахин энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхгүй болох байсан. Нөгөө талаас шүүх намайг энэ тухай хэлсэн хэлээгүй хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шаардсан эсэхээс үл шалтгаалж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглэж, хууль ёсны шийдвэр гаргах үүрэгтэй байна.

5. Урьд энэ хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж байсан бөгөөд миний бие хэргийн материалыг шүүхийн архиваас татуулж, хэрэгт хавсаргахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүйд гомдолтой байна. Учир нь: Өмнөх хавтас хэрэгт худгийн эзэмших эрхийн гэрчилгээ, хариуцагчийн гаргасан нотлох баримтууд хэрэгт ач холбогдолтой чухал материалууд байсан боловч архивч нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг хуулбарлаж өгөөгүй бөгөөд миний бие зарим баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан болно. Хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж байсан нь хэрэгт хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6 760 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “худгийг ашиглах явцад чанарын шаардлага хангаагүйгээс насос нь шатсан тул 360 000 төгрөгөөр солиулсан, мөн бусдын өмчлөлийн газарт худаг гаргасан, нэхэмжлэгчийн газар биш” гэж маргасан.

Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Э ХХК нар 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-6 тоот хашаанд дундажаар 80 метр гүн худаг гаргах, ажлын хөлсөнд 6 400 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, хариуцагч Э ХХК нь 95 метр гүний худаг гаргаж, нэхэмжлэгч Ц.Д ажлын хөлсөнд 6 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу ойролцоогоор 80 метр гүнтэй худаг гаргах ажил хийж гүйцэтгэгдсэн гэж үзэхээр байна.

“Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1-т зааснаар захиалагч тал гүний усны хайгуулыг хийлгэж, худаг өрөмдөх зөвшөөрлийг холбогдох газруудаас авах, төлбөрийг төлөх үүргийг, гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшил газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, тоноглол хийх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний дээрх заалтаас үзэхэд цооногийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, баталгаат хугацааны талаар  тохиролцсон боловч өрөмдсөн газраас гарах усны хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар худагт суурилуулсан тоноглол, материал зэрэг зүйлд хариуцагч нь баталгаа гаргаж өгснөөс худгаас ямар хэмжээний ус гарах  болон  энэ нөхцөл байдалд ажил гүйцэтгэгч хариуцлага хүлээлгэх буюу ажлын үр дүн гаргах талаар тохиролцоо байхгүй байна. Харин гэрээний 2.2-т “Усны найрлага физик химийн шинж чанарт гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй” гэж заажээ. Шинжээч “Туул голын сав газрын захиргаа”-ны дүгнэлтээр “2 минутаас илүү хугацаагаар гоожуулахад ус гараагүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн боловч энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил гүйцэтгэгч шууд хариуцлага хүлээлгэх, доголдолтойгоор өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Д иргэн Д.Д-тай 2015 оны 07 дугаар сарын 20-нд дээрх газрыг эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа Э ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 31-нд  түүний эзэмшил газарт өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаныг тухайн газар эзэмших эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжгүй. Мөн талуудын тохиролцсоны дагуу гэрээ байгуулагдсан талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч дээрх газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн, өмчлөлийн газраа бусдад шилжүүлсэн нь энэ маргаанд хамааралгүй болохыг дүгнэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА