Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01884

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1540 дугаар магадлалтай,

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

Э Т ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 6.760.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ц.Д- нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Э Т ХХК-тай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоотод байрлах өөрийн эзэмшлийн газарт худаг гаргуулахаар тохирсон. Э Т ХХК нь гэрээний 4 дэх хэсэгт зааснаар худаг өрөмдөхдөө 219 диаметр бүхий өрөмдлөгөөр эхлэн өрөмдөж 159 диаметр хүртэл бууруулж, хийн цохилтод хосолмол аргаар шатлан 80 метрийн гүнтэй өрөмдлөгийг хийж, цагт 3-3,5 тн ус шахах хүчин чадалтай худаг өрөмдөж, 6.400.000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч уг худаг нь чанарын шаардлага хангаагүй, бага хэмжээний ус шахмагцаа унтарчихдаг. Энэ байдлыг удаа дараа хэлэхэд насос нь шатсан гээд Ц.Д- 360.000 төгрөгөөр насос худалдан авч, хариуцагчаар солиулсан. Хуучин насосыг Э Т ХХК өөрсдөө авсан. Тэгээд шинэ насос тавьсан ч доголдол хэвээр байсан. Ц.Д- худаг ухуулсан хирнээ зөөврийн ус ашиглаж, тухайн эзэмшлийн газар дээрээ барилга, байшингаа бариулсан. Худаг нь доголдлын улмаас шаардлага хангахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 6.400.000 төгрөг, насосны үнэ 360.000 төгрөг нийт 6.760.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Э Т ХХК-ийн захирал Ш.Ганбат 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед Э Т ХХК-ийн захирал биш байсан. Ш.Ганат нь Э Т ХХК-ийн захирлаар гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр томилогдсон байдаг. Анхнаасаа гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ тул өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж авах шаардлагатай гэж үзэж өрөмдлөгийн ажил хийхэд төлсөн 6.400.000 төгрөг, насос сольсон 360.000 төгрөг нийт 6.760.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбатын шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани Ц.Д-гийн эзэмшлийн газарт худаг өрөмдөх ажил гүйцэтгээгүй бөгөөд иргэн Д.Дуламжавын эзэмшил газар болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоот хаягт байрлах газарт 102 метр гүний худаг өрөмдөж гаргасан. Ц.Д- нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар уг газрын эзэмшигч, өмчлөгч байгаагүй. Уг газрын хууль ёсны эзэмшиг биш этгээд бусдад итгэмжлэл олгож шүүхэд төлөөлөх эрхгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг, 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э Т ХХК-иас 6.760.000 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Д-г төлөөлж Г.Намууны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1540 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Д- нь хариуцагчтай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, хариуцагч нь 80 метрийн гүнтэй, гүний худаг өрөмдөх үүргийг хүлээсэн байдаг. Хариуцагч нь гэрээний дагуу нийт 6.400.000 төгрөгний хөлс авч ажил гүйцэтгэсэн боловч гүйцэтгэсэн ажил нь ашиглалтын шаардлага хангаагүй. Үүний улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөө буцаан шаардсан боловч хариуцагч шаардлагыг нь хүлээж аваагүй байна. Мөн хариуцагч Ш.Ганбат нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулах үедээ “Э Т” ХХК-ийн захиралын албан тушаалд томилогдоогүй байсан боловч компаний тамга тэмдгийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашиглаж, гэрээнд захирал хэмээн гарын үсэг зурсан болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогддог юм. Иймд миний бие гэрээний зүйлийн доголдлоос гадна гэрээг анх байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байсан гэж үзэн хариуцагчид гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 6.760.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг шүүх үндэслэлгүйгээр хангаагүй. Анхан шатны шүүх хариуцагч Ш.Ганбатыг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулж, хууль зөрчсөн болохыг дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгах тухай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглээгүй. Харин давж заалдах шатны шүүх энэ тухай огт дүгнээгүй. Анхан шатны шүүх талуудыг тус хэлцлийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг хэрэглэсэн байх боловч уг зүйлд заасны дагуу хожим тус компаний захирал асан Ш.Аззаяагийн зөвшөөрлийг авч, хуульд заасны дагуу гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ц.Д-г шаардлага гаргах эрхгүй этгээд, гомдлын шаардлага гаргах хугацаанд шаардлагаа гаргаагүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутган уг газрыг өмчлөлдөө шилжүүлж, хожим бусдад худалдсан асуудал нь маргаантай хамааралгүй бөгөөд гомдол гаргах хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг зөв дүгнэсэн боловч гомдлыг хангаагүй гол үндэслэлээ “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлд нэхэмжлэгчийг гүний худгийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан хэмээн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэх хуулийн заалтыг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь гэрээний 10 дугаар зүйлд “Захиалагч тал нь гүний худгийн цооногийг гүйцэтгэгчийн хайгуул хийж санал болгосон газарт өрөмдүүлнэ” гэж заасан байдаг тул гүний худгаас ус гарахгүй доголдож байгаа нь гүйцэтгэгчийн буруутай ажиллагаа болох юм. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбож, гэрээнээс татгалзсан хэмээн тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаас хариуцагч нь компанийг төлөөлөх эрхгүй байсан болох нь тогтоогдсон тул үндэслэлээ дээрхи шалтгаанаар тодруулж, гэрээг анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзсэнийг шүүгч буруутгасанд гомдолтой байна. Миний бие хэрэв дээрхи үндэслэлийг олж харж, шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй бол дахин энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхгүй болох байсан. Нөгөө талаас шүүгч намайг энэ тухай хэлсэн хэлээгүй хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг шаардсан эсэхээс үл шалтгаалж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглэж, хууль ёсны шийдвэр гаргах үүрэгтэй гэж ойлгож байна. Урьд энэ хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж байсан бөгөөд миний бие хэргийн материалыг шүүхийн архиваас татуулж, хэрэгт хавсаргахаар хүсэлт гаргасныг шүүгч хангаагүйд гомдолтой байна. Учир нь урьдны хавтаст хэрэгт худгийн эзэмших эрхийн гэрчилгээ, хариуцагчийн гаргасан нотлох баримтууд зэрэг хэрэгт ач холбогдолтой чухал материалууд байсан боловч архивч нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг хуулбарлаж өгөөгүй бөгөөд миний бие гуйж байж зарим нэг баримтуудыг л хуулбарлан авч хэрэгт хавсаргасан болно. Иймд чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг шүүгч хангахаас татгалзаж байсан нь хэрэгт хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчаас 6.760.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Д-, Экспресс ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 6.400.000 төгрөг, насос шинээр солиулсны 360.000 төгрөг, нийт 6.760.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...гүйцэтгэсэн ажил доголдолтой буюу гүний худгаас хүссэн хэмжээнд ус гараагүй...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгчийн бус өөр этгээдийн эзэмшил газарт ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй...” гэж  маргажээ.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээнд гарын үсэг зурсан Ш.Ганбат нь Э Т ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсныг хожим мэдлээ, ...гэрээ хүчин төгөлдөр бус тул шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байна...“ гэсэн тайлбар гаргаж, хүчин төгөлдөр гэрээнээс татгалзаж, үр дагавар шаардах, эсхүл гэрээ хүчин төгөлдөр бус байгаагаас үр дагавар шаардсан гэсэн хоёр эсрэг утгатай нөхцлийн аль аль нь нэхэмжлэлийн үндэслэл болно хэмээн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгчийн мөнгө гаргуулах шаардлагын үндэслэлд зааж буй дээрх нөхцлүүд тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

1.Зохигчийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” гэрээгээр Э Т ХХК нь Ц.Д-гийн захиалгаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1-6 тоот хашаанд дунджаар 80 метр гүн худаг гаргах өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 6.400.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тогтоогджээ. /хх-5-6-р тал/

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж мөнгө шаардахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, мөн зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасныг хууль зүйн үндэслэл болгожээ.

Ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд талуудын бичгээр байгуулсан гэрээнд хариуцагч Э Т ХХК-г төлөөлж, Ш.Ганбат гарын үсэг зурсан ба тэрээр одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсноос гадна гэрээ байгуулах үед түүний компанийг төлөөлөх эрхтэй байсан эсэхэд тухайн компани маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх  боломжгүй юм.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн хэдий ч  нэхэмжлэгч Ц.Д-, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбат нар гэрээ байгуулах эрхгүй байсан утгатай, ойлгомжгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

3.Нэхэмжлэгч Ц.Д-г нэхэмжлэл гаргах эрхгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч Ц.Д- 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Дуламжаваас газар эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж, үүний дараа хариуцагч Э Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тогтоогдсон, тухайн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн газрын эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд шаардлага гаргаж маргаагүй байна.

4.Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах, эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй.

Э Т ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлсөнд 6.400.000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй, харин нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.

Гүйцэтгэсэн ажил доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагуудыг гаргаж болохыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан байна.

Харин гэрээний үүргийг гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

Гүйцэтгэсэн ажил нь доголдолтой болох нь тогтоогдсон нөхцөлд захиалагч дээр дурдсан шаардлагуудын аль нэгийг  ажил гүйцэтгэгчид гаргах нөхцөл бүрдэнэ.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.”, 353.3-т “гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж тус тус заасан байна.

Талуудын байгуулсан гэрээнд захиалагч тал гүний усны хайгуулыг хийлгэж, худаг өрөмдөх зөвшөөрлийг холбогдох газруудаас авах, төлбөрийг төлөх үүргийг, гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшил газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, тоноглол хийх үүргийг тус тус хүлээсэн, ажил гүйцэтгэгч нь ажлыг хийж гүйцэтгэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, баталгаат хугацааны талаар тохиролцсон боловч өрөмдсөн газраас гарах усны хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй  тул ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Иймд гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн ажлын хөлсөө буцаан шаардах эрх үүсэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1540 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 123.110 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ