Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2019/00754

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2019/00754

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: М.У-д холбогдох,   

1 090 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гэрч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.У нь манай “ТТ” ХХК-с 2015 оны 07 сарын 25-нд 690 000 төгрөгийн төмөр хийц зээлээр өгч тус болооч удахгүй өгнө гэж хэлээд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 1 сарын хугацаатай зээлээр авсан. Тус гэрээний 4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон юм. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй, удахгүй хүүтэй нь төлнө, өгнө өө гэж худал хэлж хуурч мэхлэн манай компанийг маш их хохироож байна. Иймд М.Уаас үндсэн мөнгө 690 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 500 000 төгрөг нийт 1 090 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч М.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.У нь 2013 оноос 2017 оны хооронд “Эрдэнэт зар сонин” болон Зуун айлын зууч төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. Тухайн үед иргэн Н.Б Их залуу багт байрлалтай дэлгүүр граштай хашаа байшинг зарж борлуулахаар манай компанид хандсан бөгөөд тухайн үед гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хашаа байшингаа барьцаалж зээл авч грашийнхаа дээврийг гүйцээж барих тухай ярьж хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь зуучилж заруулах гэж байгаа газартайгаа байгуулсан гэрээ, компанийн гэрчилгээ зэргийг авчир гэсэн гээд манай байгууллагын сонингийн гэрчилгээг эх хувиар нь авч яваад авчирч өгөөгүй. Дараа нь утасдаад, дэлгүүр энэтэр дээр нь очиход барьцаанд тавьж төмөр авсан тухайгаа хэлсэн. Асууж сураглаад “ТТ” төмрийн зах дээр очиход манай гэрчилгээг надад өгөхгүй мөнгийг нь төлж байж ав гэж байсан. Би шаардлагатай хэрэг болсон тул гуйж байгаад барьж явсан утсаа үлдээгээд канонтой газар очиж хувилуулж аваад буцааж аваачиж өгч байсан. Б дээр очихоор грашийнхаа дээврийг засварлах гээд барьцаанд тавьсан засаж янзалж зарж дуусчихаад аваад өгье гэдэг хариултыг хэлдэг байсан. Б тухайн үед “ТТ” захад өртэй, зээлээр бараа авсан байсын билээ. Манай сонингийн гэрчилгээг барьцаа болгож төмөр авсныг би дараа нь мэдсэн. Үйл ажиллагаа явуулахад байгууллагын гэрчилгээ чухал хэрэгтэй байсан бөгөөд “ТТ” ХХК, иргэн Н.Б нарын хоорондын өр зээлээс шалтгаалан манай байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тиймээс би тухайн төлбөрийг гаргах боломжгүй бөгөөд “ТТ” ХХК-ийг иргэн Н.Б-ыг олж өгч, манай байгууллагын гэрчилгээг суллаж өгөхийг хүсэж байна. “ТТ” ХХК-аас над руу хэд хэдэн удаа ярьж байсан бөгөөд би бишээ, Б гэдэг хүн манай байгууллагын гэрчилгээг авчхаад өгөхгүй байна тухай хэлж утас шөрмөсөөр холбуулж байсан ба Б худлаа, манайд өр зээлтэй тухай хэлсэн. Тиймээс танай байгууллагын гэрчилгээ тул чамтай зууралдана гэж хэлдэг байсан. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдэж иргэн Нямаа овогтой Быг олж мэдүүлэг аван үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК нь М.Ут холбогдуулан 1 090 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...М.У нь “ТТ” ХХК-с 2015 оны 07 сарын 25-нд 690 000 төгрөгийн төмөр хийц зээлээр авсан, Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж 1 сарын хугацаатай авсан. Гэрээний 4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон тул алданги 500 000 төгрөг нийт 1 090 000 төгрөг гаргуулна. М.У нь тухайн үед 300 000 төгрөг урьдчилгаа өгсөн... гэсэн.   

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд уг гэрээнд захиалагч гэдэг хэсэгт хариуцагч М.У гарыг үсэг зураагүй байна.   

            Шүүх хуралдаанд “ТТ” ХХК-ийн нярав М.Уийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр асуулгах хүсэлт гаргаж гэрчээр асуусан.

Гэрч М.У: ...М.У нь манай компаниас 690 000 төгрөгийн төмрийг өөрөө ирж авсан. Сарын дараа мөнгийг нь өгнө гэсэн. Урьдчилгаа мөнгө өгөөгүй, ер нь л 690 000 төгрөгийн төмөр авсан. Тухайн үед гэрээ хийгээд М.У гарын үсэг зурсан боловч тэр гэрээ нь олдохгүй байгаа, энэ хэрэгт өгсөн гэрээг нөхөж хийсэн... гэсэн мэдүүлэг өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орхон аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/35 дугаартай Прокурорын тогтоолд М.У нь өөрөө мэдүүлэхдээ 900 000 орчим төгрөгийн төмөр аваад 300 000 төгрөгийг нь өгсөн гэсэн байсан... гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан бөгөөд энэ Прокурорын тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт биш тул уг Прокурорын тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.  

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч М.У нарын мэдүүлэг тайлбар зөрүүтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У нь урьдчилгаа 300 000 төгрөг өгсөн гэдэг, гэрч М.У нь урьдчилгаа гэж ер мөнгө өгөөгүй анхнаасаа л 690 000 төгрөгийн төмөр авсан гэж мэдүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 690 000 төгрөгийн төмөр авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнд үндэслэж байгаа бөгөөд уг гэрээнд М.У гарын үсэг зураагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэхээр байна.

Мөн Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэг сарын хугацаатай байгуулсан бөгөөд шаардах эрх 2015 оны 8 дугаар сарын 26-наас үүссэн гэж үзнэ. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байх ба, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурьдах нь зүйтэй.  

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.      

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 4 790 төгрөгийг буцаан олгохоор заав.

Хариуцагч М.Ут шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан М.Уаас 1 090 000 төгрөг гаргуулах “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 4 790 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА