Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00027

 

 Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05ы өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 114 дугаар магадлалтай,

Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Ууганбаярт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...М.Ууганбаяр нь манай компаниас 2015 оны 07 сарын 25-нд 690.000 төгрөгийн төмөр хийц зээлээр өгч тус болооч удахгүй өгнө гэж хэлээд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 1 сарын хугацаатай зээлээр авсан. Тус гэрээний 4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон юм. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй, удахгүй хүүтэй нь төлнө, өгнө өө гэж худал хэлж хуурч мэхлэн манай компанийг маш их хохироож байна. Иймд М.Ууганбаяраас үндсэн мөнгө 690.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 1.090.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ууганбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2013 оноос 2017 оны хооронд Эрдэнэт зар сонин болон Зуун айлын зууч төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. Тухайн үед иргэн Н.Батсоёл Их залуу багт байрлалтай дэлгүүр граштай хашаа байшинг зарж борлуулахаар манай компанид хандсан бөгөөд тухайн үед гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хашаа байшингаа барьцаалж зээл авч грашийнхаа дээврийг гүйцээж барих тухай ярьж хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь зуучилж заруулах гэж байгаа газартайгаа байгуулсан гэрээ, компанийн гэрчилгээ зэргийг авчир гэсэн гээд манай байгууллагын гэрчилгээг эх хувиар нь авч яваад авчирч өгөөгүй. Дараа нь утастаад, дэлгүүр дээр нь очиход барьцаанд тавьж төмөр авсан тухайгаа хэлсэн. Асууж сураглаад Тэнүүн төвөргөөн төмрийн зах дээр очиход манай гэрчилгээг надад өгөхгүй мөнгийг нь төлж байж ав гэж байсан. Би шаардлагатай хэрэг болсон тул гуйж байгаад барьж явсан утсаа үлдээгээд канонтой газар очиж хувилуулж аваад буцааж аваачиж өгч байсан. н.Батсоёл дээр очихоор грашийнхаа дээврийг засварлах гээд барьцаанд тавьсан засаж янзалж зарж дуусчихаад аваад өгье гэдэг хариултыг хэлдэг байсан. Батсоёл тухайн үед Тэнүүн төвөргөөн захад өртэй, зээлээр бараа авсан байсан билээ. Тэнүүн төвөргөөн ХХК, иргэн Н.Батсоёл нарын хоорондын өр зээлээс шалтгаалан манай байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тиймээс би тухайн төлбөрийг гаргах боломжгүй бөгөөд Тэнүүн төвөргөөн ХХК-ийг иргэн Н.Батсоёлыг олж өгч, манай байгууллагын гэрчилгээг суллаж өгөхийг хүсэж байна. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдэж иргэн Нямаа овогтой Батсоёлыг олж мэдүүлэг аван үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан М.Ууганбаяраас 1.090.000 төгрөг гаргуулах Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 4 790 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 114 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00754 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан М.Ууганбаяраас 1.090.000 төгрөг гаргуулах Тэнүүн төвөргөөн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч М.Ууганбаяраас төмрийн үнэ 690.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын бүртгэлийн 2073001014 дугаартай гэрчилгээг М.Ууганбаярт олгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж гэсний дараа хариуцагчаас 21.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар Тэнүүн төвөргөөн ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхэд гаргасан миний тайлбар үнэн бөгөөд түүнд дурдсан Н.Батсоёлоос мэдүүлэг аваагүй, мөн тухайн үед хийсэн гэх гэрээнд миний гарын үсэг байхгүй зэрэг мэдээллүүд дутмаг байхад давж заалдах шатны шүүх төмрийн үнэ болох 690.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хэзээ хийсэн нь тодорхой бус, хүний нэр ашигласан гэрээг шүүхийн нотлох баримт болгож, алдсан төмөрнийхөө араас хүний нэр төрд халдаж, цагдаагаар эрэн сурвалжлуулж, шүүхэд гомдол болж яваа Тэнүүн төвөргөөн ХХК-ийн эзэд төмөр очиж авсан Н.Батсоёлыг таньдаг, өмнө нь төмрийн зээл өгж байсан тухайгаа яагаад дурдахгүй байгааг шалгаж өгнө үү. Тухайн үед төмөр очиж авсан Н.Батсоёлыг Тэнүүн төвөргөөн ХХК-ийн эзэд таньдаг байсан бөгөөд өмнө нь төмрийн зээлийн үлдэгдэлтэй болохоор ямар нэгэн зүйл барьцаалах шаардлагатай байсан ба хашаа байшингаа зуучлан заруулж буй манай байгууллагын гэрчилгээг барьцаанд үлдээсэн гэх үндэслэлтэй байна. Тухайн үед төмөр очиж авсан хүн нь олдохгүй байгаа тул манай сонингийн гэрчилгээ, миний нэрийг барьцаалан ашиглаж байна. Барьцаалсны дараа Тэнүүн төвөргөөн ХХК Батсоёл хоёрыг холбож өгч ойлголцуулсан байтал өнөөдөр ингэж нэхэмжилж байгаа нь өмнө огт тааралдаж байгаагүй юм шиг зүйл бичиж нэхэж байгаа нь зохисгүй байна. Миний хувьд төмрөөр хийж босгосон зүйл энэ орон нутагт байхгүй бөгөөд хүний авсан зүйлийг төлөөд хохирч үлдэх санхүүгийн боломж байхгүй тул энэ гомдлыг гаргаж байна. Тиймээс мэдээлэл, материалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК, хариуцагч М.Ууганбаярт холбогдуулан 1.090.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, ...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, сэргээлгэх хүсэлт гараагүй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус худалдах-худалдан гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг боловч үнэ хэсэгчлэн төлөх тохиролцоо энэхүү гэрээний гол шинжийг илэрхийлэхгүй юм.

Хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан авагчид өмчлөх эрх хэзээ үүссэн гэж үзэх нөхцөл нь эдгээр гэрээний гол ялгаа болдог байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн хөрөнгө шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бол мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ.

Иймээс үнийг хэсэгчлэн төлөх нь зээлээр эсхүл энгийн худалдах-худалдан авах гэрээг тодорхойлох гол шинж болохгүй байна. Талууд гэрээндээ үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тусгайлан тохиролцсон нөхцөлд л уг гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх боломжтой. Ийм нөхцөл зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заагдаагүй байх тул гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

2. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болохыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь хөдлөх хөрөнгө байх тул гэрээг заавал бичгэн хэлбэрээр байгуулахыг шаардахгүй тул амаар байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

3. Хариуцагч М.Ууганбаяр нэхэмжлэгч Тэнүүн төвөргөөн ХХК-с 2015 оны 07 сарын 25-ны өдөр авсан төмөр хийцийн үнэ 690.000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон атал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу нотлох баримт үнэлэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлж чадаагүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй тул зохигчийн хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй боловч нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Уранцэцэгийн мэдүүлэг, М.Ууганбаярын тайлбар бүхий бичгэн баримт болох прокурорын тогтоол, барьцаа болгосон гэх Эрдэнэт зар сонин-ы улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг хариуцагч няцаагаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн гэж үзэв.

4. Хөөн хэлэлцэх хугацааны талаар, тухайлбал, уг хугацааг тоолж эхлэх үеийг анхан шатны шүүх буруу тодорхойлж дүгнэснийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

5. Магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулна.

а/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги гаргуулахаар зохигч тохиролцсон бол энэ тухай гэрээг бичгээр байгуулах шаардлагатай ба зохигчийн хооронд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрх зүйн үндэслэлгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин тус шүүх алдангид 500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

б/ Түүнчлэн, нэхэмжлэгч тайлбартаа, хариуцагч М.Ууганбаяр нь төмөр хийц худалдан авахдаа өөрийн Эрдэнэт зар сонин хэвлэл мэдээллийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан гэж уг гэрчилгээг нотлох баримтаар гаргасныг шүүх хэрэгт эх хувиар авч хавсаргажээ. Уг баримтын эх хувийг нэхэмжлэгч буцаан авах тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хувийг хэрэгт авч үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т нийцнэ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл болох бөгөөд сонины газрын улсын бүртгэлийн гэрчилгээг барьцааны зүйл гэж үзэх боломжгүй боловч давж заалдах шатны шүүх уг гэрчилгээг хариуцагчид буцаан өгөхөөр шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд заагаагүйгээс гадна хариуцагч гэрчилгээг гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй, тухайн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргасныг анхаараагүй байна. Иймд гэрчилгээ гаргуулсан хэсгийг хүчингүй болгохоор магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 114 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, болгож гэснийг болгосугай гэж өөрчлөн, Улсын бүртгэлийн 2073001014 дугаартай гэрчилгээг М.Ууганбаярт олгосугай гэснийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч М.Ууганбаяр нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 21.110 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ