Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 36

 

Б.Г

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ

                      Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г холбогдох эрүүгийн 1714002330071 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн,  Б.Г, 1977 оны 3 дугаар сарын 19-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 8 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 оны 8 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2014 оны 3 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 01 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан

Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 8 дугаар гудамж 43 тоот хаягт оршин суух иргэн Т.Моломжамцын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй эмэгтэй тэнзэн ташуур тус бүр 1 ширхэг, хулсан хусуур 1 ширхэг, чемодан 1 ширхэг, ямааны мах зэргийг нууцдалд аргаар авч бусдын эд хөрөнгөнд нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч  Б.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо:  Б.Г миний бие 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/81 тоот анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар, нээлттэй хорих ангид ял эдлэх шийтгэл авсан.

Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүндэтгэж байгаа. Миний бие нь ганц бие, эд хөрөнгө гэр оронгүй, айл ах дүү төрөл садан, ажлын байр зэрэг газраар амьдарч явсаар одоо 45 нас хүрч байна. Тогтсон амьдралгүй, биеэ хайхрамжгүй явснаас биеийн эрүүл мэнд муудаж, уушгиндаа хавдарын эх үүсвэртэй болсон.

Өөрийн хайнга байдлаас эмчилгээний бичиг баримтаа үрэгдүүлсэн тул хэрэгт хавсаргаж чадаагүй гэхдээ энэ талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт бий. Миний үйлдсэн хэрэг нь 2017 оны 8 дугаар сард үйлдсэн, үүнээс хойш би архинаас гарч, яах гэж хэрэг хийвдээ гэж бодож гэмшиж байгаа. Хийсэн үйлдэл бол айлын гэрт орж хулгай хийгээд хулгайн үнэтэй эд хөрөнгийг 10.000 төгрөгөөр зарж зарсан хүнтэйгээ тэр мөнгөөр нь архи авч уусан, өөдгүй үйлдэл хийснээ өдөр болгон санаж гэмшиж байна.

Энэ хэргээс хойш ямар нэгэн хэрэг үйлдээгүй. Миний 10000 төгрөгөөр зарсан эд хөрөнгө цагдаад хураагдаж хохирогч хохирлоо бүрэн бүтэн авч гомдол саналгүй болсон.

Иймд миний эрүүл мэнд хэрэгтээ гэмшиж ухамсарлаж байгаа байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгөөч гэж гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн үед хулгайн зүйлийг буцаагаад бүрэн төлсөн. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд хавдар үүссэн байдалтай байгаа тул миний үйлчлүүлэгчийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 8 дугаар гудамж 43 тоот хаягт оршин суух иргэн Т.Моломжамцын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй эмэгтэй тэнзэн ташуур тус бүр 1 ширхэг, хулсан хусуур 1 ширхэг, чемодан 1 ширхэг, ямааны мах зэргийг нууцдалд аргаар авч бусдын эд хөрөнгөнд нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1714002330071 дугаар хэрэгт авагдсан хохирогч Т.Моломжамц, гэрч А.Өсөхжаргал, Б.Гансүх нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Б.Г нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр өмнө нь хулгайн гэмт хэргээр олон удаа ял шийтгүүлж байсан бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Б.Г нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс  2020 оны 5 дугаар сарын 26-ны хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.