Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч Б.Г,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714002330071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 03 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 сарын 15-ны өдрийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 11-ний өдрийн 48 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял ононгдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 8 дугаар гудамж 43 тоот хаягт оршин суух иргэн Т.Моломжамцын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй эмэгтэй тэнзэн ташуур тус бүр 1 ширхэг, хулсан хусуур 1 ширхэг, чемодан 1 ширхэг, ямааны мах зэргийг нууц далд аргаар авч бусдын эд хөрөнгөнд нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Моломжамцын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Би тэр үедээ цагдаад хандаагүй байсан ... Манай гэрээс эрэгтэй, эмэгтэй тэнзэн ташуур, хулсан хусуур, чемодан, ямааны бүтэн мах зэрэг зүйлүүд алдагдсан байсан ... Эрэгтэй эмэгтэй ташуур нийлээд 1.500.000 төгрөг, хулсан хусуур 300.000 төгрөг, ямааны мах 30.000 төгрөг, чемодан 20.000 төгрөгийн үнэтэй ... Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-50/,

Гэрч Ө.Өсөхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 08 дугаар сарын эхээр байх санахгүй байна. Тэр үеэр Монголчууд баарны хашаан дотор манай нэг гэр байдаг байсаэ. Тэр гэрт ганцаараа байж байхад Гансүх, далан Ганаа буюу Ганзориг гэдэг хүнтэй хамт орж ирээд 1 шил архи уучихаад энэ ташуурыг авчих гэхэд Гансүх хулгайн юм биш үү гэхэд далан Ганаа хулгайн юм биш ээ миний өөрийн юм байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Гансүх 35.000 төгрөгөөр худалдаж аваад намайг гэртээ аваачаад тавьчих гэхээр нь би гэртээ аваачиж тавьсан ... далан Ганаа 2 ширхэг шинэ хүрэн өнгийн ташуур байсан. Морины хусуур нь монгол бичгээр Түмний эх гээд биччихсэн хусуур байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2017 оны 08 сарын 10-ны үед байх сайн санахгүй байна. Баян-Овоо сумын далан Ганаа гэдэг залуу ташуур зарна гэхээр нь 1 шил архи хувааж уугаад 10.000 төгрөг өгөөд авсан юм. Ганаа надад миний ташуур байгаа юм гэж хэлсэн ... 2017 оны 08 сард доод зах дээр архи уугаад явж байгаад тааралдаж танилцсан. Дараа нь уулзахдаа ташуур хусуур авахдаа уулзсан. Тэр үеэс хойш уулзаагүй ямар нэгэн нйаз нөхдийн холбоо байхгүй. Яг хэдний өдөр авсанаа санахгүй байна. 2017 оны 08 сард доод зах дээр авсан. Авхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Эд зүйлийг авсаны дараа нь Өсөхжаргалтай таараад гэртээ аваачаад тавьчих гэж хэлээд өгч явуулсан. ... Өсөхжаргал андуурсан байх. Тухайн үед надад тийм их мөнгө байгаагүй, 10.000 орчим төгрөг байсан. Тэгээд түүнийгээ далан Ганаад өгөөд уг эд зүйлүүдийг авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-62/,

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Гансүх гэж залуутай 2017 оны 08 дугаар сарын үед танилцаж байсан. Харин түүнийг овгийг нь мэдэхгүй ... Намайг ойр дотнын хүмүүс болон нутгийн хүмүүс Ганаа, Далан Ганаа гэх зэргээр дууддаг ... 2017 оны 08 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна би архи уучихсан халамцуу Түйн гол дээр очоод хөлөө угаачихаад явж байгаад Гансүх гэх залуутай таарсан юм. Тэрээр тухайн үед Түйн голын зах дээр майхан барьчихсан нэг эмэгтэй хүнтэй хамт байсан бөгөөд би тэр хоёртой 2-3 хоног хамт архи уусан. Тэгж байхдаа Баянхонгор аймгийн гүүрнээс ертөнцийн зүгээр баруун тийш байх гудамж руу орж явж байхад нэг эзэнгүй айлын хашаанд орж гэрээс нь тэнцэн ташуур 2 ширхэг, хулсан хусуур 1 ширхэг, жоохон ямааны мах зэрэг зүйлийг хуучин чемоданд хийж авсан. Тэгээд уг эд зүйлүүдээ Гансүх дээр аваачаад архи ууж байхдаа түүнд өгсөн ... Ямар ч байсан гэр лүү орж дээрх эд зүйлүүдийг авсан. Би тухайн эд зүйлүүдийг Гансүхэд өгөхдөө хулгайлсан талаар юм хэлээгүй, тэрээр ч надаас ямар учиртай эд зүйл вэ гэж асуугаагүй. Хамт нэлээд архи ууж байсан болохоор зүгээр өгчихсөн юм. Намайг тухайн эд зүйлийг айлаас хулгайлсан талаар надаас өөр хэн нэгэн мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-110/,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлэгээний орон тооны бус комиссын алдагдсан эд зүйлүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101/,

Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 114-115, 118-133/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 8 дугаар гудамж 43 тоот хаягт оршин суух иргэн Т.Моломжамцын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нууцаар нэвтэрч эрэгтэй эмэгтэй тэнзэн ташуур тус бүр 1 ширхэг, хулсан хусуур 1 ширхэг, чемодан 1 ширхэг, ямааны мах зэргийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Моломжамцын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-50/, гэрч Ө.Өсөхжаргал, Б.Гансүх нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-62/, шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 107-110/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлэгээний орон тооны бус комиссын алдагдсан эд зүйлүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Т.Моломжамц нь алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Гт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 03 сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.