Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/01275

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01275                                  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Т банкны Орхон салбар-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Д.Б-д холбогдох,   

“130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21 503 317.71 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Э.У, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Д, Д овогтой Б нар 2018 оны 12 сарын 13-нд Т банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс 22,706,700 /Хорин хоёр сая долоон зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18% хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаатайгаар сар бүр 1,129,300 / нэг сая нэг зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр №130400279131-201 °0105 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.

Д нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Д.Б нь 2019 оны 5 сард 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 05 дугаар сарын 14, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Хамтран зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг сар бүр хугацаанд нь төлнө гэсэн тайлбар гар өргөдөл бичиж өгдөг боловч зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 2.3.1, 2.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 10 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. Д овогтой Бтой байгуулсан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 2. Д овогтой Боос зээлийн үндсэн төлбөр 20 040 626.51 төгрөг, зээлийн хүү 1 462 691.20 төгрөг, нийт 21 503 317.71 /хорин нэгэн сая таван зуун гурван мянга гурван зуун арван долоон төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т банкны Орхон салбараас Д.Б надад холбогдуулан хоёр шаардлага ирсэн. Үүнд: 13040279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, Зээлийн үндсэн төлбөр нийт 21 503 317.71 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага ирсэн. Иймд миний бие Д.Б нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Орхон салбар нь Д.Бод холбогдуулан “130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21 503 317.71 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Ц.Д, Д.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 130400279131-20190105 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан Т банкнаас 22 706 700 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, Ц.Дийн тэтгэврийг барьцаалан зээл авсан болох нь хэрэгт ирсэн дээрх гэрээ, бусад нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: зээлдэгч Ц.Д нас барсан, Д.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардана гэсэн тайлбар гаргасан.  

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, зээлдэгч Ц.Д нь эмчилгээ хийлгэх зорилгоор тэтгэврийн зээл авсан гэж тайлбарласан.

Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Зээлийн гэрээний 1.2.1, 1.3, 2.1.5, 2.1.6-д “... банк, зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн ...тоот тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар төлүүлнэ, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгах хүртэл өөрийн тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банканд хадгалуулна, зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл мөргөх журмаар төлүүлнэ, зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй” гэж тус тус зааж тохиролцжээ.  

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авсан Ц.Дид холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, Д.Бод хамаарах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Д.Бод зээл олгох үндэслэл, тодруулбал: зээлдэгч Ц.Дтой хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэдэг нь тодорхой бус байх ба, нэхэмжлэгчийн тайлбараар Ц.Д нь эмчилгээндээ зориулна гэсэн байдаг.

Зээлдэгч Ц.Д нас барсны дараа банк түүнд олгосон оршуулгын тэтгэмж болон 1 сарын тэтгэврийг зээлийн төлбөрт суутгасан байна.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр тухайлбал, батлан даалтын, баталгааны, даатгалын гэрээг байгуулж болохыг үгүйсгэхгүй ба харин тэтгэвэр, цалин зэргийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй.

Иймээс Д.Быг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй юм.

Зээлдэгчийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагджээ.

Иймд хариуцагч Д.Бод холбогдуулан гаргасан Т банкны Орхон салбарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 467 төгрөгийг Т санд хэвээр үлдээхээр заав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Бод холбогдуулан гаргасан “130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21 503 317.71 төгрөг гаргуулах тухай” Т банкны Орхон салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 467 төгрөгийг Т санд хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА