Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2022/00024

 

“..........” ХХК-ийн ..........ын

нэхэмжлэлтэй хариуцагч Д...........од холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00018 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .......... ХХК-ийн ..........ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Д...........од холбогдох,

 

 “130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21.503.317.71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагч Д..........., өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, Х.Даваахүү, хариуцагч Д..........., хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүхэд төрийг төлөөлж прокурор Ц.Идэрмөнх нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ХХК-ний .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Цогзол овогтой .........., .......... овогтой .......... нар 2018 оны 12 дугаар сарын 13-нд ..........ны ..........ын .......... тооцооны төвөөс 22.706.700 /Хорин хоёр сая долоон зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаатай сар бүр 1.129.300 /нэг сая нэг зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр №130400279131-201 0105 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.Ц........... нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Д........... нь 2019 оны 5 дугаар сард 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн.Иймд .......... овогтой ..........той байгуулсан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 2. .......... овогтой ..........оос зээлийн үндсэн төлбөр 20.040.626.51 төгрөг, зээлийн хүү 1.462.691.20 төгрөг, нийт 21.503.317.71 /хорин нэгэн сая таван зуун гурван мянга гурван зуун арван долоон төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .......... ХХК-ийн .......... нэхэмжлэлийн бууруулсан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран зээлдэгч Д........... нь 2019 оны 05 дугаар сард 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт мөн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуультай холбоотой 6.000.000 /зургаан сая/ төгрөг төлөгдсөнөөс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул .......... овогтой ..........оос зээлийн үлдэгдэл 14.040.626.51 төгрөг, зээлийн хүү 1.462.691.20 төгрөг, нийт 15.503.317.71 /арван таван сая таван зуун гурван мянга гурван зуун арван долоон мянган төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

..........ны ..........аас Д........... надад холбогдуулан хоёр шаардлага ирсэн. Үүнд: 13040279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, Зээлийн үндсэн төлбөр нийт 21.503.317.71 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага ирсэн. Иймд миний бие Д........... нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д........... нэхэмжлэлийн бууруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..........наас 22.706.700 төгрөгийн тэтгэврийн зээлийг авахад намайг батлан даагчаар ороод өгөөч гэж аав маань хэлэхээр нь би тус зээлд гарын үсэг зурсан. Аав Ц...........ийг нас барсны дараа банк дуудан хоёр ч бичиг бичүүлж гарын үсэг зуруулж авсан ба уг бичгийн он сар нас бараагүй байхад бичүүлж авсан мэт баримт болж хэрэгт авагдсан байсан. Би тухайн тэтгэврийн зээлээс нэг ч төгрөг аваагүй, нэг ч төгрөг зээлийн гэрээний үүрэг хүлээж төлж байгаагүй. Тэтгэврийн зээлээ аав маань өөрийн тэтгэврээр төлдөг байсан болохыг банканд төлсөн зээлийн эргэн төлөлтөөс харагдана. Тэтгэврийн зээл гэдэг нь тэтгэвэр авагч иргэнд зөвхөн олгогддог зориулалт бүхий зээл бөгөөд төрөөс тогтоолгосон өндөр насны тэтгэврээр зээлээ буцаан төлөх үүрэг хүлээсэн онцлог зээл бөгөөд би тэтгэврийн насны буюу тэтгэвэр тогтоолгож тэтгэвэр авч байгаагүй иргэн билээ. Иймд уг зээл зориулалтын дагуу надад олгогдох зээл биш юм. Өөрөөр хэлбэл уг тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч байх боломжгүй юм. Тухайн тэтгэврийн зээлийн зээлдэгч нь аав Ц........... бөгөөд нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т заасан үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг сар бүр төрөөс олгодог өндөр насны тэтгэврээр төлөхөөр гэрээний талууд тохиролцон, уг тэтгэврээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангаж байсан. Гэтэл уг үүргийн гүйцэтгэлийг хангаж байсан өндөр насны тэтгэвэр нь зээлдэгч нас барснаар зогсож, тэтгэвэр олгогдохгүй болсноор үүргийн гүйцэтгэл зогссон. Үүнд би буруугүй байхад буруутай мэт хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т зааснаар зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэх заалтыг баримталжээ. Гэвч энэ заалт хэрэгжээгүй өөрөөр хэлбэл зээлийг би аваагүй, захиран зарцуулаагүй, банк надад өгөөгүй атлаа зээлдэгчийн нэгэн адил эрх эдлэх мэт заалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Зээлдэгчийн эрхээс алийг нь ч эдлээгүй атлаа үүргийг нь хүлээх мэт хандаж байгаа нь банкны хууль бус үйлдэл.Банк зээлдэгчтэй гэрээ хийхдээ нас барвал ямар үүрэг хүлээх талаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д заалтад тусгасан бөгөөд миний аавд төрөөс нас барахад нь олгогдсон оршуулгын тэтгэмжийг хүртэл өөрт нь хэрэглэх боломжгүйгээр банк зээлийн үүргийн гүйцэтгэлд нь хамж авснаар түүний үүрэг дуусгавар болсон. Оршуулгын тэтгэмжээ ч өөртөө зарцуулж чадаагүй аавыгаа би өрөвддөг бөгөөд банк нас барсан хүний оршуулгын тэтгэмжийг нь хүртэл үүргийн гүйцэтгэлд нь тооцож хамж авсан. Оршуулгын тэтгэмжээ хүртэл өөртөө зарцуулж чадаагүй дээ миний аав. Банк зээлийн гэрээг цуцалж намайг гэрээний үүргээ биелүүлээгүй мэт үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байгаа мэт нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл энэхүү гэрээ зээлдэгч нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон бөгөөд гэрээний 3 дахь заалт буюу гэрээ цуцлах үндэслэлд нас барсан үйл явдал нь хамааралгүй. Гэрээний 3 дахь заалтад төлбөрийн чадваргүй болох худал баримт бүрдүүлсэн зэрэг ойлголтууд хамаарах бөгөөд энэхүү гэрээнд заасан цуцлах шалтгаан бий болсон бол хамтран зээлдэгч хариуцах талаар тодорхой тусгасан. Зээлдэгч нас барсан нь гэрээг цуцлах үндэслэл биш, харин гэрээ дуусгавар болох үндэслэл болно. Гэрээ дуусгавар болох тохиолдолд хамтран зээлдэгч хариуцлага хүлээх талаар гэрээнд огт тусгаагүй атлаа хамтран зээлдэгч мэт зүтгүүлж шийдвэр гаргуулах гэж оролдож байгаа нь хууль бус юм.Мөн аав маань Монгол Даатгал ХК-тай зээлийн гэрээний эрсдэлийн талаар даатгалын 181304061130018 тоот гэрээг ..........ны зуучлалаар байгуулсан. Уг гэрээний талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа боловч даатгалаас хариуцагч мөнгө авсан эсэх талаар нэг ч баримт гаргаж өгдөггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа:

Зээлдэгч Ц...........ийн ..........ин дахь 130400279131 дугаартай дансанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр банкнаас 22.706.700 төгрөгийн зээл олгов гэсэн харилцагчийн дипозит дансны хуулга хэрэгт авагдсан байх тул банк 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22.706.700 төгрөгийг зээлдэгч Ц...........ид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч Д........... нь би зээл аваагүй, ямар учиртай зээл авч байгааг мэдээгүй, зээлийн гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Д........... нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд тус тус 22.706.700 төгрөгийн зээл олгож байгаа талаар бичигдсэн ба хамтран зээлдэгчээр Д........... гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, Д........... нь ..тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгчээр орж байна. Зээлийн гэрээтэй уншиж танилцсан, ямар нэг эрсдэл гарвал төлж барагдуулна гэх утга бүхий өргөдөл гаргаж байсан, зээл авсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч Ц........... нь 15.000.000 төгрөгийн Д...........ын Хаан банкны 5120074571 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.  Зээлдэгч Ц........... нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба банк хамтран үүрэг гүйцэтгэгч Д...........оос зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцнэ. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк үндсэн зээлийн үлдэгдэлд 14.040.626 төгрөг, зээлийн хүү 1.462.691 төгрөг нийт 15.503.317 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагч Д...........оос 15.503.317 төгрөгийг гаргуулан ..........ны ..........т олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00018 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.-д заасныг баримтлан хариуцагч Д...........оос 14.040.626.51 /арван дөрвөн сая дөчин мянга зургаан зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан .......... ХХК-ний ..........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.462.691.20 /нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.467 /хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........оос 228.153 /хоёр зуун хорин найман мянга нэг зуун тавин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-ний ..........т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д..........., хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 , 242-р зүйлийн 242.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Д...........оос үндсэн зээлийн үлдэгдэл гэх 14040626 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хамтран үүрэг гэж үзэж, үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болно гэх хууль зүйн үндэслэлийг баримтлахдаа Иргэний хуулийн 240 р зүйлийн 240.1.2-т заасныг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлдэгч нас барснаар үүргийн гүйцэтгэл хэрэгжих боломжгүй болж, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн Д...........оос үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан.Зээлдэгч нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид үүргийг хүлээлгэж. төлүүлэх талаарх Иргэний хуульд зохицуулалт байхгүй бөгөөд Хамтран үүрэг гүйцэтгэгч иргэний эрхзүйн харилцаанд хэрхэн оролцох талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 242-р зүйлд заасан байх ба зээлдэгч нас барснаар хамтран үүрэг хүлээх этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлдээ хүлээх зохицуулалт байхгүй байгааг шүүх анхаараагүй. Зээлдэгч нас барснаар түүнийг хүлээх үүрэг дуусгавар болсон.Түүний хүлээх үүргийг бусдад хүлээлгэх нь хуульд нийцээгүй буюу 242-р зүйлийн 242.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн заалтын... өөрийн үзэмжээр аль ч ...гэх зохицуулалт нь сонгох тухай ойлголт бөгөөд нас барсан зээлдэгч болон Д........... нарын хэн алиныг сонгон үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд шүүх уг заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй .Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг хүлээх нь ....үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан ба зээлдэгч Ц...........ийн зээлийн төлбөрт гэрээнд заасны дагуу үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар талуудын тохиролцсон тэтгэвэр нь төрлийн шинжээр тодорхойлогдох үл хуваагдах шинж чанартай буюу уг тэтгэврээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэрээ байгааг шүүх анхаарч үзээгүй. Хамтран үүрэг хүлээх этгээд гэх Д...........од энэхүү гэрээний дагуу төлбөл зохих өндөр насны тэтгэвэр авдаггүй байхад үүрэг хамтран хүлээх этгээд гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй.Үүргийн гүйцэтгэлийг өндөр насны тэтгэврээр гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэрээний үүрэг зээлдэгчийг нас барснаар хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилан тохиролцсон нь Даатгалын гэрээ байх ба даатгалын нөхцөл бүрдсэн байхад банк даатгалаар үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг огт хийгээгүй атлаа үүргийн гүйцэтгэлийг тэтгэврийн нөхцөлөөр хангах боломжгүй этгээдээс шаардсан нь үндэслэлгүй.Үүргийн гүйцэтгэлийг өндөр насны тэтгэврээр гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэрээний үүрэг зээлдэгчийг нас барснаар өр төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах хууль зүйн зохицуулалт байхгүй бөгөөд өвлөгдөх хөрөнгө байгаа эсэх, өв хүлээн авсан өвлөгч өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг хуулиар зохицуулсан байхад хариуцагч Д...........оор үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.28-ны өдрийн 142/ШШ2022/00018 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ..........ны .......... нь зээлийн гэрээний үүрэг- 21.503.317 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж зээлийн гэрээний үүрэг-15.503.317.71 төгрөг нэхэмжилсэн  ба хариуцагч Д........... “...банк надад зээл олгоогүй, аавын хэлсний дагуу гарын үсэг зурсан, энэ зээл нь тэтгэврийн зээл бөгөөд би өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, зээлийн эргэн төлөлт тэтгэврээр төлөгдөх тул би хамааралгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хариуцагч Д...........ын шүүхэд гаргасан “...Үүргийн гүйцэтгэлийг өндөр насны тэтгэврээр гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэрээний үүрэг зээлдэгчийг нас барснаар өр төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах хууль зүйн зохицуулалт байхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэх давж заалдах гомдлыг хүлээн  авах үндэслэлгүй байна.

1. Зээлдэгч асан Ц..........., хамтран үүрэг гүйцэтгэгч Д........... нар ..........ны ..........аас 2018 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр 130400279131 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, тэтгэврийн зээл 22.706.700 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан, зээлдэгч 2019 оны 02 дугаар сарын 25  өдөр нас барсан, нэхэмжлэгч тал зээлийн  үлдэгдэл төлбөрөөс  хариуцагч Д...........ын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн  800.000 төгрөг, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд заасны дагуу 6.000.000 төгрөгийг хасаж тооцсон болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

2. Шүүх зээлдэгч Ц........... нас барсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч Д...........оос зээлийн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж  нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үүрэг -14.040.626.51 төгрөг гаргуулж,  зээлийн хүүгийн төлбөр-1.462.691.20 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

3. Хариуцагч Д........... нь тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, талуудын хооронд байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1-д “Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн төлбөр төлөх  үүрэг хүлээсэн, тэрээр банкнаас авсан тэтгэврийн зээлээс 15.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлүүлж авсан тул  нэхэмжлэгчийг зээлдэгч нас барж, даатгалын тохиолдол үүссэн  байхад даатгалын гэрээний дагуу зээлийн төлбөрийг хангуулах ажиллагааг огт хийгээгүй гэж буруутгах боломжгүйгээс гадна хариуцагч өв хүлээн авсан эсэх, өвлөгдөх хөрөнгө байгаа эсэх нь уг маргаанд огт хамааралгүй  юм.

4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зохицуулагдсан.

 5. Нэхэмжлэгч тал хариуцагчаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь  нэхэмжилж байгаа нь дээрх хуульд  нийцсэн байх тул зээлдэгчийг нас барснаар өр төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцах хууль зүйн зохицуулалт байхгүй гэж үзэх хууль зүйн  үндэслэл байхгүй юм.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д..........., хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д..........., хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д..........., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.153 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ