Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/01566

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01566                                  Орхон аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б.А-д холбогдох,   

“хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, байшинд засвар хийсэн зардал 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гэрч Ш.Д, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн зам овоолгын хэсэгт токарьчин Бэх-Ориг овогтой А нь миний өмчлөлийн 0.7 га газрын гэрчилгээтэй хашаа байшинг түрээслэн сууж, улмаар худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж 2017 оны 06 дугаар сард хашаа байшингийн үнэ 14,0 сая төгрөгийг өгч авалцахаар гэрээ хийж гарын үсэг зуралцсан юм.

А нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөх байсан боловч одоохондоо боломж муу байгаа тул гэрээг удаа дараа сунгахыг хүссэнийг харгалзан энэ хүнд өндөр итгэл найдвар хүлээлгэн гэрээг 3 удаа сунгасан юм. Үүнд:

1 дэх гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 2017 оны 06 дугаар сар хүртэл, 2 дахь гэрээ 2018 оны 6 сар дугаар хүртэл, 3 дахь гэрээ 2019 оны 6 дугаар сар хүртэл эцсийн гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Манай байр нь их засвар хийсэн өвлийн дулаалгатай тохилог байр бөгөөд бид өөрсдөө сууж байсан юм. Гэтэл А нь хашаа байшинг худалдаж аваагүй байж бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн ханууд, ханан пийшинг буулгаж өрөөг томсгож зассан юм билээ. Яагаад гэрээ хэлцэлгүй байшинг зассан тухай асуухад бид нэгэнт авахаар шийдсэн тул танд мэдэгдэхгүй зассан юм гэж хэлсэн. Энэ нөхөр хашаа байшинг минь худалдаж авах нь битгий хэл 2019 оны түрээсийн төлбөрөө жилээр өгөхгүй сууж байна. Манай гэр бүлийн хүн 2017 онд нас барж ганц бие үлдсэн миний бие Улаанбаатар хот дахь хүүхдүүд дээрээ амьдарч байна. Миний бие эмнэлгийн байнгын хяналтанд байдаг болохоор хашаа байшинг хөөцөлдөж Эрдэнэтэд очих боломжгүй байгааг далимдуулан хашаа байшингийн талаар ярих битгий хэл утсаар ярих гэхээр эхнэр нөхөр хоёр хоёулаа утсаа хаачихаад ярихгүй зугтаад байгаа болно. Иймд намайг 3 жил дараалан хуурч худлаа хэлж үнэ өртөггүй хашаа байшинг минь эзэмшиж байгаа Н.Аыг албадан нүүлгэн гаргаж хашаа байшинг суллуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав” гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “А нь миний хувийн хашаа байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ ёсоор төлөх төлбөрийн тооцоог хийлгүй явж ирсэн тул 2019 оны бүтэн жилийн түрээсийн төлбөр 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн овоолгын хэсэгт токорчин Б.А нь миний эзэмшлийн 0,7 га газрын хашаа байшинг 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл эзэмших хугацаандаа худалдаж авахаар гэрээ хийж төлбөрөө хийхгүй өдий хүрэхдээ худал хэлж, миний зөвшөөрлөөр байшинд засвар хийсэн тухай ярьж байна. Бид хашаа байшинг эзэмшин суух талаар гэрээ хийж мөрдөж байсан юм. Аыг миний эзэмшлийн байшинг эзний зөвшөөрөлгүй нураасан. Үүнд: Байшингийн үүдний 3х3 харьцаатай шилэн тамбур, гал тогооны 2 талын ханын өрлөгийг буулгасан, 3 худагтай том ханан пийшинг нураасан, байшингийн зүүн талын ханыг бүхэлд нь буулгасан, энэ хэсэгт байсан зуны модон байрыг буулгаж байшингийн зүүн талыг блокоор өрсөн. Ямар ч засвар хийх шаардлагагүй байшингийн төмөр дээврийг нураасан. Миний ханын пийшинтэй, том жижиг өрөөтэй гал тогоо бүхий байрыг буулгаж 12 метр урттай хөндий байр болгон хувиргасан. Иймд байшин доторх хосуудыг нурааж, байрыг минь сүйтгэчихээд хэний ч зөвшөөрөлгүй, дур мэдэн засвар хийсэн мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй болно. Аын прокурорын мэдүүлгэнд 5-6 шүүхийн мэдүүлэгт 9 000 000 төгрөг гэсэн нь ямар ч үндэслэлгүй худлаа хэлж байгаа баримт юм. Миний амьдарч байсан байшинг нурааж сүйтгэчихээд засварын мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. Энэ нөхрөөс хашаа байшинг минь албадан чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна. Засварын мөнгө төлөх ямар ч үндэслэлгүй болно гэдгийг баттай хэлэх байна” гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.А нь Орхон аймаг Баянбулаг багийн Баян-Өндөрийн 3-90 тоот буюу Б гуайн гарын дагуу эхнэр Дгийн хамт уулзан 2016 оны 06 дугаар сараас эхлэн сарын 70 000 төгрөгөөр тооцон сар бүр өгч байхаар тохирч түрээсэлдэг байсан. 2017 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон өгч дуусгаад 1 дүгээр сараас эхлэн улирлаар өгөхөөр тохирч өгч эхэлсэн. Тэгээд өөр хашаа байшин худалдаж авах гэж байгаа гэхэд Б гуай хөгшинтэйгөө манайх энэ хашаа байшинг зарна, та хоёр авахаар болбол өгсөн түрээсийг хасч тооцъё гэж бид тохирсон. Бид ХААН банктай уулзахаар болж гэрчилгээ байгаа юм уу гэхэд байгаа гэсэн. Тэгээд бид хашаанд нурсан байсан нойл болон зоорины нүхийг битүүлж цэвэрлээд эдийн засагч залууд үзүүлэхэд банкны шаардлага хангахгүй юм байна гээд лизингэд хамрагдах боломжгүй гэдгийг нь Б гуай хэлсэн. Тэгээд Б гуай тухайн үед та хоёр засвар хийчих, өөрийнхөө юм шиг засаатах, тэгээд шилжүүлж тохиръё гэхээр бид ХААН банкнаас зээл авч засвар хийсэн. 2017 оны 06 дугаар сард дуусгаад Б гуайд одоо шилжүүлж авъя, одоо банкны шаардлага хангахаар боллоо гэхэд хөгшин маань өнгөрсөн, 1 жилийн дараа хөдөлгөөнд оруулдаг юм байна гээд бид сар болгон түрээсээ өгөөд гэрээг сунгасан. Бид Б гуайг хуурч, мэхэлсэн зүйлгүй өөрсдийн аав ээж шигээ бодож явсан. Харин ч Б гуайн ямар гэрчилгээгүй болон хөндий, хундаам ч цутгаагүй байшингаа засаж янзлуулчхаад 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулан авчихаад бид нарыг гүтгэж байгаа. Бид нар хүний юманд зүгээр хөрөнгө оруулна гэж байхгүй шүү дээ. Өөрийн зөвшөөрлийг үндэслэн ХААН банкнаас зээл авч засвар хийсэн. Бид энэ үед үнэхээр итгэж байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулахдаа газрынхаа талыг хүртэл хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Бид түрээсийн тухай бүрийн гэрээ нь Бт байгаа. Хамгийн сүүлийн 2019 оны 02 дугаар сарын гэрээнд бүр /хашаа байшинг өөр хүнд зарах ба шилжүүлсэн тохиолдолд/ засварын мөнгийг буцаан авна гэсэн үг байгаа. Бид хүний хашаа байшингаар яахав дээ. Зөвхөн засварт орсон мөнгийг минь эргүүлж өгөөч, бид суллаж өгөхөд бэлэн байгаа. Бид ядарсан хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүү, өндөр настай ээжийгээ асардаг. Ийм хүний юманд шунах сэтгэл байхгүй. Иймд эдгээр хүмүүсээс засвар хийсэн 9 000 000 төгрөгийг авах хүсэлтэй байгаа. Та бүгд үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Бид түрээсийн мөнгө сар бүр 70 000 төгрөг жилд 840 000 төлдөг” гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний гэр бүл нь 2016 оны 06 дугаар сараас эхлэн 70 000 төгрөгийг сар болгон өгч байхаар тохирч орсон. Тэгээд 2017 оны эхний 6-р сар түрээсэлж сууж байгаад худалдан авахаар тохирч гэрээ хийсэн. Тэгээд бид цалингаа авдаг ХААН банкны эдийн засагчтай уулзахад ийм байшин шаардлага хангахгүй, зориулалтын хундаамтай, гэрчилгээтэй байх хэрэгтэй гээд явсан. Бид тухайн үед Б ахад хэлэхэд гэрчилгээ байгаа. Та хоёр нэгэнт байшин хашаа авах гэж байгаа юм чинь өөр байшин эрээд яахав. Та нар өөрийн юм шиг засвараа болон өргөтгөлөө хийчих, би түрээсэнд өгсөн мөнгийг чинь хасчихна гэсний улмаас бид тохирч П, Б, Х нартай тохирч засвар болон өргөтгөл хийлгэсэн. 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 11 дүгээр сар хүртэл хийж дуусгасан. Ингээд Б гуайтай уулзахад хөгшин бие муу байгаа гээд өөрөө хүртэл ирж үзсэн. 2018 онд бид Б ах руу утастаж одоо шилжүүлэх боломж байна уу, бид цалингийн зээл авах гэж байна, нэрэн дээрээ шилжүүлж авъя гэхэд хөгшин нас барсан, гэрээн дээр хөгшний нэр байгаа, жил хөдөлгөж болохгүй гэсэн гээд бид түрээсийн гэрээг сунгасан байдаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сард осолд орсон хүүгийн бие муудаж бид өөрснөө ажлаасаа 1 жилийн чөлөө авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Ингээд 2019 оны 02 дугаар сард Бтай гэрээ сунгаж уулзсан. Бид учир байдлаа хэлээд /одоо бид худалдан авах боломж муудлаа шүү, хэрвээ та нар өөр хүнд зарах юм уу, шилжүүлсэн тохиолдолд засвар болон өргөтгөлд орсон мөнгөө гаргуулан авна гэсэн/ өгүүлбэр оруулан гарын үсэг зураад сунгасан. Энэ бүгд гэрээнүүд Б гуайд байгаа. Одоо Б гуай болон хүүхэд нь бид нарыг үг хэлээр доромжлон гүтгэн гүжирдэж байгаад үнэхээр гомдож байгаа. Эдгээр хүмүүс нь хундаамгүй, ямар гэрчилгээгүй, дулаалгагүй байшингаа янзлуулан гэрчилгээгээ гаргуулан авч, зориуд бидний мөнгийг өгөхгүй гэж санаатай арга заль хэрэглэж байна. Бид хүний юманд шунах сэтгэл байхгүй. Ердөө өргөтгөл болон засварт оруулсан ба засвар хийсэн хүмүүсийн зардлаа гаргуулан авахыг хүсч байна. Бидний мөнгийг өгчихвөл бид гарахад бэлэн байна. Иймд та бүгдийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Бид Б гуайгаас нийт 9 сая төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

1. Дээврийн төмөр болон малгай төмөр, шрүп, хөөсөнцөр, замаскны тор, хар цагаан замаск, шрүп сэнсний баримт-1 663 000

2. Вакум цонх, Хялгантын модны зах банз, цемент, тоосго, элс, даацын блок, лампир болон элс хайрга, обой, бусад баримтууд болон засварын үнэ зэргийг гэрч болон баримтаар гаргаж өгөх болно” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Б.Ат холбогдуулан хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь байшинд засвар хийсэн зардал 9 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. 

Хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаан дээр хашаа байшинг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: хариуцагч нь байшинд засвар хийсэн зардал 9 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Д.Б нь Б.Ат 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Баян-Өндрийн 3-90 тоот хашаа байшингаа 2017 оны 6 дугаар сарыг дуустал сарын 70 000 төгрөгөөр түрээслүүлээд, цаашид хариуцагч худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, дээрх гэрээгээ 2018 оны 6 сар хүртэл сунгахаар тохиролцсон, дахин гэрээгээ 2019 оны 6 дугаар сарын хүртэл сунгасан талаар талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсчээ.    

Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...засварыг хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүй хийсэн учир засварын зардлыг төлөхгүй... гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, мөн хуулийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...уг хашаа байшинг бид анхнаасаа худалдаж авах зорилготой байсан боловч хүүхдүүд маань аваарт ороод нэг нь нас бараад, нэг нь хүнд хагалгаанд ороод бидний байдал хүндэрсэн. Ингээд банкны зээлд хамрагдах гэтэл хундаамгүй, гэрчилгээгүй, дулаалгагүй, шаардлага хангахгүй ийм байшинд зээл гаргахгүй гэж хэлсэн. Энэ байдлаа Д.Б гуайд хэлээд өөр байшин хайхаас гэхэд Д.Б гуай хөгшинтэйгөө хоёулаа орж ирсэн байсан тэгэхэд, та нар өөр байшин хайгаад яахав, та нар өөрсдийн юм шиг засвар өргөтгөлөө хийчих, би түрээсэнд өгсөн мөнгийг чинь хасчихна гэсний улмаас бид засвар хийсэн. Засвар хийснийхээ дараа Д.Б гуай руу яриад хашаа байшинг нэр дээрээ шилжүүлж авах боломж байна уу, бид цалингийн зээл аваад мөнгийг нь өгье гэхэд хөгшин маань өнгөрсөн, гэрчилгээн дээр хөгшний нэр байгаа тул нэг жил хөдөлгөж болохгүй гээд түрээсийн гэрээгээ сунгасан. Засвар хийхдээ Д.Б гуайд хэлээд зөвшөөрөл авсан. Тэгээд Д.Б гуай хөгшинтэйгөө хоёулаа орж ирээд та нар засвар хийх гэж байгаа бол энэ пийшингээр /зуухаар/ яахав ах нь гал голомтоо авъя гэхээр нь бид тэг тэг гээд пийшингээ аваад явсан. Тэр үед засвар эхлээгүй байсан, харин засвар хийж байх үед ч мөн Д.Б гуай өөрөө ирж үзэж харж байсан... гэж тайлбарласан.

Хариуцагчийн дээрх тайлбар буюу Д.Бын пийшингээ ирж авч явсан гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй.

Мөн засвар хийж байхад буюу арктай хэсгийг нурааж байхад Д.Быг ирж үзэж харж байсан гэдгийг гэрч Н.Баярмагнай мөн мэдүүлсэн.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд, мөн хуулийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрлийг авахыг хуулиар зохицуулсан боловч энэ нь заавал бичгээр зөвшөөрлийг авах  зохицуулалт биш байна. Өөрөөр хэлбэл байшинд засвар хийнэ гэдгийг Д.Бт хэлсний үндсэн дээр Д.Б нь өөрийн пийшингээ гал голомт гэдэг утгаараа авч явсан байх ба, засварын ажил явагдаж байхад мөн орж, гарч, ирж үзэж байсан зэрэг нь засварыг хийхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Талууд анхнаасаа хашаа байшинг худалдах, худалдан авах зорилготой байсан болох нь талуудын тайлбаруудаар нотлогддог.   

Иймээс Б.Аын хашаа байшинд хийсэн засварын зардлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд гаргах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Байшинд засвар хийсэн зардал 4 985 500 төгрөг баримтаар нотлогдож байх ба, үүнээс Д.Бт олгох байшингийн түрээсийн төлбөр 840 000 төгрөгийг харилцан тооцож Д.Баас 4 145 500 төгрөг гаргуулан Б.Ат олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 014 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94 718 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Д.Бын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоугай. 

2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгч Д.Баас 4 145 000 төгрөг гаргуулан  Б.Ат олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 014 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94 718 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.  

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА