Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01487

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, байшинд засвар хийсэн зардал 9,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга  Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний өмчлөлийн 0.7 га газрын гэрчилгээтэй хашаа байшинг түрээслэн сууж, улмаар худалдан авах гэрээг 2016.11.12-ны өдөр хийж, 2017 оны 06 дугаар сард хашаа байшингийн үнэ 14,000,000 төгрөгийг өгч авалцахаар гэрээ хийж гарын үсэг зуралцсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөх байсан боловч одоохондоо боломж муу байгаа тул гэрээг удаа дараа сунгахыг хүссэнийг харгалзан гэрээг 3 удаа сунгасан. 1 дэх гэрээг 2016.11.12-оос 2017 оны 06 дугаар сар хүртэл, 2 дахь гэрээг 2018 оны 6 дугаар сар хүртэл, 3 дахь гэрээг 2019 оны 6 дугаар сар хүртэл хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай байр нь их засвар хийсэн өвлийн дулаалгатай тохилог байр бөгөөд бид амьдарч байсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хашаа байшинг худалдаж аваагүй атлаа бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн ханууд, ханан пийшинг буулгаж өрөөг томсгож зассан юм билээ. Гэрээ хэлцэлгүйгээр байшинг яагаад зассан талаар асуухад бид нэгэнт авахаар шийдсэн тул танд мэдэгдэхгүй зассан гэж хэлсэн. Гэтэл хашаа байшинг худалдаж авах нь битгий хэл 2019 оны түрээсийн төлбөрөө жилээр өгөөгүй. Миний бие эмнэлгийн байнгын хяналтад байдаг тул хашаа байшинг хөөцөлдөж Эрдэнэтэд очих боломжгүй байгааг далимдуулан хашаа байшингийн талаар ярих битгий хэл утсаар ярих гэхээр эхнэр, нөхөр хоёр хоёулаа утсаа хаачхаад ярихгүй зугтаад байгаа. Иймд намайг 3 жил дараалан хуурч худлаа хэлж, хашаа байшинг минь үнэ өртөггүй эзэмшиж байгаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг албадан нүүлгэн гаргаж, хашаа байшинг суллуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний хувийн хашаа байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ ёсоор төлөх төлбөрийн тооцоог хийлгүй явж ирсэн тул 2019 оны бүтэн жилийн түрээсийн төлбөр 840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний зөвшөөрлөөр байшинд засвар хийсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Бид хашаа байшинг эзэмшин суух талаар гэрээ хийж мөрдөж байсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний эзэмшлийн байшинг эзний зөвшөөрөлгүй нураасан. Байшингийн үүдний 3х3 харьцаатай шилэн тамбур, гал тогооны 2 талын ханын өрлөгийг буулгасан, 3 худагтай том ханан пийшинг нураасан, байшингийн зүүн талын ханыг бүхэлд нь буулгасан, энэ хэсэгт байсан зуны модон байрыг буулгаж байшингийн зүүн талыг блокоор өрсөн. Ямар ч засвар хийх шаардлагагүй байшингийн төмөр дээврийг нураасан. Миний ханын пийшинтэй, том жижиг өрөөтэй гал тогоо бүхий байрыг буулгаж 12 метр урттай хөндий байр болгон хувиргасан. 9,000,000 төгрөг гэсэн нь ямар ч үндэслэлгүй худлаа баримт юм. Хашаа байшинг минь албадан чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна. Засварын мөнгө төлөх ямар ч үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Миний бие Орхон аймаг Баянбулаг багийн Баян-Өндрийн 3-90 тоот буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайтай эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хамт уулзан 2016 оны 06 дугаар сараас эхлэн сарын 70,000 төгрөгөөр тооцон сар бүр өгч байхаар тохирч түрээсэлдэг байсан. 2017 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон өгч дуусгаад 1 дүгээр сараас эхлэн улирлаар өгөхөөр тохирч өгч эхэлсэн. Өөр хашаа байшин худалдаж авах гэж байгаа гэхэд манайх энэ хашаа байшинг зарна, та хоёр авахаар бол өгсөн түрээсийг хасаж тооцъё гэж тохирсон. Бид ХААН банктай уулзахаар болж гэрчилгээ байгаа юм уу гэхэд байгаа гэсэн. Бид хашаанд нурсан байсан нойл болон зоорины нүхийг битүүлж цэвэрлээд эдийн засагч залууд үзүүлэхэд банкны шаардлага хангахгүй юм байна гээд лизингэд хамрагдах боломжгүй гэдгийг нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд хэлэхэд  та хоёр засвар хийчих, өөрийнхөө юм шиг засаатах, тэгээд шилжүүлж тохиръё гэхээр бид ХААН банкнаас зээл авч засвар хийсэн. 2017 оны 06 дугаар сард дуусгаад ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд одоо шилжүүлж авъя, одоо банкны шаардлага хангахаар боллоо гэхэд хөгшин маань өнгөрсөн, 1 жилийн дараа хөдөлгөөнд оруулдаг юм байна гээд бид сар болгон түрээсээ өгөөд гэрээг сунгасан. Бид ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайг хуурч, мэхэлсэн зүйлгүй. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуай ямар ч гэрчилгээгүй болон хөндий, хундаам цутгаагүй байшингаа засаж янзлуулан 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулан авчхаад бид нарыг гүтгэж байгаа. 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулахдаа газрынхаа талыг хүртэл хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Түрээсийн тухай бүрийн гэрээ нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд байгаа. Хамгийн сүүлийн 2019 оны 02 дугаар сарын гэрээнд (хашаа байшинг өөр хүнд зарах ба шилжүүлсэн тохиолдолд) засварын мөнгийг буцаан авна гэсэн үг байдаг. Иймд засвар хийсэн 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид түрээсийн төлбөрт сар бүр 70,000 төгрөг, жилд 840,000 төлдөг гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Миний гэр бүл нь 2016 оны 06 дугаар сараас эхлэн 70,000 төгрөгийг сар болгон өгч байхаар тохирч орсон. Тэгээд 2017 оны эхний 6 сар түрээсэлж сууж байгаад худалдан авахаар тохирч гэрээ хийсэн. Тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуай гэрчилгээ байгаа, та хоёр нэгэнт байшин хашаа авах гэж байгаа юм чинь өөр байшин эрээд яахав, та нар өөрийн юм шиг засвараа болон өргөтгөлөө хийчих, би түрээсэнд өгсөн мөнгийг чинь хасчихна гэсний улмаас бид н.Пүрэвдорж, н.Баярмагнай, н.Хишигжаргал нартай тохирч 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 11 дүгээр сар хүртэл засвар болон өргөтгөл хийлгэж дуусгасан. ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайтай уулзахад хөгшин бие нь муу байгаа гээд өөрөө ирж үзсэн. 2018 онд нэр дээрээ шилжүүлж авъя гэхэд хөгшин нас барсан, гэрээнд хөгшний нэр байгаа, жил хөдөлгөж болохгүй гэсэн учир бид түрээсийн гэрээг сунгасан. 2018 оны 04 дүгээр сард осолд орсон хүүгийн бие муудаж, бид ажлаасаа 1 жилийн чөлөө авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. 2019 оны 02 дугаар сард ,,,,,,,,,,,,,,,,,,,,тай гэрээ сунгаж уулзсан. Бид учир байдлаа хэлээд (одоо бид худалдан авах боломж муудлаа шүү, хэрвээ та нар өөр хүнд зарах юм уу, шилжүүлсэн тохиолдолд засвар болон өргөтгөлд орсон мөнгөө гаргуулан авна гэсэн) өгүүлбэр оруулан гарын үсэг зураад сунгасан. Эдгээр хүмүүс нь хундаамгүй, ямар ч гэрчилгээгүй, дулаалгагүй байшингаа янзлуулан гэрчилгээгээ гаргуулан авч, зориуд бидний мөнгийг өгөхгүй гэж санаатай арга заль хэрэглэсэн. Бид хүний юманд шунах сэтгэл байхгүй. Бидний мөнгийг өгчихвөл бид гарахад бэлэн байгаа. Иймд дээврийн төмөр болон малгай төмөр, шрүп, хөөсөнцөр, замаскны тор, хар цагаан замаск, шрүп сэнсний баримт-1,663,000 төгрөг, вакум цонх, Хялгантын модны зах банз, цемент, тоосго, элс, даацын блок, лампир болон элс хайрга, обой, бусад баримтууд болон засварын үнэ зэргийг гэрч болон баримтаар гаргаж өгөх болно. Нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.   

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг, Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас  4,145,000 төгрөг гаргуулан  ,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, сөрөг нэхэмжлэлээс 4,014,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94,718 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг, Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг, Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “... Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 4,145,000 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, сөрөг нэхэмжлэлээс 4,014,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 94,718 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай ...” гэснийг “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,910 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 42 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манайх 2016 оны 5 сарын сүүлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайн байшинд суух болсон. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүмүүс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад үйлдвэрээс тодорхой мөнгөн тусламж олгодог. Мөн үйлдвэрт ажилладаг хүмүүст банк зээл олгодог тул би хашаа байшин худалдан авахад банк зээл олгож байгаа эсэхийг судлаад, олгож байгаа гэхээр нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, гауйд энэ тухай хэлэхэд тэр хамар хашаанд байгаа өөр нэг байшингаа 30 төгрөгөөр зарна. Харин бид нарын сууж байгаа байшинг 14,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь нөхөр бид 2 ярилцаад ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд хэлж, хашаа байшинг нь 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар ярилцаж тохиролцсон. Улмаар ХААН банкны эдийн засагч н.Төмөртогоод сууж байгаа байшингаа үзүүлэхэд “ийм хундаамгүй, өргөөд зөөгөөд явчихдаг зөөврийн байшинг барьцаалж зээл олгохгүй” гэж хэлээд явсан. Энэ тухай ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд хэлэхэд “бид нар засвар хийж чадахгүй  байгаа юм” Та нар өөрийн болгоод засвар хийгээд ав, засварын мөнгөө хасчихна” гэж хэлсэн. Энэ яриа манай гэрт болсон бөгөөд өнгөрдөг хөгшин нь хамт байсан. Манай нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт усны тэрэг дээр пийшинг нь ачиж хажууд байх байшинд нь хүргэж өгсөн. Байшинд 2017 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд шинээр хундаам хийж, шал цутгасан, 5мx4м хэмжээтэй өргөтгөл шинээр барьсан, өргөтгөл хийсэн хэсэгтээ жорлон суурилуулж бохирын хоолой гаргаж бэлдсэн байсан. Мөн цонхнуудыг нь  томсгож вакум болгож, бүргэд хаалга шинээр суулгасан. А нурууг нь шинээр хийсэн, дээврийг нь шинээр төмөрлөсөн, дотор хананд 5 см зузаан, гадна хананд 5 см зузаан хөөс хийж, обой наасан гээд бараг шинээр байшин барьж байгаатай адил маш их ажил хийсэн. Энэ хооронд анх 2016.11.12-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дууссан тул 2017.06.10-ны өдөр гэрээгээ сунгасан. 2017 оны 11 дүгээр сард засвараа дуусгаад банк зээлээ олгож болно гэнэ, гэрээгээ хийе гэж ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайд утсаар хэлэхэд “хөгшин өнгөрсөн, 1 жил хүлээх ёстой юм байна” гэж хэлээд байрны мөнгөө хүүхдийн данс руу хийж байгаарай  гээд охиныхоо дансыг өгч байсан. 2018.04.18-нд манай хүү хагалгаанд орж, зардал 25,000,000 төгрөг болсон. 2019 оны 03 дугаар сард Эрдэнэтэд ирээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, гуайтай утсаар ярьж, уулзахад одоо энэ оны 6 сардаа багтааж мөнгөө өгөөд байшингаа авах боломжтой юу гэж асуухаар нь одоо өнөө маргаашдаа боломжгүй байгаа тухайгаа хэлээд, та зарах бол бид нар засвар хийсэн мөнгөө буцааж авна гэж хэлээд харилцан зөвшөөрөөд гэрээнд гарын үсгээ зурсан юм. Бид худалдаж авалгүйгээр зөвхөн хөлсөлж сууж байгаа байшиндаа эзэнд нь хэлж, мэдэгдэлгүйгээр ийм их ажил болгож, хөрөнгө мөнгө зарж засвар хийгээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан “хашаа байшингаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 840,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “байшинд засвар хийсэн зардал 9,000,000 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, нэхэмжлэгчээс  4,145,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 4,014,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэснээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох зохигчийн хооронд байгуулагдсан 3 гэрээний агуулгаас үзвэл, талууд анх 2016.11.12-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаа байшинг 2017 оны эхний 6 сар түрээслээд (сарын 70,000 төгрөгөөр) цаашид өөрийн эзэмшлийн болгон авахаар, хашаа байшингийн үнэ 14,000,000 төгрөгийг 2017 оны эхний хагаст багтаан төлж, хашаа байшингийн гэрчилгээг түрээслэгч өөрийн болгож авахаар, хашаа байшингийн үнийг гэрээнд заасан хугацаанаас өмнө барагдуулбал өмнө нь төлсөн түрээсийн үнийг суутган тооцохоор харилцан тохиролцсон, үүнээс хойш уг гэрээгээ 2016.06.10-ны өдөр 2018 оны 6 сар хүртэл, 2018.12.09-ний өдөр 2019 оны 6 сар хүртэл тус тус сунгасан байх бөгөөд хамгийн сүүлийн гэрээнд “Бид хүлээн зөвшөөрч байна. Харин өөр хүнд зарагдах болсон тохиолдолд өөрийн засвар хийсэн мөнгөө гаргаж авна. Бид энэ хугацаанд өөрийн болгож авна” гэж бичээд, ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар гарын үсгээ зуржээ.   

Ийнхүү талуудын хооронд анхнаасаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан “худалдах-худалдан авах гэрээ” (хашаа  байшингийн үнийг бүрэн төлж дуусах хүртэл түрээслэх нөхцөлтэйгөөр)-ний харилцаа үүссэн байна. Энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд тухайн гэрээтэй холбоотой хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.

Гэтэл хоёр шатны шүүх “зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан” гэж дүгнээд, анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар “засвар хийхийг хүлээн зөвшөөрсөн” гэж үзэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг (нотлогдсон хэмжээгээр) хангасан бол, давж заалдах шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй” гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

Түүнчлэн, хариуцагчаас “засварын мөнгөө гаргуулж, хашаа байшинг чөлөөлөх”-ийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, зүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүхээс дүгнэлт өгөх нь “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, талууд өөрсдийн шаардлага, татгалзаа нотолж, мэтгэлцэх” зэрэг “талуудын зарчим”-ыг зөрчихгүй. 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл (гэрээ)-ийг нотариатаар гэрчлүүлэх ёстой, энэхүү хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар талууд “хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”.

Иймд, нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн үл хөдлөх хөрөнгө болох хашаа  байшинг шаардах буюу чөлөөлүүлэх, хариуцагчийн эзэмшилд байх хугацааны төлөгдөөгүй хөлс болох 840,000 төгрөгийг шаардах эрхтэй. Гэрээнд зааснаар хариуцагч нар эд хөрөнгийг худалдан аваагүй тохиолдолд түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Харин хариуцагчийн хувьд “худалдан авна” гэсэн зорилгоор нэхэмжлэгчийн байшинг засан сайжруулахад гаргасан хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэсний дагуу нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Тодруулбал, хариуцагчийн засан сайжруулсан байшинг нэхэмжлэгч буцаан авснаар түүнд хөрөнгө шилжсэн гэж үзэх ба хуульд зааснаар талуудын хооронд үүссэн үүрэг (худалдах-худалдан авах гэрээ) нь хожим нь буюу энэхүү шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцогдож байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчээс засвар хийсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.     

Хэдийгээр хариуцагч “байшинд засвар хийсэн зардал 9,000,000 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх “4,985,500 төгрөг баримтаар нотлогдож байх ба үүнээс нэхэмжлэгчид олгох түрээсийн төлбөр 840,000 төгрөгийг харилцан тооцож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 4,145,500 төгрөг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,014,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байх тул хяналтын шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Ийнхүү хариуцагчийн эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлснээс гадна түрээсийн төлбөр 840,000 төгрөгийг харилцан тооцсоноор нэхэмжлэл хангагдаж буй юм.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/01566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг, Баян-Өндрийн 3-90 тоот хаягт байрлах хашаа байшинг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 840,000 төгрөгийг харилцан тооцсоныг дурдсугай.” гэж, 2 дахь заалтын “...302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.2.5.-д заасныг тус тус...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 81,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД