Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00033

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00033

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Т.Ж-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: С.М-д холбогдох,

25 000 000 төгрөг тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гэрч Т.У, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ээж Т.Ж, ах Б, Л.Ц бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын малчин С.Маас дутаалгасан /залилуулсан/ 19 тооны адууг хохирол барагдуулж өгөхийг хүсч Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. /өргөдлийг хавсаргав №1/ Тэгээд харьяаллын дагуу Орхон аймгийн Жаргалант сумын цагдаагийн төлөөлөгч ахлах дэслэгч Бат-Эрдэнэтай ах Б очиж уулзахад малчин С.Мыг дуудуулна, ирсэн үед нь ирж тайлбар өг гээд буцаасан. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэ ах Л.Быг дуудсан. Тэгээд С.М дутаасан 19 тооны адууны төлбөрт 90 ямаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. /баримтыг хавсаргав №2/ Малчин С.М хэлсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй бөгөөд утасдахаар утсаа авахгүй, уулзахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бидэнд үүссэн шалтгааныг дор тайлбарлая:  

1. Ах Л.Б маань 2017 оны 06 дугаар сард зуурдаар нас барж, талийгаачийн нэрийг гаргаж хэрүүл маргаан хийхгүй гэж үзээд тэр жил С.Мын араас яваагүй.

2. Ээж Т.Ж нь өндөр настай, одоо Улаанбаатар хотод амьдардаг, гэртээ асаргаанд байдаг тул нотлох баримт бүрдүүлж хөөцөлдөж явах боломжгүй. /асаргааны шийдвэрийг хавсаргав №3/

3. Миний бие Л.Ц цэргийн байгууллагад ажилладаг. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг шалтгаан бидэнд байсан. /гадаад паспорт хуулбар хав/

Монголд ирснээсээ хойш миний бие С.Мын 94909190, 99960855 дугаарын утас руу удаа дараа залгахад миний дугаарыг мэдэх тул авдаггүй, өөр дугаараас залгахад эхнэр хүүхэд нь аваад эзгүй байна гэдэг. Миний бие 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авч С.Мтай уулзахаар Орхон аймагт ирж утас руу нь залгаж уулзахаар ирсэн тухайгаа хэлэхэд Булган аймагт ажил хөөцөлдөж байна, эргээд ярья гээд дахин утсаа аваагүй тул уулзаж чадалгүй Улаанбаатар буцсан. Миний хүсэлтийг харгалзан үзэж малчин С.Мын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцож, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20 000 000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгөөр тооцож хохирол барагдуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т.Ж миний бие хүү Л.Б, Л.Ц бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын малчин С.Маас дутаалгасан /залилуулсан/ 19 тооны адууны хохирол барагдуулж өгөхийг хүсч Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Харьяаллын дагуу Жаргалант сумын цагдаагийн төлөөлөгч ахлах дэслэгч Бат-Эрдэнэтэй хүү Л.Б, малчин С.М нар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байцаалт өгсөн. Тэгээд С.М өөрийн дутаасан 19 тооны адууны төлбөрт 90 тооны ямаа өгөхөөр болж, ямаагаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. С.М хэлсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй бөгөөд залгахаар гар утсаа авахгүй, уулзахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Хүү Л.Б нь 2017 оны 06 дугаар сард зуурдаар нас барсан. Хүү Л.Ц нь 2017-2018 онуудад гадаад улсад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд явсан. Т.Ж миний бие өндөр настай, хөл нурууны өвчтэй Улаанбаатар хотод хүүгийндээ асаргаанд байдаг тул дээрх шалтгаанаар С.Мын араас явж чадахгүй байсан. Миний хүсэлтийг харгалзан үзэж С.Мын бидэнд учруулаад байгаа дутаасан 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөр, 2016 оноос 2019 оны 4 жилийн хугацаанд байх төл малыг одоогийн зах зээлийн малын ханшаар 19 тооны адууны төлбөр 20 000 000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг /хорин таван сая/-ийн хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүрэнхор овогтой М нь Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг. Л.Цын надад холбогдуулан гарсан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ц гэдэг хүнийг зүс мэдэхээс өөр харилцаа холбоо байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цэрэгт алба хааж байхдаа Л.Быг таньдаг болсон юм. Тэрнээс хойш Булган аймгийн Сайханд амьдарч байхад манайхаар орж гардаг байсан. Тэгээд манай ах дүү нартай ах дүү шиг болсон юм. Л.Б 2013 онд унага, гүү, морь нийлээд 18 тооны адуу надаар маллуулахаар авчирч өгсөн. Адууг Л.Б минийх гэж хэлсэн. Сар бүр 150 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Цалин гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Мөнгөний хэрэгцээ гарлаа гээд өвөл, зун аль нь ч хамаагүй байнга хүнтэй ирж адуунаасаа янзлаад аваад явдаг байсан. Мөн өвлийн идэшний үеэр ирж идэш иддэг. Би 3 жил гаран ямар ч хөлс мөнгө авалгүй адууг малласан. Нэг удаа ирээд өвс аваад өгдөггүй байсан. Ах дүү шигээ санадаг байсан болохоор цалингаа нэхэж байгаагүй. Боломж бололцоо муу байна удахгүй боломжтой болохоор өгнө гэдэг байсан юм. 2016 оны 08 дугаар сард 13 тооны адууг Ц, Б хоёр ирээд авч явсан. Авч явахдаа Ц “Манай эхнэр хүүхэд хадам саам уух гээд Улаанбаатараас ирсэн. Бөхөнгийн тэнд 7 хоног саам ууна” гэж хэлсэн. Бөхөнд ээжийнх нь зусаж байсан юм. Тухайн үед Бын 18 тооны адуунаас том жижиг нийлсэн 6 тооны адуу үлдсэн байсан юм. Бын 6 тооны адуун дээр өөрийн 7 тооны адууг нэмээд 13 тооны адуу өгч явуулсан. Хэдхэн хоног саам ууя гээд ирж байхад нь цөөхөн юм явуулаад яахав гэж бодсон юм. Б 7 хоног саам уулгачхаад буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн юм. Саам уулгана гэж надад худал хэлсэн юм билээ. 3 хоногийн дараа миний таньдаг хүн над руу залгаад танай адууг машинд ачиж байна гэж хэлсэн. Би 7 хоног саам ууж байгаа юм гэхэд “гүү бариагүй. Саам хүмүүс уугаагүй” гэж хэлсэн. Тэгэхэд би очиж адуугаа авах байсан юм билээ. Ээжийгээ ирж нүүлгээд хот руу авч явсан байсан. Ачаад явна гэж бодоогүй болохоор авчрахыг нь хүлээсэн юм. Тэгээд байж байтал сарын дараа намайг цагдаа дуудсан. Цагдаагийн газарт очиход Б байсан. Цагдаа намайг хүний адуу авсан гэсэн утгатай зүйл тайлбарласан. Би цагдаад болсон зүйлийн талаар ярих гэтэл Б намайг цагдаагийн газраас дагуулан гаргаад “танай адуу тоо ёсоороо Бугатад байгаа зун авчраад өгнө. Ээж, дүү нар таныг буруугаар ойлгоод цагдаад өргөдөл бичиж өгсөн байна. Хоёулаа цагдаад ингээд бичээд өгчихвөл болно” гээд өөрөө 90 ямаа гэж бичсэн. Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан. Тэгээд цагдаа намайг дахин дуудаагүй. Бичсэн дээр гарын үсэг зурчих юм бол болно. Бусдыг нь Б өөрөө мэдээд зохицуулна гэсэн юм. Тэгээд зохицуулсан гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 24, 25-ны үеэр Б ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 2017 оны хавар ноолуурын үеэр 3 000 000 төгрөг өгсөн. Зун адууг минь авчирч өгөхдөө хамт адуугаа авчирна тэрнээс авахаар болж 4 500 000 төгрөг бэлэн өгсөн юм. Манайхаар Б ганцаараа ирээд хонож өнжөөд явдаг. Дүү гэх Ц 3 удаа идэшний үеэр, адууг авч явахад ирсэн. Б адуу манай ээж. дүүгийнх гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Минийх гэсэн болохоор адуунаасаа янзалж аваад явахад юм хэлж байгаагүй. Хэрвээ манай ээж, дүүгийнх хэдэн нь байгаа юм гэвэл би ээж, дүүд нь хэлэх байсан. Идэш идэх гээд дүүтэйгээ ирэхдээ нэг их юм ярихгүй дуугүй болчихдог байсан. Надад дүү болон манай гэрийнхэнд энэ хэдэн адуу ямар ч хамаагүй гэдэг байсан. Зун Быг сурагласан чинь нас барсан гэж дуулсан. Би адуу, мөнгөө хэнээс нэхэхээ мэдэхгүй өдий хүрсэн. Цаас өнөөдрийг хүртэл зугтсан мэт бичиж. Би гэртээ малаа маллаад байж байгаа. Бын адууг хэдэн жил маллахдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Найзынхаа хэдэн малыг өөрийн юм шиг хардаг байсан. Адууг нь малласныхаа төлөө өөрийн адууг хамт явуулан алдаж, мөн 4 500 000 төгрөг бэлэн өгч хохирсон. Миний хохирлыг барагдуулах байтал надаас 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны 20 000 000 төгрөг, 4 жилийн төл малд 5 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ээж, дүүсийг нь хальт зүс үзсэнээс өөр зүйл мэдэхгүй. Ээж, ах дүүс нь Улаанбаатар хотод амьдардаг гэж сонссон. Хэдэн малаасаа илүү гарахгүй болохоор очиж уулзаж чадахгүй мөн хаягийг мэдэхгүй, нэр утсыг мэдэхгүй өдий хүрсэн юм. Ээж, дүүгээс нь тэгж байгаад адуу, мөнгөө нэхнэ гэж бодож байна. Ямар учраас адуу нэхэж байгааг ойлгохгүй байна. Л.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Ц нь анх С.Мад холбогдуулан дутаасан 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөр 20 000 000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Ц нь нэхэмжлэгчийг Т.Жгаар солиулах хүсэлт гаргаж нэхэмжлэгчийг солиулсан.     

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т.Жгийн хүү Л.Б нь С.Мынд 2013 оны зун 18 тооны адуу авчирч маллуулаад 2016 оны зун 8 сард 13 тооны адуу авч явсан гэдэг дээр хариуцагч маргаагүй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2011 оны 8 сард 19 тооны адуугаа С.Мад маллуулахаар өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. С.М нь 19 тооны адууны төлбөрт 90 ямаа 2016 оны 11 сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. С.Мын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцон, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20,0 сая төгрөг, 4 жилийн хугацааны  төл малд 5,0 сая төгрөг нийт 25,0 сая төгрөгөөр тооцон хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ. 

            Хариуцагч С.Мын: ...2016 оны 8 дугаар сард Л.Б нь дүү Л.Цтайгаа ирээд өөрийнхөөс нь үлдсэн 6 тооны адуу, манай 7 тооны адууг саам уух нэрээр авч яваад буцааж авчирч өгөөгүй... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрч байна.

            Талууд яг хэдэн онд С.Мынд адуугаа аваачиж өгсөн гэдэг дээр маргаантай байна. Нэхэмжлэгч тал 2011 оны 8 сард 19 тооны адууг аваачиж өгсөн гэдэг, харин хариуцагч тал 2013 оны 8 дугаар сард 18 тооны адууг Л.Б бид хоёр Булган аймгийн Сайхан сумаас тууж ирсэн гэдэг бөгөөд, хэрэгт энэ талаар бичгийн нотлох баримт байдаггүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч С.Мын эхнэр Т.Уранбилэг гэрчээр мэдүүлэхдээ: ... Л.Б нь хэдэн адуугаа танай дээр тавья, ойрхон эргэж тойрч байхад ч амар гээд гуйгаад байсан. Ингээд 2013 оны зун манай нөхөр С.М, Л.Б хоёр Булган аймгийн Сайхан сумаас 18 тооны адууг тууж ирсэн. Тухайн үед Л.Б нь өөрийнхөө адуу л гэж хэлж байсан. Ирснийхээ дараа жил нэг л гүү унагалсан, бусад нь сувайрсан. 2014 онд идшиндээ нэг адуу идсэн, намар нь хөх портертой ирээд 2 гүү нядлаад аваад явсан. Дараа нь удалгүй ирээд бас нэг адуу амьдаар нь ачаад явсан. 2015 оны зун хүүхэд маань зусланд явах гээд байна гээд 1 үрээ авч явсан. Идэшний үеэр 2 адуу янзалж авч явсан. Биднийг Сэлэнгэ яваад ирэхэд бас нэг адуу аваад явсан. Дараа нь эмчилгээнд явах гэж байна гээд нэгийг аваад явсан. Авч явсаар байгаад 6 тооны адуу л үлдсэн. Авч явсан адуунуудаа гэрийнхэндээ хэлдэггүй юм шиг байгаа юм. Манайхаас Л.Б нь 1 500 000 төгрөг, 3,0 сая төгрөгийг бэлэн авсан. Буцааж өгөөгүй... гэсэн мэдүүлэг өгсөн.

Гэрч Г.Мягмардорж мэдүүлэхдээ: ...Би Л.Бын найз. 2000 оноос хойш Л.Бтай найзалсан. Би Л.Бтай хамт С.Мынд очдог байсан, Л.Б нь хөл муутай болохоор би тусалдаг байсан. Надтай очиж С.Мынхаас лав 3 удаа адуу авч байсан. Хоёр хээр гүү, нэг халиун алаг гүү авсан. Мөн надтай очиж С.Мынхаас 3,0 сая төгрөг зээлж авч байсан. С.Мынх ноолуурын мөнгө гээд өгч байсан... гэсэн.

С.Мынд аваачиж тавьсан адууны тоо зөрүүтэй байхаас гадна, адууг авч очсон гэх он мөн зөрүүтэй, түүнчлэн хэдэн унагалах гүү байсан, хэд нь унага, хэд нь үрээ, даага, шүдлэн, байдас... гэх мэт байсан нь тодорхойгүй, хэд хэдэнд онд хэдэн төл нэмэгдсэн, хэдийг нь нэхэмжлэгч өөрөө хэрэглэсэн хэд нь үлдсэн талаар тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцон, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20,0 сая төгрөг, 4 жилийн хугацааны  төл малд 5,0 сая төгрөг нийт 25,0 сая төгрөгөөр тооцон хохирлыг барагдуулна уу гэсэн байх ба, 2016 оны 8 дугаар сард 13 тооны адууг Л.Б болон Л.Ц нар С.Мынхаас аваад явсан байдаг. 2016 онд 13 тооны адууг нэхэмжлэгч авч явсан байх ба түүнээс хойших хугацааны төл малыг юунд үндэслэн нэхэмжилж байгаа, мөн 19 тооны адуунаас гадна төл мал хэдийг нэхэмжилж байгаа, түүнийгээ хэдэн төгрөгөөр яаж бодсон, ямар ямар насны адуу нэхэмжилж байгаа зэрэг нь нотлогдоогүй.  

Өөрөөр хэлбэл адуу нь дотроо наснаасаа хамаарч өөр өөр үнэлгээтэй байх бөгөөд, унага, даага зэрэг нь нас гүйцсэн адуутай дүйцэхүйц үнэлэгдэхгүй бөгөөд, ямар ямар насны адууг хэд хэдэн төгрөгөөр үнэлээд байгаа нь тодорхойгүй гэж үзэхээр байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.  

Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.   

Мөн нэхэмжлэлийг анх Л.Ц гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Жгаар нэхэмжлэгчийг солиулсан, Т.Жг хариуцагч танихгүй гэдэг. Т.Ж нь малтай байсан тухай малын А данс хэрэгт ирсэн ч Т.Жгийн адууг Л.Б С.Мынд маллуулахаар өгсөн гэдэг нь мөн нотлогдоогүй. Харин адууг С.Мынд маллуулахаар өгсөн хүн Л.Б гэдэг дээр талууд маргаагүй бөгөөд, Л.Б нас барсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон.

Нэхэмжлэгч, адууг С.М сүү ашиг шимийг нь ашиглая гэж авсан гэдэг бол, хариуцагч, Л.Б нь сард 150 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Нэг ч удаа мөнгө өгөөгүй, ах дүү шиг байдаг болохоор боломжтой үедээ мөнгө өгнө гээд л явдаг байсан гэсэн тайлбар гаргасан, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримтгүй ч, талуудын хэн алиных нь тайлбараас үзэхэд  хариу төлбөртэй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэхээр байна.    

Орхон аймгийн Цагдаагийн газарт Л.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр С.Мынд тавьсан мал дутсан гэсэн утгатай гомдол, мэдээлэл гаргасныг Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ шалгаж, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Л.Бт зөвлөгөө өгч хаасан талаар албан бичиг хэрэгт ирсэн.

Цагдаагийн газрын цахим сангийн мэдээллээс үзэхэд С.М нь дутаасан малаа бүрэн төлөхөөр тохирсон гэсэн боловч, хэдэн мал дутаасан, яаж төлөхөөр тохирсон зэрэг нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч нь С.Мын гарын үсэг бүхий 19 адууны төлбөрт 90 ямаа авах боллоо  гэсэн утга бүхий бичгийг үндэслэн хохирлыг барагдуулах ёстой гэж нэхэмжилдэг бөгөөд уг бичгийн талаар хариуцагч болон гэрч Т.Уранбилэг нар: ...цагдаа дуудаад адууны талаар асуухад учрыг нь тайлбарлах гэтэл Л.Б нудраад гараад уулзъя гэсэн. Тэгээд адууны төлбөрт 90 ямаа өгнө гэсэн бичиг дээр гарын үсэг зурчих, дараагийнхыг нь би зохицуулна. Манай гэрийхэн янз бүрийн юм яриад цагдаад өгсөн юм. Би өөрөө зохицуулна, энэ хамаагүй  гээд гарын үсэг зуруулсан гэдэг.

Гэсэн хэдий ч тухайн бичгийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулахад хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь талуудын тайлбаруудаар 2013 оны 8 сард 18 тооны адууг С.Мынд аваачиж өгсөн байдал, мөн 2016 оны 8 сард 13 тооны адууг буцааж авсан байдлууд нотлогдсон гэж үзэхэд ахиад 19 тооны адуу нь дээр тайлбарласнаар ямар ямар насны адуунууд, хэдэн төл мал, хэзээ хэзээнийх зэрэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.   

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.   

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан С.Маас 25 000 000 төгрөг гаргуулах Т.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА