Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 51

 

Т..............гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С..............ад холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02ы өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т..............гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С..............ад холбогдох,

Хохирол 25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэгбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Т.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ээж Т.............., ах Л.............., Л.Цэрэгбаяр бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын малчин С..............аас дутаалгасан /залилуулсан/ 19 тооны адууг хохирол барагдуулж өгөхийг хүсч Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Тэгээд харьяаллын дагуу Орхон аймгийн Жаргалант сумын цагдаагийн төлөөлөгч ахлах дэслэгч н.Бат-Эрдэнэтай ах Л.............. очиж уулзахад малчин С..............ыг дуудуулна, ирсэн үед нь ирж тайлбар өг гээд буцаасан. Тэгээд С.............. дутаасан 19 тооны адууны төлбөрт 90 ямаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. Малчин С.............. хэлсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй бөгөөд утасдахаар утсаа авахгүй, уулзахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ах Л.............. маань 2017 оны 06 дугаар сард зуурдаар нас барж, талийгаачийн нэрийг гаргаж хэрүүл маргаан хийхгүй гэж үзээд тэр жил С..............ын араас яваагүй. Ээж Т.............. нь өндөр настай, одоо Улаанбаатар хотод амьдардаг, гэртээ асаргаанд байдаг тул нотлох баримт бүрдүүлж хөөцөлдөж явах боломжгүй. Миний бие Л.Цэрэгбаяр цэргийн байгууллагад ажилладаг. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг шалтгаан бидэнд байсан. Монголд ирснээсээ хойш миний бие С..............ын 94909190, 99960855 дугаарын утас руу удаа дараа залгахад миний дугаарыг мэдэх тул авдаггүй, өөр дугаараас залгахад эхнэр хүүхэд нь аваад эзгүй байна гэдэг. Миний бие 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авч С..............тай уулзахаар Орхон аймагт ирж утас руу нь залгаж уулзахаар ирсэн тухайгаа хэлэхэд Булган аймагт ажил хөөцөлдөж байна, эргээд ярья гээд дахин утсаа аваагүй тул уулзаж чадалгүй Улаанбаатар буцсан. Миний хүсэлтийг харгалзан үзэж малчин С..............ын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцож, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20.000.000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгөөр тооцож хохирол барагдуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч С.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цэрэгт алба хааж байхдаа Л..............ыг таньдаг болсон юм. Тэрнээс хойш Булган аймгийн Сайханд амьдарч байхад манайхаар орж гардаг байсан. Тэгээд манай ах дүү нартай ах дүү шиг болсон юм. Л.............. 2013 онд унага, гүү, морь нийлээд 18 тооны адуу надаар маллуулахаар авчирч өгсөн. Адууг Л.............. минийх гэж хэлсэн. Сар бүр 150.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Цалин гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Мөнгөний хэрэгцээ гарлаа гээд өвөл, зун аль нь ч хамаагүй байнга хүнтэй ирж адуунаасаа янзлаад аваад явдаг байсан. Мөн өвлийн идэшний үеэр ирж идэш иддэг. Би 3 жил гаран ямар ч хөлс мөнгө авалгүй адууг малласан. Нэг удаа ирээд өвс аваад өгдөггүй байсан. Ах дүү шигээ санадаг байсан болохоор цалингаа нэхэж байгаагүй. Боломж бололцоо муу байна удахгүй боломжтой болохоор өгнө гэдэг байсан юм. 2016 оны 08 дугаар сард 13 тооны адууг Л.Цэрэгбаяр, Л.............. хоёр ирээд авч явсан. Авч явахдаа Л.Цэрэгбаяр манай эхнэр хүүхэд хадам саам уух гээд Улаанбаатараас ирсэн. Бөхөнгийн тэнд 7 хоног саам ууна гэж хэлсэн. Бөхөнд ээжийнх нь зусаж байсан юм. Тухайн үед Л..............ын 18 тооны адуунаас том жижиг нийлсэн 6 тооны адуу үлдсэн байсан юм. Л..............ын 6 тооны адуун дээр өөрийн 7 тооны адууг нэмээд 13 тооны адуу өгч явуулсан. Хэдхэн хоног саам ууя гээд ирж байхад нь цөөхөн юм явуулаад яахав гэж бодсон юм. Л.............. 7 хоног саам уулгачихаад буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн юм. Саам уулгана гэж надад худал хэлсэн юм билээ. 3 хоногийн дараа миний таньдаг хүн над руу залгаад танай адууг машинд ачиж байна гэж хэлсэн. Би 7 хоног саам ууж байгаа юм гэхэд “... гүү бариагүй, саам хүмүүс уугаагүй ...” гэж хэлсэн. Тэгэхэд би очиж адуугаа авах байсан юм билээ. Ээжийгээ ирж нүүлгээд хот руу авч явсан байсан. Ачаад явна гэж бодоогүй болохоор авч ирэхийг нь хүлээсэн юм. Тэгээд байж байтал сарын дараа намайг цагдаа дуудсан. Цагдаагийн газарт очиход Л.............. байсан. Цагдаа намайг хүний адуу авсан гэсэн утгатай зүйл тайлбарласан. Би цагдаад болсон зүйлийн талаар ярих гэтэл Л.............. намайг цагдаагийн газраас дагуулан гаргаад танай адуу тоо ёсоороо Бугатад байгаа зун авчраад өгнө. Ээж, дүү нар таныг буруугаар ойлгоод цагдаад өргөдөл бичиж өгсөн байна. Хоёулаа цагдаад ингээд бичээд өгчихвөл болно” гээд өөрөө 90 ямаа гэж бичсэн. Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан. Тэгээд цагдаа намайг дахин дуудаагүй. Бичсэн дээр гарын үсэг зурчих юм бол болно. Бусдыг нь Л.............. өөрөө мэдээд зохицуулна гэсэн юм. Тэгээд зохицуулсан гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 24, 25-ны үеэр Л.............. ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 2017 оны хавар ноолуурын үеэр 3.000.000 төгрөг өгсөн. Зун адууг минь авчирч өгөхдөө хамт адуугаа авчирна тэрнээс авахаар болж 4.500.000 төгрөг бэлэн өгсөн юм. Манайхаар Л.............. ганцаараа ирээд хонож өнжөөд явдаг. Дүү гэх Л.Цэрэгбаяр 3 удаа идэшний үеэр, адууг авч явахад ирсэн. Хэрвээ манай ээж, дүүгийнх хэдэн нь байгаа юм гэвэл би ээж, дүүд нь хэлэх байсан. Идэш идэх гээд дүүтэйгээ ирэхдээ нэг их юм ярихгүй дуугүй болчихдог байсан. Надад дүү болон манай гэрийнхэнд энэ хэдэн адуу ямар ч хамаагүй гэдэг байсан. Зун Л..............ыг сурагласан чинь нас барсан гэж дуулсан. Би адуу, мөнгөө хэнээс нэхэхээ мэдэхгүй өдий хүрсэн. Л.Цэрэгбаяраас өнөөдрийг хүртэл зугтсан мэт бичиж. Би гэртээ малаа маллаад байж байгаа. Л..............ын адууг хэдэн жил маллахдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Найзынхаа хэдэн малыг өөрийн юм шиг хардаг байсан. Адууг нь малласныхаа төлөө өөрийн адууг хамт явуулан алдаж, мөн 4.500.000 төгрөг бэлэн өгч хохирсон. Миний хохирлыг барагдуулах байтал надаас 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны 20.000.000 төгрөг, 4 жилийн төл малд 5.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ээж, дүү нарыг нь хальт зүс үзсэнээс өөр зүйл мэдэхгүй. Ээж, ах дүүс нь Улаанбаатар хотод амьдардаг гэж сонссон. Хэдэн малаасаа илүү гарахгүй болохоор очиж уулзаж чадахгүй мөн хаягийг мэдэхгүй, нэр утсыг мэдэхгүй өдий хүрсэн юм. Ээж, дүүгээс нь тэгж байгаад адуу, мөнгөө нэхнэ гэж бодож байна. Ямар учраас адуу нэхэж байгааг ойлгохгүй байна. Л.Цэрэгбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02ы өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан С..............аас 25 000 000 төгрөг гаргуулах Т..............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон талуудын хооронд 2011 онд Т.............. нь хүүгийн хамтаар адуугаа иргэн С..............аар маллуулсан ба 19 тооны адуу дутаасан ба 25.000.000 төгрөг гаргуулах хэрэгт хамааралгүй нотлох баримтуг үнэлж, Иргэний хуулийн шаардах эрхийн болон тооцоо нийлсэн гэрээний зохицуулалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон С..............ын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 адууны төлбөрт ............. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгнө гэсэн төлбөрийн бичгэн нотлох баримтыг шүүхэд эх хувиар гаргаж өгсөн ба уг нотлох баримт дээр шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргахад хариуцагч тал хүлээн зөвшөөрч шинжээч томилуулаагүй. Гэтэл шүүх уг нотлох баримтыг С..............ын тайлбар, түүний эхнэр гэрч н.Уранбилэг, Г.Мягмардорж нарын мэдүүлгээр үгүйсгэж, бусад нотлох баримтуудтай харьцуулахад хэргийн бодит байдалд нийцэхгүй гэх ба зөвхөн тайлбарыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч С.............., н.Уранбилэг нарын мэдүүлгээр Т.............. гуайн адууг маллаж байхдаа гарсан үр төлийг нь өөр тамгаар тамгалдаг зэрэг нь нотлогддог. Хэдэн мал яаж дутаасныг шүүхээр тогтоолгох гээгүй. 19 тооны адууг аудитаар үнэлүүлэх тухай хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 02ы өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ?

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Цэрэгбаяр нь хариуцагч  С..............ад холбогдуулан хохирол 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар С..............аас хохирол 25.000.000 төгрөг гаргуулах Т..............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

  Т.............. нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь тодорхойгүй, нэхэмжлэлийг хариуцагчид  гардуулаагүй  байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 72 дугаар зүйлийн 72.1.-д  заасныг тус тус зөрчжээ.

С..............ын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцож, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20.000.000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгөөр тооцож хохирол барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байхад Иргэний хуулийн 359 дүгээр зүйл “хөлсөөр ажиллах гэрээ” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэжээ.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02ы өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨР