Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00035

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 02 өдөр                     Дугаар 142/ШШ2020/00035                                  Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Ж.Г-д холбогдох  

“Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7-р хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, 16 216 667 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК нь Ж.Гтай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын” 26 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Ж.Г нь компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 38 тоот хаягт байрлах орон сууцыг 61 875 000 /жаран нэг сая найман зуун далан таван мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл Ж.Г нь орон сууцны үнэнээс 10 500 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 51 375 000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч Ж.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Ийнхүү худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авагчид бичгээр мэдэгдсэн болно. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарч байна. Иргэний хууль, болон гэрээгээр тохиролцсон ёсоор Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компанид учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Ж.Г нь гэрээний 4.5, хавсралт 2-т зааснаар 6 500 000 төгрөг, компанийн өмчлөлийн орон сууцанд 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарсан хугацааны төлбөр 20 216 667 нийт 26 716 667 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний орон сууцны үнийн төлөлт болгон компанид төлсөн 10 500 000 төгрөгийг хасч 16 216 667 төгрөгийг төлөх үүргийг компанийн өмнө хүлээж байгаа юм. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг Ж.Ггийн эзэмшлээс албадан чөлөөлж, 16 216 667 төгрөг гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх 2 000 000 төгрөг төлж уг байранд орсон, дараа сард нь 500 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Гэрээгээ байгуулаад үзэхэд, 8 хувьд хамруулна гэсэн заалт байхгүй байна гэж Гг хэлэхэд өөрчлөлтийг нь оруулаад нотариатаар батлуулна гэж хэлсэн байдаг. Орон сууцанд орсны дараа ГОК-с орж ирэх 8,0 сая төгрөгийг өөрсдөө хөөцөлдөж байгаад авсан байсан. Ингээд шинээр гэрээ байгуулах юм байх гэж бодоод, хүлээж байсан. Гэтэл 2019 оны 3 сард мэдэгдэл орж ирсэн. Энэ гэрээ хийгдээгүй, гэрээний 6.1-д гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэрээ хийгдээгүй, гэрээг цуцлах юм бол өгсөн авснаа буцаах ёстой...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ж.Гд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7-р хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 16 216 667 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

“Х” ХХК болон Ж.Г нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 26 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу хариуцагч Ж.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2 өрөө бүхий 38 тоот орон сууцанд оржээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрыг барьж дуусган 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч 18/13 дугаартай акт үйлдэгджээ.   

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 26 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч энэ нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх ба, нэгэнт ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах, өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасныг баримтлах бөгөөд 109.1-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 109.2-т Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөрөө дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, мөн хуулийн 109.3.-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш этгээд болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй,

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.      

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Х” ХХК-д ирүүлсэн албан бичигт улсын бүртгэлийн Y2101013149 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 38 дугаарт бүртгэлтэй орон сууц нь тус компаний өмч хэвээр байна гэжээ.

 “Х” ХХК-ийн өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 38 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр Ж.Гд шилжүүлэхдээ хуульд заасан хэлбэрийг зөрчин, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлээгүй байх тул энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Тиймээс “Х” ХХК нь Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагчаас 16 216 667 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ж.Гг Орхон аймгийн Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 38 тоот орон сууцнаас албадан гаргаж, Ж.Ггийн “Х” ХХК-д төлсөн 10 500 000 төгрөгийг буцаан гаргуулан Ж.Гд олгож, 16 216 667 төгрөг гаргуулах “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ггаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас Ж.Гг албадан гаргаж, Ж.Ггаас 16 216 667 төгрөг гаргуулах “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-аас 10 500 000 төгрөг гаргуулан Ж.Гд олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ггаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА