Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 37

 

Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Гд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Гд холбогдох,

“Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7-38 тоот орон сууцыг албаан чөлөөлүүлж, 16.216.667 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Х  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х  ХХК нь Ж.Гтай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын” 26 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Ж.Г нь компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 38 тоот хаягт байрлах орон сууцыг 61.875.000 /жаран нэг сая найман зуун далан таван мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл Ж.Г нь орон сууцны үнэнээс 10.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 51.375.000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч Ж.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Ийнхүү худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авагчид бичгээр мэдэгдсэн болно. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарч байна. Иргэний хууль, болон гэрээгээр тохиролцсон ёсоор Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компанид учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Ж.Г нь гэрээний 4.5, хавсралт 2-т зааснаар 6.500.000 төгрөг, компанийн өмчлөлийн орон сууцанд 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарсан хугацааны төлбөр 20.216.667 нийт 26.716.667 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний орон сууцны үнийн төлөлт болгон компанид төлсөн 10.500.000 төгрөгийг хасч 16.216.667 төгрөгийг төлөх үүргийг компанийн өмнө хүлээж байгаа юм. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг Ж.Ггийн эзэмшлээс албадан чөлөөлж, 16.216.667 төгрөг гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир шүүхэд гаргасан тайлбартаа:

Анх 2.000.000 төгрөг төлж уг байранд орсон, дараа сард нь 500.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Гэрээгээ байгуулаад үзэхэд, 8 хувьд хамруулна гэсэн заалт байхгүй байна гэж Гангамааг хэлэхэд өөрчлөлтийг нь оруулаад нотариатаар батлуулна гэж хэлсэн байдаг. Орон сууцанд орсны дараа ГОК-с орж ирэх 8.0 сая төгрөгийг өөрсдөө хөөцөлдөж байгаад авсан байсан. Ингээд шинээр гэрээ байгуулах юм байх гэж бодоод, хүлээж байсан. Гэтэл 2019 оны 3 сард мэдэгдэл орж ирсэн. Энэ гэрээ хийгдээгүй, гэрээний 6.1-д гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэрээ хийгдээгүй, гэрээг цуцлах юм бол өгсөн авснаа буцаах ёстой...” гэжээ.  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас Ж.Гг албадан гаргаж, Ж.Ггаас 16.216.667 төгрөг гаргуулах “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х ” ХХК-аас 10.500.000 төгрөг гаргуулан Ж.Гд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ггаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлээгүй байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1. дэх заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь гэрээнээс татгалзсан байхад гэрээний хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. Гэрээний хүчин төгөдөр эсэх байдлын талаарх дүгнэлт нь өмчлөх эрх бүртгэгдээгүй, өмнөх өмчлөгч буюу нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа тохиолдолд гэрээний үүрэг хүчин төгөлдөр бус мэтээр дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргааны гэрээний заалтыг бүхэлд нь мөрдөхгүй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгин 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь Ж.Гд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сумын  11 дүгээр  баг Цагаанчулуут 7 дугаар  хорооллын  7 дугаар байрны 2 дугаар  орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцанд амьдарсан  хөлс 16.216.667 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас Ж.Гг албадан гаргаж, Ж.Ггаас 16.216.667 төгрөг гаргуулах “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х ” ХХК-аас 10.500.000 төгрөг гаргуулан Ж.Гд олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Ж.Гтай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 26 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.

Зохигчид гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар  хорооллын 7 дугаар  байрны 2 дугаар орцны 5 давхрын 38 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцны 1 метр квадрат талбайн худалдах үнэ 1.375.000 төгрөг, орон сууцны худалдах нийт үнэ 61. 875.000 төгрөг,  үүнээс урьдчилгаа төлбөр 18.562.500 төгрөг, үлдэгдэл төлбөр 43.312.500 төгрөг төлөх, мөн гэрээний 2.5-д “мөн энэхүү гэрээний 2.2-т заасан үнийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс болон, засварын зардлыг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд хавсаргана, 4.4-т “талуудын аль нэг нь  гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /...орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал ...бусад зардлууд/-ыг бүрэн хариуцна”,  4.5-д “хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн  засварлах засварын төлбөрийг хавсралт 2-ын төлсөн төлбөрөөс суутган авна” гэж, уг гэрээний хавсралт 2-т “орон сууц ашигласны төлбөр 500.000 төгрөг 10 сар нийт 5.000.000 төгрөг, шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4.500.000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2.000.000 төгрөг нийт 11.500.000 төгрөг байна гэж тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан энэ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.  

Хариуцагч Ж.Г нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр сумын  11 дүгээр багийн  Цагаанчулуут 7 дугаар хорооллын  7 дугаар  байрны 38 тоот 2 өрөө байранд амьдарч байгаа бөгөөд компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарч байгаа болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Ж.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Орхон аймаг Баян-Өндөр сумын  11 дүгээр баг Цагаанчулуут 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 2 дугаар  орцны 5 давхрын 38 тоот 2 өрөө  орон сууцыг Ж.Ггийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууцанд амьдарсаны хөлс 16.216.667 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын  давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрийн 1  дэх заалтыг “... Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас Ж.Гг албадан гаргаж, Ж.Ггаас 16.216.667 төгрөг гаргуулах “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х ” ХХК-аас 10.500.000 төгрөг гаргуулан Ж.Гд олгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 287 дугаар зүйлийн 287.1.-д  зааснаар хариуцагч Ж.Ггаас 16.216.667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Орхон аймгийн  Баян-Өндөр сумын  11 дүгээр  баг Цагаанчулуут 7 дугаар хорооллын  7 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 38 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч  Ж.Ггийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ггаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ггаас 379.433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                                                                                                                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР